Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж 7-р сарын 28-ны өдөр тус суманд хийгдэж буй сургуулийн цэцэрлэгийн бүтээн байгуулалт, их засварын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр бүтээн байгуулалт, засварын ажлыг хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахыг гүйцэтгэгч компаниудад үүрэг болгож, хяналт тавьж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангаж ажиллахыг сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад үүрэг болголоо.
Энэ жил Даланзадгад суманд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ихээр хийгдэж байгаа бөгөөд Даланзадгад сумын 1-р сургуульд бага сургуулийн өргөтгөл, 2-р сургуульд дотуур байр, номын сан шинээр баригдаж байгаа бол 4-р сургуулийн дотуур байр, бага сургуулийн барилгад их засвар хийгдэж Оюут болон Нисэх хороололд 200 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Дашрамд дурдахад Өмнөговь аймгийн 2025 онд нийт төсвийнхөө 30 гаруй хувийг эрүүл мэнд боловсролын салбарын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад зарцуулахаар батлан хэрэгжүүлж байна.