Өнөөдрөөс эхлэн улсын бүртгэлийн газраас авдаг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt аппликэйшнийг ашиглан төлөх боломжтой боллоо. Иргэд төрийн лавлагаа, үйлчилгээ авах, түүнтэй холбоотой төлбөрийг төлөхийн тулд банкинд заавал очиж 2-3 цагийн зарцуулдаг гэсэн судалгаа бийэ. Үүнийг багасгахын тулд Сангийн яам бусад төрийн байгууллагуудтай хамтран НӨАТ-ын буцаан олголтын ebarimt-ыг ашиглан 3 минутад төлбөр хийх боломжтой болгожээ.
Эхний ээлжинд эрэлт хэрэгцээ ихтэй Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний болон гэрлэлтийн бүртгэл зэрэг 38 үйлчилгээний төлбөрийг НӨАТ-ын буцаан олголтын ebarimt аппликэйшн ашиглан 2-3 минутанд төлөх боломж нээгдээд байна.
Жишээлбэл, Иргэд гадаад паспорт захиалахдаа 32500 төгрөгийг заавал банкинд тушаадаг бөгөөд үүнд 2-3 цаг зарцуулж, банк хоорондын шилжүүлгийн төлбөр болох 3-4 мянган төгрөгийг нэмж төлдөг байсан. Харин одоо ebarimt аппликэйшнийг ашиглан төлбөрөө төлөхөд 3 минут зарцуулах бөгөөд төлсөн төлбөрт Улсын бүртгэлийн газраас ebarimt олгох юм.