Сэврэй сумын мянгат малчдын зөвлөгөөн 9 сарын 12 нд Нүдэн булаг амралтанд амжилттай болж өндөрлөлөө. Тус сум өнгөрсөн оны эцсээр 172 мянган мал тоолуулсан бөгөөд 45 мянгат малчидтай ажээ. 2013 онд мянгат малчдын анхны зөвлөгөөнөө хийж, Мянгатын сан байгуулан, малжуулах төслийг хэрэгжүүлээд 7 жилийг ардаа орхижээ. Сэврэй сумын мянгат малчид жил бүр 25 өсвөр насны малыг Мянгатын сандаа хандивладаг бөгөөд цөөн малтай өрх, сумын төсөвт байгууллагыг малжуулдаг байна.. 2013 онд байгуулагдсан мянгатын сан өнөөдөр 1420 малтай болж өргөжсөн байна.
Энэ жилийн мянгатын зөвлөгөөний үеэр 2017, 2018 онд 1000 ба түүнээс дээш мал тоолуулсан малчид 475 мал сандаа хандивлаж сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, Дэм-од ОНӨААТҮГазар болон цөөн малтай 3 өрхийг малжуулахаар өгчээ. Цаашдаа мянгатын сангаас малын эмчээр суралцаж нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох саналыг малчид гаргажээ.
2019 оны эхний хагас жилийн байдлаар мянгатын сангаас 10 өрх малжуулж, 5 байгууллагыг өөрийн гэсэн мал аж ахуйтай болгосон бөгөөд энэ хөтөлбөрт анх хамрагдаж байсан өрхүүд өнөөдөр 500 гаруй малтай болж амьдрал ахуй нь дээшилсэн нь энэхүү хөтөлбөр үр өгөөжтэй хөтөлбөр гэдгийг харуулж байна.