Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, говь нутгийн хүчтэнгүүдийн манлай болсон Монгол улсын Хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит хүчит бөхийн барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
“Дэнж нь хотойхгүй бол Дэмүүл хүү унахгүй ээ” гэж хориодхон насандаа хэлж Монгол бөхийн хүч, ид хавыг гайхуулан барилдаж байсан Хурц арслангийн нэрэмжит барилдааныг Монгол бөхийн өргөөнөө үзэж сонирхохоор Өмнөговьчууд, бөх сонирхогчид өргөнөөр хуран цугласан байна.
Энэ жилийн хүчит бөхийн барилдааныг Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Манлай сумын ЗДТГ, Хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран Монгол бөхийн өргөөндөө зохион байгуулж, өнөө цагийг өнгөлж буй Улсын арслан, заан, харцага, начин зэрэг улсын цолтой бөхчүүд манлайлсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаан болж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Бес Богда дэвжээний бөх, Улсын заан Б.Серик нар шалгарч шалгарлаа.
Мөн энэ үеэр Өмнөговь аймгаас төрөн гарсан Улсын цолтой бөхчүүддээ аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.