Бямба гариг 2024/04/27
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 332 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 280 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 584 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 296 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 568 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 804 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 688 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1112 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 720 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

С.Каламкас: Цогтцэций бол залуус амьдрахад таатай нутаг

НИЙТЭЛСЭН: 2019-12-18 21:16 GMT+8

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сум Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлж буй стратегийн уурхайнууд үйл ажиллагаагаа явуулж буй сум. 20 жилийн өмнө Цогтцэций сум 1000 гаруй хүн амтай говийн жижиг сумын нэг байв. Тэр үед Монгол орны өнцөг булан бүрээс нутаг, нутгийн залуус энэ л нутгийг зорин ирж уул уурхайн их бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан. Өмнөговь аймагт гадна, дотны хөрөнгө оруулалттай олон уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч тэдний дотор гэр бүлд ээлтэй уурхай гэвэл хуруу дарам цөөн гэж хэлж болно. Уурхайчин залуусыг гэр бүлээрээ суурьшиж амьдрах боломжийг бүрдүүлсэн гэр бүлд ээлтэй ажлын байртай уул уурхайн компани бол "Энержи ресурс" ХХК. "Цэций хороолол" хэмээх алаг эрээн байшингууд, гэрэл гэгээтэй "Уурхайчин" хорооллыг бий болгосноор уурхайчин залуус халуун ам бүлээрээ суурьшин амьдарч энэ нутгийн иргэд болцгоожээ. Тэдний нэг "Цэций ээж клуб" төрийн бус байгууллагын тэргүүн Каламкас хэмээх уурхайн эмч бүсгүйтэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ толилуулж байна. 

-Намайг Каламкас гэдэг. Улаанбаатар хотод өсч төрсөн. Одоо бол Цогтцэций сумын иргэн. Улаанбаатар хотын Тавдугаар дунд сургуулийг төгсөөд тухайн үеийн нэрээр Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийг их эмч мэргэжлээр төгссөн. Сэтгэцийн их эмчийн мэргэжилтэй, уул уурхайн компанид эмчээр ажилладаг. Ам бүл дөрвүүлээ. Нөхрийг маань Ж.Хурметбек гэдэг. "Энержи ресурс" компанид ажилладаг.
-Цогтцэций суманд ирж сууршиад хэдэн жил болж байгаа вэ? 
-Сууршиж амьдарсан гэвэл 2013 оноос. Анх есөн жилийн өмнө буюу 2010 онд зорин ирж байлаа. Тэр үед нөхөр маань энд ирж ажиллаад удаагүй байж, би ч сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод Сэтгэцийн Эрүүл мэндийн төвд мэргэжлээрээ ажиллаж байсан үе л дээ. Ажилд ороод анхны ээлжийн амралтаа аваад нөхрийнхөө амьдарч байгаа газартай танилцахаар ирж байсан юм. Хотоос холдож үзээгүй миний хувьд хөдөө, тэр дундаа говийн төсөөлөл маш өөр байсан л даа. Говь гэхээр л их элстэй, халуун газар гэж төсөөлөөд ирж байв. Гэтэл төсөөлснөөс минь тэс өөр сайхан байгаль, цаг ууртай газар угтсан. Өдөр нь бороо ороод, орой нь нар гараад л, маргааш нь дахиад л бороо ороод, цэлийсэн нов ногоон тал... Байгаль, цаг агаар үнэхээр сайхан байсан. Харин сумын маань хөгжил одоогийнхоос тэс өөр байсан л даа. Өдөржин тоггүй байж байгаад орой тог ирдэг, байшин барилга цөөн, хамгийн өндөр байшин нь хоёр давхар барилга байсан байх. Тэгсэн хэрнээ яагаад ч юм нээх дотно сайхан сэтгэгдэл төрж байсан. Байгаль цаг агаар нь өвөрмөц, хүмүүс нь найрсаг,  цаанаа л нэг тийм амар амгалан. Цэцийд хэд хоноод Ханбогд, Дэмчогийн хийд гээд сайхан аялаад буцсан. Тэр үед дөнгөж сургуулиа төгсчихсөн, мэргэжлийнхээ ажилд орчихсон, зэрэгцүүлээд магистр хамгаалахаар сураад, мэргэжлээрээ өсөн дэвших том зорилго өмнөө тавьчихсан байсан болохоор хөдөө ирж амьдрах бодол яг үнэндээ байгаагүй. Удаа ч үгүй ээж болсон, үр хүүхдээ эрүүл саруул өсгөх, гэр бүлтэйгээ хамт байх гээд олон шаардлагууд гарч Цогтцэций суманд ирж амьдрах болсон. Нөлөөлсөн чухал зүйл гэвэл тэр үед уурхайчид гэр бүлээрээ хамтдаа амьдрах таатай нөхцөл бүрдэж эхэлж байсан үе буюу "Энержи ресурс" компани "Цэций" хорооллыг барьж ашиглалтанд оруулж байсан үе. Нөгөө талаар хүүхдээ хотын утаанаас хол эрүүл агаарт өсгөх боломж, бас Цэцийд дутуу нярайн эмч, "Солонго" нүдний эмнэлгийн салбар байсан болохоор хүүхэд талаасаа таатай нөхцөлтэй байсан. Бас нэг нөлөөлсөн зүйл гэвэл аав маань "Эмэгтэй хүн эр нөхрөө дагаж амьдардаг юм. Тийм болохоор Цогтцэцийд очиж амьдрах нь зөв" гэж нэг талаараа зөвлөж, нөгөө талаараа хатуухан шаардсан. Мэргэжлээрээ өсөн дэвших хүсэл, мөрөөдлөө зорилгоо хойш тавиад Цэций нутагт ирж амьдрах шийдвэр гаргасан маань буруу байгаагүй ээ. Ээж бүхэн гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө, зарим зорилго, хүсэл мөрөөдлөө орхих үе байдаг шүү дээ. Энэ сайхан нутагт ирж амьдраад зургаан жил гаруй болжээ. Одоо бол эндээс явах дургүй болсон. Ээлтэй сайхан нутаг даа.
-Залуу гэр бүлийн хувьд хань ижил, үр хүүхэдтэйгээ хамтдаа амьдрах нөхцөл хамгийн чухал. Энэ бол уурхайчин залуусын тулгамдсан асуудал гэж харагддаг. 
-Би өөрийнхөө жишээн дээр яръя. Анх ирээд хүүхдээ хараад жил хагас шахуу боллоо. Хүүхэд маань овоо том болоод, ажилдаа ормоор санагдаад байдаг. Энд ажилд оръё гэхээр сэтгэцийн эмчийн орон тоо байхгүй, нөхөртөө үглэж эхэлсэн л дээ... Манай нөхөр намайг мэднэ л дээ, гэртээ удаан хугацаагаар байх тийм хүн биш гэдгийг. Хүний хань юм болохоор мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхлыг маань дэмжээд хот руу явж ажилдаа орохыг зөвшөөрсөн. Ажил, мэргэжилдээ дуртай би гэдэг хүн баярлаад хотод очоод хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийгээд явлаа. Надад сайхан байсан ч гэлээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болж, хэрэлдэж муудалцаад, хүүхэд аавыгаа санаад ааш зан нь өөрчлөгдөөд олон хүндрэл, бэрхшээл  үүссэн учраас ажлаасаа гараад буцаад эндээ ирсэн. Гэр бүлийн утга учир хамтдаа байх гэдгийг тэр үед хатуу ойлгосон. Уурхайд дийлэнх нь залуус ажилладаг. Тэдний хамгийн чухал асуудал бол гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамтдаа байх. "Энержи ресурс" компани энэ талаар хамгийн үлгэр жишээ бодлого хэрэгжүүлсэн компани гэж хэлж болно. "Цэций" хороолол гээд олон орон сууц байна, газар, хашаа, гэр цахилгааныг нь шийдээд өгчихсөн "Уурхайчин" хороолол гэж байгаа. Бас нэг чухал зүйл бол уурхайчдынхаа гэр бүлийг ажлын байраар хангах, тэднийг орлоготой болгох үүднээс жижиг дунд бизнесийг дэмжих төслүүд хэрэгжүүлдэг нь их таалагддаг.


-Та түрүүнд хэлсэн. "Би эндээс явах дургүй болсоон" гэж. Тэр үед ч, одоо ч тэр залуучууд хот суурин газар амьдрахыг илүүд үздэг. Харин та хоёр эсрэгээрээ хөдөөг зорьжээ. Хотын бүсгүй хөдөө дасан зохицоход хэр их хугацаа зарцуулав? 
-Нөхөр маань эндээ сууршиад 10 гаруй жил болж байна. Цагаан-Овоо багийн иргэн. Нөхрийнхөө анх говь нутгийг зорьж ирсэнг ярьчихвал нууцыг нь задалсан хэрэгт орчих байх даа.(инээв) Манай хүн энд ирэхээсээ өмнө хотод мебелийн компанид менежерээр ажилладаг байж л дээ. Ганц бие залуу болохоор гадуур гарч, найз нөхөдтэйгээ наргиж цэнгэдэг л байсан хэрэг. Тэр нь их сүйдтэй биш байсан гэдэг. Манай хадмууд их төлөв түвшин, сахилга баттай гэр бүл. Сахилга баттай, дэг журамтай гэр бүлийн хувьд хүү нь гадуур зугаа цэнгэл энэ тэрээр явах нь  байж боломгүй асуудал гэж үзэж аав, ээж нь “лүндэн буулгаад” хотоос өөр газар амьдрах нь зөв гээд манай хүнийг Цогтцэций рүү “илгээлтээр” явуулж. Тэгж анх ганцаараа энд ирж сууршисан хүн. Одоо бол хоёр хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ өнөр өтгөн айл болсон. Хоёр хүүхэд маань сургууль, цэцэрлэгтээ яваад бид хоёр ажлаа хийгээд энэ нутагтаа сайхан амьдарч байна. Хотод төрж өссөн, лагераасаа өөр хол газар явж үзээгүй миний хувьд энд ирээд амьдрахад бүх зүйл шинэ, содон, өөр байсан. Орчин, газар, цаг агаар гээд л... Нөгөө талаар тэр үед Цогтцэций сум хуучны жижиг сум суурингаас шинэ хөгжлийн шат руу шилжиж байсан үе. Уул уурхай эхэлж, газар газраас хүмүүс ирж суурьшаад ёстой бум бужигнаж эхэлсэн. Өнөөдөр бол Цогтцэций сум залуус амьдрах таатай нутгийн нэг. Хөдөө  сум гэж хэлэхээргүй болсон. Энд Улаанбаатар хотод байдаг шиг орон сууц, сургууль, цэцэрлэг дэлгүүр, үйлчилгээ гээд бүгд байна. Харин Улаанбаатар хотод хамгийн их байдаг нэг зүйл байхгүй. Тэр юу гэвэл түгжрэл, стресс бухимдал. Залуучууд гэр бүлээрээ хамтдаа сайхан амьдрах боломж нь байна, гэрийнхээ хажууд сургууль, цэцэрлэгтэй, цалин хангамж боломжийн, амьдрах өртөг бага гээд хүн өөрөө хичээвэл сайхан амьдрах бүхий л боломж энд байна. Нөгөө талаар залуус бидэнд гэр бүлдээ, бусдын төлөө, нийгмийн төлөө, сум, орон нутгийнхаа төлөө, өөрсдийгөө хөгжүүлэх цаг зав боломж байна. Хот шиг түгжрэлд хамаг цагаа өнгөрөөх тухай ойлголт байхгүй шүү дээ. Бас нэг сайхан зүйл гэвэл бүгд нэгнийгээ таньдаг, мэддэг болохоор нэгэн гэр бүл шиг элгэмсэг, найрсаг сайхан амьдардаг. Хотод бол хөрш айлаа таньж мэдэхгүй ш дээ. Ингээд яриад байвал энд амьдрах олон давуу тал бий. Одоо бол эндээ дассан. Явах шилжих тухай бодох нь битгий хэл хааяа хот орохоороо бушуухан наашаа буцдаг болсон.


-Та бол уурхайн эмч гэх хариуцлага бөгөөд ачаалалтай албыг хашихын зэрэгцээ өнөр өтгөн айлын гэргий. Тэгэхдээ Цогтцэций сумандаа нийгмийн идэвхтэй, манлайлагч бүсгүйчүүдийн нэг. Хэзээнээс нийгмийн ажилд идэвхтэй манлайлж оролцдог болсон бэ? 
-Би энэ талаар ярих дуртай. (инээв) Анх ирээд орчин солигдоод, нялх хүүхэдтэй болохоор гэрээсээ ч гарч чадахгүй, гарсан ч хаашаа л харна танихгүй хүмүүс. Бүх юм хэцүү санагдаад бухимдах үе байсан. Оюутны танхимаас гараад удаагүй, мэргэжлээрээ дуртай ажилдаа очоод зорилго, тэмүүлэлтэй дэрвүүн гүйж явсан хүн чинь хүн танихгүй газар ирээд, орчин солигдоод, амьдралын хэв маяг бүх юм өөрчлөгдөөд түүндээ дасах гэж нилээн юм болсон.(инээв) Их ч стрессдэж байсан. Эмэгтэй хүн юм болохоор эр нөхөртөө л бухимдлаа гаргана. Чамайг дагаж ирснээс боллоо, надад хэцүү байна, ажил хиймээр байна энэ тэрээ гээд юм юм л болж байлаа. Нөхөр маань аргадана, тайвшруулна, учирлана. Энэ бол гэр бүлээ дагаж ирсэн бүхий л эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал. Сүүлдээ өөртөө дүгнэлт хийсэн л дээ. Ингээд хий дэмий бухимдаад байх уу, эсвэл өөрийгөө завгүй байлгах уу гээд. Би чинь өөрөө сэтгэцийн эмч мэргэжилтэй хүн. Тэгээд өөрийгөө завгүй байлгахын тулд торт хийхээр болж интернэтээс жор, бичлэг хайж үзээд гэрээрээ торт хийгээд хөршүүддээ борлуулж эхэлсэн. Хийх ажилтай болоод, хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах гээд гарч ороод завгүй болж олон ээжүүд, эмэгтэйчүүдтэй танилцаад хамтраад олон нийтийн ажил хийж эхэлсэн л дээ. 
-Та “Цэций ээжүүд клуб” ТББ-ын тэргүүний албыг хашдаг. "Цэций ээжүүд клуб"-ынхээ  үүсэл, үйл ажиллагааны талаар бидэнд сонирхуулаач? 
-"Цэций ээжүүд клуб" байгуулагдсан түүх хөөрхөн ш дээ. Эрчүүд ажилдаа явчихдаг. Ээжүүд хүүхдээ хараад үлддэг. Ээжүүд гадаа хүүхдээ салхилуулангаа хоорондоо танилцана, санаа бодлоо солилцоод, харилцаа холбоотой болж ирсэн л дээ. 2013 оны тавдугаар сард хүүхдийн баяр дөхчихсөн байсан үе. Гадаа хүүхдээ салхилуулж байсан ээжүүд бүгдээрээ нийлээд эх үрсийн баяраа гоё тэмдэглэе гээд санаачилга гаргаад “Энержи ресурс” компанийн орон нутгийн хэлтсийнхэнд хэлж байгаад нэг өрөө гаргуулаад би тортоо хийгээд, зарим ээжүүд хоол, салатаа хийгээд, гэрээсээ аяга тавгаа авчирч ширээгээ засч байгаад эх үрсийн баяраа хамтдаа тэмдэглэсэн юм. Тэр үед 20 гаруй ээжүүд хамтарч хүүхдүүдээ баярлуулсан. “Цэций ээжүүд клуб” ТББ-ын эхлэл нь энэ. Эхний арга хэмжээ маань гоё болсон болохоор бүгдээрээ урамшаад дараа дараагийн ажлын санаа төрөөд ээжүүд маань идэвхтэй болсон. Анх бол зөвхөн "Энержи ресурс"-ын ажилчдын гэр бүлийн хүрээнд байсан бол сүүлдээ өргөжөөд сумынхаа эхчүүд, ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөх  олон нийтийн ажилд оролцоотой болцгоосон. Ээжүүд нэгдэж нийлээд маш олон ажлуудын санаачлан хэрэгжүүлсэн, олон нийтийн олон ч ажилд идэвхтэй оролцож ирсэн. Тоочвол их цаг орно л доо. Хамгийн чухал ажил нь гэвэл Өмнөговь аймгийн зүүн сумдад дауны хам шинжтэй долоон хүүхэд байдаг. Саажилттай хүүхэд ч цөөнгүй байдаг. Нийгэмд дауны хам шинжтэй хүүхдүүд, саажилттай хүүхдийг ялгаварлан гадуурхах байдал их байдаг л даа. Тэгээд бид 2018 онд "Монголын Дауны холбоо"-нд хүсэлт гаргаад Өмнөговь аймгийн зүүн сумдын нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч нарт дауны хам шинжтэй, хүүхдийг  нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх, ялгаварлан гадуурхахыг зогсоох, тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хөдөлгөөн засалч, хэл засалч эмч нарыг үзлэг сургалт, зөвлөгөөг сумандаа анх удаа амжилттай зохион байгуулсан.  Маш үр дүнтэй ажил болсон. Ийм арга хэмжээ сумдад битгий хэл аймагт зохион байгуулагдаж байгаагүй учир шинэлэг, чухал хэрэгцээтэй арга хэмжээ болсон. Нөгөө талаар бид өөрийн гэсэн өрөөтэй болсноор маш олон ээжүүд, эмэгтэйчүүдэд сонирхол, авъяас, чадвараа хөгжүүлж, өөртөө таарсан жижиг бизнес, ажил  хийх санаа сэдлийг өгсөн гэж хэлж болно. Ямар ч хүнд аливаа ажлыг хийх сэдлийг өгнө гэдэг бол маш чухал гэж боддог. 
-"Цэций ээжүүд клуб" байгуулж байхад хүмүүс ер нь хэрхэн хүлээж авч байв, үйл ажиллагааг нь хэрхэн дэмжиж байсан бэ?
-Шинэ ажил эхлүүлэх амаргүй л дээ. Гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд нэгдээд "Цэций ээжүүд клуб" байгуулаад идэвхтэй үйл ажиллагаа явуулахад хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Зөв эергээр хүлээж авсан хүмүүс бий, болгоомжилж, гайхаж хүлээж авсан хүмүүс ч бий. Ээжүүд эрчүүдийн эсрэг хөдөлгөөн байгуулж байгаа юм уу, эсвэл ээжүүд нийлж нам, эвсэлд орох гэж байна уу гэх сайн, муу янз бүрийн хөгжилтэй яриа хүртэл гарч байсан. Тэр болгоныг бид эергээр хүлээж авдаг байлаа. Одоо бол  үйл ажиллагаагаа явуулаад есөн жил болчихжээ. Алдаа, оноо, амжилт бүгд байгаа.  


-Нийгмийн ажилд идэвхтэй оролцож, манлайлж, бусдын төлөө цаг заваа зарцуулна гэдэг бол амаргүй. Нийгмийн идэвхтэй бусдын төлөөх хүмүүст ихэнхдээ гэр бүл, аав, ээжийн хүмүүжлийн нөлөө, байдаг. Чиний хувьд... 
-Манай удам юм болов уу даа. Аавын талынхан бүгд цэрэг, хүчний байгууллагын хүмүүс, аавын нагацын талынхан эмч мэргэжилтэй хүмүүс, ээжийн талынхан сурган хүмүүжүүлэгч хүмүүс байдаг. Аав маань хуулийн хүн учраас намайг маш хатуу чанга, өндөр шаардлага тавьж хүмүүжүүлэхийн зэрэгцээ нийгмийн ажилд сэдэлжүүлж өгдөг байсан. Хувийн сахилга батын хувьд чанга гараар хүмүүжүүлж, харин нийгмийн ажилд сэдэлжүүлж дэмждэг байсан. Жишээ нь нэгдүгээр ангид байхад нэг өдрийн дараах хичээлийг түрүүлж судлуулдаг байсан, дараа нь дадлагажаад ирэхээр долоо хоног, сараар түрүүлж хичээлийг маань судлуулж, хийлгэдэг байлаа. Би багаасаа л аавтайгаа илэн далангүй ярилцдаг хүүхэд байсан. Өөрийн бодож байгаа зүйлээ аавдаа л ярина. Хүүхдийн сурах орчин, агаарын бохирдлын асуудал гээд бодож байгаагаа хэлнэ л дээ. Тэгэхээр аав маань миний охин наад санаагаа захидал болгон бичээд Ерөнхийлөгчид явуул гэж зөвлөнө. Тухайн үед Н.Энхбаяр Ерөнхийлөгчид агаарын бохирдлын талаар, дараа нь англи хэл сураад эхэлсний дараа Английн хатан хаанд захидал бичиж явуулж байсан. Хариу нь заавал ирдэг юм билээ. Аавын маань ингэж чиглүүлж байсан нь намайг өөрийгөө зөв илэрхийлэх, илэрхийлэхдээ ёс зүйтэй, шинжлэх ухаанч талаасаа, мэдээллийг бүрэн олж авсныхаа дараа, өөрийн болгож байж буюу нэг ёсондоо аливаа асуудлыг мэдэж, судлаж байж өөрийн байр сууриа илэрхийлж сургасан гэсэн үг. Заримдаа ч аав маань  хатуухан зэмлэнэ, наад асуудлаа судлаагүй, мэдэхгүй байж ингэж ярихгүй шүү гэнэ. Ер нь бодоод байхад аав маань намайг ерөөсөө магтаж, сайшааж сүйд болдоггүй, харин үргэлж хурцалж, дэмжиж, намайг хөгжүүлж ирсэн. Аав дүүд маань шатар, гитар тоглохыг зааж өгдөг хэрнээ надад зааж өгдөггүй, тэр болгонд миний шар хөдөлж, бие дааж сурдаг байлаа. Нөгөө талаар багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Орос, монголоор шүлэг бичээд "Цох" сонинд явуулчихна, урлагийн үзлэг, олимпиад гээд сургуулиас зохиодог бүхий л ажилд идэвхтэй оролцдог, юм болгонд өөрийгөө сорьдог, шинийг эрэлхийлдэг, мэдэхгүй юмаа мэдэхийг хүсдэг, эрмэлзэлтэй болж төлөвшсөн.
-Сэтгэцийн эмч гэдэг бол онцгой мэргэжил. Энэ мэргэжлийг сонгох болсон шалгтаан юу байв? 
-Эмчийн мэргэжлийг яг өөрөө сонгоё гэж сонгоогүй л дээ. Сургуульд байхдаа цагдаа, шинжээч болохыг хүсч, маркетинг сонирхдог, бас жүжигчин болчих юмсан гэж боддог байв. Гэхдээ аавтайгаа сайн ярилцаж зөвлөлддөг байсан л даа. Аав маань надад эрүүл мэндийг сонгосон нь дээр, эрүүл мэндийн салбарт чиний хүсээд сонирхоод байгаа олон мэргэжилд хөрвөх боломжтой, нөгөө талаар эмчийн мэргэжил чамд хамгийн тохиромжтой, яагаад гэвэл чи хүнийг маш сайн сонсож, зөвлөгөө өгч, ярилцаж сурсан. Орчин үеийн эмч хүнийг үзэж оношлохоос гадна сэтгэлзүйг давхар эмчилдэг байх ёстой гэж зөвлөсөн. Нөгөө талаар аавын маань том эгч Анаргүль мэс заслын эмч хүн. Анаргүль, Женисгүл гээд ах дүү хоёр эмэгтэй цагдаагийн хурандаа гэхээр хүмүүс андахгүй. Аав маань намайг эгч шигээ мэс заслын эмч болгохыг хүсч байсан. Аав бид хоёр ярилцаад есдүгээр ангиа төгсөөд Анагаахын их сургуульд конкурс өгч 84 оноотойгоор тэнцээд 10-р ангийн хичээлээ зэрэг үзээд явсан. 16 настайдаа оюутан болсон гэсэн үг. Оюутны холбоо, клуб гээд нийгмийн идэвхтэй оюутан байв. Сургуулийнхаа “Марс” гээд оношилгооны клубын үйл ажиллагаад идэвхтэй оролцож, энэ клубт өөрийгөө нээсэн гэж боддог. Хоёрдугаар курст сэтгэцийн найман цагийн хичээл орж эхэлсэн тэр цагаас би мэс заслын эмч биш сэтгэцийн эмч болох нь надад хамгийн тохиромжтой гэж хатуу шийдсэн. Сэтгэцийн эмчээр нарийвчлан сурах тухайгаа аавдаа хааяа хэлнэ, цухуйлгана. Аав маань яагаад ч зөвшөөрдөггүй байсан. Ааваасаа зөрсөн ганц асуудал сэтгэцийн эмчийн мэргэжил сонголт. Сэтгэцийн эмчийн мэргэжил эрсдэл өндөртэй мэргэжил л дээ, тэр үед наркологийн эмнэлэгт нэг өвчтөн нь эмчээ олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарч байсан болохоор аав маань иймэрхүү эрсдлийг бодож зөвшөөрдөггүй байсан гэдэг. Сургуулиа төгсөх үед багш нар маань сургуульдаа үлдэж багшлах санал тавьж байсан. Би гэдэг хүн дипломоо авсан өдрөө Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очоод Эрдэнэбаяр захиралтай уулзсан. Эрдэнэбаяр захирал маш сайхан хүлээж аваад тэр дор нь гадаад харилцаа, эрдэм шинжилгээний мэргэжилтнээр ажиллах тушаал гаргаад өөрийнхөө сэтгэцийн чиглэлээр гаргасан 10 гаруй номоо бэлэглэж байлаа. Би тэндээс гараад ном, тушаал хоёроо бариад ээж, аав дээрээ очсон. Аав бас л нөгөө дэмжихгүй байгаагаа хэлээд хэцүү гэдгийг дахин дахин хэлж байв. Дараа нь сэтгэцийн эмчийн ажлаа хийгээд нэг хоёр жил болсны дараа аав минь ажлыг маань жаахан ойлгож эхэлсэн. 2011 онд Дэлхийн Сэтгэцийн  холбооны бүсийн хуралд бөө болсон өвчтөнийхөө жишээн дээр тулгуурлаад хуваагдах эмгэгийн судлалын талаар материалаа орчуулаад явуулсан. Олон орны залуу эмч нар материалаа өгч өрсөлдсөн. Сарын дараа хариу нь ирж 1000 долларын шагнал авч Дэлхий сэтгэцийн холбооны 17 дугаар хуралд оролцож байлаа. Тэр үеэс аав маань намайг энэ мэргэжилдээ үнэхээр дуртай, сонирхолтой, зорилготой яваа гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлсэн. Сэтгэцийн эмч бол өвчтөнтэйгээ харилцаж түүн дээрээ анализ хийж байж оношоо тавьдаг. Мэдээж номон дээр заасан байгаа л даа. Хүний сэтгэлзүйтэй ажиллана гэдэг их өөр ажил. Сэтгэцийн эмнэлэгт ар гэр нь хаячихсан хүмүүс их эмчлүүлдэг. Хэн ч тоохгүй хаячихсан хүмүүстэй хүн шиг харьцаж, тэднийг ойлгож, хүлээн зөвшөөрч, хүндэлж хайрлана гэдэг бол үнэхээр том буян гэж боддог. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд ажиллаж байхдаа төрсөн өдрөөрөө томоо торт хийлгээд өвчтөнүүдтэй хамт төрсөн өдрийнхөө баярыг тэмдэглэдэг байсан. Тэр үед үнэхээр аз жаргалыг мэдэрдэг байлаа. Ер нь тэгээд олон олон ажлууд амжуулаад олныхоо дунд, бусдын төлөө ажиллаад завгүй байхаараа гоё мэдрэмжийг авч, аз жаргалтай байдаг хүн юм гэж өөрийгөө дүгнэдэг.


-Та сошиалд идэвхтэй төдийгүй эерэг мэдээ, мэдээллийг түгээдэг. Саяхан энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж пост оруулсан байсан. Ер нь сошиал хэрэглээний талаар таны бодол?
-Таван жил гаруй нийгмийн ажил хийгээд би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Тэр юу вэ гэхээр бид залуучуудын хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж. Хандлага буруу байх нь маш олон юманд саад болдог юм байна. Хоёрдугаарт, залуучуудын оролцоо, сэтгэлгээ. Хүн талаасаа сэтгэлгээний хөгжил үнэхээр чухал юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Залуус сэтгэлгээгээ зөв хөгжүүлж, аливаад зөв хандаж, нийгмийн ажилд өөрсдийн байр суурь оролцоотой байх нь хамгийн чухал. Сошиалаар дамжиж залуусынхаа сэтгэлгээг хөгжүүлэх, хандлагыг өөрчлөх, эерэг зүйлийг түгээх, зөв сэдэл төрүүлэхийг хичээж байгаа. Зүгээр л чи эерэг хандлагатай бай л даа, чиний харах өнцөг өөр байна, үүнийгээ зас, чи буруу зөв байна гээд сөрөг байдлаар хандах нь үр дүнгүй. Сошиалд сөрөг ч, эерэг ч мэдээлэл байгаа. Эерэг зүйлийг их болгоод ирэхээр сөрөг зүйл нь багасдаг юм билээ. Товчхондоо сошиалыг хандлага  өөрчлөх том орон зай гэж харж байгаа. 
-Олон олон асуулт асууж ярилцмаар байсан ч сонингийнхоо хэмжээнд баригдаад энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөе. Дараа олон олон сайхан сэдвээр ярилцах боломж гарна байх аа. Сонирхолтой, эерэг, илэн далангүй сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа.
-Танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. 


Ярилцсан Н.Адьяацэрэн