Даланзадгад хотын Засаг дарга “Өсөлттэй Даланзадгад” хөтөлбөрийн хүрээндээ гадаад харилцаагаа өргөжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, сурагч, залуучуудыг гадаадын их дээд сургуульд суралцуулах чиглэлээр олон ажлууд төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ хүрээндээ Даланзадгад хотын Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Жонбук мужийн Пижон их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.
Хамтын ажиллагааны эхлэл болгож 2025 оны 07 сарын 14-ний өдрөөс Даланзадгад хотын 7 сургуулийн 70 сурагч, 7 багшийг БНСУ-д 14 хоногийн турш англи хэл, соёлын хөтөлбөрт хамруулж байгаа бөгөөд энэ хугацаанд хэлний мэдлэгээ дээшлүүлэх, тухайн улсын соёлд суралцах, бие даан хөгжих чадвараа нэмэгдүүлэх, өөрийгөө танин мэдэх, ирээдүйн мэргэжил зорилгоо тодорхойлох зэрэг олон давуу талтай гэж дүгнэжээ.