Бямба гариг 2024/04/20
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 320 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 312 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 292 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 632 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 240 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 264 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 276 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 556 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 284 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 276 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 244 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 268 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 448 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 556 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 404 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 448 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1140 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 572 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 812 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 792 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 456 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 456 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 472 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 672 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1092 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 420 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 524 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 668 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 704 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 572 удаа

У.Тунгалаг: Малчин өвөө, эмээ дээрээ өссөн маань миний амьдралын чигийг заасан хамгийн үнэт зүйл

НИЙТЭЛСЭН: 2020-02-07 16:04 GMT+8

Шалгуур өндөртэй Нэгдсэн үндэсний байгууллага хэмээх дэлхийн том байгууллагын Монгол дахь салбарт байгаль орчны газрын захирал хэмээх хариуцлагатай албыг долоон жил гаруй хашиж, тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй ажилласан хүн бол Тунгалаг доктор гэдгийг тус байгууллагын удирдлага, түүнтэй хамт ажиллаж байсан хамт олон, хамтран ажиллаж байсан олон байгууллагынхан үнэлж хүлээн зөвшөөрдөг ажээ. Арван жилийн сургуулиа төгсөөд эрдэм номын мөр хөөж нутгаасаа гарсан, Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль төгсч, Японд олон улсын хөгжлийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж, АНУ-ын томоохон сургуулийн нэг болох Колорадогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан эгэл даруухан эрдэмтэн эгчтэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ толилуулж байна.

-Таны ээжийг нутгийнхан маань Орос хэлний багш Алтанцэцэг гэдгээр нь андахгүй. Мөн аавыг тань говьд газар тариалан хөгжүүлсэн агрономич гэдгийг би сонсож байлаа. Танайхан аль сумын хүмүүс вэ. Өөрийгөө манай уншигчдад танилнуулна уу? 
-Намайг Тунгалаг гэдэг. Өмнөговийн унаган хүүхэд. Аавыг маань агрономич Т.Уламбаяр, ээжийгээ маань орос хэлний багш Ж.Алтанцэцэг гэхээр нутгийнхан андахгүй л дээ. Аав, ээж маань хоёулаа Ханхонгор сумын улс. Миний төрсөн газар Улаанбаатар, өссөн газар амйгийн төв, бас Ханхонгор сумын Мандах бригадын нутаг Базар хайрхан, Базарын гол. Яагаад хотод төрсөн гэхээр ээж минь 1-р курсээ төгсөөд тулгар биетэй зуны амралтаар гэр рүүгээ явах бэлэг сэлт цуглуулж зах дээр явж байгаад гэнэт өвдөөд тэндээсээ шууд төрөхөд очоод намайг төрүүлсэн юм гэсэн. Мэдээж эмнэлгээс гараад охиноо аваад нутаг явсан. Тэр үед юм чанга, ээж маань жилийн чөлөө авч чадалгүй намар нь хичээлдээ буцаж би эмээ, өвөөгийн хүүхэд болоод үлдсэн түүхтэй. Ээж маань дээд сургуулиа төгсч би сургуульд орж аав, ээж дээрээ ирсэн ч гэлээ амралтаараа өвөө, эмээ дээр байнга очиж, ажилд нь тусалдаг малчин хүүхэд байлаа. Бид эцэг эхээс дөрвүүлээ, гурван сайхан эрэгтэй дүүтэй. Миний удаах дүү Амарбаясгалан эдийн засагч мэргэжилтэй, одоо Америкт ажиллаж амьдарч байгаа, дараагийн дүү Амартүвшин маань сэтгүүлчийн мэргэжилтэй, аавын маань бичгийн авьяас чадварыг  өвлөсөн хүн гэж хэлж болно. Бага дүү Амартайван маань хуульч. Хуулийн байгууллагад хэдэн жил ажиллаад уул уурхайн компанид ажиллаж байгаа. Миний хувьд 1982 онд аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг төгсч Москвагийн Улсын их сургуулийн хэл шинжлэлийн ангид элсэн орж 1988 онд төгссөн. Үндсэн мэргэжил маань хэл шинжлэл. Сүүлд нь Японд Олон улсын хөгжлийн магистрын зэрэг, АНУ-д Тал хээрийн экосистемийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газарт захирлын албыг хашдаг. Би Хаянхярваагийн Гансүхтэй гэр бүл болсон, автын мэргэжилтэй хүн. Манайх хоёр охинтой айл, том охин маань график дизайны чиглэлээр суралцаж байгаа, бага охин дунд сургуулийн сурагч. 

-Нилээн дээхэн үед говьд ус ховор учир ногоо тарих газар тариалан эрхлэнэ гэсэн ойлголт байхгүй байсан гэдэг. Одоо бол Өмнөговьчууд хангайханаас дутахааргүй хүнсний ногоо тариалдаг болсон. Миний сонссоноор таны аавыг говьд ногоо тариалах ажлыг эхлүүлсэн анхны мэргэжлийн хүн гэж сонссон юм. Энэ талаар?
-Тэр үнээн. Аав маань Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ нутагтаа тасралтгүй ажилласан хүн. Тэтгэвэрт гарсан хойноо ч гэсэн  ногоо тарих хүмүүс, төсөлд зөвлөгөөгөө өгсөөр, өөрөө ч гэсэн Далангийн голд хүнсний ногоо тариалдаг байсан л даа. Би аавыгаа Өмнийн говийн газар тариалангийн хөгжилд маш том хувь нэмрээ оруулсан гэж бахархдаг. Ёстой говьд ногоо тарина гэсэн ойлголт байхгүй үе байлаа шүү дээ. Тэр үед төр засгийн бодлогоор сум, нэгдэл бүрийг газар тариалантай болгох ажил явагдаж байсан юм шиг байгаа юм. Тухайн үед Бараадууз гуай ХАА- н газрын дарга байсан байх, тэгээд Бараадууз гуай мал зүйч хүний хувьд МАА талдаа, аав бол яг газар тариалан, агрономийн дээд боловсролтой хүний хувьд ногоо, тариалангаа авч явдаг байсан. Аав маань мэргэжилдээ, ажилдаа дуртай гэж жигтэйхэн гэрийн бараа харна гэж үгүй жолоочтойгоо сумдаар тойрч нөгөө хэдэн ногооны талбай, ногоочдоо эргэн аймаг тойроод явчихдаг байсан. Далангийн голд ногооны талбай бий болгож, цөөрөм  байгуулахад зөвлөж, Булганы Хадатад жимс жимсгэнэ тарих,аймгийн бүх сумдад ногооны талбай бий болгож, ногоочид бэлтгэх, тарих аргыг заах зэрэг их ажлыг хийж хэрэгжүүлсэн хүн яахын аргагүй мөн. 1970 аад оны дундуур юм шиг байгаам. Хотоос тэр үеийн Төв хорооны гишүүн Рагчаа гуай ирээд Гурвансайхан уулын бэлд ногооны талбай байгуулж, Ёлын амны усыг татах шийдвэрийг тооцоо судалгаагүй шууд газар дээр нь гаргаад тэр нь Ёлын амны экосистемд сөргөөр нөлөөлж, мөс нь хайлаад тухайн үедээ нилээн дуулиантай юм болсон байгаа юм. Энэ тухай аав маань “дөрвөн Т-гийн хэрэг” гэж хошигнодог юм. Тэд нар нь хэн бэ гэхээр Түмэнбаярын Рагчаа, Түвшингийн Хорхой, Тойвгын Наранхүү, Тогмидын Уламбаяр дөрөв гэнээ.(инээв.) Манай аав угаасаа алиа хошин, амьтан хүн инээлгэж явдаг хүн ш дээ. 
-Таныг дунд сургууль төгсч байх үед социалист нийгэм байсан. Тэр үед боловсон хүчний бодлого чангахан, ялангуяа гадаадад сурах залуусыг Намын төв хорооны шийдвэрээр явуулдаг байсан гэж ойлгодог.  Таны хувьд...
-Дунд сургуульд байхдаа химийн хичээлд их сонирхолтой хүүхэд байсан. Осортогоо багш маань намайг химийн хичээлд сонирхолтой болгосон багш л даа. Сургууль төгсөх мэргэжил сонгох дөхөөд Осороо багштайгаа зөвлөлдлөө. Багш маань “хими сайхан шинжлэх ухаан хэдий ч багш нь чамайг химийн чиглэлээр яв гэж зөвлөхөд хэцүү л байна, чи над шиг л нэг химийн багш болно, манай улсад химийн мэргэжилтэй хүн ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байна, чам шиг сурлагатай хүүхэд өөр чаддаг зүйлээ барьж авах нь зөв” гэж билээ. Конкурс ч боллоо химийн чиглэлээр нээрээ л их сургуулийн химийн анги ганцхан байж билээ. Ээж маань орос хэлний багш, дээрээс нь багш нар ч сайн байсан учир орос хэлний хичээлд овоо байсан. Тэр давуу талаа хараад ирсэн хуваариас гадаад хэл, хэл шинжлэл гэсэн хуваарийг авсандаа. Тухайн үедээ хүүхэд байсан болохоор юу ч мэдэхгүй сургуульдаа явсан. Харин очсон хойноо Зөвлөлт холбоот улсын хамгийн алдартай том сургуульд орсноо мэдэж, оросын алдартай эрдэмтэн багш нараар хичээл заалгасан. Жишээ нь, Лев Толстойн ач хүү бидэнд этнолингвистикийн хичээл ордог байсан. Тэнд бас өөр шинэ зүйлийг ч мэдэрч эхэлсэн. Манай сургуульд дандаа тухайн үеийн Улс төрийн товчоо, Намын төв хорооны дарга нар, хамгийн багадаа аймгийн даргын хүүхдүүд суралцаж байсан. Хоёрхон хөдөөний хүүхэд сурч байсны нэг нь би. Манай аймгийн дарга нарын хүүхдүүд тэр жил 10 төгсөөгүй, бусад дарга нар энэ чиглэлийг сонирхоогүй юмуу ер нь сиймхий таараад, ар өврийн хаалга энэ тэр гэлгүйгээр Москвагийн их сургуулийн хуваарь авсан азтай хүн. Аав, ээж хоёр маань эхний хүүхэд нь сургууль төгсөөд туршлагагүй, хүүхдээ гадаад явуулна гээд хүмүүс хөөцөлддөг ч гэж мэдэхгүй, тухайн үеийн жирийн л хөдөөний сэхээтэн хүмүүс байждээ. Над шиг хөдөөний хүүхэд хот газрын том дарга нарын хүүхдүүдийн дунд анх ороход их өөр байсан. Одоо бодоход би ч тэд нарт сонин, тэд нар ч надад их сонин байсан юм билээ. Ихэнх нь  хотын  23, 14, 18 гээд орос сургууль төгсөгчид гэтэл би чинь хот ч олигтой үзээгүй, аймгийн төвд өсчихсөн хүн. Өссөн орчин, хандлага, хүмүүжил гээд бүх юм өөр байсан. Би хөдөөгийн амьдрал энэ тэр их ярьдаг байсан нь хотын хүүхдүүдэд сонирхолтой байсан хэрэг л дээ. Тунгаагийн өрөөнд орж, Тунгаагийн яриаг сонсоё гээд л ирдэг байсан (инээв) Санжаасүрэнгийн Зориг, С.Баярцогт, Хүний эрхийн комиссын Ж. Бямбадорж нар манай үеийнхэн. Биднийг 3-р курсэд байхад ЗХУ-д М.Горбачёв гарч ирээд өөрчлөлт, шинэчлэл эхлэж байсан төдийгүй манай оюутнуудын дунд хөдөлгөөн өрнөөд, түрүүлж дуугарсан зарим гадаадын залуус сургуулиас хөөгдөж хүртэл байсан. 

 

Жинхэнэ малчин хүний дүрх төрхийг нийгэм таньж мэдэхгүй байгаа нь харамсалтай


-Та ажил хөдөлмөрийнхөө  гарааг хэрхэн эхэлж байв. Энэ талаар бидэнд сонирхуулна уу?
-Москвагийн их сургуулийг маш сайн дүнтэйгээр төгссөн. Диплом хамгаалах судалгааны ажлыг их сайн болж гээд, Эрдмийн зөвлөлөөс аспирантурт суралцуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн. Эрдмийн зөвлөлөөс ийм дүгнэлт өгнө гэдэг тэр үед маш ховор байсан л даа. Ийм зөвлөмж авсан оюутныг тухайн улсын Засгийн газар нь зөвшөөрвөл шууд үргэлжлүүлэн аспирантурт сургадаг байсан юм. Эрдмийн зөвлөлөөс намайг Элчин сайдын яамнаасаа зөвшөөрөл аваад ир гэлээ. Би гэдэг хүн бөөн баяр болоод Элчин сайдын яаман дээрээ очиж боловсрол хариуцсан атташетэй уулзаж учраа хэлсэн. Харамсалтай нь тэр хүнд нилээн загнуулаад хэрэг хийсэн хүн шиг уйлаад гарч байлаа. Шууд л өөдөөс “Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх гуайн тушаалыг мэдэхгүй юу чи, улсын зардлаар сурч төгсөөд улс ардын аж ахуйд заавал 1-3 жил ажиллах ёстой” гэж тас загнаад гаргасан. Тэр хүний тэр үйлдэлд одоо ч харуусах сэтгэл төрдөг. Залуу хүний урмыг яаж тэгж хугалж болдог байнаа. Юугаа ч мэдэхгүй оюутан багш нараасаа өндөр үнэлгээ авчихаад очиж байхад учирлаж тайлбарлаад эвтэйхэн хэлж зөвлөхгүйгээр  загнаад уйлуулаад гаргаж байдаг. Тэгээд нутаг буцах ч болсон, сүүлд сонсоход хэн нэгэн даргын хүүхэд аспирантурт сурахаар үлдэж байгаа гэсэн яриа гарч ардын хүүхэд, даргын хүүхдийн ялгааг мэдэрсэн дээ. Ирээд бас ажил хайж жил гаруй болсон доо. Дипломоо бариад мөн ч олон газраар явсан. Уулзсан дарга бүр дипломыг маань хараад том сургуулийг ийм үнэлгээтэй төгссөн мундаг хүүхэд байна гэж “манжлаад” 3 үеийн түүхийг минь уншаад л авдаггүй байсан. Хичнээн сайн төгссөн ч гэлээ хөдөөний жирийн агрономчийн хүүхэд учраас тэр дарга нарт ямар ч ашиггүй байсан хэрэг. Сүүлдээ энд тэнд очихоос халширдаг ч болсон, аав, ээж хоёр маань хүртэл “хот газар ажил олдохгүй ингэж яваад яахав энд ирээд нэг сургуульд орос хэлний багшаа хийчих” гэдэг байв. Миний хувьд  арай өөр бодолтой байсан. Надтай адилхан сургуульд надаас муу сурлагатай, ээж, ааваараа дүнгээ хүртэл хөөцөлдүүлдэг байсан дарга нарын хүүхдүүд  яам, тамгын газар ажилд орчихсон байдаг. Гэтэл би эд нараас илүү сурчихаад яагаад заавал хөдөө очих ёстой гэж, яагаад ийм шударга бус байгаа юм гэж бодож хор шар хөдлөөд аав, ээжийнхээ үгэнд орж хөдөө яваагүй л дээ. Жил гаруй явсны эцэст хотын нэг дунд сургуульд орос хэлний багшаар ажилд орсон. Яаж орсон гэхээр аавын маань садан Улсын начин Сугиа ахаар “яриулж” орж билээ. Сугиа ах тэр үед хотод амьдардаг, байр сууриа олчихсон танил ихтэй хүн байсан л даа. Тэгээд дунд сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлсэн. Ийм л түүхтэй. (инээв.)


-Дунд сургуулийн багшаар олон жил ажиллав уу? 
-Би чинь орос хэлний багш гэхээсээ хэл шинжлэл, хэл судлаач гэхдээ хөөцөлдөн барин олдож байгаа нь ажил маань тэр. Ажилдаа ороод удаа ч үгүй хөдөө “хөөгдсөөн”.  Орос хэлний багш нарыг хөдөө их томилж явуулдаг байж л дээ тэгээд манай сургуулиас нэг багш хөдөө ажилуулахаар явуулах болов оо. Хотын тэр дундаа сургуульдаа удсан багш нар юу гэж явах вэ, “өө энэ шинэ ирсэн, залуу багшийг явуул” гээд би гэдэг хүн Хэнтий аймгийн Мөрөн сумын сургуульд багшлахаар чемоданаа аваад явсан. Сургууль маань пийшингээр галладаг намхан тагзтай байшинтай, өглөө ороод ирэхэд бөөн утаа, бүх ширээ үнс болчихсон, сургуулийн хонх маань гар хийцийн, хонхны хэл нь машины том болт, түүнийг пальтоны том товчоор тогтоочихсон байх жишээтэй (инээв). Гэхдээ би тэндээс маш их юм сурсан. Хэнтийд ажиллаж байх үед нийгэм өөрчлөгдөж, хаана ажиллах, хаана амьдрахаа иргэн хүн сонгох, өөрийн чадлаар ажилд орох боломж олдсон гэсэн үг. Хэрвээ нийгэм хэвээрээ байсан бол би өнөөдрийг хүртэл хаа нэгтээ сургуульд багшлаад явж байх байсан болов уу даа.  Социалист систем задарч орос багш нар нутаг буцаад орос сургуулиудад орсоор хичээл зааж чаддаг багш дутагдалтай болж эхлэх тэр үед Улаанбаатар хотын 18-р сургуульд ахлах ангиудад орос хэл, оросын уран зохиолын  багшаар ажилд орсон. Багшлахын зэрэгцээ англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, гадаадад суралцах боломжуудыг судлаж эхэлсэн. Олон газар материалаа явуулж сонгон шалгаруулалтанд орсны эцэст Дэлхийн банк, Японы Засгийн газрын хамтарсан тэтгэлэгт тэнцэж Японд суралцсан даа. Японд 2002 онд Олон улсын хөгжлийн магистр хамгаалж ирээд Дэлхийн зөн, Европын холбооны ТАСИС, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Нэгдсэн үндэстний байгууллага гээд ихэнхдээ олон улсын байгууллагад ажиллаж ирсэн. 
-НҮБ-д ямар албыг хичнээн хугацаанд хашив?
-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт Байгаль орчин, гамшгийн эрсдлийг бууруулах газрын даргаар 7 жил гаруй ажилласан. НҮБ өөрөө ачаалал ихтэй онцлог байгууллага. Монгол дахь НҮБ-ын Суурин Төлөөлөгчийн газар нь Нью-Иоркоос удирдлагатай төдийгүй Ази Номхон далайн бүсийн газарт харьяалагддаддаг. Нөгөө талдаа Монгол Улсынхаа Засгийн газрын байгууллагууд,  Байгаль орчны яам, ХАА-н яам, Онцгой байдлын газар гээд олон байгууллагатай хамтран ажиллахын зэрэгцээ төсөл хөтөлбөр хэрэгжиж буй орон нутгийн удирдлага, нутгийн иргэдтэй ажилладаг гээд ажиллах хүрээ өргөн. Энэ олон талуудыг холбож, ойлголцож, хамтран ажиллаж төсөл хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд хувь хүнээс нилээн их мэдлэг, ур чадвар, менежмент, эрч хүч шаарддаг. Энэ албандаа хангалттай сайн ажиллаж, өөрийгөө юу хийж чадахаа харж, бас харуулсан өөрт байгаа чадвараа ч мэдлээ гэж дүгнэсэн. Хүн өөрийгөө байнга хөгжүүлж бас үргэлж суралцаж байх ёстой гэж би үздэг учраас шинэ мэдлэг олох, өөрийгөө сорихоор докторантурт элсэж ажлаа  өгсөн. Японд Олон улсын хөгжлийн асуудлыг өргөн хүрээтэй судалсан, НҮБ-д  байгаль орчны салбарт практик туршлага хуримтлуулсан болохоор жаахан гүнзгийрүүлээд тал хээрийн экосистемийн судалгаа хийхээр АНУ-ыг зорьж Колорадогийн улсын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Тал хээрийн экосистем гэдэг маань манайхаар бол бэлчээр, нүүдлийн мал аж ахуйг экосистемийн зохилдолгоотой нь цогцоор авч үздэг шинжлэх ухааны салбар. Одоогийн эрхэлж байгаа энэ ажилдаа ороод удаагүй байна л даа.  
-Та НҮБ-ын байгаль орчны газрын даргын албыг 7 жил хашжээ. Энэ бол бага хугацаа биш нөгөө талаар НҮБ-аас байгаль орчны чиглэлээрх томоохон төслүүд хэрэгждэг. Хамгийн үр дүнтэй ажлууд юу байв?
-Хийж хэрэгжүүлсэн ажлуудтай маань маш их холбоотой, миний хамгийн их сэтгэлээ гаргаж ажилласан, ажиллаж ч байгаа чиглэл бол байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог бий болгох ажил. Энэ ажлыг Монголд эхлүүлж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа хүн гэж өөрийгөө хэлнэ. Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай олон жил явсны хувьд ямар ч салбарт  иргэдийн оролцоо гэсэн ойлголт байхгүй байлаа ш дээ. 1994 оноос Дэлхийн банкны Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр Монголд хэрэгжихээр болж, уг төслийн хүрээнд Энэтхэг Улсаас иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх  хөтөчөөр мэргэшсэн багш нар ирж сургалт хийсэн. Тэр сургалтанд суралцсан анхны монголчуудын нэг. Цөөн хүмүүс суралцаж ихэнх нь бусад салбар руу орцгоосон тэднээс байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр оролцооны аргаар дагнаж ажиллаж байгаа нь би гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр хэлбэл нутгийн иргэдийн санаа бодлыг тусгасан байгаль хамгаалах төлөвлөлт, шийдвэр гаргахад суурийг тавилцсан гэсэн үг. Үүнийг “оролцооны арга” гэдэг бөгөөд  шинжлэх ухаан талаасаа чанарын судалгааны арга, нөгөө талаасаа ардчилсан шийдвэр гаргалтын нэг хэрэгсэл шүү дээ. Нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан шийдвэр гаргах, төлөвлөх, хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой бөгөөд үр дүнтэй байдаг. Намайг НҮБ-д ажиллах хугацаанд манай Байгаль орчны газраас 15 аймгийн 57 суманд арваад төсөл хэрэгжүүлсэн бөгөөд хамгийн жижиг төсөл нь гэхэд 900 мянган ам.доллар, хамгийн том нь  7 сая ам. долларын санхүүжилттэй төслүүд байсан. Томоохон төслүүдээс гэвэл Алтай Соёны экосистемийг хамгаалах төсөл, Дорнод Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах төсөл, Их говийн шүхэр зүйлийг (хавтгай, мазаалай г.м.) хамгаалах төсөл, Бэлчээрийн менежментийн төсөл, Газрын тогтвортой менежмент, Гамшгийн эрсдлийг бууруулах гээд олон төслийг удирдан ажилласан даа. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх гол менежмент нь нутгийн иргэдийн оролцоог хангах байсан. Малчдын нөхөрлөл байгуулах, нөхөрлөлүүдтэй хамтарч байгаль хамгаалах зорилготой байсан учраас миний хувьд өөрийн мэддэг оролцооны аргыг хэрэгжүүлэх боломж олдож үр дүнд ч хүрсэн. Ганц байгаль орчин ч гэлтгүй гамшгаас  хамгаалахад ч иргэд өөрсдөө оролцоотой байх ёстой гэсэн ойлголт, арга зүйг бий болгосон. Гамшиг болоход төрөөс тусламж хараад суулгүйгээр иргэд өөрийгөө болоод хайртай дотно хүмүүсээ, дараа нь эд хөрөнгөө хамгаалах чадвартай байх ёстой учраас иргэдийн оролцоог сайжруулах ажлууд маш чухал. Оролцооны арга маань төсөл хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй байсан ч төсөл хөтөлбөр хэрэгжээд дуусангуут хамт зогсчихоод байсан. Тэгэхээр байгаль хамгаалах иргэдийн оролцоог холбогдох хуульд тусгаж өгч байж энэ урт хугацаанд тогтвортой хөгжих үндэс болно гэдгийг ойлгосон. Хуульд өөрчлөлт оруулах нь хэн дуртай хүний хийгээд байдаг ажил биш шүү дээ. Тэгээд нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент сайн байвал ямар үр дүнд хүрдэг гэдгийг харуулахаар Их хурал, Хууль зүйн яам, Байгаль орчны яам, Сангийн яам зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй багийг Намиби улс руу авч явж туршлага судлуулж байсан. Намиби улсад байгаль хамгаалахад  төрийн үүрэг маш бага, нутгийн иргэдийн нөхөрлөл байгууллага нь ихээхэн үүрэг рольтой төдийгүй ашиг орлого өндөртэй байдаг. Жишээ нь, зэрлэг амьтан олноор үржээд ирэхээр төлбөртэй агнуулдаг байх жишээтэй. Амьтан бол өөрөө үрждэг нөхөгддөг байгалийн нөөц. Нутгийн иргэд байгалиа хамгаалаад байгалийн нөөцөөс ашиг орлогоо зохистой хэлбэрээр олдог улс оронд туршлага судлаж ирсний дараа хэлэлцүүлэг, уулзалт хийгдсэний үр дүнд Байгаль хамгаалах тухай хуульд байгалийн нөөцийн хамтын менежмент гэдэг нэг бүтэн бүлэг нэмэгдсэн. Ингэснээр байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо буюу нөхөрлөлөө байгуулах, нөхөрлөлийн дундын сан байгуулах, менежментийн төлөвлөгөөтэй ажиллах зэрэг нутгийн иргэдийн давуу эрх  хуульчлагдсан. Энэ хүрээнд тухайн нутгийн иргэд нэгдэж нутгаа хамгаалж, орон нутгийн тусгай хамгаалалтанд авч менежмент хийх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Энэ бол тухайн үед хамтран ажилласан нөхдийн хамт байгаль орчны салбарт хийсэн томоохон ажлын маань нэг байсан. 
-Төрд ус агаар шиг хэрэгтэй зүйл болох оролцооны аргыг байгаль хамгаалах салбарт үр дүнтэй хэрэгжүүлж, иргэд эрхээ хэрэгжүүлэх боломжийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн танд баяр хүргэе. Иргэдийн оролцоог одоо хэрхэн яаж улам боловсронгуй болгох ёстой гэж та харж байна?


-Төрийн шийдвэр гаргахад тэр дундаа төсвийг зарцуулах, хуваарилах, байгаль хамгаалах, байгалийн нөөц ашиглах  зэрэгт татвар төлөгч, тухайн нөөцийг ашиглагч нутгийн иргэдийн оролцоо байх ёстой гэдгийг одоо хүн бүр ойлгодог болсон. 2013 оноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилахад иргэд оролцдог болсон. Энэ бол том дэвшил. Аливаа юм алга урвуулах төдийд сайхан болчихдоггүй шүү дээ. Алдаа, оноо аль аль нь гарна. Одоо үүнийгээ улам төгөлдөржүүлэхэд Дэлхийн банк, Сангийн яамнаас анхаарч багийн иргэдийн оролцоог хангах хэлэлцүүлгийг хөтөлж шударга шийдвэр гаргах ажлыг гардан зохион байгуулах  хүмүүс нь ямар арга барилаар хэрхэн ажиллавал илүү үр дүнтэй, олон хүний оролцоог тэгш хангасан зөв шийдвэрт хүргэх тал дээр гарын авлага хийж өгөөч гэсэн хүсэлтийг надад тавьсан. Хүн бүр адилгүй, боловсрол, мэдлэг, биеийн хөгжлийн хувьд бүгд өөр. Хэлэлцүүлэг хийж шийдвэр гаргахдаа зөвхөн үг хэлж чаддаг хэлэмгий нүүрэмгий хүмүүсийн үгийг сонсчихоод иргэдийн оролцоог хангасан гэж үзэх үү эсвэл үгээ хэлж чадахгүй суугаа бүрэг ичимхий хүн, эсвэл чих хатуутай өндөр настай хүний саналыг тусгахын тулд хэлэлцүүлгийн хөтөч нар ямар аргыг хэрэглэх вэ гэдгийг тусгасан удирдамж гарын авлага боловсруулж гарганаа гэсэн үг. Оролцооны арга бол өөрөө тэгш байдал, шударга ёсыг тогтоодог ардчиллын чухал хэрэгсэл.
-Та одоо хашиж байгаа ажлын тухай бидэнд дэлгэрүүлэн ярьж өгнө үү?


-Манай Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж, зэрлэг амьтад хамгаалдаг Лондонд төвтэй төрийн бус байгууллага. Суут эрдэмтэн Чарьлз Дарвин ажиллаж байсан тэртээ 1826 онд байгуулагдсан энэ байгууллагын зорилго, үйлс нь миний үнэт зүйлтэй нийцдэг. Энэ бол маш чухал хүчин зүйл. Өөрийнхөө үнэт зүйлд нийцсэн ажил  алба эрхэлж байгаадаа  маш их баяртай байдаг. Хүн ер нь үнэт зүйлтэйгээ нийцдэггүй газар ажиллах нь сайн зүйл биш л дээ, хүсээгүй ажлыг хийхийн тулд хуурамчаар, хүчээр ажиллах, эсвэл өөрийнхөө үнэт зүйлийг орхих гээд сөрөг үр дагавар гардаг. Манай Төлөөлөгчийн газар 9 хүнтэй, нэг нь Лондонд ажилладаг, бид Монголд одоогоор 3 төсөл хэрэгжүүлж байна. Хамгийн том нь зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах, таслан зогсоох чиглэлээр гааль, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Замын үүд, Ханги, Бичигтийн боомтын гаалийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах, мөн цагдаа, гааль дахь эрэлч нохойн албыг чадавхижуулахад илүү анхаарч байгаа. Нохой бол ямарч чадвар, туршлагатай хүнээс илүү ан амьтны эд эрхтэнг илрүүлдэг учир энэ албыг дэмжихэд онцгой анхаарч байгаа. Нөгөө төсөл нь Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хавтгай хамгаалах төсөл. Гурав дахь нь Архангай аймгийн Булган суманд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлж байгаа. Орон нутгийн тусгай хамгаалалттай газраа нутгийн малчид хэрхэн хамгаалах вэ? тэнд байгаа байгалийн нөөцийг нутгийн иргэд давуу эрхтэйгээр хэрхэн ашиглах чиглэлээр загвар гаргаж байгаа. Төсөл маань маш үр дүнтэй хэрэгжиж байна. Ямар ч төслийг хэрэгжүүлэхдээ богино хугацаанд үр дүн хүлээж, тухайн төслийнхөө хугацаанд сайхан байвал болчихно гэж ажиллах нь өрөөсгөл. Тухайн төсөл хэрэгжээд дууссан ч үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилэх хэмжээнд нутгийн иргэд зөв менежмент, дадалд чадварт суралцаад хэнээс ч хамааралгүйгээр нутгаа хамгаалдаг, байгалийн нөөцөө зохистой ашигладаг байх нь чухал гэж бодож ажиллаж байгаа. Анх төсөл эхлэх гээд очиход малчид маань тэс хөндлөн байсан гэж хэлж болно. Ойр орчмын нутгаа хамгаалж эргүүл харуул хийхэд надад хэдэн төгрөгийн цалин өгөх юм гэдэг ч юмуу. Малчидтай зөв ойлголцож ажиллах хамгаас чухал. Манай улс зах зээлийн нийгэмд шилжихдээ малчдаа хаячихсан нь хамгийн буруу. Малчид ёстой бор зүрхээрээ яваа хүмүүс шүү. Малчдын боловсрол, малчдын хөгжил гээд ярьвал олон зүйл яригдана л даа. 

 

МИНИЙ ЭХ ОРОН БОЛ ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛ МИНЬ


-Та сая хэллээ, бид малчдаа хаячихсан. Малчдаа анхаарах цаг нь болсоон гээд. Энэ талаараа...
-Зах зээлийн нийгэмд шилжиж мал хувьчлагдаад малчдаа хаячихсан улс шүү. Малчдынхаа боловсролд анхаарах, нийгмийн асуудлыг шинэ түвшинд гаргаж ирэх хэрэгтэй болжээ. Малчин хүнд хэрэгтэй мэдээлэл хаана ч маш бага. Өнөөдөр зурагтгүй малчин өрх байхгүй шахуу гэтэл тэр олон сувгаар малчин хүнд хэрэгтэй, малчдын боловсролд нэмэртэй мэдээлэл зөвлөгөө байна уу гэвэл бараг үгүй, харин  ч улс төрийн хэрүүл, солонгос кино, баахан морины уралдаан гарах нь их. Малчдын ихэнх хувь нь дунд насныхан байна. Тэгвэл тэнд зах зээлийн нийгэмд МАА-гаа яаж авч явах вэ, цагаан идээгээ хэрхэн худалдан авагчийн таашаалд нийцүүлэх, арьс, шир, ноосоороо яаж өрхийн түвшинд бүтээгдэхүүн хийх, малын бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэх, үнэ ханшийн мэдээ авах зэрэг малчдад чухал мэдээллүүд маш дутмаг. Жишээ нь нэг идэвхитэй залуу малчин бүсгүй цагаан идээний сургалтанд суух, нэг малчин залуу өөрт хэрэгтэй эдийн засгийн тооцоо хийж сурья гээд ийм төрлийн мэдлэг олгочих сургалт хайгаад явахад хаана ч байхгүй байгаа. Ихэвчлэн үсчин, сантехникч, тогооч зэрэг суурин газрынханд зориулсан сургалтууд эсвэл уул уурхай мэргэжлийн сургалт их. Харин малчдад зориулсан сургалт сум байтугай аймгийн төвд ч алга шүү дээ. Бас нэгэн зүйл нь нийгэмд малчдын тухай буруу ойлголт давамгайлсан хэвээрээ байна. Хошин шогийнхон гэхэд малчин хүн гэхээр  тэнэгдүү, юм мэддэггүй гэнэн хүний дүр бүтээдэг ш дээ. Энэ чинь инээдэм юм шиг мөртлөө нийгэмд хор уршигтай, шинэ үе, хотын залуучуудад малчдын талаарх  сэтгэгдлийг буруугаар  өгч, хотынхон нь малчдаа ад үзэх, гадуурхах хандлагыг бий болгож байна. Тэр хошин шогийг үзсэн унаган хотынхон малчид бол ийм л тэнэгдүү гэнэн болхи, соёлыг гайхаад байж байдаг хүмүүс гэж ойлгоно. Тэгвэл малчин хүн гэж яг хэн юм бэ, хошин шогийнхоны илэрхийлдэг тэр хүмүүс юмуу эсвэл дээл хөөрөглөсөн, аархсан нэгэн юмуу? Нөгөө холч ухаантай, ажилсаг, хөдөлмөрч, тэсвэр тэвчээртэй жинхэнэ малчин хүний дүр төрх хаана байна?  Миний харж байгаагаар жинхэнэ малчин хүний дүр төрхийг нийгэм таньж мэдэхгүй байгаа нь харамсалтай. Нөгөө талдаа малчид ч бас өөрчлөгдөж, түрүүний ярьсан шалтгаанаар өв уламжлалаа мартах талдаа, бас өөрсдөө өөртөө итгэх итгэл сул байна. Оксфордын их сургуулийн нэг эрдэмтэн манай малчдын хандлагыг судалсан байдаг юм билээ. Юу гэсэн бэ гэхээр малчдын ихэнх нь өөрсдийгөө “мань мэтийн хөдөөний хүн..., хоцрогдсон бүдүүлэг  хүн  юу ч хэлэхэв дээ, дээгүүр томчууд мэдэх биз” гэсэн өөртөө үл итгэх хандлага түгээмэл гэсэн байна билээ. Ийм тохиолдолд төр, олон нийтийн байгууллагаас малчдаа дэмжиж, зөв ойлголцож ажиллах нь хамгийн чухал. “За хөдөөний хүнд энэ хамаагүй, юугаа мэдэхэв гээд тэдний үгийг сонсоод ч яадын” гээд тэдний оролцоог хангахгүй яваад байж боломгүй. Тэдэнд өөртөө итгэх итгэлийг өгөх, өөрсдийн давуу талыг нь ойлгуулах, тэдэнтэй ойлголцож хамтран ажиллавал олон ажлыг зохистой хийж чадна гэсэн үг. Байгаль хамгаалах талаасаа нутгаа хайрлах сэтгэл хүн бүрт  байгаа төдийгүй хүн бүр тэр дундаа малчид байгалиас ихээхэн хамааралтай амьдардаг. Тэгэхээр тэдэнд ойлгуулж, тэдний давуу талыг үнэлж, зөв хамтран ажиллах нь чухал. Бид төслийнхээ хүрээнд энэ талаар илүү анхаарч ажилладаг. Миний хувьд гадаадын байгууллагууд, төрийн бодлого гаргахад зөвлөх зэрэг нилээн макро түвшинд ажилласан,  нөгөө талаар анхан шатны түвшинд ч малчидтай хамтарч тэдний асуудлыг сайн мэддэг учир нилээн давуу талтай  аль аль талдаа сайн ойлголцох боломжтой байдаг.


-Малчидтай маш сайн ойлголцож ажиллахад таны малчин өвөө, эмээ дээрээ өссөн тань нөлөөлдөг гэж та боддог уу? 
-Тэгэлгүй яахав. Малчин эмээ, өвөө дээрээ өссөн маань миний амьдралын чигийг заасан хамгийн чухал хүчин зүйл гэж би хэлнэ. Малчдын амьдрал, малчин хүн ямар хүн бэ гэдгийг мэдэрч өсч,  өвөө, эмээгээсээ ажилч хичээнгүй байх, тууштай, шантралгүй байх гээд говийн хүний олон зан чанарыг өвлөж авснаас гадна, байгаль дэлхий, уул устайгаа ойрхон өссөн маань НҮБ, бусад олон улсын байгууллагад ажиллахад миний давуу тал болдог байлаа. Хүн ер нь хаана төрсөн гэхээсээ хаана, ямар орчинд өсөж төлөвшсөн, хүн болсон гэдэг хамгийн чухал гэж би боддог. Би чинь өлгийтэй жаахнаасаа 2 дугаар анги хүртлээ хөдөө өвөөгийндөө байсан, сургуульд ороод аав, ээж дээрээ ирсэн ч амралт болонгуут өвөөгийнх рүүгээ гүйчихдэг л тийм хүүхэд байлаа. Хөдөөний хүүхдүүд чинь эрт тусад ордог ш дээ. Хонь хариулна, аргал түлээгээ түүнэ, усанд явна, ааруул цагаан идээгээ хийлцэх гээд  бүхий л ажилд тусална. Хонио хариулж явахдаа ном их уншдаг байлаа, заримдаа номондоо улайрч байгаад хонио алдаж явуулчихаад шилбүүрдүүлэх, зэмлүүлэх ч үе байлаа, малын бэлчээрт хэдэн дэл дэрснүүдээ сурагч болгоод, хичээл зааж, багш болж тоглоноо бас... дурсамж их. Одоо ингээд эргээд бодоход их сонин,  хаа хамаагүй хэл шинжлэлийн мэргэжил эзэмшсэн хирнээ өссөн амьдралынхаа хамгийн үнэт зүйл болсон бэлчээр, байгаль хамгаалах үйлсрүү гүн гүнзгий орчихсон.  Ер нь харийн нутагт байхад их боддог зүйл бол, “Эх орон”  гэж яг юу вэ, төрийн далбаа юм уу, төрийн сүлд юмуу, Монголын нийт газар нутаг юмуу гээд бодохоор ер нь их хийсвэр....  Оросын нэг эрдэмтний хэлсэн үг байдаг л даа. Хүн болгоны эх орон бол түүний төрсөн, өссөн тэр л газар гэж. Миний хувьд яг тийм. Эх орон гэхээр илүү бодит дүр зураг бол Говь Гурван сайхан, Базархайрхан, ишиг хургаа хариулж явсан толгод гүвээ, тоглож өссөн дэрстэй сайр, бут сондуул л нүдэнд харагдаж нэг үгээр хэлбэл тэр бүхэн сэтгэлд минь уяатай байдаг. Би их сонин ш дээ хол газар хүний нутагт удаан явахаараа эсвэл өвдөж ядрахаар  Говь гурван сайхан уулаа их зүүдэлдэг. Хүний төрж өссөн нутаг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг хүнд өгдөг гайхалтай шүү .  
-Би саяхан Ууганбаяр доктортой ярилцлага хийсэн. Орос хэл хамгийн анх заасан багшийгаа таны ээж Алтанцэцэг багшийгаа гээд одоо хүртэл сэтгэлдээ тээж шүтэж явдаг гэж ярьж байсан. Ээжийнхээ талаарх сайхан дурсамжуудаасаа хуваалцна уу? 
-Ээжийг минь орос хэлний Алтаа багш гэж нутгийнхан авгайлдаг байсан. Манай нутгийнхан чинь хүнийг ажил мэргэжлээр нь, эсвэл эхнэр, нөхрийнх нь нэрээр дууддаг. Ээж маань төгсч ирээд Даланд багшилж байсан. Далангийн сургууль тэндээ дотуур байртай сумын сургууль байлаа ш дээ. Хэдэн жилийн дараа шинэ төвийн 10 жил ашиглалтанд орж ээж маань тэнд багш болж байсан. Ээж маань үзэсгэлэнтэй сайхан бүсгүй, залуугийн их зүтгэлтэй, уйгагүй ажилсаг, сайн ээж, хань, багш байсан. Аав маань хөдөө томилолтоор их  явчихдаг тул ээж ажлаа хийж, биднийг өсгөж хүмүүжүүлнэ, ар  гэрийн ажлыг зэрэг зэрэг амжуулдаг байсан. Ихэнх багш нар өөрийн хүүхдээ гэхээсээ илүү түмний хүүхдийн төлөө ажилладаг байсан шүү дээ, ээж маань гэртээ зөндөө хүүхдүүд авчираад хичээлийг нь хийлгэнэ, давтуулна, хоол унд хийж өгнө. Манайхаар хөдөөний айлын хүүхдүүд ирж амьдардаг байсан. Миний хувьд гадаад хэлний мэргэжил эзэмшихэд сайн багш нартай байснаас гадна ээжийн маань хэлний мэргэжлээс үүдэн, орчин сайтай, ээжийн хатуу шаардлага их нөлөөлсөн. Би бага ангидаа ээжийг дагаад сургуульруу явна, ээж намайг “үлгэрийн ном уншаад сууж байгаарай” гээд сургуулийн номын санд үлдээчихдэг. Тэр үед Усника гуай номын санч байсан. Намайг номонд дуртай болгосон хүний нэг. Их сонирхолтой, гоё номнуудыг сонгож өгч байсныг одоо хүртэл санадаг. Бид ч их азтай хүмүүс. Мэдлэг, боловсролтой, ажилдаа сэтгэлтэй чадварлаг багш нараар хичээлээ заалгаж байсан. Тэр үеийнхээ багш нараар үнэхээр бахархдаг багш нарынхаа гавьяа, ач тусыг хэзээ ч мартахгүй дээ.


-Тантай ярилцах маш сайхан байлаа. Иргэдийн оролцооны чиглэлээр танд шавь ормоор санагдлаа. Удахгүй уулзаж энэ чиглэлээр танаас зөвлөгөө авья, болно байх гэж найдаж байна. Олон сайхан сэдвээр илэн далангүй ярилцсанд танд баярлалаа. 
-Бололгүй яахав. Мэддэг чаддаг зүйлээ хүнд хэлж зааж өгөх шиг сайхан зүйл гэж үгүй. Үндсэн ажлынхаа хажуугаар байгаль орчны чиглэл, гадаадад суралцах, судалгаа хийх энэ тэр гээд олон асуудлаар дүү нартаа, ялангуяа залуу бүсгүйчүүдэд зөвлөгөө өгдөг. Би одоо 50 гарсан хүн байна, юу үлдээх талаар бодохоор хамт олондоо, салбартаа хийсэн юмтай, үнэ цэнэтэй үлдэх ёстой гэж үздэг. Өөрөө сая ярьлаа ш дээ, Ууганаа ээжийн маань шавь ээжийн минь  ач тусыг санаж, одоо болтол хүндэтгэж явдаг гээд. Энэ чинь ээж минь хүний сэтгэл зүрхэнд амьд явж байна гэсэн үг. Яг түүн шиг өнөөдөр би мэддэг чаддаг зүйлээ бусдад зааж өгч түгээснээр өөрийгөө үнэ цэнэтэй үлдээж байнаа гэсэн үг. Хэн нэгэн би үүнийг Тунгаа эгчээс, Тунгаа доктороос сурсан мэдсэн гээд хэрэгжүүлээд явж байвал болж байнаа л гэсэн үг. Ингээд сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Нутгийн сэтгүүлч дүүдээ Говийн мэдээ сонинг дахин сэргээж. нутгийнхаа брэндийг хадгалах санаачилга гаргасанд талархан баяр хүргэж уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. 
.
 

Ярилцсан Н.Адъяацэрэн