Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон аймгийн “Ойн менежментийн мастер төлөвлөгөө – 2030”-ын хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, ололт амжилт, дутагдлыг хэлэлцэх, цаашдын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарах асуудлыг тодорхойлох зорилготой “Ой ба эдийн засаг” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Өмнөговь аймаг 2021–2030 онд нийт 70 сая мод тарьж, арчлан ургуулах зорилт дэвшүүлэн, Монгол Улсын Засгийн газартай хариуцлагын гэрээ байгуулсан бөгөөд энэхүү зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар уг арга хэмжээг зохион байгуулж, сумд болон уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, батламжийг шинэчилж, талуудын оролцоо, үүрэг хариуцлагыг тодотгон, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

