Баасан гариг 2024/04/26
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 332 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 280 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 584 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 296 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 568 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 804 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 688 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1112 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 720 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

Л.Оюунчулуун: Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээД хүссэнээрээ амьдрах сайхан

НИЙТЭЛСЭН: 2019-02-25 18:27 GMT+8

-Юуны өмнө танд уурхайчдын баярын мэнд хүргэе. Ярилцлагын маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таны ээж охиноо хүнд машин механизмын анхны эмэгтэй оператор гэдгээр их бахархаж охины тухай нэвтрүүлэг хийлгэх юмсан гэж ярьдаг байсан тухай нутгийнхаа нэг сэтгүүлчээс сонсож байсан юм. Оюутолгой уурхайд ажлаар очих бүрт энэ том техникийг эмэгтэйчүүд жолооддог гэж тус уурхайхан албаны хүмүүс бахархан ярихыг олон удаа сонсож байсан. Нутгийн хүний хувьд нутгийнхаа бүсгүйгээр бахархаж нөгөө талаар бурханы оронд байгаа ээжийн тань хүслийг биелүүлэхийг зорьж таныг энэ удаагийн ярилцлагандаа урьсан юм. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 
-Баярлалаа. Ээж минь охиныхоо мэргэжил, амжилтаар бахархаж баярладаг  байсан харин нэвтрүүлэг хийлгэх хүсэл мөрөөдөлтэй байсанг дүү нь мэдээгүй. Анх удаа л танаас сонсож байна. Өчүүхэн намайг тоож ярилцлагандаа урьж,  ээжийн минь хүсэл мөрөөдлийг биелүүлж байгаа танай сонины хамт олонд маш их баярлалаа. Тэнгэрт байгаа ижий, аав хоёр минь баярлаж байгаад гэдэгт итгэлтэй байна. Намайг Лүйсүрэнгийн Оюунчулуун гэдэг. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өсч төрсөн. Аав маань Ханхонгор сумын Мандах багийн уугуул, нутаг усандаа бяр тэнхээгээр алдартай аймгийн заан цолтой Лүйсүрэн гэж гүндүүгүй сайхан хүн байсан. Ээж маань Баяндалай сумын уугуул, Сугирын Цэцэгмаа гэж ардын сайхан багш хүн байсан. Бид гарын таван хуруу шиг ах дүү тавуулаа. Ах, дүү нар бүгд тус тусын ажлаа хийгээд сайхан амьдарч яваа. Би Оюутолгой компанид хүнд машин механизмын оператороор ажилладаг. Долоо хоногийнхоо амралтаар ирчихээд байж байгаа нь энэ.
-Одоогийн Очког би сайн мэднэ. Ажилсаг хөдөлмөрч бүсгүй гэдгийг тань. Харин бага насандаа ямархуу хүүхэд байв. 
-Аав, ээжийн ах дүү, хамаатан садангууд маань намайг багын хэрсүү хүүхэд гэдэг байсан. Айлын ууган охин болохоор гэрийн ажлыг маш сайн хийдэг хүүхэд байсан. Аав хөдөө олон хоног сараар явчихдаг, ээж багшийн ажилтай болохоор өглөө гараад орой гэрийн бараа харна. Ах маань түлээ модоо бэлтгэж, усаа авчихдаг, миний хувьд аав, ээжийгээ орлоно, дүү нараа асарна, гэрийн ажлаа хийнэ, хоол ундаа хийнэ гээд айлын ууган охины ажил мундахгүй их байсан. 4 дүгээр ангиа төгсөөд Хөгжим бүжгийн сургуульд шалгалт өгөөд тэнцээд Улаанбаатар хотод Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүжгийн ангид ирж суралцсан. 12 настайдаа гэсэн үг. Аав, ээжээсээ холдож үзээгүй жаахан хүүхэд их хотод хөл тавьсан минь тэр. Тэр үеийн хүмүүс хүүхдээ хот хүрээ газар сургах нь ховор байсан л даа.  Хөгжим бүжгийн сургуульд сурахад ерөнхий эрдмийн хичээлийнхээ хажуугаар урлагийн чиглэлийн сонгосон хичээлийг түлхүү үздэг, давтдаг, цаг их зарцуулдаг байсан. Дотуур байрандаа амьдарна, бүх зүйлийг бие дааж хийнэ, хичээлээ хийнэ,  бүжгийнхээ бэлтгэлд явна, хувцас хунараа угаана, өрөө байраа цэмцийлгэнэ гээд айл гэрт ямар ажил байна тэр болгоныг хийдэг байсан. Зуны амралтаасаа бусад үед гэр рүүгээ явахгүйгээр сурдаг байсан. Харамсалтай нь 7-р ангид байхад хөл дээр минь яс ургаад эмчлүүлэх шаардлагатай болоод хөгжим бүжгийн сургуулиа орхисон. Буцаж ирээд аймагтаа ирж суралцаж дунд сургуулиа төгссөн. Хөгжим бүжгийн сургуульд хоёр жил сурахдаа өөрийгөө дааж амьдрах, тооцоотой байх, дүрэм журамтай байх гээд маш их зүйлийг сурсан. Багаасаа бие дааж амьдарч,  айлын том охины үүргээ сайн гүйцэтгэж ирсэн маань амьдралын хүнд хэцүү, өнчрөл хагацалд тэвчээр хайрладаг юм уу гэж боддог.  Ижий, аавыг минь бурхан арай л эрт аваад явчихсанд дэндүү их харамсдаг. Ижий, аав минь байхгүй болохоор ахдаа, дүү нартаа түшиг болохыг хичээнэ. Тэднийгээ ирэхэд ээж шигээ цай хоол хийгээд халуун дулаан угтахыг хичээнэ, өвдөж, зовоход хамгийн түрүүнд очихыг хичээдэг. Бурхан надад ийм үүрэг ноогдуулсан гэж ойлгодог.
-Бүжгийн авьяастай хүүхэд сургуулиа төгсөөд ямар мэргэжлийг сонгов энэ талаараа сонирхуулна уу? 
-Дунд сургуульд байхдаа сурлагатай сайтай хүүхэд байсан гэж хэлвэл өөрийгөө магтсан болчих болов уу.(инээв) Дунд сургуулиа онц төгсөж чадаагүй л дээ. Олон онцтой сайн төгссөн. Конкурс өгөөд МУИС-ын хуулийн ангийн хоёр хуваарь очсоны нэгийг нь авсан. Тэр үед нийгэм сайхан байгаагүй, иргэдийн санхүүгийн боломж ч тааруу байсан үе. 1994 онд гэсэн үг. Ээжийн маань дүү намайг хотод сургуульд маань хүргэж ирсэн юм. Сургуульдаа ирээд бүртгүүлэх гэтэл Өмнөговьд хуулийн нэг л хуваарь очих ёстой байсан андуураад хоёрыг явуулсан байсан. Тийм болохоор чи хуулийн ангид орох боломжгүй гэсэн. Би хуваариа залилуулчихсан юм шиг байгаа юм. Яах учраа олохгүй сургалтын алба бараадаад өнждөг байсан. Тэгээд сургалтын албанаас ийм сайн сурлагатай, хуулийн ангийн хуваарьт тэнцсэн чамайг буцаагаад явуулалтай биш  гээд өөр ангид сургахаар боллоо гээд тэр жил МУИС-д анх нээгдэж буй Шашин судлалын ангид оруулсан. Аав, ээж хамт ирээгүй болохоор  хэл ам хийгээд хөөцөлдөөд, зөвлөлдөөд ярилцах хүнгүй байсан нөгөө талаар оюутан болно ихийг сурна гээд ирсэн хүн буцах зам үгүй хүн хэлсэн тэр ангид нь  орсон доо. Бага насны хүсэл мөрөөдөл, сонирхолоосоо тэс өөр ангид орчихно тэр. Айлын том охин боловсролтой байх ёстой гээд, аав, ээжийнхээ итгэлийг алдахгүй гээд  философи, төвд хэл судлаад л 2 жил суралцсан даа. Хүн сонирхолгүй зүйлдээ хичнээн мэрийгээд ч амжилт олдоггүй юм билээ. 2 дугаар курсээ төгсөөд сургуулиа орхисон. Сургуулиа орхиж очоод аав, ээжээсээ уучлалт гуйсан л даа. Охин нь заавал дээд боловсролтой болохгүй ч гэсэн ажил хийж та хоёртоо туслаад, сайхан амьдарнаа, охин нь чаднаа л гэж хэлсэн. Хоёр жилийн сургалтын төлбөр, байр, хувцас хунар, хоол унд, ном, дэвтрийн мөнгө гээд ижий, аав хоёр минь чамгүй их мөнгө гарсанг талаар болгож байгаа болохоор  уучлалт гуйж амлалт өгч байгаа нь тэр. Дээд боловсрол эзэмшиж чадаагүй минь ийм учиртай. Гэхдээ би дээд боловсролтой болоогүйдээ хэзээ ч харамсаж байгаагүй.
-Тухай үед хүн бүр хүүхдээ дээд боловсролтой болгохыг хичээдэг байсан. Ялангуяа эмэгтэй хүүхдээ. Одоо ч мөн ялгаагүй. Харин богино хугацааны сургалтаар мэргэжил эзэмшиж, ажлын байртай болж, сайхан амьдрах боломж бий байгаа. Энэ талаар таных бодол.
-Тэгэлгүй яахав. Ээж, аав ч гэлтгүй бид өөрсдөө ч 4 жил сураад дээд боловсролтой болоод ажлын байртай болох үгүйгээ ч мэдэхгүй их, дээд сургууль руу тэмүүлдэг байсан. Сургуулиа орхиж очоод л ажил хийгээд мөнгө олоод ээж, аавдаа, дүү нартаа нэмэр болчихно гэж бодсон чинь оюутны ширээнээс ирсэн надад битгий хэл мэргэжилтэй хүмүүст ажил олдохгүй, тэр үед эмэгтэйчүүдийг эрт тэтгэвэрт гаргаад ажилгүй хүн маш олон болсон ажил олдохгүй хэцүүхэн л байсан үе. Хамаатаны ахын дэлгүүрт худалдагч хийнэ, ах дүү нарынхаа ажилд туслана гээд юухэн хээхэн хийнэ. Хотод ажил олдох нь арай дээр гээд буцаж хот ирсэн. Янз бүрийн ажил хийж байсан даа. Ажил голохгүй хийдэг байсан минь ажил хийх дадлага туршлага болж, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлж гараа хөдөлгөж байж амьдрах ёстой гэдэг аавын хэлсэн үгийг хатуу ойлгуулсан цаг үе байсан. 2004 оны зуны нэг өдөр аймгийн Говийн долгион 103,6 FM ээр Оюутолгой компанид үйлчилгээний ажилтан авна, сонирхсон хүмүүс ирж бүртгүүлнэ үү гэсэн зар явдаг юм. Бүртгүүлж, ярилцлаганд орох гээд очсон маш олон хүн дугаарласан байсан. Ярилцлаганд орлоо. Гэрийнхээ утасны дугаарыг өгсөн, утсаа чагнаж байгаарай утсаар чинь хариу хэлнээ гэсэн.  Ээж, бид хоёр утас чагнадаг ажилтай. Гэтэл нэг өдөр Айнхоумайнз компаний Даланзадгад дахь оффисоос ярьж байна. Та ажилд орохоор тэнцсэн. 8 сар гэхэд ажилдаа орчихно байх удахгүй утсаар дуудна гэсэн. Гэр дүүрэн баяр хөөр болсон.  За тэгээд бас хүлээдэг, утсаа чагнадаг ажилдаа орсон. Бараг 2 сар гаруй хүлээсэн. Ажилтай болтолоо зүгээр суугаад яахав гээд Эрээн рүү явж бараа авчирч зарья гээд ээждээ хэлсэн. Ээж маань охин том газар ажилд ороод болно бүтнэ гэж бодсон байлгүй дээ хөөрхий хашаа байшингаа барьцаанд тавиад нэг сая төгрөгийн зээл авч өгөөд би гэдэг хүн Эрээн рүү наймаанд яваад. Баахан бараа авчираад зарсан ч ашиг энэ тэр олж сүйд болсонгүй өртэй үлдчихсэн. Тэгж байтал Айнхоумайнз компаниас дуудаад 10 сарын 20 нд тус компанид үйлчлэгчээр ажилд орж байсан юм.Үйлчлэгээчээр ажиллаад маш их юм сурсан. Хүнтэй харьцах, цаг баримтлах, гэр, өрөө тасалгаа, ариун цэврийн өрөөг  стандартын дагуу цэвэрлэх гээд шинэ ажил, шинэ соёлд суралцсан гэж хэлж болно. Үйлчлэгчээр жил гаруй ажиллаад одоогийн хийж буй операторын ажилд шилжсэн.. Оюутолгой хэмээх дэлхийн хэмжээний уурхайг байгуулагдснаас хойш буюу 2004 оноос хойш ажиллаж байна. Энэ бол  багагүй хугацаа гэж боддог. Аав, ээжийнхээ захьдаг байсан ажил хүнийг голдог болохоос биш хүн ажлыг голохгүй гэдэг сайхан үгийг амьдралдаа мөрдлөг болгож ажилласаар өнөөдрийг хүрсэн дээ.
-Оюутолгой бол дэлхийн хэмжээний том уурхай. Энэ уурхай ажилчиддаа өндөр шалгуур тавьж авдаг байх, нөгөө талаар тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бол мэдээж хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай байгаа нь ойлгомжтой  Таны эзэмшсэн бидний хэлж яншснаар дамп үнэхээр агуу том техник харагддаг Энэ агуу техникийг хэрхэн эзэмшив? Үйлчлэгчээс оператор болсон түүхээсээ хуваалцана уу?
-Хүнд машин механизмын оператор гэдэг энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн  түүх минь  их гоё.  Би ярих дуртай байдаг (инээв) Намайг үйлчлэгчээр ажиллж байсан 2004 онд Оюутолгой уурхайд бүтээн байгуулалт ид өрнөж барилгажилтын үе дөнгөж эхлэж сууриа тавьж байсан үе. Үйлчилгээний хэдэн охидууд бид ажлынхаа хажуугаар буюу үдээс хойш нь хоёр, хоёроороо гарч орчин тойрныхоо хог түүж цэвэрлэдэг байсан. Бидэнтэй Ларри гээд гадаад ахимаг хүн хамт ажилладаг байсан. Бид Ларри өвөөг гэж дууддаг байсан юм. Ларри өвөө маань машинаа бариад орчуулагчаа бас  бид нарыг хойноо суулгаад хог түүх ажилд явдаг байсан. Машин нь Ланд 76 гээд машин. Тухайн үед тэр машинд суух нь гоё байсан бөгөөд хог түүх ажил нь муухай гэж огт бодогдож байгаагүй л дээ. Тэр өдөр миний хувь заяаг өөрчилсөн өдөр байсан.  Тэр өдөр би Баян-овоо сумын  Наранцэцэг гээд охинтой хамт Ларри өвөөгийн машинд суугаад хог түүх ажилдаа явж байтал Ларри өвөө: Барилгын суурь ухдаг экскаватор шиг машин руу зааж байгаад та хоёр уухайн том машин барихыг хүсч байна уу? Гадаад улс оронд уурхайн том машиныг эмэгтэйчүүд жолооддог гэж ярьсан. Би хариуд нь ийм машин барьмаар байнаа л гэсэн. Бидний оройн ажил угаасан хувцаснуудыг гэрүүдэд буцааж тараадаг ажил байсан. Түүнийгээ хийхээр угаалгын газар очтол манай үйлчилгээний ахлах Баяржаргал  эгч “Очко чи Ларри өвөөд том машин барьж сурмаар байна гэж хэлсэн юм уу гэж асуусан би ч тиймээ л гэсэн. Чамайг хүнд машин механизмын хэлтэст шилжүүлэхээр боллоо гэсэн.  Нөгөө охин маань оператор болохгүй үйлчлэгчээ хийнэ гээд үлдсэн. Түүний оронд Тэгшээ гээд охиныг надтай хамт дадлагажуулахаар болсон. Маргаашнаас л шууд CAT 769 дампанд суулгачихсан. Өөртөө ч сайн итгэж өгөхгүй байсан, маш их догдолсон, баярласан. Жижиг машин ч барьж үзээгүй хүн тийм том техникийг хараад бүүр гайхшралд орсон. Операторынх нь хажууд суугаад өдөр бүр дадлага хийж бараг 3 сар болсон.  Хөдөлгүүрээ асаах,  аюулгүй ажиллагаа, явах замаа цээжлэх, техниктэй харьцах гээд бүх зүйл миний хувьд шинэ байсан.  Зунжингаа халуун дампанд өдрийг өнгөрөөнө шүү дээ. Тэр үед агааржуулагч байхгүй, уурхайн ажил эхэлж байсан болохоор тоос шороо ихтэй хэцүүхэн байсан ч шантараагүй. Тэгээд 2005 оны өвлөөс өөрөө бие дааж дампаа барьсан даа. Ингэж   Оюутолгой компаний өөрсдөө сургаж бэлтгэсэн анхны хоёр эмэгтэй операторын нэг болсон. Түүнээс хойш CAT769, TEREX60, CAT773 гээд олон хүнд механизмыг жолоодож байсан.  Одоо жолоодож байгаа техник маань хамгийн сүүлийн үеийн Комацу 930Е загварын дамп, өөрийн жин нь 300 тонн, ачааны  даац нь бас 300 тонн шүү дээ. Ачаатай 600 тонн жинтэй гэсэн үг. 2011 оноос ил уурхай ашиглалтанд ороход л энэ техникээ  жолоодож эхэлсэн, 8 дахь жилдээ энэ техниктэйгээ “найзлаж байна” (инээв)
-Бахархалтай сайхан санагдаж байна. Эмэгтэй хүн хүнд машин механизмыг жолоодож болно гэсэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны бичиг танд байдаг гэж байсан. Энэ бичигний түүхийг ярьж өгөөч? 
-Манай улсын уул уурхайн хөгжил олон жилийн түүхтэй ч гэлээ уурхайд ашиглагддаг техник хэрэгсэл ихэнх нь орос улсаас орж ирдэг байсан. Оюутолгой уурхай орчин үеийн том, хүчин чадалтай  техникүүдийг оруулж ирж хэрэглэж эхэлсэн анхны уурхай гэж би боддог. Тухайн ийм том техникийг эмэгтэй хүн жолоодох тухай ойлголт байгаагүй төдийгүй Эрүүл мэндийн яамнаас 1999 онд батлагдсан эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтанд хүнд машин механизмын оператор гэж тусгагдсан байдаг юм билээ. Тэгээд 2005 онд Улсын мэргэжлийн хяналтын албанаас улсын байцаагч ирж нилээд олон өдөр Тэгшээ дүү бид хоёрын жолоодож байсан CAT769 машин дээр янз бүрийн туршилт судалгааг хийсний үндсэн дээр эмэгтэй хүний ажиллуулахыг хориглосон ажлын байрны дүгнэлтэнд өөрчлөлт оруулах шаардлагатай төдийгүй  уул уурхайн том оврын машин барих нь эмэгтэй хүний биед сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Энэ дүгнэлтийн дагуу эмэгтэй хүн ажилллахыг хориглосон ажлын байрны жагсаалтаас уул уурхайн хүнд машин механизмыг жолооч гэдгийг хасч өөрчлөх ёстой байсан байх. 2008 онд Оюутолгой хөрөнгө оруулалтгүй гэрээ байгуулагдаж чадаагүй, компаний байдал хүнд болж компанид томоохон цомхотголд явагдсан. Би тэр үед жирэмсэн байсан болохоор өөрийн хүсэлтээр цомхотголд ороод ажлаасаа гарчихсан. Хүүгээ төрүүлээд хоёр жил гаруй гэрээр байж байгаад буцаад компанидаа орох хүсэлт гаргасан. Гэтэл гадаад мэргэжилтэн маань өөдөөс танай улсын энэ ажлын байртай холбоотой  дүрэм, журам өөрчлөгдөөгүй, энэ ажлын байранд эмэгтэй хүн ажиллаж болохгүй гэсэн журам хэвээрээ учир бид эмэгтэй хүмүүсийг хүнд механизмын оператороор ажиллуулах боломжгүй байгаа гэж хариу өгсөн. Тэгээд би Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам гээд яам тамгын газраар явсан. Уйгагүй олон сар явсан. Олон ч даргатай уулзаж,  МХ -аас эмэгтэй хүн ажиллахад ямар нэг сөрөг нөлөөгүй гэж дүгнэлт гаргасныг тайлбарлаж явсан. Тэгсэний хүчинд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн байгууллагын эрх мэдлийн хүрээнд шийдэж болно гэсэн албан бичгийг Оюутолгой компанид  өгөөд нэг хувийг нь надад өгсөн. За чи энэ бичгээ бариад өөрөө байгууллагатайгаа учраа ол гэсэн л дээ. Энэ бичгийнхээ хуулбарыг авангуут админ Авирмэд дүү рүүгээ ярьсан. Юу ч та бичгээ явуулчих гэсэн. Түүнээс хойш нилээн асуудал болж байж,  Оюутолгойн гэрээт  CALM компанид  ороод жилийн дараа 2011 онд Оюутолгой уурхайн үндсэн ажилтан болж орсон юм. Үүнээс хойш олон олон эмэгтэйчүүд маань энэ ажлын байранд амжилттай ажиллаж явааг харахад сайхан санагдаж, өөрөөрөө, хамт ажилладаг монгол  бүсгүйчүүдээрээ бахархаж явдаг. 
-Таны хувьд анхдагчдын нэг, бас хамгийн удаан ажиллаж байгааа операторын нэг гэж ойлгож байна. Одоо тантай мөр зэрэгцээд хичнээн эмэгтэйчүүд яг энэ ажлын байр дээр ажиллаж байна вэ? 
-Одоо Оюутолгой уурхайд 20 гаруй эмэгтэйчүүд энэ мэргэжлээр ажиллаж байгаа. Дөнгөж дунд сургууль төгссөн хүн ч байна, малчин байж байгаад ирсэн хүн ч бий, их дээд сургууль төгссөн эмэгтэйчүүд ч  энэ том техникийг эзэмшээд  бүтээн байгуулалтанд оролцоод явж байгаа даа. Оюутолгойгоос гадна Монголын томоохон уурхайнууд болох "МАК", "Саусгоби сэндс",  "Энержи ресурс", "Тавантолгой" уурхайнууд эмэгтэйчүүдийг дампны оператороор сургаж авдаг болсон. Олон сайхан эмэгтэйчүүд энэ аварга том техникийг эзэмшээд, нэр хүндтэй, хариуцлагатай ажиллаж, сайхан амьдарч байгаад харахад бахархахгүй байхын аргагүй. 2011 онд ил уурхай эхлэж уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болж орон нутгаас ажиллах хүч их авч эхэлсэн. Тэр үед манай ахлах надад нээх гоё урмын үг хэлж байсан. Тэр нь юу вэ гэхээр  гэхээр ил уурхайн өргөжиж олон ажлын байрны захиалга ирж байна, хүний нөөцөөс дампны операторын ажлын байранд эмэгтэй хүн авна гэсэн захиалга өгч байгаа. Эмэгтэй хүн энэ том техникийг ажиллуулж чаддаг гэдгийг, эмэгтэйчүүд маш хариуцлагатай ажилладаг гэдгийг Оюунчулуун чи харуулж чадсан учир хүний нөөц ийм захиалга өгч байгаа , олон олон эмэгтэйчүүддээ үлгэр жишээ болж,  боломжийг нээж өгсөн чамд баяр хүргэе гэж хэлж байсан. Өнөөдрийг хүртэл би анхдагч, би чадна, би олон жил хийж байгаа юм чинь гэж бодож байсангүй өглөө бүр ажилдаа гарахдаа би хичээх ёстой, би анхааралтай, хариуцлагатай, осол авааргүй ажиллах ёстой гэж өөртөө хэлээд ажилдаа гардаг даа. Техникийн ямар ч мэдлэггүй, хүсэл мөрөөдөл дүүрэн жаахан охиныг энэ техникийг эзэмшихэд олон хүн хүмүүс туслаж дэмжиж, урам өгч ажиллаж ирсэн.   Айванхоу майнз компаний орон нутаг дахь хэлтсийн менежер хийж байсан Ларри өвөө, уурхайн хүнд машин механизмын хэлтсийн админ Авирмэд гэж бүсгүй бий.Үйлчлэгчээс оператор болох замыг зааж өгсөн Ларри өвөө (бурхан болсон гэж сонссон) админ  Авирмэд болон Миск Валлер нартаа болон компанийн удирдлага хамт олон үргэлж талархаж, тэдний итгэлийг алдахгүй, урмыг нь хугалахгүй юмсан гэж хичээж яваа. Одоо хамтран нэг баг болон гар сэтгэл нийлэн их бүтээн байгуулалтанд оролцож буй ил уурхайн А ээлжийнхээ хамт олон, найз нөхөддөө баярлаж талархаж явдаг.
-Дэлхийн хэмжээний том уурхайд тогтвортой ажиллана гэдэг бол том шалгуур. Сурсан, мэдсэн зүйл их байгаа байх, нөгөө талаар ажлаа сайн хийхэд энэ зан чанар минь нөлөөлдөг гэж бодол байдаг. 
-Маш их зүйл сурсан. Оюутолгой бол аюулгүй ажиллагаагаар дээгүүрт ордог уурхай. Миний хувьд өнөөдрийг хүртэл ажлын байрандаа осол аваар, алдаа гаргаагүй ажиллаж ирсэн. Энэ нь аюулгүй ажиллагааг сайн мөрдөж ажилласны минь үр дүн гэж ойлгодог.Аюулгүй ажиллагааны дүрмийг ажил дээрээ ягштал биелүүлдэгтэй адил амьдралдаа ягштал мөрддөг. Үр хүүхэд, эргэн тойроныхондоо ч гэсэн осол аваараас урьдчилан сэргийлж, өөрт болон бусдад хүндрэл учруулахгүйгээр аюулгүй ажиллах зөв дадал хэвшил бий болгодог гээд эерэг нөлөө их. 

Бидний хийж буй ажил хүнд ажлын тоонд орно. Тэсвэр тэвчээр, анхаарал, хариуцлага, ур чадвар гээд их зүйл шаардагддаг. Мэдээж хамт олон, удирдлагын дэмжлэг, заавар зөвлөгөө, эцэг, эхээс минь олгосон хүмүүжил, өөрийн хичээл зүтгэл гээд олон зүйл нөлөөлж байгаа л даа.  
Аав, ээж хоёр маань ажил хийж хуруу гараа хөдөлгөхгүй бол чи сайхан амьдарна гэж зүүдлээд ч хэрэгггүй хөдөлмөрлөж байж сайхан амьдарна гэж их хэлж захьдаг байсан. Бас ямар ч ажлыг гололгүй хий, компаний төлөө ч юмуу, компанийн захирлын төлөө ч юмуу хэн нэгнийгээ төлөө ажиллаж байна бодож ерөөсөө болохгүй эцсийн эцэст чи өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж байгаа учир ажилдаа сэтгэл хангалуун байж, эерэг бодолтой ажлаа хий сур гэж зөвлөдөг байсан. Хүн хийж буй ажлаа бусдын төлөөх ажил юм шиг, ял юм шиг бодож өөрийгөө зовоох утгагүй. Хийж байгаа ажилдаа дуртай, ажлаараа, мэргэжлээрээ бахархаж ажлаа хийгээд  ирэхээр ажлын хүнд хэцүүг мэдрэлгүй,  ачаалал дааж,  эрч хүчтэй  ажилладаг гэж боддог.
-Гэр бүлээ танилцуулна уу. Аль нутгийн бэр болов? Одоо аймагтаа амьдарч байна уу эсвэл өөр газар амьдарч байна уу? 
-Миний ханийг П.Цэрэндорж гэдэг. Би алс хязгаар Увс нутгийн бэр болсон. Бид Оюутолгойд танилцаж гэр бүл болсон хосууд. Нөхөр маань Оюутолгой компанид надтай адилхан ажил хийдэг. Манайх хоёр хүүтэй, ам бүл дөрвүүлээ, хотод амьдарч байгаа. Том хүү маань сонирхол, хоббигоороо мэргэжлийн гэрэл зургийн студид ажиллаж байгаа. Бага хүү маань дунд сургуульд сурч байгаа. Манай хүн бид хоёр нэг ээлжинд ажилладаг болохоор хадмууд маань гэр орон, хүүхдүүдийг нь харж ханддаг. Бусад залуу гэр бүл яаж айл гэр болдог байсан тэр жишгээр өрхөө гэрээ төвхнүүлсэн дээ бид хоёр. Анх  хадмынхаа гэрт нэг шар ор авч тавиад хамт амьдардаг байсан. Дараа нь тусдаа гарахаар хичээж Цайз арван зургаад хадмынхаа хашаанд 4 ханатай гэр барьж тусдаа гарсан. Бас нэг сонин түүх гэвэл. Аав маань бурхан болчихсон. Ээж маань ганцаараа ажил хийдэг байсан үе. Эх хүн болсон хойно үр хүүхдээ ор гэртэй тусад гаргачихыг хичээсэн хэрэг байх. Тэр үед Баярсайхан гишүүн иргэдэд гэр олгодог байж л дээ. Нагац ахтай минь ойр дотно журмын нөхөд байсан улсууд тийм болохоор ээж нь маань Баярсайхан даргатай уулзаад бодвол амьдралаа учраа хэлсэн байх даа. Баяраа ах ээжид маань 5 ханатай гэр өгсөн гэдэг.  Ээжийг тэгж хөөцөлдөж байгаа гэж мэдээгүй л дээ. Нэг өдөр ээж минь бөөн баяр хөөр утсаар яриад миний охин ирж энэ гэр ав гээд... Тэгээд бид ачааны машинаар Өмнөговиос таван ханатай гэрээ ачиж ирээд бариад орчихсон. Орон гэрээ томруулсан улсууд доторхийг хир чинээгээр тохижуулж сайхан айл болсон. Залуу хүмүүс учир илүү сайхан амьдрал руу тэмүүлж, дараа нь орон сууцны зээлэнд хамрагдаж хоёр өрөө сууцтай болсон. Хоёул хоёулаа боломжийн цалинтай ажил хийж байгаа болохоор хэдэн жил болоод орон сууцны зээлээ төлж орон сууцаа арай том болгосон. Ажил хийвэл ам тосдоно гэдэг.  Хөдөлмөрийнхээ үр шимийг хүртээд хүссэнээрээ амьдрах шиг сайхан юм хаа байхав. Хүний амьдрал хойно гэр бүлд хааяа үл ойлголцох, муудах, сайндах зүйл гардаг. Эмэгтэй хүн болохоор би ч түргэн зан гаргачихна. Тэр үед миний хань хэлдэг л дээ. Хоёулаа нэг, нэг чемодантай нийлж гэр бүл болж, нэг сар ч өнжилгүй хүнд  ажил хийж хөдөлмөрлөж өнөөдрийн амьдралаа босгосон энэ амьдралын бүх зүйлд чи бид хоёрын хөдөлмөр, хөлс, хүч бүгд шингэсэн байгаа тийм болохоор бүтээсэн босгосон  амьдралаа хайрлах ёстой гэж ухаарал хайрладаг даа. Тийм болохоор амьдралдаа дэндүү хайртай.
-Таны аав нутагтаа усандаа гайхагдсан бяр тэнхээтэй хүн байсан гэдэг. Аавын тань нэрэмжит бөхийн барилдаан болдог. Та нар зохион байгуулдаг байх тийм үү.
-Аавыг маань дүүгүүр Лүйсүрэн гэж нутгийнхан дууддаг байсан л даа. Аав, ээж хоёр маань хоёулаа өндөр сайхан биетэй хүмүүс байсан. Аав маань усны аж ахуйн удирдах газарт өрмийн мастер хийдэг, хөдөө их явдаг ажилтай байсан. Манлай суманд аавын минь нэрээр нэрлэсэн Лүйгийн худаг гээд байдаг нутгийнханаасаа сонсож байсан юм. Аав маань залуудаа бор дарсанд дурлаж, алдаж онож явсан үе бий. Би хэзээ ч буруутгадаггүй. Эцэг, эхийнхээ алдаа шүүх эрх  хэнд ч байх ёсгүй гэж боддог. Хүний амьдрал л юм чинь сайнтай муутай, ээдрээтэй  замыг туулсан л байдаг.   Миний аав олонтой хүн байсан. Таних, танихгүй олон хүн гэрээр минь орж гардаг, аавыг минь аав шигээ ах шигээ хүндэлдэг, өөрөөсөө олон дүү ч залуучуудтай, ахмад ч хүмүүстэй их  сайхан нөхөрлөдөг гүндүүгүй сайхан эр хүн байсан даа. Хүн элэг бүтэн байхдаа  тэр бүр зарим зүйлийг бүрэн ухаарч чаддаггүй юм билээ. Үргэлж мөнхөд аав, ээжтэйгээ элэг бүтэн байх юм шиг санагддаг юм билээ. Аав маань аймгийн заан цолтой хүн байсан. Өмнөговь нутгийнхаа бөхчүүдийн тухай, монгол бөхийн тухай олон сайхан түүх ярьдаг монгол бөхөө дээдэлдэг, говь нутгаас олон сайхан алдарт цуутай бөхчүүд төрөх цаг ирнэ гэж их ярьдаг сайхан бөх хүн  байсан. Аавынхаа хүсэл мөрөөдөл, ерөөлийг бодож говь нутгаасаа олон сайхан хүчтэй бяртай бөхчүүд төрөөсэй гэж аав, ээжийнхээ ах, дүү нартай хамтраад аавынхаа нэрэмжит барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Тавантолгой ХК-ний захирал Р.Сэддорж, Ханхонгор сумын Засаг дарга Б.Баяр-Эрдэнэ, аймгийн бөхийн холбоо, аймгийн Биеийн тамир, спортын газар олон байгууллага, хувь хүмүүс энэ барилдааныг дэмжиж зохион байгуулахад тусалдаг. Одоо он гараад аавын нэрэмжит барилдаан  Даланзадгад суманд болно доо.
-Олон залуучууд уул уурхайд тэр дундаа хүнд машин механизмын оператор болохыг хүсдэг байх. Ийм хүсэл мөрөөдөлтэй байгаа залуучууд хандаж хэлэх таны үг, зөвлөгөөг сонсмоор байна.
-Хүн бүр математикч болох албагүй гэдэг дээ. Түүнтэй адилхан бүгд дээд боловсролтой, дипломтой болох гэж зүтгэх хэрэггүй л гэж хэлнэ. Чи бусадтай заавал адилхан их дээд сургуульд сурах гэж хичээх хэрэггүй. Чи юу хийж чадах уу түүнийгээ л хий. Өнөөдөр хүүхдээ оюутан болоход шууд төлбөрийг өгчихдөг эцэг, эх хир олон билээ. Ихэнх нь ээж, аавынхаа цалингийн зээл, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн зээлээр сурч байгаа. Багаар бодоход 4 жилийн сургалтын төлбөр 10-14 сая төгрөг, байрны зардал, хэрэглээний зардал гээд тоймлоод тооцвол 20-30 сая төгрөгөөр суралцана. Энэ бол бага биш мөнгө. Байрны урьдчилгаа мөнгөнд өгчихөөр их мөнгөөр сурчихаад ажилгүй явж байгаа мянга мянга залуучууд байна. Өнөөдөр Өмнөговь аймгийн Политехникийн коллеж гэж сайхан сургууль байна. Төлбөргүй, орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй, сайхан хичээлийн байртайгаар уул уурхайн хэрэгцээт мэргэжилтэн боловсон хүчинг олон улсын түвшинд бэлтгэж байгаа. Залуучууд хот хүрээ рүү явж олон жил сурахаасаа илүү орон нутагтаа богино хугацааны сургалтаар сонирхсон мэргэжлээ эзэмшиж түүндээ эзэн шиг эзэн байж хичээж ажиллавал хүссэнээрээ сайхан амьдрах боломж хүн бүрийн өмнө нээлттэй байгаа гэж хэлмээр байна. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Баярлалаа танд “Алтан нутгийн мэдээ” сонингийн уншигч та бүхэн минь хуучин оноо амжилт, бүтээл, аз жаргалаар дүүрэн үдэж, шинэ ондоо эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг байх болтугай гэж ерөөе. 
Ярилцсан Н.Адьяацэрэн