Сүүлийн үед залуучууд тэр дундаа хүүхэд залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ ихсэж байгаа нь эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоож байгаа асуудлын нэг юм. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж буй нь тогтоогджээ. Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл эрс нэмэгддэг байна. Өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас салгах, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат аймгийн хэмжээнд “Электрон тамхинаас татгалзаж Ирээдүйгээ хамгаалъя” нөлөөллийн аяныг санаачлан, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд худалдаа үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгчдийг нийгмийн хариуцлагын хүрээнд электрон тамхи худалдан борлуулахаас татгалзах, өсвөр насны хүүхэд, залуучуудыг электрон тамхи хэрэглэхээс татгалзах, электрон тамхи хэрэглэдэг насан хүрэгчид, эцэг, эхчүүд өөрсдөө хэрэглэхээс татгалзахыг уриалан, олны танил эрхэмүүд энэхүү аяныг дэмжин оролцож байгаа нь сайшаалтай юм.