"Цагаан хад хөгжлийн гарц" ТББ-ын гүйцэтгэх захирал, "Говийн мэдээ" сонины эрхлэгч, "Жорлонгоо өөрчилье" төслийн Өмнөговь аймгийг хариуцсан зөвлөх гээд олон ажлуудыг амжуулж явдаг түүнийг нутгийнхан нь андахгүй. Тэрээр нутаг орныхоо сайн сайхны төлөө, байгаль хамгаалах чиглэлээр нийгмийн олон ажлуудыг удирдан зохион байгуулж орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдгаа "Миний хийж хэрэгжүүлж буй ажлууд эх дэлхийгээ, нутаг орноо хайрлах, бусдын эрүүл мэндийг хамгаалж буй иргэн хүний үүрэг" гэж энгийнээр тодорхойлжээ. Ингээд Нямцэрэнгийн Адьяацэрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Таны хувьд хийдэггүй ажил гэж байдаггүй юм шиг санагддаг. Гэхдээ яг үндсэн ажлыг тань хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Та одоо яг ямар ажил хийдэг вэ? Таны ажил мэргэжлийн талаар хоёулаа яриагаа эхлүүлье?
-Үндсэн ажил маань “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын гүйцэтгэх захирал. 2017 онд Засгийн газраас Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг гаалийн хяналтын бүсүүдийг бүр мөсөн хаах шийдвэр гаргаж байсан. Тэр үед Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд хамтраад ТББ байгуулан эрх ашгаа хамгаалж гаалийн бүсүүдийн улс орны эдийн засагт ямар хувь нэмэр оруулдаг, хичнээн мянган хүн тэнд амьдралаа залгуулж явдаг гэдгийг төр засагт ойлгуулах ажлуудыг хийж эхэлсэн. Бидний энэ тэмцлийг тухайн үеийн аймгийн удирдлагууд дэмжиж хамтран ажилласан л даа. Нэлээн асуудал болсны дараа буюу хоёр сарын дараа Засгийн газар шийдвэрээ цуцалсан. Бидний хувьд төр засгийн шийдвэрийг болиулсан ч эрх ашгаа хангаад орхичихоогүй төрийн бодлогын гадна орхигдсон Цагаан хадыг хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж ажиллаад гурван жил гаруй болж байна. ТББ-ын удирдах зөвлөлийн даргаар нутгийн бизнесмен Н.Цэндээхүү ах маань ажилладаг, Удирдах зөвлөлд Цагаан хаданд ажиллаж амьдарч буй иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл байдаг. Бүгдээрээ л Цагаан хадаа хөгжүүлэх чин хүсэлтэйгээр гар сэтгэл нийлэн ажилладаг.
-Өнгөрсөн хугацаанд тa бүхэн Цагаан хадны Гаалийн бүсэд ямар ажлууд хийв, үр дүн гарсан уу?
-30 гаруй жил орхигдож хэцүүхэн болсон газрыг ТББ дангаараа ажиллаад өөрчлөх боломжгүй. Тийм учраас эхлээд Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Гаалийн хяналтын бүсүүд нэгдээд аймгийн удирдлагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гурав хамтран ажилласан гэсэн үг. Хийх ажлууд асар их, одоо ч бий. Хамгийн чухал нь хөрөнгө санхүүжилт. Хөрөнгө мөнгө босгох тал дээр гаалийн хяналтын бүсээс экспортод гарч буй нүүрсний тонн тутмаас 100 төгрөгийн хураамжийн орон нутагтаа төвлөрүүлье, түүнийгээ Цагаан хадны хөгжил бүтээн байгуулалтанд зарцуулья гэдэг санал, санаачлагыг манай ТББ-д нэгдсэн Гаалийн хяналтын бүсийн захирлууд гаргаж аймгийн удирдлагаар дамжуулан ИТХ-ын хурлаар хэлэлцүүлж зохих шийдвэрийг гаргуулсан. Энэ нь нэг машинаар тооцоход 8000-12000 төгрөг буюу нэг машин нүүрс хилээр гарахад ийм хэмжээний мөнгө аймгийн ХХОГ-т орж байна гэсэн үг. Энэ ажил маань 2019 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжиж өнгөрсөн хугацаанд бид 2.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлчихээд байгаа Сардаа 100-150 сая төгрөг бүрдүүлж өгдөг. Энэ хүрээнд ТББ маань Хөгжил хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулж хөрөнгө төвлөрүүлэх, мөн цагаан хадны хөгжлийн төлөөх ажлуудыг хариуцан ажилладаг. Төвлөрсөн хөрөнгөөрөө ямар ямар ажлууд хийх үү, гэдэг дээр аймгийн удирдлага, аж ахуй нэгж, иргэд оршин суугчид саналаа нэгтгэн хэрэгжүүлдэг. Хамгийн эхэнд Цагаан хаданд хог хаягдлын машин техниктэй болсон, олон жил яригдсан Цагаан хадны дахин төлөвлөлтийн ажилд, мөн гаалийн хяналтын бүсүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах ажилд хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа.
-30 гаруй жил гэрэл цахилгаангүй газар байсан гэж яригддаг. Удахгүй цахилгаанд холбогдох нь тийм үү?
-Ямар ч газрын хөгжлийн хамгийн чухал асуудал бол эхлээд дэд бүтэц, тэр дундаа цахилгаан эрчим хүч, газар өмчлөлийн асуудал байдаг. Хилийн цаана хот сүндэрлэж байхад хилийн наана тог цахилгаангүй ёстой хэддүгээр зуунд хэн яаж амьдраад байна вэ гээд хүн болгон ярьдаг, бас мэддэг. Цагаан хад хөгжихгүй байгаа шалтгаан нь тодорхой л доо. Дэд бүтэц байхгүй, газар эзэмших эрхгүй, төрийн шийдвэр тогтвортой биш, нөгөө талаар 10, 20 мянган хүн ам төвлөрч амьдардаг хэрнээ багийн статустай. Монголын 1500 багийн адил статустай. Баг ямар бүтэцтэй, ямар хөрөнгө оруулалт хийгддэг нь тодорхой. Уг нь статусыг өөрчилж баг биш боомтын дэргэдэх томоохон тосгон суурин болгож Засгийн газар бодлогын хувьд дэмжиж хөрөнгө оруулалт хийх ёстой. 30 жил тог цахилгаангүй, үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд том, жижиг оврын мотор асааж тогтой болдог XXI зуунд бол ичмээр байсан. 2018 онд аймгийн удирдлагаас анхаарал тавьж орон нутгийн төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хилээс Цагаан хад хүртэл 25 км цахилгааны агаарын шугам татах ажил хийгдсэн. Энэ эх үүсвэрээс төвлөрүүлсэн хөрөнгөөр Цагаан хадны 3 дугаар пост хүртэл замын хоёр талаар 16.5 км агаарын шугам татах ажил хийгдсэн. Ирэх жил Цагаан хадны айл өрхүүд, худалдаа үйлчилгээний хэсгийг холбох цахилгааны шугамын ажил хийгдэнэ. Хил хаагдсан учир Хятадын талаас холболт хийх асуудал хүлээгдэж байгаа. Товчхондоо Цагаан хад тог цахилгаантай болоход бэлэн болсон гэсэн үг. Бас нэг асуудал нь Цагаан хаданд иргэдэд газар эзэмших эрх байдаггүй учир хөрөнгө, оруулалт, барилга байшин баригддаггүй. Дандаа гэр, сэндивчин байшингууд бий. Аймгийн удирдлага 2017 онд Цагаан хадны дахин төлөвлөлтийн зураг төслийг гаргаж, 2020 оны 5 дугаар сард Ю.Энхтуяа даргаар ахлуулсан ажлын хэсэг 20 гаруй хоног ажиллаж дахин төлөвлөлтийн нүсэр ажлыг эхлүүлсэн. Ингэснээр олон жилийн эмх замбараагүй байдал цэгцлэгдэж, Цагаан хаданд иргэд газар эзэмших эрхтэй болсон. Энэ бол хамгийн чухал ажил, шийдвэр байсан. Иргэд газраа эзэмшээд, тог цахилгаантай болчихвол стандартын барилга байшин баригдаж, суурин газар болж хөгжих боломж бүрдэнэ. Энэ бүхнийг Цагаан хадны хөгжлийн эхлэл гэж харж байгаа.
-Цаашдын төлөвлөж байгаа ажлуудаас танилцуулаач?
-20, 30 жил хуримтлагдсан асуудлыг нэг, хоёр жилдээ шийдчих боломжгүй л дээ. Сүүлийн жилүүдэд Гашуунсухайт боомт орчимд аймгийн хөрөнгө оруулалтаар тодорхой ажлууд хийгдэж байгаа. Хилийн бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад зориулсан орон сууц, хүүхдийн цэцэрлэг гээд л... Цагаан хадны асуудал төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага хамтраад тодорхой асуудлуудаа шийдээд явж байгаа. Тулгамдсан асуудал олон. Олон мянган жолооч, иргэд амьдардаг ч банк байхгүй, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ авах боломж хомс гээд хуримтлагдсан асуудал бий. Банк орох, эмнэлэгт үзүүлэх гэж боомт руу 20, 30 км, эсвэл Ханбогд сум руу 200 гаруй км замыг туулдаг. ХХОГ, ТББ, Ханбогд сумын Сум дундын эмнэлэгтэй хамтраад төвлөрүүлсэн хөрөнгөнөөсөө Цагаан хаданд эмнэлгийн түр байр түрээслэж, эмчийн цалингийн асуудлыг шийдвэрлээд иргэдэд эмнэлгийн үйлчилгээг ойртуулж, төлбөр тооцооны Гэрэгэ киоскийг суурилуулсан. Одоо төрийн үйлчилгээний Хур системийг байрлуулахаар бид холбогдох байгууллагатай зөвшилцөлд хүрсэн. Удахгүй эхлүүлнэ. Мөн цагаан хаданд гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх, үйлчилгээний төвүүдийн дундах зам талбайг хатуу хучилттай болгох, үерийг далан барьж байгуулах гээд тодорхой асуудлуудыг ирэх жилийн төсөвт тусгах хүсэлтийг аймаг, сумын удирдлагад хүргүүлсэн байгаа. ЗГ, орон нутаг, хувийн хэвшил хамтраад Цагаан хадны өнөөгийн байдлыг өөрчлөх боломж бүрэн бий гэж харж байна.
-Та нийгмийн чанартай олон сайн үйлсын ажлууд хийдгийг бид мэднэ. Энэ талаараа...
-Нийгмийн хөгжилд бүх л талуудын оролцоо чухал. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, хувь хүн гээд. Тэр ч үүднээс хувь хүнийхээ хувьд нийгмийн хөгжилд оролцоотой байж, бусдын төлөө чадах зүйлээ хийхийг эрмэлзэлж явдаг. Энэ зан чанар маань ааваас минь өвлөгдсөн зан чанар болов уу гэж боддог юм. Аав маань чанга хатуу юм шиг хэрнээ тусархаг, бусдын төлөө төрсөн хүн л дээ. Аав, ээж хоёр маань Цогтцэций сумандаа амьдардаг. Аав маань одоо 85 настай гэсэн ч портер унаад хөгшчүүлийнхээ түлээ нүүрс, гурил будааг дөхүүлж өгнө, хүмүүсийн ачаа бараа зөөж өгнө гээд өдөржин завгүй ажилладаг, илүү юм байвал тэнд ч нэг ядарсан хүн бий тэрүүнд өгнө, тэднийд өгнө гээд бариад явж байдаг хүн бий дээ. Сумынхан маань андахгүй л дээ. Ер нь нийгмийн ажил, бусдын төлөө сайн сайхны төлөөх ажлыг мөнгөтэй гэхээсээ илүү бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс хийдэг юм болов уу гэж боддог. Нөгөө талдаа хүн бүрийн сэтгэлд уяатай, бахархал болсон зүйл бол өсч төрсөн нутаг. Нутагтаа ажиллаж амьдарч байхдаа нутгийнхаа сайхан зүйл, нутгийн хүмүүсийнхээ сайхан зан чанар энэ тэрийг анзаардаггүй юм билээ. Нутгаасаа хол амьдраад ирэхээр нутаг усаа, нутгийнхаа ахан дүүсийг илүү их санана, илүү их хайрлана, сайхан бүхнийг илүү их мэдэрдэг юм байна. Хавар шороо шуураад, гэрийн яндан дуугарах нь хүртэл сайхан санагддаг юм ш дээ. Нутгийнхаа төлөө би юу хийж чадах уу, гээд өөрөөс асууна л даа. Нутагтаа хайртай, нутаг ус, байгаль эх дэлхийгээ хамгаалж байна, эх оронч байна гээд уул уурхайтай тэмцээд туг дарцаг бариад хашгираад явахыг хэлэхгүй л дээ. Нутгийнхаа хөгжлийн төлөө нийгмийн чиглэлийн ажлууд хийж, хог хаягдлаа багасгах, хэрэглээгээ зөв болгох, нүхэн жорлонгоо өөрчилж хөрсөө хамгаалах чиглэлийн нөлөөллийн ажлууд хийдэг. Үүнийгээ иргэдийн эрүүл мэндийн төлөөх, бас байгаль дэлхийгээ хамгаалах ажил гэж ойлгодог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Жорлонгоо өөрчилье” төслийн Өмнөговь аймгийн хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ маань цалин мөнгөгүй сайн дурын ажил л даа. Олон жил болсон, “өвлөгдөж” ирсэн нүхэн жорлон танай гэр бүлийн эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй вэ, яагаад заавал өөрчлөх ёстой вэ, хэрхэн өөрчлөх вэ гээд иргэд, сум, орон нутгийн удирдлагад ойлгуулах ажлыг хийсэн. Тодорхой үр дүнд хүрсэн. Иргэд зөв ойлголттой болсон, нүхэн жорлонгоо өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй болсон, орон нутгийн удирдлага ч гэсэн зөв ойлголттой болж энэ талаар бодлого шийдвэртээ тусгадаг болсон нь үр дүн гэж харж байгаа.
-Та сая орон нутгийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн. Сонгуулийн үр дүнд өөрийн гэсэн дүгнэлтээ хийсэн байх?
-Яагаад нэр дэвшсэн бэ гэдгээсээ эхлээд ярьвал зүгээр байх. Улстөрчдийн сонгуульд нэр дэвших чин зорилго өөр өөр л дөө. Эрх мэдэлд хүрэх гэсэн нэг хэсэг ч бий, өөрийн бизнесээ хамгаалах, өргөжүүлэх гэсэн нэг хэсэг ч бий, үнэхээр нутаг орныхоо ард иргэдийн төлөө гэсэн зорилготой ч бий. Миний хувьд нийгмийн хөгжлийн төлөө хийж буй олон ажлуудаа орон нутгийн бодлогод тусгуулж, илүү өргөн хүрээтэй илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж нэр дэвшсэн. Харамсалтай нь сонгогдож чадаагүй л дээ. Хэн нэгний буруу энэ тэр гэхээсээ илүү өөрийн маань зарчим, арга барилын маань буруу байсан байх. Өмнө нь олон удаагийн сонгуульд арын албанд ажиллаж байсан болохоор яг сурснаараа намынхаа төлөө, багийнхаа төлөө, бусад журмын нөхдийнхөө төлөө нэр дэвшигч гэдгээ мартчихсан ажилласаар байгаад таарсан ш дээ. (инээв). Нөгөө талаар худлаа ярихгүй, хударгагүй зан гаргахгүй зөв соёлтой өрсөлдөх, ганцаараа биш олуулаа сонгогдож байж бидний дэвшүүлсэн зөв бодлого хөтөлбөр хэрэгжинэ гэдэг дээрээ хатуу байр суурьтай, ажилласан. Зарчим маань сул тал болсныг үгүйсгэхгүй. Зөвхөн сонгуулиар аливаа зүйлийг хэмжих утгагүй л дээ. Сонгогдсон сонгогдоогүй нутаг орныхоо хөгжлийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа хийгээд явна. Цаашдаа сонгогчдын боловсролд анхаарах, мөнгө, худлаа амлалтанд биш, сонгуулийн хэд хоногийн сэтгэл хөдлөлөөр биш хөгжлийн алс хэтийн төлөвлөлт бодлогод саналаа өгдөг болгохын төлөө иргэдийн нийгмийн байгууллагууд ажиллах ёстой юм гэдгийг бас ойлгосон. Нөгөө талдаа мөнгө төгрөг аваад санал өгч байгаа сонгогчдын буруу гэхээсээ илүү улс төрийн нам, нэр дэвшигч сонгогчдын саналыг мөнгөөр үнэлдэг, худлаа амладаг, нэг нэгнийгээ хамгийн муу муухайгаар доромжилдог байж болохгүй. Зөв соёлтой, шударга сонгууль хийдэг болохын тулд улс төрийн нам, нэр дэвшигчид өөрсдөө эхлэж зөв болох ёстой болов уу.
-Та Цогтцэцийн сумын агаарын бохирдол байгалийн доройтлын талаар дуу хоолой болж байгаа харагддаг. Цогтцэций суманд байгаль орчны асуудал хэцүүхэн болж байгаа гэж ойлгож болох уу?
-Цогтцэций суманд стратегийн ордууд үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутаг. Уул уурхайнуудаа стратегийн гээд чухалчлаад байгаа хэрнээ тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийг чухалчлах бодлого дутмаг гэдэгтэй олон иргэд санал нийлэх байх. Өмнөговь аймгийн ихэнх сумдууд 1500-2000 хүн амтай байдаг бол Цогтцэций сум 4-5 дахин буюу 8600 хүн амтай. Хамгийн баян сум гэдэг тодотголтой хэрнээ Өмнөговь аймгийн сумдаас хамгийн их тулгамдсан асуудалтай сум гэж хэлж болно. Агаарын бохирдол, бэлчээрийн доройтол, усны хомсдол гээд олон асуудал бий. Цогтцэций сумын тоосжилт, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Хүн амын өвчлөлийн 50-иас илүү хувь амьсгалын замын өвчлөлтэй байна гэсэн судалгаа бий. Нэг үгээр хэлбэл иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байна гэсэн үг. Улаанбаатарыг утаагүй болгох гэж Цогтцэцийгээс нүүрс зөөдөг хэрнээ уурхайн хажууд байгаа сумын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэхээр зарим хүн үнэмшихгүй байх. Түүнээс гадна Цогтцэций суманд бэлчээр, усны хомсдолд орж уламжлалт мал аж ахуй эрхлэх боломж хумигдаж байгаа нь хамгийн хэцүү. Уурхайнууд эрчимтэй олборлолт хийгээд 10-15 жил болж байна. Эерэг нөлөө ч бий, сөрөг нөлөө ч бий. Цаашдаа энэ сум хэрхэн хөгжих үү, энд ажиллаж амьдарч байгаа иргэдийн энэ нутаг усандаа олон зуун жил амьдрах баталгаа нь юу байхав гээд төр, орон нутгийн бодлого тодорхой байх ёстой. Уурхайнууд хичнээн жил үйл ажиллагаа явуулах юм, хэзээ хаагдах юм, уурхайн хаалтаа хэрхэн яаж хийхээр төлөвлөсөн юм, уурхай зогсоход энэ нутгийн иргэд хэрхэн яаж амьдрах уу гээд бүх зүйл тодорхой байх ёстой. Энэ бүхэн хаалттай сэдэв байсаар байгаа. Уурхайн хаалтын тухай хаалттай сэдвээ нээлттэй болгож иргэддээ танилцуулж, тэдэнд ирээдүйн амьдралынхаа орчин нөхцлийн талаар итгэл үнэмшил өгөх ёстой байх. Уурхай ухаад дууссаны дараа ухсан нүх, овоолсон шороо үлдэх үү эсвэл жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн хот болон үлдэх үү гэдэг нь тодорхой байх ёстой юм болов уу гэж боддог. Нөгөө талаар Цогтцэций суманд улс орон нутгийн хөрөнгө оруулалт хангалттай биш, уурхайнуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт харилцан адилгүй байдаг. Цогтцэций сум бусдаас илүү сайхан хөгжөөд байгаа юм байхгүй л дээ. Орон нутгийн сонгууль болж аймаг, сумын ИТХ, удирдлага шинээр сонгогдож байгаа. Цогтцэций суманд зөв оновчтой хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр олон зөв ажлууд хийгдэх байх. Цогтцэцийчүүд бүгдээрээ л ийм хүлээлтэй байгаа байх.
-Та "Говийн мэдээ" сониныг эрхлэн гаргадаг. Энэ талаараа...
-Би мэргэжлийн сэтгүүлч хүн биш л дээ. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшээгүй хэрнээ яаж ийж байгаад хэвлэл мэдээллийн ажилтай холбогдоод байдаг хүн. Дунд сургууль байхад хамгийн дуртай, хамгийн их онц авдаг хичээл монгол хэл, уран зохиол, унших хичээлүүд байдаг. Тэр утгаараа найруулан бичих, унших бичгийн тал дээр гайгүй. Сайн багш нарын маань л ач. Дунд сургуульд байхдаа хэвлэлийн төлөөлөгч гээд "Пионерийн үнэн", "Залгамжлагч" сэтгүүлийн захиалга авч түүнийгээ тараадаг ажил хийдэг сурагч байлаа. 1997 онд аймгийн МСДН-ын зөвлөлд ажилладаг байхдаа дөрвөн нүүр намын үйл явдлын мэдээллийн жижигхэн сонин гаргаж байлаа. Дараа нь 2005 онд “Боловсрол суваг” телевиз үүсгэн байгуулахад захирлын туслах, менежерийн ажлуудыг хоёр жил гаруй хийж, 2007 онд ЗГХЭГ-т хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс Хэвлэл мэдээллийн албанд шилжин ажиллаж байсан юм. 2011 онд Д.Бат-Эрдэнэ гишүүний туслахаар ажиллаж байх тэр үед нэг өдөр гишүүн “Ах нь хэдэн жилийн өмнө “Алтан нутгийн мэдээ” нутгийн сонинг үүсгэн байгуулж байсан, нутгийнхаа сэтгүүлч нар маань ажиллуулж байгаад больчихсон. Дүү нэг сэргээгээд гаргаач” гэсэн санал тавьсан. Юу ч бодолгүй за тэгьеээ л гээд хэлчихсэн. Тэр үед "Алтан говь телевиз"-ээс үүсгэн байгуулсан дүрэм л хүлээж авч байсан. Ямархуу нийтлэлийн бодлоготой, ямар өнгө дизайн сонин гардаг байсанг харчих нэг ч дугаар, бичиг баримт хүлээж аваагүй л дээ. Тэгээд ажлынхаа хажуугаар нэг сэтгүүлч, эх бэлтгэгчтэй нийлээд сонингоо гаргаж эхэлсэн. Сонингоо бэлтгэх, маркетинг хийх, захиалга авах гээд бүх ажлаа зэрэг хийсэн. Маш их хичээсэн. Богино хугацаанд буюу гурван сарын дараа аймагтаа хамгийн олон буюу 1000 захиалагчтай болж чадсан. Эх бэлтгэгчтэй хоёулахнаа дөрвөн жилийн турш тасралтгүй гаргаж, Өмнөговь аймгийн уншигчдын хүсэн хүлээдэг сонин болгож чадсан. Бас маш их зүйл сурсан.
-“Алтан нутгийн мэдээ” сонин "Говийн мэдээ" сонин болсон гэсэн үг үү?
-Үгүй үгүй. “Алтан нутгийн мэдээ” сонин бол өмчлөлийнхөө хувьд “Алтан говь” телевизийн харъяаны сонин байсан. 2018 оны эцсээр "Алтан говь" телевизийнхэн бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, медиа групп болох гэж байгаа сонингоо авъя гэж хүнээр дамжуулж хэлсэн. Дөрвөн жилийн өмнө хэдхэн хуудас цаас хүлээж авч байсан бол дөрвөн жилийн хугацаанд 80 гаруй дугаар гаргаж, нутгийнхаа үйл явдлын мэдээ, мэдээллийг нийтлэж, нутгийн олон сайхан хүмүүсийн ярилцлага хийсэн гээд арвин их материал бүхий тайлан, архив хүлээлгэж өгч байсан. Хэвлэл мэдээлэл, тэр дундаа сонин бол ашиг олдог ажил биш л дээ. Сошиал хөгжсөн энэ үед уншигч цөөн, зардал ихтэй, ажиллагаа ихтэй гээд л... Тухайн сонингийн ажлыг хийгээд ашиг олоод, цалин аваад сүйд болдоггүй байсан. Нутгийнхаа хамгийн сайн, сайхан бүхнийг түмэнд түгээж, түүх болгон авч үлдэж байгаад сэтгэл өөдрөг хийдэг байсан. Дөрвөн жил цаг зав, сэтгэлээ зориулж, цалин мөнгө, ашиг харалгүй хичээж ажилллан уншигчдын хүсэн хүлээдэг болгосон сонинг маань нэг өдөр хүнээр дамжуулаад авъя гэхэд жаахан гайхсан. Гайхаад яах ч билээ хүлээлгэж өгсөн. Дөрвөн жил яг хүүхэд шиг өсгөж босгосон болохоор сэтгэл, хөдөлмөр, цаг бүхэн минь шингэсэн байсан болохоор тэр байх. Түүнээс нэлээн хойно аймгийн Засаг дарга байсан С.Цэрэнбаяр надтай холбогдож аймгийн анхны сонин “Говийн мэдээ” сонины эрх надад байдаг юм. 75 жилийн ойн өмнө сэргээж гаргаач гэдэг санал тавьсан юм. Аймгийн маань анхны хэвлэл, Өмнөговьчуудын хамгийн дотно сонин учир энэ саналаас татгалзаагүй. “Алтан нутгийн мэдээ” сонинг гаргаж байхад хамтран ажиллаж байсан эх бэлтгэгчтэйгээ хоёулаа 2019 оны 9 дүгээр сард “Говийн мэдээ” сонингоо гаргаж эхэлсэн. Сэргээж гаргасан анхны дугаарынхаа нээлтэнд “Говийн мэдээ” сонинд, сонины үйлдвэр, идэвхтэн бичгээр ажиллаж байсан ахмад буурлуудыгаа урьж оролцуулж эхлүүлсэн дээ. Өмнөговьчуудын бахархал болсон анхны сонингоо 20 жилийн дараа ингэж сэргээн гаргасанд ахмадууд маань, уншигчид маань нутгийнхан маань маш их талархаж сайшааж хүлээж авсан. Энэ жил 11 сард 75 жилийн ойгоо тэмдэглэхээр төлөвлөсөн боловч цар тахал хөл хорио гээд чадахгүй нь бололтой. Цаг сайхан болохоор ахмад буурлууд, уншигчидтайгаа 75 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэнэ дээ. Сонины маань эзэмшигч би өөрөө, ард маань улстөрч, улс төрийн нам, эрх мэдэлтэн хэн ч байхгүй, үндсэн зарчмаараа буюу хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, нутгийнхаа хамгийн сайн, сайхан бүхнийг түмэнд түгээж энэ цагийн түүхийг бүтээлцэж яваа даа баярладаг. Сошиал юм уу, сайт дээр нийтлэж байгаа мэдээлэл хэдэн жил хадгалагдахыг бид мэдэхгүй, харин сонинд нийтлэгдсэн материал олон жил хадгалагдаж түболон үлддэг. Хүмүүс олон жилийн өмнөх үйл явдлын тухай зураг мэдээлэл олж авах гэж манай "Говийн мэдээ" сонины архивыг үздэг. 1945 оноос хойш сонингийн дугаарууд маань аймгийн архив, номын сангийн фондод хадгалагдаж байдаг. Гол архивын материал болж байгаа гэсэн үг..
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Цагаан хадны хөгжлийн төлөө хамтран ажиллаж ирсэн аймаг, сумын удирдлага, төрийн албан хаагчид, Гаалийн хяналтын бүсийн захирлууд, ТББ-ын удирдах зөвлөлийнхөндөө болон “Говийн мэдээ” сонины уншигчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж эрүх үүл энхийг хүсэн ерөөе.
Ярилцсан Э.Маралгоо