Баасан гариг 2024/03/29
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 272 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 292 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 596 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 208 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 252 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 252 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 536 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 268 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 244 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 224 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 248 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 428 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 540 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 388 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 428 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1104 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 560 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 792 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 764 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 436 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 440 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 448 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 648 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1048 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 404 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 508 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 648 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 672 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 552 удаа

Ж.Уянга: Aялал жуулчлалыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх цаг нь болсон

НИЙТЭЛСЭН: 2020-01-28 17:09 GMT+8

Өмнөговь аймаг уул уурхай, аялал жуулчлал хосолсон бүс нутаг. Монгол оронд ирж буй жуулчдын 80 гаруй хувь нь Өмнийн говь тэр дундаа алдарт Ёлын ам, Хонгорын гол элс, Баян заг гээд байгалийн үзэсгэлэнт газруудаар аялдаг билээ. Харин сүүлийн жилүүдэд уул уурхайн сөрөг нөлөөлөлд автаж, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа нь үнэн. Уул уурхайгаасаа илүү аялал жуулчлалын салбараа түлхүү хөгжүүлэх нь зөв гэдэг дээр олон хүн санал нэгддэг. Ухаад дуусдаг уурхай биш урт хугацаанд тогтвортой хөгжих байгалийн сайханд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд аялал жуулчлалын бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхний оролцоо чухал. Тэдний нэг Өмнөговь аймаг дахь "Ханбогд" жуулчны баазын захирал Ж.Уянгатай ажил, амьдрал, аялал жуулчлалын салбарын хөгжил, дэвшил, тулгамдсан асуудлаар ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна. 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Жаргалсайханы Уянга гэдэг. Аялал жуулчлалын салбарынхан маань "Ханбогд баазын" Уянга гээд андахгүй харин нутгийнхан маань Чойжил даргын ач охин гэвэл таних байх. Өвөө маань нутагтаа олон жил төр захиргааны байгууллагад хариуцлагатай алба хашиж явсан хүн. Эмээг маань Бямбаа гэдэг насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан хүн. Сайхан дуулдаг гэдгээр нутгийнхан андахгүй. Аавыг маань Жаргалсайхан гэдэг. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул хүн. Ээжийг маань Оюунчимэг гэдэг, Завхан нутгийн хүн. Би чинь аав, ээжийгээ оюутан байхад мэндэлсэн хүүхэд болохоор өвөө, эмээгийн хүүхэд болчихсон. Завханд төрөөд Өмнөговьд өссөн. Хүмүүс аль нутгийнх вэ гэхээр Өмнөговь л гэдэг. 2017 онд Завханд очиж уул усандаа сүслэн залбирч яваад ирсэн. Хүний их эмчийн мэргэжилтэй, гэр бүлтэй, нэг хүүхэдтэй. Одоо “Жуулчин Ханбогд” аялал жуулчлалын компанийн захирлаар ажилладаг. Товчхондоо гэвэл ийм.  
-Их эмч мэргэжилтэй хүн яагаад аялал жуучлалын салбар руу орчихов?
-Манай жуулчны бааз бол хуучны нэгдэл дундын амралт шүү дээ. Тэр газар манай гэр бүлийнхний шүтэж явдаг нутаг. Та мэднэ дээ, баазын саарал байшин гээд. Яг тэр газарт эмээ маань мэндэлсэн гэдэг. Нэг үгээр хэлбэл эмээгийн маань төрсөн, өссөн газар. Аав, авга ах, эгч нарын бүгдийнх нь тоглож өссөн нутаг. Нэгдэл дундын амралт хувьчлагдсаны дараа аав маань нутгийнхаа хүмүүстэй хамтран жуулчны бааз болгон ажиллуулж байсан юм билээ. Аав маань тэр үед санаандаа хүртэл ажиллуулж чадаагүй гэдэг. Бүгдийнх нь шүтэж явдаг тэр сайхан нутагт байгаа баазыг аавд маань зарчихъя гэх бодол төрөөгүй байх. Авга ах маань нэг хэсэг ажиллуулсан. Би тэр үед сурагч, оюутан байсан болохоор тэр бүр сайн мэддэггүй байлаа. 2012 онд аав маань надад жуулчны баазыг хариуцаж ажиллах санал тавьсан. Би ч эхэндээ дургүйхэн хүлээн авч аавын тавьсан саналыг хувь хүнийхээ хувьд дургүйцэх хэд хэдэн шалтгаан байсан л даа. Эмч эмээгийнхээ дэргэд өссөн болохоор багаасаа эмч болохыг мөрөөдөж эмч болсон хүн. Багадаа “лабораторийн халзан шар” гэдэг нэртэй байсан юм билээ. Халзан шар хүүхэд эмээгээ дагаад ажил дээр нь байнга байж байдаг болохоор эмээгийнхээ ажлаар овоглож, тийм нэртэй болсон хэрэг. (инээв) Олон жил сурсан эмч мэргэжлээрээ хот суурин газар ажиллаад мэргэжилдээ, ажилдаа шимтэж байсан үе. Гэлээ ч аавынхаа үгэнд орж аавтайгаа хоёрхон жил ажиллаад болоо гэж тохироод явсан. Үүнээс хойш найман жил өнгөрсөн байсан. Найман жил гэдэг бага хугацаа биш л дээ. Ажлаа орхих, өөрчлөх тухай бодолгүй болтлоо энэ ажил, бизнестээ “шимтсэн” гэж хэлж болно. Эцэг хүний  үг, дүгнэлт буруу байдаггүй шүү дээ.  Аав маань том охиныгоо чадна гэж итгэж, бас бие даагаад аж ахуй авч яваад их зүйл сураасай гэж алсыг харж санал тавьсан хэрэг. Энэ хооронд мэргэжлээрээ ажиллах санал энд тэндээс олон удаа ирж байсан ч тэр болгонд татгалзсан хариу өгч байлаа. Анх аялал жуучлалын салбарт ороход ёстой шинэ ертөнцөд оччих шиг л болж байлаа. Өндөр шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, хүн ажиллуулах, аж ахуй авч явах гээд бүх зүйл шинэ содон, бас амар хялбар байгаагүй. Нөгөө талаар жуулчны бааз гэхээр аялагч нар хооллоод буудлаад, дайраад өнгөрдөг газар гэж ойлгодог байлаа. Тасралтгүй тууштай ажилласны үр дүнд одоо л ажил маань гарт орж, энэ салбараа илүү ойлгож, үр шимийг нь хүртэж эхэлж байна. 


-Өмнөговь аймагт уул уурхайгаас илүү аялал жуучлал хөгжих ёстой гэж хүн болгон ярьдаг. Энэ салбарт ажилладаг хүний хувьд Өмнөговь аймагт аялал жуучлал хэрхэн хөгжиж байна вэ? 
-Аялал жуучлал бол онцлог салбар. Үзүүлж, харуулах байгалийн сайхнаас гадна хүмүүсийн хандлага, соёл, үйлчилгээ, менежмент дээр тулгуурлан бас эрчим хүч, уул уурхай, соёл, эрүүл мэнд гээд бүх салбартай хамааралтайгаар хөгждөг. Өмнөговь аймаг бол Монголын аялал жуулчлалын салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг. Аялал жуулчлалын салбарыг тэр чигээрээ хувийн хэвшлийнхэн авч явдаг. Энэ салбарт хөгжил дэвшил ч, алдаа оноо ч аль аль нь бий. Манай улсын аялал жуулчлалын салбар гадны улс орны түвшинд хүрэх болоогүй байгаа ч гэлээ нэг үеэ бодвол өөрчлөгдөж, хөгжиж байгаа гэж хэлж болно. Гэхдээ аялал жуулчлалыг шинжлэх ухаанд суурилуулан хөгжүүлэх цаг нь болсон гэж харж байгаа. Төр өөрөө аялал жуулчлалын бодлогоо бодитой тодорхойлох ёстой. Жил болгон нэг сая жуулчин авна гэж “лоозогнодог” ш дээ. Жуулчны баазууд нь хүчин чадлаа нэмэхээсээ илүү тохилог, тав тухтай орчин бүрдүүлэх, цомцог гэр, буфет хоол, ваучергүй төлбөр, цахим төлбөрийн хэрэглээнд шилжих, орон нутгийн зүгээс аялал жуулчлалын эвентүүдийг тогтмол зохион байгуулах, тусгай хамгаалалтай газар нутгуудаар жуулчдын наад захын хэрэгцээг хангах үйлчилгээ болох ариун цэврийн байгууламж, байгаль орчны талаарх танин мэдэхүйн мэдээлэл гээд олон зүйл дээр зөв бодлого хэрэгтэй байгаа. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид маань жуулчдыг татах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд өөрсдийн хэмжээнд хөрөнгө оруулалтаа хийж байгаа. Бид салбарынхаа хэмжээнд уулзаж, ололт амжилт, алдаа оноогоо ярилцдаг, шийдэл гарцаа хэлэлцдэг гээд сайхан зүйл их бий. Аялал жуулчлал, тэр дундаа жуулчны бааз ажиллуулна гэдэг их ашиг олдог бизнес биш л дээ. Нөгөө талаар гадаадын олон мянган жуулчид тэр холоос яах гэж Монгол орныг зорин ирж байна гэхээр онгон дагшин байгаль, өвөрмөц сайхан газар нутаг, монгол ахуйг үзэж сонирхох гэж ирдэг. Гэтэл жуулчдыг татах энэ гол зүйл болох онгон дагшин байгаль маань онгон дагшинаараа байж чадаж байгаа билүү? Хүмүүсийн буруу үйлдлээс  болж байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг хүн бүхэн харж, мэдэж байгаа байх. Ганцхан жишээ хэлэхэд Ёлын ам.

Сүүлийн жилүүдэд Ёлын амны мөс багассан. Говийг зорьж байгаа бүх жуулчдад Ёлын амыг аагим халуун говьд хадан хавцал мөстэйгээр төсөөлж, тэрийг харах гэж ирдэг. Гэтэл нөгөө мөс нь байхаа больчихсон. Сүүлийн үед компаниуд жуулчдаа Ёлын амаар ёс төдий дайруулаад аваад явдаг болсон нь нууц биш.  Бид хөгжүүлж байна гээд байгалийн үзэсгэлэнт газартаа байшин барилга барих уу, эсвэл байгалийн онгон дагшин байдлаа хадгалж үлдэхэд хөрөнгө зарах уу гээд зөв менежмент зайлшгүй хэрэгтэй. Сүүлийн 2, 3 жилд аймаг орон нутгаас аялал жуулчлалын салбарыг дэмжиж, энэ салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай. Ёлын ам, Баян заг, Хонгорын гол менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлж байна. 2020 онд Даланзадгадаас Буянт зуслан хүртэл цахилгаан татах хөрөнгийг шийдсэн байна, Ёлын ам, Цогт-Овоо гээд ганц нэг газар ч гэлээ нийтийн жорлонтой болсон гээд төрийн дэмжлэг бол боломжийн хэмжээнд байгаа. Нөгөө талаар нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого баримтлан хэрэгжүүлж байгаа. Үүнд учир дутагдал бий л дээ. Хэн дуртай нь таван гэр бариад жуулчид хүлээж авч байх уу, түүнийгээ аялал жуулчлал гэх үү гэх мэт. Нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Харин орон нутгийн зүгээс энэ үйл ажиллагааг эрхлэх иргэдээ сургах, бэлтгэх,чадавхжуулах, стандартыг нь зөв тодорхойлж, хяналт, шаардлагаа тавьж хөгжүүлэх шаардлагатай байгаа нь харагддаг. Нөгөө талаар бид бүгдээрээ хандлагаа өөрчлөхгүй бол хувийн хэвшил хичээгээд ч, төр дэмжээд ч аялал жуулчлал сайн хөгжихгүй. Онгон дагшин байгалийн сайхныг үзэх гээд мөнгө төлөөд холоос зориод ирдэг. Гэтэл хүний наад захын хэрэгцээний зүйл болох жорлон байхгүй, газар сайгүй хүний ялгадас, хаа сайгүй хог хөглөрсөн  байхаар чинь үнэхээр хэцүү ш дээ. Миний эмзэглэж, санаа зовж явдаг зүйл маань энэ. Баазууд ойр орчмын уулын амыг хариуцдаг л даа. Манай бааз Хавцгайтын амыг зундаа 2-3 удаа цэвэрлэдэг. Үнэхээр хэцүүхэн дүрх төрхийг тэндээс харна даа. Тэгэхээр аялал жуулчлалын хөгжилд иргэдийн хандлага, соёл чухал нөлөөтэй гэж хардаг. Ялангуяа манай аймгийнхан...


-Ирсэн зочдод сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлж, дахин ирэх сэтгэгдлийг төрүүлнэ гэдэг бол амаргүй. Дээр нь аж ахуйн нэгж авч явах, хүн удирдах гээд гүйцэтгэх захирлын ажил их байх...
-Мэдээж амаргүй. Жуулчны баазад аж ахуйн ажил үнэхээр их. Манай нөхөр өөрөө их нямбай, чамбай хүн. Тэр ч утгаараа аж ахуйн ажлыг сайн авч явдаг. "Ханбогд" баазын амжилтанд миний ханийн уйгагүй тууштай, хөдөлмөрч зан их нөлөө үзүүлдэг. Жуулчны бааз аятай тухтай орчин чухал ч гэлээ ажиллах хүч хамгийн чухал. Мянган сайхан хоол унд, байшин барилга сайхан орчин байлаа гээд үйлчилгээ үзүүлж буй хүмүүс нь сэтгэлгүй бол ямарч хэрэггүй. Нөгөө талаар уул уурхай хөгжсөн өндөр цалинтай, ажлын байр ихтэй манай аймагт  улирлын чанартай газарт ажиллах хүн маш ховор. Бидний тулгамдсан асуудлыг нэг бол ажиллах хүчний асуудал. Зуны улиралд ихэнхдээ оюутан залуус ажилладаг. Манай баазад нэгдүгээр курсээсээ эхлээд сургуулиа төгстөл ажилласан оюутнууд ч бий. Одоо цаг үе өөр болоод залууст санхүү мөнгөний хэрэгцээ шаардлага ч их байна, нөгөө талаар эцэг эхийнхээ ачааллаас хуваалцаж ажил хийж мөнгө олох гэсэн бодолтой залуучууд олон болсон. Бид хоёрын хувьд ажилчиддаа үлгэрлэж ажиллахыг илүүд үздэг. Би эзэн, би захирал гээд үүрэг өгчихөөд суух утгагүй. Өөрсдөө хамт хийнэ, зөвлөнө, үлгэрлэнэ. Заримдаа жорлонгоо ингэж угаагаарай, үүнийгээ ингэж хийгээрэй гээд өөрсдөө хийж үзүүлнэ ш дээ. Ажилчдаасаа маш энгийн зүйл шаарддаг. Тэр бол сэтгэл. Бүх хүн хийж буй ажилдаа сэтгэлээ шингээж байж хүний сэтгэлд хүрсэн үйлчилгээ бий болдог. Чин сэтгэлээсээ хийсэн бүхэн сайхан байдаг, бас үр дүнтэй байдаг. Бидний ажлын гол зорилгын нэг бол зочдынхоо сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлэх. Бусдаар нүд хуурсан, нэг удаа юм чинь гэсэн хандлагаар хандаж болохгүй. Ажилчиддаа хэлдэг бас нэгэн зүйл маань хийж байгаа зүйлээ өөртөө зориулж байна гэж бодоод хийчихэд болно гэдэг. Хэн ч амттай сайхан хоол идэх, цэвэр аяганд цай уух, цэвэрхэн цэмцгэр орчинд байх дуртай, цэвэрхэн ая тухтай орон дээр унтах дуртай. Тэгэхээр хийж байгаагаа өөртөө зориулж хийж байна гэж бодоод хий гэдэг. Манай хамт олон эвсэг, ажилч хичээнгүй сайхан хамт олон. Ихэнхдээ залуучууд байдаг, бүгд гэрээсээ хол ажилладаг болохоор тэдний аав шиг, ээж шиг, эгч нь байхаас өөр аргагүй. Сүүлдээ их ажигч болчихдог юм шиг байгаа юм. Ажлаа хийж байгаа ажилчныхаа сэтгэл санаа нь тогтворгүй ч юм уу, таагүй байгаа гэдгийг хараад анзаардаг, мэдэрдэг болчихдог юм байна. Тийм үед ажлыг нь түр завсарлуулж байгаад хоёулхнаа ярилцана, ямар асуудал тулгарсанг нь асууна, хамтдаа шийдэл хайна. Хувь хүний асуудал гээд орхиж болохгүй. Тухайн хүний сэтгэл санаа тогтворгүй, асуудалтай байхад ажлын бүтээмжинд сөргөөр нөлөөлдөг. Тийм болохоор ажилчидтайгаа  аль болох илэн далангүй ойлголцож ажиллахыг хичээдэг дээ. Нэг талаараа зочид, харилцагч нартайгаа нөгөө талдаа ажиллагсадтай ажиллах гээд ур чадвар, менежмент шаарддаг. Энэ тал дээр ханьтайгаа зөвлөлдөнө, аав маань ч их зөвлөнө, чиглүүлнэ, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлж ном унших, судлах, сургалтанд суух гээд тасралтгүй суралцаж явна.

Аялал жуулчлалын хөгжилд иргэдийн хандлага, соёл чухал
 

-Та бүхний ажил өвөл завсарлаад зун ажилладаг. Зуны улиралд ачаалалтай ажилладаг байх. Жилдээ жичнээн жуулчин хүлээж авч байна вэ? 
-Өнгөцхөн харахад улирлын чанартай ажил ч гэлээ компанийн маань үйл ажиллагаа өвөл, зун гэлтгүй тасралтгүй л явагддаж байдаг. Өвөл бол ажилчдаа амраачихдаг. Анх зунжингаа ажиллачихаад өвөл нь сайхан амарчихна л гэж боддог байсан. Одоо бол өөр. Өвлийн цагт зуны хийсэн ажлаа дүгнэн, ирэх жилийнхээ ажлынхаа төсөв, төлөвлөгөө гаргах, харилцагч нараасаа үнэлгээ, дүгнэлт авах, захиалга авах, жуулчдаа олох гээд ажил их. Харилцагч нараас үнэлэлт дүгнэлт авах нь чухал ажлын нэг. Тухайн үедээ бүгдээрээ сэтгэл ханамж өндөртөй, баярлалаа гээд явдаг. Бодит үнэлгээ ч бий, тухайн үеийн сэтгэл хөдлөлийн үнэлгээ ч байх нь бий. Харин хэсэг хугацааны дараа харилцагч нартайгаа ярилцаж, алдаа, оноо, анхаарах асуудлаа тодорхойлж авах нь илүү бодитой санагддаг. Аавын маань сургасан нэг чухал дадал бий. Аав маань ганц намайг гэлтгүй биднийг бүгдийг нь олон зүйл дээр чиглүүлж, сургаж, дадлагажуулдаг мундаг хүн л дээ. Түүний нэг нь ямар ч ажлаа тооцоо, судалгаатай, бичиж төлөвлөж сур, төлөвлөснөө ажил болгож сур гэдэг. Эхэн үедээ "Аав нээх сүртэй ш дээ, мэдэж л байхад санаанд байгаа юм чинь" гэж боддог байлаа. Сүүлдээ аавын хэлснээр бодож санаж байгаа зүйлээ цаасан дээр буулгаж, хол, ойрын зорилгоо тодорхойлж, зарцуулах хөрөнгө мөнгө, цаг хугацаа бүгдийг төлөвлөдөг болсон. Төлөвлөснөө ажил хэрэг болгохын төлөө ажилладаг.  Энэ нь бизнес маань амжилттай, тасралтгүй, зөв явахын үндэс болдог. Өвөл төлөвлөх, төсөвлөх гээд ажлуудаа хийгээд хавар дөрөвдүгээр сар гэхэд бааз дээрээ гарч бэлтгэл ажлаа хангадаг. Тавдугаар сарын 15 гээд бүх ажилчид цугларч эхний жуулчдаа авч эхлээд 10 дугаар сарын дундуур буудаг. Ажил эхлэхэд бүх ажилчидтайгаа сууж байгаад тухайн жилдээ хийсэн хөрөнгө оруулалт, төлөвлөлт, менежмент, зорилгоо танилцуулдаг. Хичнээн жуулчин хүлээж авах уу, хэрхэн яаж ажиллах уу, ямар баг бүрэлдэхүүнтэй ажиллах уу гээд бүгдийг нь илэн далангүй танилцуулж, ярилцдаг. Хүрэх зорилго, төлөвлөлтөө бид хоёр хоёулахнаа мэдээд бусад хүмүүст хаалттай байх юм бол утгагүй. Бүгдээрээ хүрэх зорилгоо бүх зүйлээ ойлгож мэдэж байж хамтдаа нэг зорилготой нэг баг болж ажиллах учиртай гэж ойлгодог. Зунжин бол бүгд их ачаалалтай ажилладаг. Их ажлынхаа дараа намар ажлаа дүгнэнэ, оюутнуудаа үдэж өгнө. Жил бүрийн их ажлынхаа дараа ажилчидтайгаа эх орныхоо сайхан нэг газраар аялаж өндөрлөдөг дөө. Амжилт бүхний минь ард хань, хамт олон, аав, ээж гээд бүгдийнх нь дэмжлэг байдаг.


-Өмнөговь аймагт жуулчдын бааз олон. Нэг үгээр хэлбэл өрсөлдөөн ихтэй гэсэн үг. "Ханбогд" жуулчны баазын хувьд жилдээ хэд орчим зочид хүлээн авч байна. Нууц биш бол... 
-2019 оны байдлаар Өмнөговь аймагт 24 жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнөговийн жуулчдын баазууд ая тухтай орчин, үйлчилгээ сайтай баазууд бий. Сүүлийн жилүүдэд шинэ баазууд ихээр нэмэгдэж байна, хуучин баазууд маань үйлчилгээгээ сайжруулах, орчноо сайхан болгох хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Баазуудын хувьд өөрсдөө гаднаас шууд жуулчид авдаг бааз их цөөхөн. Бүгд тур оператортой гэрээтэй ажилладаг. Манайхыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн жил гэхэд жуулчид, жолооч, хөтөч гээд нийтдээ 6000 гаруй хүн хүлээж авч үйлчилгээ үзүүлсэн. Бидний хувьд ч гэсэн өөрсдийнхөө нөөцөнд тулгуурлан тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Би түрүүнд хэлсэн, аялал жуулчлалын бизнес уул уурхай шиг их ашиг орлоготой бизнес биш. Тийм болохоор нэг доор том хөрөнгө оруулалт хийх боломж хомс. Гэхдээ боломжиндоо тулгуурлаад хийж байгаа. Манайх чинь хуучны амралтын газар байсан болохоор хуучин байшингуудтай. Эргээд харахад анх бас л хөнгөн хийсвэр боддог байжээ. Бүгдийг нь өөрчлөөд орчин үеийн гоё шил толь болсон байшин болгочих хүсэлтэй байсан. Тэр үед аав маань хэлсэн, бүгдийг нураагаад шилэн гоё байшин барих дэмий л болов уу. Эд бүгдээрээ үүх түүхтэй байшингууд. Хуучин хэв маягийг алдахгүйгээр засч янзлаад явбал зүгээр дээ гэж зөвлөсөн. Аавынхаа зөвлөгөөг хүлээж авч хуучнаар нь засч тордоод ашиглаж байгаа. Жуулчид манай хуучин байшингийн зургийг их авна, хэзээ баригдсан энэ тэр  гэдгийг их сонирхдог. Нөгөө талаар далаад оны дарга нарын ширээ, амралтын “румын” эд хогшил, тавилга цөөхөн ч гэлээ бий. Ирэх жилээс үзмэр болгон гаргаж тавина гэж бодож байгаа. 


-Зургаан мянган зочид хүлээн авна гэдэг чамлахааргүй амжилт. Та түрүүнд хэлсэн амжилт бүхний ард маань хань, аав, ээж, хамь олон гээд байгаа гээд. Нөгөө талаар аав бол хамгийн сайн зөвлөгч гэлээ... 
-Ганц хүн айл болдоггүй гэдэгтэй адил Уянгаа ганцаараа юуг ч бүтээж чадахгүй ш дээ. Би их сайн ханьтай, сайн зөвлөгч аав, ээжтэй, нэг хүн шиг ажиллаж чаддаг хамт олонтой, мөн сайн харилцагч түншүүдтэй гээд дурдаад байвал урт жагсаалт гарна. Бас багаас минь зөв хүмүүжүүлж ирсэн өвөө, эмээдээ маш их баярлаж явдаг. Буурлууд тэг ингэ гэж хэлэхээсээ илүү өөрсдийнхөө үйлдлээрээ үлгэрлэж хүүхдээ хүмүүжүүлдэг мундаг хүмүүс шүү. Өвөө, эмээгээсээ өвлөж авсан олон сайхан зан чанар, хүмүүжил бий. Тэр хоёр маань ямар ч зүйлд чин сэтгэлээрээ хандаж байхыг үлгэрлэж хүмүүжүүлсэн. Эмээ маань анх хүүхдийн эмч хийдэг байж л дээ. Тэгээд өвдөөд ирсэн жаалуудаа үзээд эмчилгээ бичиж явуулчихаад араас нь их санаа зовж, яаж хоносон бол, яаж байгаа бол гээд, тэрэндээ хямраад өөрөө нойргүй хоноод, их шаналаад хэцүү байсан гэдэг. Тэгээд сүүлдээ хүүхдийн эмч хийхээ болоод лабораторийн эмч хийдэг болсон гэсэн. Эмээгийн энэ түүхийг сонсохоор ажилдаа ямархуу сэтгэлээр ханддаг байсныг ойлгодог. Би хоёрхон сартайгаасаа өнөөдрийг хүртэл эмээтэйгээ амьдарч байна. Өвөө маань нилээн эрт бурхан болчихсон. Өвөөгөө маш их санадаг, үгүйлдэг... тэнгэрээс охиныхоо юу хийж бүтээж байгааг харж байгаа даа гэж дотроо бодож тайтгардаг. Аав, ээж хоёр хоёулаа хуулийн мэргэжилтэй, шударга, зарчимч хүмүүс.

Би болон манай гурван дүү, аавын дүү нар, тэр битгий хэл ээжийн дүү нар бүгд аавын үгэнд ордог, зөвлөгөө, саналыг сонсдог үлгэр дууриалал авдаг гэж хэлж болно. Аав хэний ч ажил бизнест шууд оролцоод холилдоод  байхгүй ч гэлээ зөвлөж, ярилцаж, санал солилцдог. Аав, ээж хоёр маань хоёулаа ЗХУ-д  хуулийн сургууль төгсч ирээд аав аймгийн захиргаанд, ээж аймгийн прокурорт ажилд орж, ажлынхаа гарааг эхлүүлсэн гэдэг. Анхны ардчилсан Үндсэн хууль батлахад аймаг болгоноос шилдэг төрийн албан хаагчдыг шалгаруулж Улсын Бага хурлын тамгын газар ажиллуулах болсон гэсэн. Аав маань тэр шалгаруулалтанд тэнцээд Улсын бага хуралд ажиллаж байсан юм билээ. Дараа нь Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Хуульзүйн яаманд Газрын даргаар ажиллаж байсан. Ээж маань насаараа хуулийн байгууллагад ажилласан ч гэсэн одоо нотариатч хийж байна. Би одоо  ухаан сууж байгаа юм уу, бүү мэд сүүлийн үед юмыг их эргүүцүүлж боддог болсон. Аав, ээж маань хүүхдүүдээ бүгдийг нь хүсэл сонирхлын дагуу мэргэжил эзэмшүүлэхэд дэмжиж, томоохон хөрөнгө оруулалт хийжээ. Охин дүү маань Италид архитекторч, хот төлөвлөлт мэргэжил эзэмшсэн, сая Даланзадгад хотод баригдсан “DZ tower” орон сууцны шийдэл, зургийг Итали инженерүүдийн хамт гаргаж тэр төслийг хэрэгжүүлэхэд оролцсон. Би чинь хоёр ихэр эрэгтэй дүүтэй. Нэг нь оёдлын үйлдвэрээ хариуцдаг нөгөөх нь авга ахын маань компанид ажилладаг. Бүгдээрээ хувийн хэвшилд ажиллаж байгаа. Аав, ээж хоёрт маань хүүхдүүдээ яам, тамгын газар төрийн албанд оруулах боломж байсан л байх. Гэхдээ тэгээгүй. Хувийн хэвшилд ажил хийж сурч амьдралаа өөрөө өөрдсөө авч явах чадвартай болгох гэж бидэнд ажил хариуцуулж, ажилд сургаж, нэг ёсондоо өөрөө өөрийгөө нээж олоход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Ааваараа маш их бахархдаг,  аавынхаа үгийг сонсох, зөвлөгөөг нь сонсох дуртай даа. 


-Одоо ихэнх залуус төрд ажиллахыг илүүд үздэг, Харин хувийн бизнес эрхлэж яваа залуу хүний хувьд залуустаа хандаж үг саналын талаар...
-Би төрийн албаны ажлыг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ тэнд ажиллаж байгаа залуусыг буруутгаж болохгүй. Төр гэдэг бидний, ард иргэдийн дуу хоолой, хүсэл сонирхол, юу хэрэгтэй, яах ёстойг мэдэрч ажиллах ёстой нэг хэсэг шүү дээ. Төрийнхөн тэгэхгүй байна уу даа л гэж хардаг. Нэг хайрцаглагдсан л хүмүүс байх шиг. Нэг бичиг гаргаж өгөх гэж л нилээдгүй хоногийг авдаг. Төрд ч бай, хувийн хэвшилд ч бай аль аль талдаа сэтгэл болоод оюунаа шингээгээд ажиллавал манай улс хөгжихөд ойрхон доо уг нь. Сэтгэл дутсан үйлдлүүд төрийн албан хаагчдад их харагддаг. Тэгэхээр миний хэлэх гээд байдаг өөртөө зориулж байгаа мэт бүхнийг хий гэдэг л байна даа. Залуучууд маань оюун бодлоо битгий хайрцаглаарай, баригдмал битгий байгаарай, боломжгүй, гарцгүй зүйл гэж байдаггүй учир аливаад шинжлэх ухаанч байдлаар хандаж өөрийгөө нээж яваарай л гэж хэлмээр байна. 
-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа.
-Ярилцлагандаа урьж оролцуулсан танд маш их баярлалаа. Ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Ярилцсан Н.Адъяацэрэн