Нийгэмд олны анхаарал татаад буй нэг асуудал нь донороос эрхтэн шилжүүлэх асуудал буюу Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуунд холбогдох ял шийтгэгдсэн асуудал болоод байгаа билээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг өнгөрсөн парламентын хугацаанд Ж.Чинбүрэн гишүүн өргөн барьсан ч хэлэлцүүлэн, баталж амжаагүй учраас дахин өргөн барих асуудал яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд ял шийтгэл авсан эмч нарын тоог аваад үзвэл багагүй тоо байна. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхийн тулд Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаар өнгөрсөн есдүгээр сараас хойш ажиллаж байна. Энэ хүрээнд бид үзэл баримтлалыг нь батлуулаад олон нийтийн хэлэлцүүлэг хийх шатандаа явж байна. Ирэх намрын чуулганаар өргөн барих хуулийн жагсаалтад энэ хууль багтсан байна" гэсэн байна.