Баасан гариг 2024/04/26
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 328 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 276 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 580 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 292 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 564 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 800 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 688 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1112 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 716 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

НЭГЭН НОМНООС ҮҮДСЭН ДУРТГАЛЫН ХЭЛХЭЭС...

НИЙТЭЛСЭН: 2020-01-15 13:31 GMT+8

Монгол улсын Өмнөговь аймаг,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын хамтын  ажиллагааны 30 жилийн  ойг тэмдэглэсэн арга хэмжээ  энэ оны 9 сарын сарын сүүлчээр манай Даланзадгад хотод болсон. Арга хэмжээнд уригдсан боловч оролцож амжаагүй юм. 
Энэхүү 30 жилийн түүхийг товчоолсон “Найрамдал дагуулсан нөхөрлөл” номыг хүлээн авч уншив. Номонд сонирхолтой түүх, үйл явдлыг өгүүлсэн дурсамж ярилцлагууд, зурагтай мэдээллүүд мөн албан баримт бичгүүдийг оруулсан уншууртай гэж хэлж болох ном болжээ. Ялангуяа Аймгийн намын хорооны даргаар ажиллаж байсан Б.Нямбуу гуайн дуртгалд тун сонирхолтой түүхийг өгүүлсэн байх юм. Ж.Даргахүү гуай, орчуулагч С.Эрдэнэ нарын яриа хөөрөө хэдийгээр ойрын боловч мартагдан буй үнэний түүхийг өгүүлэх аж. Энд үйл явдлыг он цаглан, зураг хөрөгтэй тавьсан байгаа нь С.Эрдэнэ хариуцсан ажлынхаа тухайд түүхчилсэн баримт, архив сайтай нь харагдаж байнаа. Харин манай талд  энэ ажил буюу  гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан газар, хэлтэс мэргэжилтнүүд  дээр уламжлагдсан болон нэгдсэн судалгаа,  архивласан тайлан мэдээ хэр зэрэг байдгийм бол гэж бодогдлоо.
Тэр тусмаа манай төрийн албаныхан маань дэлхийн олон орон, хотуудаар явж туршлага судалдаг,  аялдаг  биздээ.  Цаг үе нь нэгэнт ийм байгаад аялах  явах нь ч яахав, хамгийн гол нь үзсэн харсан, уулзаж хэлэлцсэн, мэдэж анзаарсан зүйлсээ заавал тайлагнаж, протокол болгон үлдээж байх ёстой юм. Хувь хүмүүст нь бол их л олон зураг дурсамж үлдсэн байгаа. Тийм болохоор арвин баялаг мэдээлэл, архивын сан хөмрөгтэй болох нь ажил хариуцсан хүмүүсийн хувьд үүрэг гэхээсээ илүү хувь хүний идэвхи санаачилга, соёл, сонирхолоос ихээхэн шалтгаалах ажил юм. Номоос төрсөн эхний  бодол минь энэ билээ.
Хоёр дахь төрсөн бодол гэвэл манайд ер нь гадаад улс оронтой харилцах төрийн ажил  албаны дэг соёл, дүрэм журам нэгдмэл биш, эрэмбэ дарааллын уламжлалгүй, хувь хүний  сэтгэлийн хөдөлгөөнөөр нилээдгүй зохицуулагддаг юм байна. Эдүгээгийн манай улсын гадаад дипломат бодлогын алдаа завхрал ч  ийм байдалтай шууд холбоотой бизээ. Номоос харахад эд нар маань яваад “хэнтэй ч болов уулзчихдаг”юм байна.  Энэ бол бидний хувьд сайн зүйл огт бишээ. Би энд ямар нэгэн хүнд сурталтай байх тухай асуудлыг биш харин тусгаар улсын төрийн албаны зэрэг дэв, зиндааны тухай ярьж буй хэрэг юм. Энд эмх журамгүй байдал, эрх мэдэлд дулдуйдсан хувийн тоглолт, хувийн эрх ашиг- амбицад хөтлөгдсөн байж болох үйл явдлуудыг зургаас харан дээрх  санаагаа  илэрхийлж  байна. Мөн ном эмхэтгэгчийн зүгээс зарим үйл явдлуудыг өөрийн үзэл бодол болоод улс төр, үзэл суртлын өнцгөөс зориуд бүдэгрүүлсэн, орхигдуулсан үйлдэл харагдаж байна. Тэр ч байтугай зарим зурганд засвар (241-р талд) хийжээ. Агуулга, үзэл санааны зөрчилтэй энэхүү  номыг үзэж, ашиглах монголын талын уншигчдад дутуу мэдлэг, мэдээлэл болж очих билээ.  1989 оны  хавар юм болов уу, манай  аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын дарга Бараадууз гуай ХАА-н Хоршоодын холбооны шугамаар хамгийн анх БНХАУ-ын ӨМӨЗО-оор явж ирээд үзэж харсан зүйл,  улс орных нь өөрчлөлт хөгжлийн талаар олон сайхан яриа таниулгыг иргэд олон түмэнд хийж  байлаа. Одоо “гавьяат” цолтон болсон тэр ахмад хүний яриа орсон бол сонирхолтой байх. Аймгийн анхны “Ардчилсан засаг дарга” хэмээн эдүгээ нэрлэгдэн байгаа миний бие хүртэл 1998 оны 10 сард цөөн бүрэлдэхүүтэйгээр Лин-хе болон Урадын хойд хошуунд айлчилж, тодорхой асуудлуудаар “санамж бичиг”-т гарын үсэг зуралцаж байлаа.1997-1999 онуудад хил,гаалийн асуудлаар цөөнгүй удаа ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнийг дотооддоо зохион байгуулан, зарим үед онцгойлсон “тусгай” арга  хэмжээнүүд  авдаг байсан.Бүтэн 8 жилийн туршид энэ боомт дээрээс оруулсан гаалийн татвар хураамжаас давсан орлогыг нэг удаагийнхаа хилийн нээлтээр олдог болсон зэрэг сонирхолтой тоо баримтууд  ч  үлдсэн л  байх  учиртай. Засаг дарга С.Сумьяа гуайн үед ч их олон ажил өрнөж байсан юм. Тэр тухай бичигдсэн юм алга. ”Зурвас  түүхэн товчоон” дутуу дулимаг болжээ. Бидний түүхийг  “нэвтэрхий толь болсон хүн” (5-р талд) гадны хүн бичиж болно. Харин монголын талаас нь оролцсон хүмүүс нь дутуу дулимаг, хялбар ажиллаж,”толь” болсон хүндээ их найдсан шиг санагдлаа. Номын тухайд иймэрхүү шүүмж, санаа бодлоо хэлээд, энэхүү 30 жилийн түүхэнд  холбогдож болох зарим нэг дурсамжийг нэмэрлэе юү... Завсарт нь сайн нөхдийнхөө тухай тодотгосон дуртгалаар  чимэглэе. Дээрх номонд Ж.Даргахүү гуайн дурсамж, хүүрнэлд гарч байгаа хилийн боомт, хил  худалдааны ажлаар анхны албан ёсны айлчлалаар ӨМӨЗО-ны  Баяннуур аймагт ажилласан  5 хүний нэг нь  буюу тэнд  “Барилга  угсралтын  конторын  дарга” гэж бичигдсэн хүн бол үүнийг бичигч БИ юм байгаам аа. Бүрэлдэхүүнийг аймгийн Намын хорооны тогтоолоор томилсон. Бидэнд “яаралтай явж ирэх” үүрэг өгөгдөж, ахалж явах Ж.Даргахүү дарга биднийг өрөөндөө дуудаж, явах суух ажлаа сайтар ярилцаад, Чойжилсүрэн дарга бид хоёрт бэлэг  сэлт бэлтгэх  үүрэг өглөө. Надад ч  мэдэж байгаа юм алга, дарга нарын амыг харж суулаа. Маргааш нь өглөөгүүр Чойжоо дарга намайг дуудаж, хоёул няраваа дагуулан агуулахуудаар оров. Дарга хэдэн гармони хөгжим,  хоёр нүдний дуран, бусад  зүйлс  болон дотоодын драпан пальто нилээн  хэдийг  авхуулж  бэлтгэв. 
Хоёр, гурав хоногийн дараа Улаанбаатарт ирцгээж, Гадаад харилцааны яамаар очиж паспорт гаргуулан, зөвлөмж авч, Монгол банкнаас хүн бүр ариун цэврийн зардалд 15 доллар солиулж аваад урагшаа вагоноор гарцгаасан. Миний хувьд Эрээнээс эхлээд бүх юм сонин содон байлаа. Вагоны дугуй сольж удаан зогсох хооронд барилга байгууламжийг харж сонирхон мөн  нөгөө хэдэн дарапан пальтогоо вагоны хаалга шатан дээрээс зарж борлуулах үүрэг хүлээв. Ардаас багийнхан маань  намайг “удирдаж “байгаа л даа.  60 төгрөгийн үнэтэй пальтонууд тун дажгүй  үнэд хүрч, дорхноо л байхгүй болсон. Цааш Жининд хүрч, тэндээс Хөх хотын Барилгын компанийн хүмүүс орос хэлний орчуулагчтайгаар тосч авч билээ.

    *            *              *

Аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргаар ажиллаж байсан Чойжилсүрэн агсан бол Завхан нутгийн хүн. Сайхан сэтгэлтэй, энгүй цагаахан зан авиртай, бас хүнтэй сайхан нөхөрлөж чаддаг хүн байлаа. Энэ хүний талаар хөгжилтэй хөөрхөн дурсамж надад үлджээ.. 
Автобусанд дуулсан нь. Хоолой хорсгосон харанхуй утаатай Жининд нэг хоноод өглөө нь Хөх хот явлаа. Даргахүү дарга, Баясах гуай, Сэлэнгэ гурав жижиг тэргээр явж, Чойжоо дарга бид хоёрыг нэг нөхөр дагуулан хот хоорондын автобусанд суув. Автобус нь дүүрэн хүнтэй, олон зогсолттой тул зарим үед нь бид хоёр бууж гар дээрээс наймаа эрхлэгчдийн барааг үзэж сонирхоно. Чойжоо маань эхлээд “автобусанд суулгалаа” гэж жаахан цухалдуу байснаа хоёулаа цонхоор байгаль дэлхийг харж шагширч л явцгаалаа. Гэнэт манай хүн дуулж гарваа..Хүмүүс нэг сүрхий эргэж хараа л дахиж хараад байхгүй юм.  Манай хүн ч өө ер нь сайхан дуулж байна. Би ч яахав амандаа дагаж аялах аядах боловч дотроо бол их санаа зовж нэрэлхэж байгаа ч, дэмжсэн царай гаргаад явлаа. Тэгтэл манай хүн:- Самбаа, чи ер нь надыг сайхан дуулдгийг мэдэх үү? Би ер нь маш сайхан  дуулдгиймш дээ.. гэж байна. Би жаахан гайхасхийгээд, яагаад байгаам бол гэж бодогдон,  нүүр нүд рүү нь харсан чинь зүгээр ээ. Тэгэхээр нь би:-харин тийм гэсээн, сонссоон  гэж шал худлаа хэллээ. Дараа нь сайхан уртын дуулав. Тэгэснээ:-Ер нь  манай аймагт дуугаар бол эрэгтэйгээс би, эмэгтэйгээс танай  Бүдээ бид  хоёр  байх  шүү.. (манай нягтлан бодогч Жоовооны Бүдээг хэлж  байна) гэхэд нь  би  чимээгүйхэн л толгой  дохиж  явлаа.  Үнэхээр л сайхан дуулдаг хүн байсан шүү. Хоёул согтсон нь. Лин-хэ-д  хүлээн авалтанд орох болов оо. Бид хоёр нэг өрөөнд орсон байсан юм. Тэгсэн манай хүн:- За хө, энэ хятадууд бузар муухай шахдаг юм шүү. Дуулаа л уулгаад байх байх шүү. Ерөөсөө л арга байхгүй. Хоёулаа үүнийг уунаа, гээд л нэг бор ногоон нунтаг юм ам руугаа цацан, огин барин усаар даруулж уулаа. Согтоодоггүй л эд юм байх. Би ч уухгүй гэлээ. Тэгсэн, -за өнөө орой би огт согтохгүй, чи хараарай гэлээ. Том хүлээн авалтанд орлоо. Үнэхээр л тийм юм болов. Монгол ууц, идээ ундаанаас гадна хятад үндэсний хоолууд, бүр том яст мэлхий ч хөвсөн шөлөөр ч  хүртэл дайллаа. Нэг мэдсэн чинь дайллага дууссан юм байлгүй, өрөөндөө Чойжоо жорлон тэвэрчихсэн, би толгойг  нь түшчихсэн байж байв..
...Унтацгаажээ. Гэнэт нэг  хүн намайг татаж байнаа. Сэрсэн чинь, Чойжоо дарга маань:- Самбаа, Самбаа босоорой хө, чи бид хоёр баларсан байна шүү. Хөнжилгүйгээр  гудсан дороо ороод унтчихсан байнаа, муусайн  хятадууд  арай  харчихаагүй  байгаа.. гэхэд нь хоёулаа хурдхан  босоод ор дэрээ янзалж, шүүгээнд эвхээстэй  байсан хөнжлүүдийг нь баахан хөдөлгөчихөөд санаагаа  амрааж  билээ. Гэсэн ч  өглөөгүүр  Даргахүү дарга  аль  хэдийнээ орж ирээд бид хоёрыг харчихсан байсан.  Эрчүүд ээ гэж аль хөглөхийг тэр гэхэв. 
Гудамжаар дугуй унасан нь. Хөх хотод буцаж ирсэн хойно, Чойжоо дарга:- хоёулаа энүүхэн зуур гарья гээд буудлаасаа гудамжинд гарцгаалаа. Гудамж дүүрэн нөгөө дугуйтангууд. Тэгсэн манай хүн  пальтоныхоо халаасанд  гараа хийчихээд л:- хөөе, монгол  хүн байна уу, монгол хүн байна уу.. гээд л зогсоод байх юм. Яах гэж байгаагаа надад хэлдэггүй, жаахан байж бай гэчих ээ л. Тэгтэл хоёр нөхөр:- аа, та нар ар монгол уу? гээд хүрч ирээд сүйд боллоо. (Тэр үед ар монголчууд гээд хачин их хүндэтгэлтэй хандана.) Жаахан ярьж хөөрөлдөөд нэг тийш явах болоход, нөгөө хоёр өвөр монгол: -Таануус мануусын ард сууваа гээд дөхүүлэх гэтэл манай хүн:- би өөрөө унана, та хоёр  сундалаад  өмнө явж зааж өг, бид хоёр араас чинь явна ..гэж “үүрэгдлээ”. Ингээд би араар нь хөндлөн сууж явах юм болов. Би хачин болгоомжилж, энэ олон амьтны дунд хоёулаа унаж, ар нуруугаараа ойчиж “ёстой нүдний булай болох вий” гэж бодогдон их айж байв. Ядаж хоёулаа дарайсан пальтотойг  ч хэлэх үү, эвгүй гэж жигтэйхэн. Тэгтэл тун давгүй явж билээ. Дугуйг унаж сайн сурсан хүн  байсан шүү. Бас сүй тавьсан тухай зэрэг хөөрхөн юмнууд бий. Гэвч тэднийг орхиё оо.
Хөх хотын Барилгын компанийхан бидэнд үйлчилж Чингисийн онгоныг үзүүлсэн юм. Замдаа Бугат хотод барилгын материалын орчин үеийн сайхан үйлдвэртэй танилцуулсан. Цааш Хатан гол, Их зуу  аймаг, Ордосын өндөрлөг... гээд л үзэж харж явахад яагаад ч юм цээж огшоод байсан. Бага байхад нутгийн хөгшид болоод ээж минь тэртээ өмнө зүгт их үүл харагдах ахуйд, Хатан голоос (“Хат ань” гэж дээдэлсэн  аялгаар хэлцгээнэ) үүл толгойллоо..бороо орох нь ээ гээд л баярлацгааж байдагсан. Үнэхээр сайхан бороошдог байсан. Ээж минь бага залуудаа Утай, Гүмбэн орж мөргөж байсан юм билээ. Тийм болохоор энэ гол мөрнийг, энэ газар нутгийг харж л явсан даа гэж бодож явсан юм. Даргахүү дарга:- Манай хууччуул энэ Их зуу аймагт жин тээж ирдэг байсан гээд сэтгэл нь их догдлонгуй бахархан ярьж байв. Бүгдийнх нь  сэтгэлд  нэг л өег, дотно газар орон шиг санагдсан байхаа. Их өвөг дээдсийн минь оршин байсан нутаг ороон гэж өөр л юм билээ дээ. Чингисийн онгоныг үзэж, тайлбарлуулж, шүтэж хүндэлж  мөргөцгөөлөө. Тэр үед шүтэж мөргөх эрх чөлөө хараахан тавигдаагүй байсан үе болохоор их сонин эв хавгүй, бас биенээсээ жаахан цэрвээд байсан. Харин Чойжоо дарга  маань л  хамгийн “эрх  чөлөөтэй” хүн  байлаа. Би  хувьдаа ч  мөн л анх удаагаа  хүмүүсийн  өмнө  гарч  залбирч  мөргөж  байгаа нь тэр юм. Бид тэрхүү анхны албан айлчлалаар зорьсон хэргээ бүтээхийн зэрэгцээ бас чиг чамгүй юм үзэн нүд тайлж явжээ. Хөх хотод барилгын ажлын зарим технологитой танилцаад, телевиз (“taina”) болон осциллограф угсардаг үйлдвэрүүд, Бугат хотод хана шалны керамик хавтанцрын үйлдвэр, Лин-хед гурилын болон сахарын үйлдвэрүүдийг үзэж танилцахад гадаадын хөрөнгө оруулалттай маш орчин үеийн техник технологитой үйлдвэрүүд байсан. 30 жилийн л өмнө юм шүү. Мөн Лин-хегээс холгүйхэн байх Шар мөрөн (Хатан гол) дээр 1950-иад оны дундуур баригдсан үерийн усн голдригийг өөрчилдөг аварга том хаалт- байгууламжийг үзсэн юм. Арга байдагсан бол нөгөө “Хэрлэн голоо хамгаалая” ч билүү нэртэй Бат-эрдэнэ аваргын хөдөлгөөнийхөн л үзэж, илүүдэл ус яаж ашигладгийг ойлгохоор байгууламж л даа., одоо бодоход. Дэлгүүрийн барааны хангамж тэр үед л өнөөгийн түвшиндээ хүрчихсэн байсан. Бидний очсон газар болгонд, үйл хөдлөл бүхэнд зураг авч авч төдөлгүйхэн угаагаад бөөн, бөөн фото зураг авчирч өгнө. Надад бол очоод хүмүүст үзүүлж харуулж, ярьж өгнө гэсэн бодол төрөөд байлаа. Учир юунд гэвэл, би  чинь  нэг  албан газрын дарга бас намын үзэл суртлын идэвхитэй ухуулагч бөгөөд элдэв лекц, сонсгол дээр ярих ярианы нэг чухал сэдэв нь Хятадын тухай байдаг байв. Тэр үед ухуулагч нарт зориулсан АПН агентлагийн мэдээллийн эмхэтгэл, бусад сонин сэтгүүлээс л юм олж үзнэ. Сайн сайхны тухайд юм бараг байхгүй л дээ. Харин ЗХУ-ын ШУА-н Дорно дахины хүрээлэнгээс улирал тутам гаргадаг “Дальный восток” сэтгүүлийг захиалж үздэг байсан. Тэнд хятадын шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн ололтыг сайн гаргадаг байв. Тиймээс энэ удаагийн явалтаараа өөрийн нүдээр үзсэн  харсанаа зургаар баримттай ярихсан гэж хөөрхөн догдолж, бас их худлаа мэдээлэл олон түмэнд  түгээж  байсандаа ч  ичиж,  санаа  зовож  явлаа. Харин ирсэн хойноо бол аймгийн төвийн олон албан байгууллагуудаар очиж үзсэн харсанаа ярьж таниулсан. Нөгөө олон зургуудаа дэлгээд тавьчихна. Хүмүүс бүр гайхдаг, зарим нь зураг хөрөг үзэж  байж л  итгэнэ  шүү дээ. Нийгэм  хаалттай  байна  гэдэг  нэг  иймэрхүү.

    *              *               *

Улс орон бараа таваарын нэн хомсдолд орчихсон цаг үед аймгийн АДХГЗ-ны нэгдүгээр орлогч дарга Ж.Даргахүү гуайн ахалсан 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Баяннуур аймагтай хилээрээ бараа солилцоо хийх, түүнийг эрхлэн явуулах түр боомтыг улсын   хилийн  аль нэгэн тэмдэгтээр нээх зэрэг даргын хэлснээр “их л том зорилготой хүмүүс” Хөх хот болон Баяннуур аймагт  ажиллаж, ийнхүү юм үзэж танилцаж, хамгийн гол нь үндсэн зорилгоо сайн биелүүлсэн болох нь уг номонд бичигдсэн дуртгал, үйл явдлуудаар  харагдах  юм билээ.
“Найрамдал дагуулсан нөхөрлөл” номыг олж үзээгүй хүнд бол хэдий үеийн юу бичээд байгааг ойлгохгүй байж мэдэх юм. Энэ  бол тэртээ 1989 оны 12-р сард өрнөсөн үйл  явдлууд бөгөөд энэхүү ажлын үр дүнд нь Монгол, Хятад улсын хилийн шугамын 288-р тэмдэгт баганаар  анх хилийн бараа солилцоо, худалдаа хийдэг болж улам өргөжсөөр эдүгээгийн Гашуун сухайт, Ганц модны гэгдэх хилийн боомт буй болсон  түүхийг өгүүлсэн номын тухай юм.

    *              *              *

 

Баяннуур аймагт тийнхүү санамж бичигт гарын үсэг зурагдсанаар манай хилийн 288-р баганаар улиралд нэг удаа бараа, түүхий эд солилцдог болж, жилийн дараагаар Ганц модруу орж солилцоо, худалдаагаа хийдэг болов. 1990 оны намар аймгийн АДХГЗ-ны дарга Б.Банди гуай намайг дуудаж, Гашуун сухайт дээр хилийн шалган нэвтрүүлэх  байр барина, түүний зургийг яаралтай гаргах үүрэг өгөв. Би тэр үед нь Аймгийн Ардын хурлын тэргүүлэгч гэдэг хуучин сонгуульт үүрэгтэй тул тун удалгүй хотоос мэргэжлийн архитектор урьж ирүүлэн, дарга удирдлагуутай уулзуулж чиглэл аваад нэг өдөр Их барилгын хэлтсийн мэргэжилтэн Алтанцэцэг, архитектор Цэдэнпүрэв гурвуул Гашуун сухайтын заставруу гарч өглөө. Баазаас унаа гаргажээ. Жолооч нь Борхүү. Бид хоёр ч яахав нутаг усаа яриад л.. хаяа  нэг Алтанцэцэг маань л ард “аятайхан сууж” яваагүй бололтой загнуулах юмаа. Оройхон тийшээ Оцон мааньт өнгөрөөд давхиж явтал гэнэт машинаа зогсоолоо. Жолооч маань буугаад л түлхүүр багажхан аваад л тэргэн доогуураа ороод явчихав. Гадаа жаахан хүйтэн болохоор  бид 3 гарсангүй, ойр зуурын юм яриад дотор сууж байтал биднийг:- гараад ир гэж дуудаж байна. Буугаад яав ийв гэсэн чинь, та  гурав машины урдаас нь өргөөдөх гэж байнаа. Бид гурвын өргөх гэж юу байхав. Өргөлөө..бас ч  хөөрхөн удах шиг., нөгөө нөхөр маань надаас намхан. Хэдүүл гайгүй чардайж  байснаа гэнэт нөгөө “нэр алдар” нь санаанд ороод, тэгсхийгээд больж билээ.. Маргааш нь хилийн уулзалтын байрны орчинд өндөржил болон зай талбайн хэмжилтээ  хийчихээд  буцацгаасан. Машин тэргэнд маань ч дахиж “эвдрэл  гарсангүй”.
1991 хавар 5-р сарын орчмоос “Говь гурван сайхан” пүүс барилгын ажлыг  эхэлж хойтон хавар нь барьж дуусгасан юм. Барилгын төсөвт өртөг нь 2,4 сая байсан бөгөөд 50 хувийг нь аймаг орон нутгийн хөрөнгөөс, 50 хувийг нь аймгийн худалдааны газраас (ХБУГ)-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байснаас аж ахуйн нэгжээс орох санхүүжилт нь удааширч жил, жил дамжин байж арай ядан тооцоо дуусч байлаа.

    *              *              * 
 
Тэр цаг үед нь Өмнөговь аймгийг удирдаж, хоёргүй нэгэн сэтгэлээр зүтгэж ажилласан хүн бол Аймгийн дарга агсан Бумбаагийн Банди гуай билээ. Тэр хүний үед манай аймаг дахь хилийн 2 боомт нээгдсэн юм. Б.Банди гуай Ховд нутгийн хүн. Тус аймагт ажиллахдаа хүрч хийж болох бүхнийг хийлгэж, санаачилж байсан тэр  хүний  тухай  цөөн  үгээр ч  атугай  дурсмаар санагдлаа.
Миний хувьд социализмын үед боловсрол олж, ажил алба эрхэлж байхдаа олон сайхан хүмүүстэй нүүр учирч, хамт ажиллаж, ажил төрлөө заалгаж, зэмлүүлж, тэднээс суралцаж явлаа. Мэдлэгтэй, зангарагтай дарга, сайд нараар удирдуулж үүрэг даалгаврыг нь ягштал биелүүлэх гэж зүтгэж явсан. Тэднээр загнуулж, бас магтуулан амжилтаас амжилтруу тэмүүлдэг байсан. Тийм хүмүүсийн хүчинд боловсрол мэдлэгээ дээшлүүлэх, юм үзэж нүд тайлах сайхан боломжууд ч олдож байлаа. Тэдний нэг нь аймгийн дарга агсан Б.Банди гуай юм. Тэрээр мал зүйч мэргэжилтэй, ЗХУ-д коммунист намын дээд сургууль төгссөн, хөдөө  аймгуудад болон намын төв аппаратад ажилласан ажлын туршлагатай, сайн арга барилтай нэг үгээр хэлэхэд “бэлтгэгдсэн кадр” байлаа. Хуучин нийгэмд удирдагч хүнийг тэгж бэлтгэдэг байж. Ийм хүмүүст  хувийн ашиг сонирхол огтоос байдаггүй  юм билээ. Банди дарга аливаа асуудлын яг голыг нь олж харж, шийдвэрийг оновчтой гаргана. Товч тодорхой  шулуухан ярина. Элдэв ишлэл болоод цэцэн мэргэн үг хэллэг хэрэглэхгүй. Олон ажил, үйлсийг санаачилж, шуурхай удирдлагаар хангана. Бас зангарагтай, хүний алдаа дутагдлыг оносон үгээр хэлж, ажлыг нь  мэдэж  загнаж, зэмлэдэг хүн  байсан. Аливаа  хурал, чуулган  дээр тавьж буй илтгэл нь маш сайн логиктой, сонсоход  урамтай  байдаг байлаа.Миний хувьд залуу насны ааг омгоор зөрж хэдэрлэх ааш аягийг хааяа нэг гаргадаг байсан ч хүндэтгэлийн “улаан шугамыг” давж  байгаагүй. Хожим нь би аймаг удирдах ажил хийхдээ Банди даргын зарим илтгэлүүдийг нь зориуд  олж үздэг байв. Ийм нэг сайхан хүн Өмнөговь аймгийг нэгэн  үед  нь удирдаж  байсан түүхтэй.

    *             *             *

Дуртгалынхаа төгсгөлд дээр бичсэн “ардчилсан” гэж бичсэн учрыг тайлая. Энэ үг бол хэн нэг хүний өмнө хэрэглэгдэх үг биш ээ. Монгол улс бүхэлдээ хүний нийгмийн нийтлэг ололт болсон ардчиллын замаар хөгжиж байна. Ардчилал гэдэг нь өөрөө  ямар нэг нийгмийн байгуулал биш, харин нийгмийн харилцааны үнэт  зүйл, хүмүүний  сайн сайхан амьдралын үндэс юм. Ардчилал бол тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа юм. Энэ 30 жилийн цаг хугацаа бүхэнд  хамгийн их өөрчлөгдсөн нь Монгол  хүн- бид билээ. Жишээлбэл, би 1998 онд Засаг даргын айлчлалын үйл явцыг эргээд хэдхэн жилийн өмнөх үетэйгээ  харьцуулж нэг дурсая.
-1998 он гэхэд Хөх хотод Монгол улсын Консулын газар байгуулагдчихсан, бид Баяннуур аймагтай түүгээрээ дамжуулан харьцаж, улмаар манай ерөнхий консул Буд гуай өөрөө Ганц  модны боомтонд  хятадын  талынхантай  хамт  биднийг  тосон авч, мөн үдэж өгч байлаа. 
-Гэрээ хэлцэл, уулзалтанд Ерөнхий консул айлчлалын бүрэлдэхүүнд албан ёсоор орж, ач холбогдлыг илүү  өндөрсгөж  өгч байлаа.                                                                           
 - Бид  өөрийн  аймгаасаа  хятад  хэлний  монгол хэлмэрчтэй болчихсон очиж, дан  ганц хятад талын орчуулагч С.Эрдэнийн (энэ номыг эмхэтгэгч) гарыг  харахгүй болсон байлаа.
-Хэдэн жилийн өмнө нь бид гэрээ хэлцэлээ улаан шугамтай цаасан дээр нь гараар бичиж(тэгэхэд би гараар шрифтлэж бичсэн) талуудын дарга нар гарын үсгээ зуралцаж байсан энэ удаад бид өөрсдийн компьютер болон бусад техник хэрэгсэлээр үйл явц, бичиг баримтаа баталгаажуулж, мөнхүү арга хэмжээг олон улсын дипломат дэг соёл, протоколын агуу хийж, ёсчилж байлаа.
-Буудлынхаа өрөөнүүдэд эх орны үйлдвэрийн болон импортын идээ ундаагаар зочилж, багийн нөхдүүд маань хувийн эрэлт хэрэгцээндээ цаг заваа баралгүй байж, зөвхөн буцахын өмнө худалдааны төвөөр  дарга  нарынх нь  хамт 2 цагийн  хугацаатай  үйлчлүүлж  билээ.
Ийнхүү бид ардчилсан төрт Монгол улсын нэгэн аймгийг төлөөлж, ӨМӨЗО-ны Баяннуур аймагт айлчилсан тэртээх үйл явцаас тоймлох нь манай аймаг, сумдын залуу удирдлагууд гадаад харилцааны арга хэмжээндээ санаа авах зүйлс байж юуны магад гэж бодлоо. Түүнээс хойш дахиад л 21 жил өнгөрсөн  байна. Тийм болохоор, ийм цаг хугацаанд удирдах ажилтан нарын улс төр, хууль эрхийн боловсрол, дипломат ёс зүйн мэдлэг улам дээшилсэн гэдэгт  эргэлзэх  юм алгаа. Өнөөдрийн Өмнөговьчуудын ахуй амьдрал, иргэншлийн өнгө төрх, хөгжил дэвшилд 30 жилийн өмнө түмэн олноороо уухайлан дэмжсэн ардчилсан төрийн тогтолцоо, эдийн засгийн эрх чөлөө ямар их боломж олгосныг эдүгээ нэгэнт ойлгож ухаарцгаадаг билээ. “Том нэртэй, жижиг сэтгэлгээ”-гээр бүтээгдсэн нэгэн номноос үүдсэн дуртгал, бодлоо үүгээр өндөрлөе.
Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, ирж буй шинэ ондоо улам их амжилт бүтээл, өнгө жавхаа нэмэхийн ерөөлийг өргөе өө.
Б.Цэдэнсамба. (Монгол Улсын Гавьяат Барилгачин.)