Баасан гариг 2024/03/29
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 276 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 296 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 600 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 208 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 252 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 252 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 540 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 272 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 244 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 228 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 248 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 432 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 540 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 388 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 432 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1104 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 560 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 796 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 764 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 436 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 440 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 452 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 648 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1048 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 404 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 508 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 652 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 672 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 552 удаа

М.Ууганбаяр: Монгол хэл бол хүчирхэг, дархлаа сайтай хэл

НИЙТЭЛСЭН: 2020-02-03 16:53 GMT+8

Мягмарсүрэнгийн Ууганбаяр. Түүнийг дунд сургуульд байхдаа онц сурлагтан, ялангуяа орос хэлэндээ тухайн үеийн хэллэгээр “гавал” сурагч байсныг бидний үеийнхэн андахгүй. Харин сурагч байхдаа нийгмийн өөрчлөлтийг эхлүүлж, ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд гар бие оролцож явсан гэдгийг нутгийнхан маань тэр бүр сайн мэдэхгүй байх. Онц сурлагатан Ууганаа 30 жилийн дараа салбартаа өндөрт үнэлэгдэх  эрдэмтдийн нэг болж, тэр дундаа Түрэг, Монгол судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан анхны Монгол эрдэмтэн, судлаач болсонг сонсоод нутгийнхаа найзаар бахархаж байлаа. Ингээд МУИС-ийн багш, доктор М.Ууганбаяртай хийсэн ярилцлагаа нутгийн зон олон та бүхэндээ толилуулж байна.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Мягмарсүрэнгийн Ууганбаяр гэдэг. Даланзадгад хотын хүүхэд. Аав маань насаараа аймгийн орон сууц нийтийн аж ахуйн газар сантехник, механикч зэрэг ажлыг хийж явсан хүн. Ээжийг Адъяа гэдэг. Ээж маань анх худалдааны техникум төгсөөд аймгийн худалдаа бэлтгэлийн трестэд түүхий эдийн эрхлэгч, аймгийн төвийн дэлгүүр, нийтийн хоолны газруудад худалдагч, кассчин хийж байгаад МУИС-ийн эдийн засгийн ангид суралцаж төгссөн. Дараа нь аймгийнхаа худалдааны байгууллагад эдийн засагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан л даа. Би чинь айлын ууган хүүхэд, гурван дүүтэй. Дүү нар бүгдээрээ л Өмнөговьд төрж, өссөн. Одоо Улаанбаатар хотод төр, хувийн салбарт тус тусын ажлаа хийгээд явцгааж байгаа. Хэл шинжлэл, хэл судлал бол миний үндсэн мэргэжил. Гуч гаруй жил  зөвхөн номын мөр хөөж, сүүлийн хорин хэдэн жил судлаач, багшаар ажиллаж байгаа хүн дээ.
-Та сая хэллээ гуч гаруй жил эрдэм номын мөр хөөж өнөөг хүртэл багш судлаач ажиллаж байгаа гээд. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү... 
-1990 онд Өмнөговь аймгийнхаа төвийн арван жилийн сургуулийг Цэдэв багштай орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсөөд МУИС-д элсэн орсон. Анх өрнө, дорно судлалын ангид элсэн орсон ч дараа нь ангиа солиод эх бичиг судлалын ангид суралцаж төгссөн. Төгсөөд буюу 1994 онд сургуульдаа багшаар үлдэж ажлын гараагаа эхэлж байлаа. 1999 онд ОХУ-ын Тувад суралцаж, судалгааны ажлаа хийж эхэлэсэн. Харин 2004 онд Туркийн Анкарагийн Их сургуульд Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж 2013 онд Бээжинд төвийн үндэстний их сургуульд зочин багшаар, түүний зэрэгцээ төрөлх сургуульдаа тэнхимийн эрхлэгч, багшаар ажилласан. Хамгийн сүүлд гэвэл 2014-2018 онуудад Японы Осакагийн их сургуулийн Гадаад хэлний салбарт зочин профессороор ажиллаж байгаад ирсэн. Одоо МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд багшилж байна. 
-Би буруу сонсоогүй бол таныг Түрэг судлалаар доктор хамгаалсан анхны монгол эрдэмтэн гэдэг. Энэ талаар...
-Үнэн үнэн. Түрэг судлалаар  мэргэшиж дэлхийн түрэг судлалын төв болсон Түрк улсад сурсан анхны монгол хүн гэж намайг хэлж болно. Түрэг судлал гэдэг маань түрэг ард түмний хэл, соёл, түүх, уран зохиолыг голлон судалдаг салбар гэсэн үг. Өөрийн маань үндсэн мэргэжил хэл шинжээч, хэл судлаач учраас түрэг монгол хэлийг харьцуулан судлаж докторын зэрэг хамгаалсан. Гэхдээ миний бие хэлний онолын салбарт ажилладаг. Тэр ч утгаараа түрэг, монгол хэлний хамгийн гол чухал нэг асуудлыг онолын талаас судалсан юм л даа. Түрэг монгол хэлэнд үйл үгийн цагийн ай гэсэн ойлголт байдаг. Үйл үгийн цагийн айтай шууд холбогддог болц гэсэн ойлголт бас байна. Түрэг, монгол хэлний үйлийн цагийн айг болцтой харьцуулсан судалсан. Энэ судалгааг хийхдээ герман, америк, орос зэрэг өрнийн барууны хэлний том онолуудыг харьцуулан үзэж, түрэг монгол хэл болцтойгоо цагийг холбож заадаг гэдгийн анх удаа илрүүлсэн буюу цаг, болц хэмээх хоёр том категорийг өргөн хүрээнд шинэлэг онолоор гаргаж тавьсан. Миний  докторын ажлыг тухайн үедээ маш шинэ чухал чанарлаг судалгаа болсон гэж турк болон монгол эрдэмтэд өндрөөр үнэлж байсан. 
-Олон жил, олон ч улс оронд суралцаж, судалгааны ажлаа хийжээ. Залуу хүн бүрт гадаад улс оронд суралцах, мэргэжлээ дээшлүүлэх хүсэл зорилго байдаг. Санхүүгийн боломжоос шалтгаан зорилгоо биелүүлж чадахгүй байх тохиолдол байдаг. Таны хувьд...
-Энэ тал дээр би өөрийгөө азтай хүн гэж хэлнэ. Би чинь 1990 онд дунд сургуулиа төгссөн. Яг тэр үед их, дээд сургууль үнэ төлбөргүй байлаа ш дээ. Хоёрдугаар курс төгсдөг жилээс улс орон зах зээлийн нийгэмд шилжээд сургууль маань төлбөртэй болсон хэдий ч төрийн байгууллагад ажилладаг хүний хүүхдэд, эсвэл сургуулиа төгсөөд ажиллаж байгаад төлбөрөө төлөх нөхцөлтэйгээр сургалтын төлбөрийн зээл олгож байсан үе. Ээж маань материал бүрдүүлээд сургалтын төлбөрийн зээлээр суралцсан. Гэсэн ч их сургуулиа онц төгссөн болохоор хоёр жилийн төлбөр маань “тэглэгдсэн” (инээв). Төгссөн жилээсээ сургуульдаа багшилж байв. Багшлахын зэрэгцээ магистртаа суралцаж, МУИС-ийн анхны магиструудын нэг болж төгсч байлаа. Тэр үед сургуулиас маань залуу багш нараа тэтгэлгээр магистрт сургаж байсан л даа. Энэ хөтөлбөрт хамрагдсан. Гадаад улс орнуудад суралцахдаа дандаа тэтгэлгээр суралцсан. 
-Та хэл судлаач, эрдэмтэн хүн. Монгол хэлний өнөөгийн байдлыг хэл шинжлэлийн эрдэмтэн, судлаачын хувьд дүгнэхэд... 
-Нэгдүгээрт, Монгол Улс  туурга тусгаар улс үндэстэн. Хоёрдугаарт, Монгол Улс маш том хэлний уламжлалтай орон. Дор хаяж мянган жилийн хэл, түүх, утга зохиолын уламжлал байгаа гэсэн үг. Утга зохиолын хэл бий болно гэдэг бол тэр хэл хүчтэй байгааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хэл хөгжлийн дээд шатанд хүрэхээр утга зохиолын хэлтэй болдог. Тэгэхээр монгол хэл маш хүчтэй бас дархлаа сайтай хэл. Судлаач хүний хувьд монгол хэлний нөхцөл байдал одоогоор сайн түвшинд байгаа гэж боддог. Цаашдаа ч тийм л байна гэдэгт эргэлздэггүй. Яахав нийгэм дэх хэлний хэрэглээ талаасаа бол өөр л дөө. Даяарчлалын нөлөөгөөр ялангуяа 1990 оноос хойш англи хэл бусад гадаад хэлний хэрэглээ ихэсч хаяг, нэршлээ англиар бичих энэ тэр гээд асуудал бий.  Тэр бол зохицуулж болох зүйл. 1990 оноос Монгол улс жинхэнэ утгаараа бие даасан улс орон болж, монгол хэлээ хөгжүүлэх, бэхжүүлэх, эрх чөлөөтэйгээ хэрэглэх гээд харин ч давуу талууд бий болсон. Монгол эртний соёлтой улс үндэстэн учир монгол хэлийг хүчирхэг,  дархлаа сайтай гэж хэлж болно. 

 


-Тантай уулзсаных нэг зүйл асуухгүй өнгөрч боломгүй. Та бол Өмнөговь аймгийн Ардчилсан холбооны анхдагчид нарын нэг. Энэ түүхээсээ сонирхуулвал?
-Ярьвал сонин түүх л дээ. Улс орон даяар ардчилсан холбоо, ардчилсан хөдөлгөөн эхлэж байх үед буюу 1989 онд би 10 дугаар ангийн сурагч байлаа. Тэр үед наймдугаар анги төгсөөд бүгдээрээ хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн гишүүн болчихдог байлаа ш дээ. Тэр үед Уртнасан, Оюунцэцэг, Амарбаясгалан гээд үеийн найзуудтайгаар сургуульдаа шинэчлэлийн төлөө хөдөлгөөнийг байгуулж,  би ахлаж байв. Мөнгөнчимэг багш маань дэмжиж, түшиг тулгуур болж ажиллаж байсан төдийгүй бидний шинэчлэлийн үйл ажиллагааг Равжир  багш маань маш сайн ойлгож дэмжиж байсан. Сүүлд Равжир багштай уулзахад, "Багш нар биш сурагчид шинэчлэлийг эхлүүлсэн, та нараараа маш их бахархдаг шүү" гэж хэлж байсан. Тэр үед манай сургуульд хичээлийн эрхлэгч Равжир, газар зүйн багш Батболд, математик мэдээлэл зүйн багш Чинзориг нарын олон багш сэхээтнүүд ардчилал, нийгмийн өөрчлөлтийг дэмжиж байсан юм. 1990 оны хавар Өмнөговь аймгийн ардчилсан холбоонд гишүүнээр элсч, тухайн үеийн зохицуулагч Д.Пүрэвбаатар ахаас үнэмлэхээ гардаад түүнээс хойш ардчилсан холбооны хурал, цуглаан гээд бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Надаас өөр  дунд сургуулийн сурагч ардчилсан холбоонд байгаагүй л дээ. 1990 оны намар оюутан болж хотод ирээд ч тэр ардчилсан холбооны үйл ажиллагаанд бас л идэвхтэй оролцдог байсан. Бас нэг зүйл гэвэл 1990 оны хавар МХЗЭ-ийн онц их хуралд аймгаасаа төлөөлөгчөөр сонгогдон оролцсон. Яагаад сонгогдсон гэхээр эвлэлийн хүрээнд шинэчлэлийг хийх ёстой гэж ярьдаг, шинэчлэлийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, идэвхтэй сурагч байсан учраас олон залуус намайг дэмжиж төлөөлөгчөөр сонгосон хэрэг. Тэр үед МАХН түүний дэргэд байгууллагууд онц их хурлаа хийж байсан үе шүү дээ. Миний оролцсон МХЗЭ-ийн онц их хурал бол хувьсгалт залуучуудыг эвлэлийг өөрчлөх, шинэ нийгэмд хөл нийлүүлэх, шинэчлэгдэх сууриа тавих зорилготой хуралдсан хурал. Хуучин удирдлагууд нь шинэчлэлийн залуучуудад эрх мэдлээ шилжүүлж,  Энхмандах, Ганболд, Баярцогт гээд шинэчлэлийн төлөөх залуучууд удирдлагад нь гарч ирсэн. Өнөөдөр эргээд харахад тухайн хурлын үр дүн бага байжээ. Монголын Залуучуудын холбоо гэдэг байгууллага нийгэмд нөлөөтэй сайн манлайлагч байгууллага байж чадсангүй. Энэ байгууллага байхгүй болсон гэж хэлж болохоор байгаа нь нууц биш шүү дээ.  Одоо би улс төрд шүүмжлэлтэй ханддаг, нөгөө талаар шинжлэх ухаан судалгаа хөөсөн хүн учраас иймэрхүү асуудлыг  төдий л сонирхохоо больчихсон гэх үү дээ.
-Таны энэ түүхийг сонсоход зоригтой хүүхэд байж гэж ойлгож байна л даа. Тухайн үеийн хаалттай, захиргаадалтын нийгэмд сургуулийн сурагч битгий хэл томчууд ч улс төрийн хөдөлгөөнд оролцох, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг, эмээдэг байсан үе. Ямар ч байсан багш нар бол дэмжиж байж. Харин аав, ээж дэмжиж байв уу, эсвэл хориглож байв уу? 
-Би сурлага сайтай хүүхэд байлаа. Өөрөө их хичээдэг мэрийдэг байснаас гадна гайхалтай чадварлаг, мундаг багш нартай байсан азтай хүн. Би орос хэлний хичээлд үнэхээр сонирхолтой, сайн ч суралцдаг байсан. Хамгийн анх орос хэл заасан багш бол Алтанцэцэг багш маань. Тэгээд Зина, Цэдэв, Байгалмаа гээд мундаг багш нараар орос хэлний хичээл заалгадаг байлаа. Энэ агуу багш нар маань надад орос хэлийг сайн сурах мэдэх суурийг маань тавьж өгсөн гэж хэлж болно. Багш нартаа маш их баярлаж явдаг. Сүүлд би өөрөө хэлний мэргэжил эзэмшээд гадаадын олон оронд сурч, багшилж, судалгааны ажил хийх явцдаа,  одоо ч тэр дунд сургуулийн багш нарынхаа мэдлэг, чадвартай байсныг анзаарч үнэхээр бахархдаг. Тэр үеийн багш нар маань үнэхээр мэдлэгтэй чадварлаг, шилдэг сэхээтнүүд, нийгмийн манлайлагчид байж дээ гэж боддог. Жишээ нь, манай Алтанцэцэг, Цэдэв багш нар дэлхийн аль улс оронд очоод орос хэл заахад гологдохгүй, нэг үгээр хэлбэл тэр үеийн багш нар маань дэлхийн хэмжээний боловсрол, мэдлэгтэй байсан гэсэн үг.  Багш нарынхаа талаар яривал олон сайхан зүйл ярина даа. Таны асуусан асуулт руу эргэж орьё. Сайн багш нарын ачаар орос хэлийг сайн сурсан болохоор сурагч байхдаа орос хэл дээр ном сэтгүүл уншиж, зурагтаар гадаад улс орнуудад болж буй үйл явдлын талаарх мэдээллийг төвөггүй авчихдаг байсан учир шинэчлэл, өөрчлөлтийн талаарх зөв ойлголттой болж, өөрчлөлтийг хийх ёстой зүйл гэдгийг ойлгож мэдэрдэг байсан. Тухайн үеийн нийгэм бол даргаасаа айдаг, хүүхдүүд нь аав, ээжээсээ айдаг эмээдэг тийм л байсан. Миний хувьд багш нартайгаа, ээж, аавтайгаа нээлттэй илэн далангүй ярилцаж, өөрийнхөө санал бодлыг хэлчихдэг, мөн тэднийхээ үг зөвлөгөөг авдаг тийм хүүхэд байсан. Тэр ч утгаараа аав, ээж маань намайг их ойлгодог, дэмждэг, хүндэлдэг байсан л даа. Улс төр, нийгмийн ажилд оролцож болно, харин хичээлээ л орхиж болохгүй шүү, өөрт халгаатай буруу зүйл хийж болохгүй шүү гэж захиж зөвлөдөг байсан. Аав, ээж хоёрт маань болгоомжлол байсан боловч намайг дэмжиж байсан. Манай хоёр өөрсдөө ардчилсан үзлийг дэмждэг, нийгэм өөрчлөгдөх ёстой гэдгийг ойлгодог хүлээн зөвшөөрдөг байсан хүмүүс. Манайхан гэр бүлээр ардчиллыг дэмжигчид байсан. 
-Баярлалаа. Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн талаар эрдэмтэн хүний үгийг сонсмоор санагдаж байна?
-Би хэл шинжээчээс гадна орчин үежилт, иргэншлийн асуудлыг их судалдаг хүн. Орчин үежилт гэдэг нь тухайн улс орны хөгжил гэсэн утгатай. Хөгжинө гэдэг нь юуны өмнө шинжлэх ухаанаа хөгжүүлнэ гэсэн үг. Шинжлэх ухаан гэхээр технологи, аж үйлдвэржилт, мэдлэг нь тэр чигээрээ нийгмийг хөгжүүлж, иргэншлийн замд оруулна гэсэн утгатай. Шинжлэх ухаанаа дэмжих, шинжлэх ухааныг үнэлэх, эрдэмтнийг олноор төрүүлэх, эрдэмтэдийнхээ үгийг сонсдог, байр суурийг нь хүлээн зөвшөөрдөг болох, төр шинжлэх ухаандаа хөрөнгө их зарцуулдаг байх ёстой. Шинжлэх ухаан бий болж байж аж үйлдвэржилт бий болно, шинжлэх ухаан бий болж байж технологи бий болно, шинжлэх ухаан бий болж байж мэдлэг бий болно. Мэдлэг бий болж улс орон хөгжинө. Товчхондоо хөгжлийг бий болгох зүйл нь мэдлэг, мэдлэгийг бий болгох гол зүйл нь шинжлэх ухаан юм. Улс орноо хөгжүүлье гэвэл шинжлэх ухаанаа хөгжүүлэхээс өөр гарц байхгүй. Би өөрөө хүмүүнлэгийн чиглэлийн судлаач учир орчин үежилтийг хүнтэй нь холбож судалдаг. Тэр утгаараа Монголын орчин үежилтийг буруу орчин үежилт гэж үздэг. 1990 оноос хойш Монголд юу бий болсон бэ гэхээр зөвхөн хэрэглээ бий болсон. Өрнө дахинд бол үйлдвэрлэл бий болоод дараа нь хэрэглээ үүсдэг. 
XIX зуунд Европт аж үйлдвэрийн хувьсгал хэрэгжиж баялаг бий болж, тэр баялгийн үр дагавараар хангалуун нийгэм гарч ирсэн байх жишээтэй. Гэтэл манайхан эсрэгээгээ 1990 оноос хойш хийж бүтээдэггүй зөвхөн хэрэглэдэг заншилтай болчихсон. Өрнө дахинд үр дагавар болдог зүйл манайд шалтгаан болчихсон гэж бодвол монголчуудын орчин үежилтийн логик юм уу, сэтгэлгээ нь буруу байна гэсэн үг. Бид хэрэглээнд хэт  автах, загварлаг хувцас өмсөх, үнэтэй машин унах, том байшинд амьдрах гээд хэрэглээгээр орчин үежээд байна гэж бодоод байдаг. Энэ хамгийн буруу сэтгэлгээ. Үүнээс болоод бид орчин үежиж чадахгүй байна. Монгол Улс  хэрэглэх биш бүтээх тал руугаа явах ёстой. Орчин үежинэ гэдэг нь юуны өмнө өрнөдийн орчин үежилтийн үнэт зүйлийг бий болгоно гэсэн утгатай. Тэр нь ардчилал, зах зээл, хүний эрх зэрэг бөгөөд эдгээрийг бий болгож байж бид орчин үежинэ. Харин хэрэглээ дангаараа орчин үежилт биш юм.  

 


-Та бол их сургуулийн багш. Олон хүн боловсролын салбарыг шүүмжилдэг, ярьдаг. Бид хүнээ бэлтгэж чадахгүй байгаа ч гэж хүмүүс үздэг. Энэ талаар...
-Ахлах ангийн сурагчдад хүмүүнлэгийн боловсрол олгох ёстой. Энэ нь хүүхдийг  үнэт зүйлтэй болгох гэсэн утгатай. Дунд сургууль үнэт зүйл, ертөнцийг үзэх үзлийг суулгаад өгчихвөл, жишээ нь хүүхэд эд юмсыг гол зүйл гэж үзэхгүй. Хүнийг цогцлоон бий болгодог хамгийн чухал зүйл эд юмс биш, хүнлэг ёс, хүнийг хүндлэх, хайрлах, өр зөөлөн сэтгэл зэрэг хүмүүнлэгийн үнэт зүйлүүд байдаг. Хүмүүнлэгийн судлаач хүний хувьд  хэлэхэд бид дунд сургуульд уран зохиол, урлаг, ёс суртахуун, философи чиглэлийн хичээлийг олон цагаар, үр дүнтэйгээр заахгүй бол монгол залуучууд эд юмсыг хэт шүтсэн, хүний оршихуйгаасаа хөндийрч хүнийссэн хэцүүхэн хүмүүс болно. Өнөөдрийн монгол хүн зөвхөн идэж, уух өмсөх зүүхээсээ хэтрэхгүй, эд баялгийг шүтэж, хэрэглээний хангалуун байдлаар өөрийгөө хязгаарлаад байгаа нь үнэндээ монгол хүн бүдүүлэг байгааг харуулдаг. Бүдүүлэг хүн гэж анхдагч хэрэглээ идэх уух, өмсөх эдлэхээсээ давдаггүй хүнийг хэлнэ. Монгол Улс соёлтой иргэдтэй болохын тулд  иргэдээ оюуны үнэт зүйлтэй, ном уншдаг болгох нь чухал. Жишээ нь монголд хүнд хайрладаг, шүтдэг утга зохиолын дүрүүд байх ёстой, монгол залуучууд дэлхийн философчдын бүтээлийг уншдаг ойлгодог, тэр мэдлэгээ амьдралдаа шингээдэг ашигладаг болох ёстой. Өнөөдрийн монгол хүн хэрэглээ, өдөр тутмын амьдралаасаа хэтэрч чадахгүй байна. Хүн эд юмсын хэрэглээнээс хальж оюуны хэрэглээтэй болж оюунлаг бас соёлтой хүн болж чадна. Оюуны хэрэгцээгээ хангаж оюуны үнэт зүйлээ олсон, оюунлаг амьдралыг бий болгосон хүмүүс аз жаргалтай амьдарна.
-Та сая хэллээ. Ном унших ёстой гээд. Биднийг бага байхад ном уншуулах дадлыг бий болгох зорилгоор номын сайн нөхөр гээд шалгаруулдаг байсан. Ууганаагийн хувьд ном унших дадлыг хэзээнээс олж авав? 
-Ном унших бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Ном уншихгүй өнжих өдөр гэж үгүй. Миний номын санд 10 мянга гаруй ном байгаа. Багаасаа л ном унших дуртай хүүхэд байсан. Гуравдугаар ангид байхдаа “Номын сайн нөхөр” тэмдгийн эзэн болж байсан юм байна. Нөгөө талаар аав маань ном их уншдаг хүн байсан. Тухайн үедээ аймгийн  номын сангийн тэргүүний уншигчийн нэг байсан. Аав маань надад төв номын сангаас гэрээр ном авч уншуулдаг, би өөрөө ч гэсэн хичээлээ тараад номын санд сууж ном уншдаг хүүхэд байлаа. Нагац Даш эгч маань сургуулийн номын санчаар ажилладаг байсан болохоор надад ном унших боломж их байсан гэж хэлж болно. Бас ном уншдаг хүн соёлждог. Бид одоо үед мөнгө шүтдэг болоод байгаа нь их харамсалтай. Бас нэг зүйл гэвэл Маркс "Капитализмын үед мөнгө хүний эзэн тэнгэр болдог. Мөнгө хүний эзэн тэнгэр болохоороо хүнд байгаа бүх үнэт чанарыг нь устгадаг" гэж хэлсэн байдаг. Энэ нь хүн мөнгийг амьдралынхаа хамгийн гол зорилго болгоод ирэхээр хүний мөн чанараа гээдэг гэсэн үг л дээ. Монгол хүн мөнгийг гол зорилгоо болгож болохгүй. Мөнгөнөөc илүү үнэт зүйл байх ёстой. Тэр нь эх орон, эцэг, эх, хүн чанар гэх зэрэг байх юм. 
-Эрдэмтэн хүний хувьд хичнээн ном бүтээл гаргав, сүүлийн үед хийж байгаа эрдмийн ажлаар талаараа манай уншигчидтай хуваалцаач?
-Ном, бүтээл, судалгаа гэвэл бие даан арав гаруй ном гаргасан. Энэ жил хоёр ч ном гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Тэр нь юу вэ гэхээр алтай хэлний үгийн гарал харилцаа холбооны сэдэвтэй, нөгөө нь монгол хэлний өгүүлбэрзүйн онол талаар хоёр ном. Судалгааны ажлын хувьд гэвэл монгол, түрэг хэлний судалгааны ажил хийж байна. Ойрд Монгол судлалынхаа чиглэлээр Турк, Япон, Өвөрмонгол, Хятадын  эрдэмтэдтэй хамтран судалгаа хийх гээд төлөвлөсөн ажлууд их бий. 


-Нутагтаа ойрд очив уу? Нутгийнхаа хөгжил, цэцэглэлтийг хэрхэн дүгнэж байна, бахархах, магадгүй сэтгэл эмзэглэж явдаг зүйлийнхээ талаар...
-Би чинь 10 дугаар ангиа төгсөөд нутгаасаа гарсан. Одоогоос таван жилийн өмнө юмуу даа Японд ажиллаж байхдаа амралтаараа ирээд нутагтаа очсон.  Нутаг маань сайхан хөгжиж, Даланзадгад хот маань их ч өөрчлөгдсөн байна лээ. Нутгийнхаа хөгжил бүтээн байгуулалтаар үнэхээр бахархдаг, цаашдаа нутаг орон маань илүү сайхан хөгжөөсэй гэж хүсдэг. Өмнөговь аймаг бол Монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлж буй бүс нутаг. Тэр нь уул уурхай. Гэхдээ уул уурхай нь нутгийн иргэдэд өгөөжтэй, иргэдийн амьдрах орчин, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар зөв хөгжих ёстой гэсэн байр суурьтай байдаг. Оюутолгой, Тавантолгойг түшиглэн Эрдэнэт шиг хот байгуулаасай ч гэж боддог.   
-Эрдэмтэнтэй ярилцах сайхан байлаа. Таны цаашдын эрдмийн их ажилд тань өндрөөс өндөр амжилт хүсье.
-Их баярлалаа. 
 

Ярилцсан Н.Адъяацэрэн