Баасан гариг 2025/06/20
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД ХОТОД “ХОТЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2025-05-30 15:47 GMT+8 | 316 удаа МОНГОЛ УЛСЫН ХУРЦ АРСЛАН ГОМБО-АЮУШИЙН ДЭМҮҮЛ АГСНЫ НЭРЭМЖИТ ХҮЧИТ 128 БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.2025-05-26 10:19 GMT+8 | 188 удаа Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат: Улсын төсвийн татаас нэмэгдэж, орон нутагт үлдэх төсөв багасч байгаа ч бүтээн байгуулалтаа тасралтгүй үргэлжлүүлэхээр ажиллаж байна2025-05-23 11:20 GMT+8 | 1344 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМАНД “ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА2025-05-14 10:54 GMT+8 | 240 удаа ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО2025-05-14 10:42 GMT+8 | 388 удаа ГОВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2025-05-12 07:41 GMT+8 | 400 удаа “ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ ТОП-10” КОМПАНИЙ НЭГЭЭР ШАЛГАРЛАА2025-05-05 22:12 GMT+8 | 380 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ АГААРЫН ТЭЭВРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДДЭЭ ХҮРГЭНЭ.2025-04-30 12:08 GMT+8 | 472 удаа ХУВААРИЙН ДАГУУ НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛНЭ2025-04-30 11:57 GMT+8 | 312 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ХАВАР” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.2025-04-28 20:26 GMT+8 | 308 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ БОЛЖЭЭ2025-04-17 12:45 GMT+8 | 568 удаа УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ2025-04-17 12:29 GMT+8 | 420 удаа ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД2025-04-17 12:12 GMT+8 | 328 удаа ОЙРЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ /Нийт нутгаар/2025-04-17 11:52 GMT+8 | 320 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫНХАА МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА2025-04-14 13:34 GMT+8 | 540 удаа ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ОНЦЛОХ ЗААЛТУУД2025-04-14 13:26 GMT+8 | 368 удаа АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "FIBA 3X3-2025" САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АВАРГААР АВСТРАЛИЙН БАГ ШАЛГАРЛАА.2025-04-14 13:08 GMT+8 | 328 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2025” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-04-04 12:20 GMT+8 | 340 удаа “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ-ХАМТЫН АЖИЛЛАГАА 2025” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2025-04-04 11:49 GMT+8 | 448 удаа НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ 6 АВТОБУСЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.2025-04-02 12:32 GMT+8 | 384 удаа АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА2025-04-02 12:19 GMT+8 | 368 удаа МУГТ Ц.РАДНАА МАСТЕРУУДЫН ДАШТ-ЭЭС ЗУРГААН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ЗАРИМ РЕКОРДУУДЫГ ШИНЭЧИЛЛЭЭ2025-03-31 10:37 GMT+8 | 476 удаа ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА2025-03-31 10:24 GMT+8 | 512 удаа УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ШИВЭЭХҮРЭН БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА2025-03-31 10:12 GMT+8 | 428 удаа ЦАГ АГААРЫН МЭДЭЭ2025-03-31 09:43 GMT+8 | 460 удаа БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ2025-03-28 15:36 GMT+8 | 444 удаа ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ 106.920 ТӨГРӨГ ТӨЛНӨ2025-03-28 14:07 GMT+8 | 456 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АНХНЫ ДАРГА, ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ЖАМСРАНГИЙН САМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ЖИЛ ТОХИОЖ БАЙНА2025-03-27 19:05 GMT+8 | 496 удаа Т.МӨНХСАЙХАН: ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ДАХИН ӨРГӨН БАРИХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА2025-03-27 17:38 GMT+8 | 404 удаа ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ЗГ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА2025-03-27 11:56 GMT+8 | 412 удаа

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат: Улсын төсвийн татаас нэмэгдэж, орон нутагт үлдэх төсөв багасч байгаа ч бүтээн байгуулалтаа тасралтгүй үргэлжлүүлэхээр ажиллаж байна

НИЙТЭЛСЭН: 2025-05-23 11:20 GMT+8

Өмнөговь аймаг орон нутгийн төсвөө өөрсдөө бүрдүүлэхийн зэрэгцээ улсын төсөвт хамгийн их мөнгө төвлөрүүлдэг аймаг. 2025 онд л гэхэд Өмнөговьчууд улсын төсөвт 1,7 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн билээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбаттай төсвийн орлогын бүрдүүлэлт, Өмнөговь аймгийн хөгжлийн төлөвлөлт, аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын талаар ярилцснаа уншигч та бүхэнд хүргэж байна.
 


-Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн талаар товч танилцуулах уу?
-Өнгөрсөн 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Өмнөговьчууд маань Ардчилсан намын дэвшүүлсэн “Өсөлттэй Өмнөговь” мөрийн хөтөлбөрийг дэмжиж, Ардчилсан намд дахин итгэл хүлээлгэсэн. Шинээр бүрдсэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 10 дүгээр сарын 24-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийж, олонхын саналаар аймгийн ИТХ-ын даргаар О.Эрдэнэ-Өрнөхийг сонгож, Аймгийн Засаг даргаар миний бие сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11-р сарын 01-ний өдрийн захирамжаар Өмнөговь аймгийн Засаг даргаар батламжлагдсан. Олонх болсон намын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон хэрэгждэг. Үүний дагуу Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө Ардчилсан намын сонгуульд дэвшүүлсэн “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрт суурилан иргэд олон нийтийн саналыг тусгаж боловсруулж, 2024 оны 12-р сард хуралдсан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Засаг даргын  2024-2028 оны үйл ажиллагааны "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөр маань “Бүсчилсэн хөгжлийн бодлого", “Хүний хөгжлийн бодлого", "Эдийн засгийн бодлого", "Хүрээлэн буй орчин, усны нөөцийн бодлого", "Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого" гэсэн 5 тэргүүлэх чиглэл бүхий 44 зорилтыг хангах 258 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр батлагдсан байгаа. 
-“Нутгийн хишиг” хөтөлбөрийн үргэлжлэл нь “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөр гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, ингэж ойлгож болно. Бид 2020-2024 онд иргэдийнхээ хүсэлт, хэрэгцээ шаардлага, орон нутгийн хөгжлийн бодлогод тулгуурласан “Нутгийн хишиг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Өмнөговьчууд маань ажилтай, орлоготой, хамгийн сайн чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг авч, ая тухтай орчинд амьдрах ёстой. Өмнөговь аймаг бусдаас илүү хөгжиж, иргэдийн маань амьдралын чанар илүү байх ёстой. Байгалийн баялгаас орж ирж буй орлогыг нутаг орныхоо хөгжил, нутгийнхаа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зориулахыг зорьж “Нутгийн хишиг” хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Тухайн 4 жилийн хугацаанд орон нутгийн төсвөөрөө аймгийн төв болон сумдыг  хатуу хучилттай  авто замаар холбох, сумын төв, гэр хорооллуудыг инженерийн шугам сүлжээнд холбох, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг нэмэгдүүлж, чадавхжуулах ажлуудыг хийсний зэрэгцээ, хөдөө аж ахуй, байгаль орчин гээд бүхий л салбарт бүтээн байгуулалтыг өрнүүлж, төрийн албан хаагчдын цалинг 80 хүртэл хувь нэмэгдүүлж, сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хамрах хүрээг, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг тус тус нэмэгдүүлэн ажилласан. Нөгөө талаар уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах, аймаг, орон нутгийн төсөв, өрхийн эдийн засагт уул уурхайн хамаарлыг багасгах, эдийн засгаа солонгоруулах бодлогыг баримтлан үйлдвэржилтийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онгон дагшин байгалиа хамгаалах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, усжуулалт, ойжуулалтын ажлыг  “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд амжилттай хийж хэрэгжүүлсэн. Бид “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн, хийж хэрэгжүүлсэн бодлого, ажлаа илүү өргөжүүлж, салбар бүрт өсөлтийг нэмэгдүүлэх, Өмнөговь аймгаа говийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэхийг зорьж “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд байна.


-2025 онд Өмнөговь аймаг 1.7 их наядыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Энэ бол их тоо. Төсвийн орлогын бүрдүүлэлтийн талаар... 
-Өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аар батлагдсан Монгол Улсын 2025 оны төсөвт Өмнөговь аймаг 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгагдсан. Улсын төсөв батлагдсаны дараа аймгууд орон нутгийн төсвөө батладаг хуультай. Түүний дагуу 2024 оны 12 дугаар сард аймгийн ИТХ-аар орон нутгийн төсвийг 2.3 их наяд төгрөгөөр баталсан бөгөөд үүнээсээ 1.7 их наядыг Улсын төсөвт төвлөрүүлж, 477 тэрбум төгрөгөөр төрийн байгууллагуудынхаа суурь зардал буюу цалин хөлс, урсгал зардалд зарцуулж үлдсэн төсвөө 15 сумынхаа хөгжил бүтээн байгуулалтад зарцуулахаар баталсан.
Өнгөрсөн жил бид 1.4 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээж, орон нутгийн удирдлагын зүгээс төсөв бүрдүүлэхэд онцгой анхаарч, аж ахуйн нэгжүүд, татвар төлөгчидтэйгөө ойлголцож хамтран ажилласны үр дүнд бид үүргээ биелүүлсэн. Он гарсаар нүүрсний үнэ унаж, уурхайнуудын борлуулалт зогсоод төсвийн орлого бүрдэхэд ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Өмнөговь аймаг гэлтгүй улсын төсөв маань нүүрсний зах зээлээс хамааралтай шүү дээ. 
Нөхцөл байдал хүнд байгаа гээд зүгээр суухгүй төсвийн орлогыг бүрдүүлэх, улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, банк, үүрэн телефоны компани, шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүдийг урьж, орон нутгийн хөгжлийн төлөө хэрхэн хамтрах, төсвийн орлогыг бүрдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ ярилцсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтөөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь тухайн орон нутгийн төсөвт орохоор зохицуулагдсан. Энэ заалт нь аж ахуйн нэгж тухайн сум, орон нутгаас олсон орлогоо татварын байгууллагад зөв мэдүүлж байж биеллээ олох боломжтой юм. Жишээ нь "Петровис" компани бүх аймаг суманд салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг хэрнээ компанийнхаа төв оффисын хаяг бүртгэлээр нийслэлд татвараа төлдөг. Хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд Өмнөговь аймгаас олсон орлогоо Өмнөговь гэж бүртгүүлэх, Хөвсгөл аймгаас олсон орлогоо Хөвсгөл аймагт гэж бүртгэж мэдүүлбэл "Петровис" компанийн төлсөн татварын 40 хувь нь тухайн орлогыг олсон аймгийн төсөвт эргээд очно гэсэн үг. Товчхондоо энэ бүртгэлийн асуудал байгаа учир бид аж ахуйн нэгжүүдтэй энэ талаар харилцан ойлголцож хамтран ажиллаж байна. 
-Улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төсөв хөрөнгөө бүр­дүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй цаг үе тохиож байна. Дан ганц уул уурхайгаас хамааралтайгаар төсөв хөрөнгө бүрдүүлэхэд хүндрэлтэй байх нь дамжиггүй. Өөр төлөвлөлт байгаа болов уу?
-Нэгхэн сарын өмнө Өмнөговь аймгийн бүртгэлтэй хүн ам 82 мянгад хүрсэн, хөдөлгөөнт хүн амын тоо нэмэгдэхээр 120 гаруй мянган хүн амд төрийн үйлчилгээг хүргэдэг. Орон нутгийн төсөв хүндрэлтэй хэдий ч бид төрийн албан хаагчдын нэмэгдэл цалин, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардал, "Үдийн хоол хөтөлбөр" зэрэг хүндээ чиглэсэн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ нийт төсвийнхөө 30-40 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахаар баталсан. Хүн амын төвлөрөл нэмэгдэх тусам дэд бүтцийн хүрэлцээ, хангамжийг сайжруулж дулаан, цахилгаан станц, олон улсын нисэх онгоцны буудал, сумдаа аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох гээд дэд бүтцийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд шаардагдаж байна. Энэ бүхнийг орон нутгийн болон улсын төсвөөр шийдэх боломж хомс учир орон нутгийн бонд гаргаж санхүүжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд бидний эхлүүлсэн, эдийн засгийн үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалтын нэг бол Даланзадгад сумын үйлдвэрлэлийн бүс юм. Орон нутгаас дэд бүтцийг бүрэн шийдэж, аж ахуйн нэгжүүдэд газар олгож, зарим үйлдвэрүүдийг байгуулахад орон нутгийн зүгээс хөнгөлөлттэй зээл олгосон. Ингэний сүүний үйлдвэр, замын битум болон ноос угаах үйлдвэрүүд ашиглалтад орж, эхнээсээ бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхлээд байна. Дараагийн ээлжинд хүнсний үйлдвэрлэлийн бүс байгуулах шаардлагатай байна. Ихэнх хүнс үйлдвэрлэгчид маань өрхийн үйлдвэрлэлийн түвшинд буюу хашаандаа, жижиг байшин бариад түүндээ үйлдвэрлэлээ явуулдаг. Хүн амын хэрэгцээг хангах, уул уурхайд ханган нийлүүлэгч болохын тулд стандартын байгууламжид үйлдвэрлэл явуулах, хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэхээс өөр аргагүй. Тийм учраас аймгийн зүгээс хүнсний үйлдвэрлэлийн бүс бий болгож, өрхийн үйлдвэрлэлээс шилжих, хүнсний үйлдвэрлэгчид хамтраад бизнес эрхлэх боломжийг олгохыг зорьж байна. Хаана үйлдвэрлэл явагдаж байна тэнд хөгжил байдаг. Тийм учраас бид аймагтаа тусгайлсан үйлдвэрлэлийн бүс байгуулах, газар олгох, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлж ажиллаж байна. 


-Улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүсэлт хүлээж авах ажил явагдаж дууслаа. Өмнөговь аймагт хамгийн их буюу 160 гаруй аж ахуйн нэгж зээлийн хүсэлт өгсөн мэдээ байна. 
-Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн квот өгдөг. Манай аймгийн хувьд Засгийн газраас өгсөн санхүүжилт дээр нэмээд, орон нутгийн төсвөөс санхүүжилт гаргадгаараа онцлог. Энэ жилийн хувьд Засгийн газраас 2 тэрбум, орон нутгаас 3 тэрбум төгрөг гээд нийт 5 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл болгож олгохоор байгаа. Бизнес эрхлэгчдийн дунд жижиг, дундын зээлийн шалгуурыг өндөр гэж ойлгох нь элбэг. Банкны бизнесийн зээл ч тэр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл аль аль нь тухайн төслийн хэрэгцээ шаардлага,  эдийн засгийн тооцоолол, тухайн аж ахуйн нэгжийн чадамжийг харгалзах нь зүй ёсны хэрэг. Аж ахуйн нэгжүүд маань сайн чадавхжаагүй, төслийнхөө хэрэгцээ шаардлага, зах зээлийн судалгаа, тооцооллоо бүрэн гүйцэд тодорхойлоогүйн улмаас зээлийн шаардлага хангадаггүй. Өнгөрсөн жил гэхэд манай аймагт гурван тэрбум төгрөг олгогдоогүй үлдсэн. Энэ хүндрэл бэрхшээлийг арилгах үүднээс энэ жил бизнес эрхлэгчдийгээ мэдээллээр бүрэн хангах, төсөл бичих, тооцоолол хийх, зах зээлийн судалгаа хийх чиглэлээр чадавхжуулахыг зорьж 4 дүгээр сарын эхээр мэдээлэл өгөх нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ, төсөл боловсруулах, материал бүрдүүлэх зөвлөгөө өгөх, лавлагаа, тодорхойлолтыг түргэн шуурхай олгох нэг цэгийн үйлчилгээг 14 хоногийн турш ажиллууллаа. Нэг цэгийн үйлчилгээгээр 300 гаруй аж ахуйн нэгж мэдээлэл зөвлөгөө авч, төрийн байгууллагуудын 500 гаруй лавлагаа, тодорхойлолт гаргаж үйлчилсэн байна. Энэ удаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахаар  Өмнөговь аймгийн хэмжээнд 157 аж ахуйн нэгж 22 тэрбум төгрөгийн төсөл бичиж ирүүлсэн байгаа нь улсын хэмжээний нийт төслийн 1/3-ийг эзэлж байгааг нь бидний бизнес эрхлэгчдэдээ зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласны үр дүн гэж үзэж байгаа. Цаашдаа  орон нутгийн удирдлагын зүгээс үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийгээ чадавхжуулах, борлуулалтаа нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана. Үйлдвэрлэлийн хөгжил гэдэг улс орон, орон нутгийн хувьд амин сүнс нь байдаг. Үйлдвэрлэл хаана байна тэнд хөгжил байдаг нь бичигдээгүй хууль болчихоод байгаа өнөө үед орон нутгийн удирдлага, иргэд, бизнес эрхлэгчид хамтарч ажиллаж чадвал үйлдвэрлэгч болох бүрэн боломжтой.  
-Та худалдаа эрхлэгч­дийгээ электрон тамхи худалдан борлуулахгүй байх уриалга гаргасан нь жаахан асуудал дагуулах шиг болсон. Энэ талаар...
-Өсвөр насны хүүхдүүд, залуучуудын электрон тамхины хэрэглээ ихсэж байгаад олон эцэг эхчүүд сэтгэл зовниж байгаа. Хүүхдүүд залуучууд маань электрон тамхины хор уршгийг мэдэхгүй, бусдыг даган дуурайж, гангараа болгон сониучирхаж, шохоорхож хэрэглэж байгаа. Ирээдүй болсон хүүхэд залуучуудыгаа хорт зуршлаас ангижруулах, эрүүл мэндийг хамгаалах нь томчууд бидний үүрэг шүү дээ. Худалдан борлуулахгүй хорих шийдвэр гаргах амархан. Гэхдээ энэ маань үр дүн муутай. Өсвөр насны хүүхдүүддээ чи хэрэглэж болохгүй гээд байвал илүү их хэрэглэхийг хүснэ, худалдаа эрхлэгчдийг борлуулж болохгүй гэхээр далд худалдаа цэцэглэх гээд сөрөг тал ихтэй. Тийм учраас хүүхэд залуучууд, худалдаа эрхлэгчид, эцэг эхчүүд гээд бүх хүмүүст электрон тамхины хор уршгийг ойлгуулж, хорт зүйлээс татгалзаж эрүүл мэндээ ирээдүйгээ хамгаалахыг уриалж нөлөөллийн аян зохион байгуулж байгаа. Аливаа зүйлийн хор уршгийг ойлгоод ирэхээр хүүхэд ч бай, томчууд бай татгалзаж чадна шүү дээ. Худалдааны бизнес эрхлэгчид  маань уриалгыг зөвөөр хүлээж авч, маш олон дэлгүүр, худалдааны төвүүд электрон тамхи борлуулахаас өөрсдөө татгалзаж, хүүхэд залуучууд маань хэрэглэхээс татгалзаж байгаа. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд иргэдийгээ амьдралын зөв дадалтай, эрүүл аж төрөх боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа. Иргэдэд эрүүл мэндийн боловсролыг олгох, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.


-“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хийгдэх аж­луудын талаар танилцуулбал.
-Уул уурхайн бүс нутгийн хувьд орон нутгийн удирдлага болон иргэдийн сэтгэл зовниж буй асуудлын нэг бол яахын аргагүй усжуулалт, байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулах асуудал юм. Орон нутгийн бодлогын хувьд тодорхой газруудад археологийн судалгаа хийлгэж, газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авч, эвдэгдсэн газруудаа нөхөн сэргээх, хог хаягдлын үйлдвэр байгуулах, "Усжуулалтын 2-р аян"-ыг эхлүүлж, бэлчээр усжуулалт, булаг шандын эхийг хашиж хамгаалах, гадаргын усыг хуримтлуулах, Онги Улаан нуурыг сэргээх ТЭЗҮ боловсруулж, заган ойг нэмэгдүүлэх, тэрбум мод хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлж нэлээдгүй  ажлуудыг хийсэн. Эдгээр ажлуудаа үргэлжлүүлнэ. Саяхан говьчууд бидний мөрөөдөл болсон говь руу ус татах ажлын эхлэл тавигдсан. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн нэг болох,  Говийн бүсэд гадаргын ус татах "Орхон Онги", "Хэрлэн Тооно" төслийн Орхон Онги төслийн эхлэл “ЦАГААН БУРГАСТАЙ-ОНГИ” усан цогцолборын нээлт болж, Засгийн газрын гишүүд, говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү төслийн хүрээнд урсацын тохируулгатай 65 сая.м куб эзлэхүүнтэй усан сан бүхий “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээнэ. Ингэснээр 29 мянга гаруй хүн ард, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэх юм. Өмнөговь аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарын нэг гэж тодорхойлж байгаа салбар бол хөдөө аж ахуй. Малын үүлдэр угсааг сайжруулах, мал болон малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд бодлого, хөрөнгө оруулалтыг төлөвлөн ажиллаж байна. Төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад суманд баригдаж буй ноос угаах үйлдвэр ашиглалтад орно.
-Саяхан Говийн бүсийн зөвлөлийн томоохон арга хэмжээ Дорноговь аймагт болж өндөрлөлөө. Говийн бүсийн хөгжлийн чухал асуудлууд яригдсан байх. Энэ талаар...
-Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсийн зөвлөл байгуулагдаж, бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 5-р сарын 12-14-ний өдрүүдэд Дорноговь аймагт боллоо. Анхдугаар хуралдааны үеэр говийн бүсэд хэрэгжиж буй томоохон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулга хийгдэж, бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, Бүсийн зөвлөл-эрх зүйн орчин, чадавхыг бэхжүүлэх, сургалт болон техникийн дэмжлэг, бүсийн онцлог-харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлын талаар салбар хуралдаанууд хийгдлээ. Говийн бүсийн хөгжлийн асуудлыг Засгийн газар болон говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд саналаа нэгтгэн бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрөө эрэмбэллээ. Өмнөговь аймгийн хувьд мега төслүүд буюу хэрэгжүүлэх талаар саналаа оруулсан. Үүнд Даланзадгад суманд 50 мВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц болон Олон улсын нисэх буудал, Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замыг дуусгах, Цогтцэций-Даланзадгад чиглэлийн төмөр зам барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, ШУТИС-ын Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийг их сургууль болгож, сургалт, оюутны хотхоны цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Өмнөговь аймгийн хилийн боомтуудаар уул уурхайн бус гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох, импортлох нөхцөлийг бүрдүүлж, олон улсын стандартад нийцсэн лабораторийг байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын саналаа илэрхийлсэн. Бүх саналууд маань дэмжигдэн бүсийн хөгжлийн асуудлаарх Засгийн газрын тогтоолд тусгагдсанд баяртай байгаа. 


-Шинэ сургууль, номын сангийн барилга гээд ашиглалтад орлоо. Өсөлттэй Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд  энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх үү?
-Өмнөговь аймаг улсаас татаас авдаггүй, орон нутгийн төсвөө өөрөө бүрдүүлдэг аймгийн хувьд ихэнхдээ орон нутгийн төсвөөрөө асуудлаа шийдвэрлэдэг. Өргөн уудам нутагтай, сумын төвүүд маань аймгийн төвөөс алслагдмал учир иргэдэд эрүүл мэнд боловсролын чанартай үйлчилгээг хүргэх, иргэдийг сумандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх гээд  орон нутгийн хөгжлийн бүтээн байгуулалтад ихээхэн хөрөнгө шаарддаг онцлогтой. Манай аймгийн үе үеийн ИТХ болон Засаг дарга нар маань аймгийн хөгжлийг зөв төлөвлөж, хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж ирсний үр дүнд Өмнөговь аймаг хөгжлөөрөө бүтээн байгуулалтаараа бусад аймгаа тэргүүлдэг. Бүх сум маань хагас автомат уурын зуухтай, цэвэрлэх байгууламжтай болж бүх сумдад инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийж айл өрх, албан байгууллагууд төвлөрсөн системд холбогдох боломжтой болсон.  Мөн сумдад түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, сумдын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн  барилгыг шинэчлэх ажлууд үе шаттайгаар хийгдэхийн зэрэгцээ сумын төвийг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Даланзадгад хотын хувьд гэвэл 2012 онд Бадраа даргын санаачилгаар 90 га газарт шинэ суурьшлын бүс байгуулах төлөвлөлт хийгдэж, газар доорх шугам сүлжээний ажил хийгдэж байсан. Шинэ суурьшлын бүс маань төлөвлөлтийн дагуу орон сууцны хороолол, орчин үеийн театр, музей, спорт цогцолбор, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудын барилга байгууламжууд баригдаж үйл ажиллагаа явуулж байна. Сая орчин үеийн шийдэл бүхий номын сангийн барилга ашиглалтад орлоо. Номын сангийн барилга маань улсын төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд барилгын зураг төсөв, дотоод засал, тавилга, сан хөмрөгийн баяжилтад 2.8 тэрбум төгрөг орон нутгийн төсвөөсөө зарцууллаа. Ингэснээр Өмнөговь аймгийн соёлын барилга байгууламж маань бүрэн шинэчлэгдэн өөр, аймагт хотод байхгүй орчин үеийн шийдэл бүхий театр, номын сан, музейтэй болсон гэсэн үг.  Бас 1200 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж үйл ажиллагаа эхлүүллээ.  Сүүлийн жилүүдэд Улсын төсөвт өгөх татаас ихээр нэмэгдэж, орон нутагт үлдэх мөнгө бага болж орон нутгийн төсөв хүндрэлтэй байгаа хэдий ч хөгжлийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэх зорьж ажиллаж байна. 2025 онд Цогтцэций, Даланзадгад, Ханбогд, Гурвантэс суманд сургууль, Даланзадгад, Мандал-Овоо суманд шинээр цэцэрлэг барих,сумын төвийг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, сумдад инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийх, орон сууц шинээр барих, Даланзадгад хотод хүүхдийн эмнэлэг шинээр барих,  ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, сэргээн засах эмнэлэгийг ашиглалтад оруулах, бэлчээр усжуулах ажлын хүрээнд, тэмээн судлалын төв, үйлдвэрийн бүсийн бүтээн байгуулалтын үргэлжлүүлэх гээд бүтээн байгуулалтыг өрнүүлнэ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны төлөвлөсөн, хэрэгжүүлж буй ажилд амжилт хүсье.
-Баярлалаа, Та бүхэнд мөн ажлын амжилт хүсье.