Өмнөговь аймагт жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, бодлогын мэдээлэл хүргэх, зөвлөгөө өгөх зорилготой “Өсөлттэй Өмнөговь – Өсөлттэй ЖДҮ” зөвлөгөө мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулагдаж байна.
2026 онд тус аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 5.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлээд байгаа бөгөөд үүн дээр Ханбогд сумын 4 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэгдэж, нийт 9.4 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр бүрдэж байна.
Орон нутгийн зүгээс 2022 оноос эхлэн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хамтран нийт 137 аж ахуйн нэгжид 21.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноос 19.2 тэрбум төгрөг нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигджээ.
Энэхүү дэмжлэгийн үр дүнд 396 ажлын байр хадгалагдаж, 729 шинэ ажлын байр бий болсон байна.
Мөн төслийн бичиг баримт боловсруулах аргачлалын зөвлөгөө өгөх, материал бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төрийн нэг цэгийн үйлчилгээг 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Нутгийн удирдлагын ордны "Соёл" танхимд зохион байгуулж байна.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгох 5.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах юм.
