Даланзадгад сумын Засаг даргын үйл ажиллагааны “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөрийн “Даланзадгадад үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд малчдад өвөлжөө бууцандаа ногоон тэжээл тариалах, түүгээрээ дарш бэлтгэх үзүүлэх сургалтыг ХААИС-ийн Мал аж ахуй, Биотехнологийн сургуулийн малын тэжээллэг, хадлан бэлчээрийн тэнхимийн багш Хөдөө аж ахуйн ухааны доктор (Ph.D), профессор Б.Баасанжалбуу удирдаж явууллаа.
Тус сургалтад Даланзадгад, Ханхонгор, Баяндалай сумдын 50 гаруй малчид, фермер эрхлэгчид хамрагдлаа. Дашрамд дурьдахад нэмэгдэл тэжээлийн ач холбогдол нь мал сүргийн тэжээллэг, маллагаанд жил бүр дутагдаж буй шимт, биологийн идэвхт, эрдэс бодисын дутууг нөхөх, мал сүргийн ашиг шимийг дээшлүүлэх, бүс нутагт тохиолдож буй ган, зудын эрсдэлийг бууруулахад оршиж байгаа юм. Иймд малчид өөрсдөө өвөлжөө бууцныхаа хөлд ногоон тэжээл тариалах, малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх нь малчдын өмнө нэн түрүүнд шийдвэрлэх асуудал болж байна.