Даваа гариг 2024/04/29
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 336 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 328 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 304 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 664 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 252 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 284 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 288 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 592 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 300 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 300 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 256 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 284 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 456 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 572 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 420 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 460 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1156 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 588 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 832 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 808 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 468 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 472 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 488 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 692 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1116 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 432 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 540 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 684 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 728 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 588 удаа

Р.Тунгалаг: Эмч хүний гол чанар бол энэрэнгүй сэтгэл байх ёстой

НИЙТЭЛСЭН: 2021-02-09 23:09 GMT+8

Рашбудын Тунгалаг хэмээх энэ эрхэм хүмүүн говь нутгийн хүн ардын эрүүл мэндийн төлөө 40 гаруй жилийн ажил  амьдралаа зориулж ард олондоо "Хүүхдийн Тунгаа эмч гэж хэмээн хүндлэгдсэн эрхэм эмч. Тэрээр Р.Тунгалаг эмч өнгөрсөн оны сүүлчээр  төрдөө үнэлэгдэж Монгол Улсын Хүний гавьяат эмч цол хүртэснээр Өмнөговь аймгаас төрөн гарсан 6 дахь Гавьяат эмч болсон юм. Түүний хань М.Батсайхан мөн 40 гаруй жил боловсролын салбарт ажилласан биеийн тамирын багш хүн. Говийн нутгийн хүүхэд багачуудыг эрүүл чийрэг бие бялдартай, эрүүл саруул хүн болгох ариун үйлсэд ажил амьдралаа зориулсан тэдний гэр бүл Өмнөговь аймагтаа орчин үеийн хүүхдийн эмнэлэгтэй болгох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “Нинж ачлал” эмнэлгийг барих нүсэр ажлыг эхлүүлээд байгаа юм. Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр клиникийн профессор, Монгол Улсын Хүний гавъяат эмч Р.Тунгалагтай хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ толилуулж байна.

-Юуны өмнө танд Монгол Улсын хүний гавъяат эмч хэмээх эрхэм цол хүртсэнд тань баяр хүргэе. Таныг хүмүүс "Хүүхдийн Тунгаа" гэж дууддаг...
-Овог маань Рашбуд юм ш дээ уг нь. Одоо ч "Хүүхдийн Тунгалаг" гэдэг нэрэндээ дасчээ. Ажил, мэргэжлээрээ овоглогдож, дуудагдаж явах сайхан байлгүй яахав. Эмчээр ажиллаад 39 дэх жилдээ говь нутгийнхаа хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө ажиллаж байна даа. 
-Эмч мэргэжлийг яагаад сонгох болов?
-Би эмээ дээрээ өссөн хүн шүү дээ. Эмээ маань ажилч, хичээнгүй, их ухаантай мундаг хүн байсан. Загнаж зэмлэхээсээ илүү зүйр цэцэн үгээр биднийг хүмүүжүүлдэг, үлгэр домог их ярьдаг, амьдралын зөв дадалд сургасан мундаг буурай байсан. Эмээгийн маань нөлөө байсан уу, сургуульд байхдаа ном их уншдаг, ёс заншил, түүх их сонирхдог тэр ч утгаараа түүх, нийгмийн багш болно гэж боддог байсан. Ангийн багш маань Равжир багш байсан. 10 дугаар анги төгсөх дөхсөн үед багш маань дуудаад "Гэрийнхэнтэй чинь зөвлөлдсөн, чи эмч болох ёстой, химийн хичээлээр конкурс өгөх хэрэгтэй" л гэсэн. За багшаа л гэлээ. Бидний үеийнхэнд  эцэг, эх, багш нарынхаа үгнээс зөрөх тухай ойлголт байгаагүй л дээ. Тэгээд л Анагаахын дээдэд конкурс өгөөд тэнцээд явсан даа. Нэг үгээр хэлбэл эмчийн мэргэжлийг би биш ээж, эмээ, багш гурав маань сонгосон гэсэн үг. Тэр жил манай төгсөлтөөс олон хүүхэд Анагаахын дээдэд элсэн орсон байдаг юм. Эмч бэлтгэх аймаг орон нутгийн бодлого байсан байх л даа. 1982 онд анагаахын дээдийн сургуулийг тавуулаа төгсөөд нутагтаа ирж байлаа. Цолмон, Хүүхэндүү, Уламбаяр, Пүрэвжав эмч бид тав. Тэр үед дээд сургууль төгсөгчдийг яамнаас хуваарилаад нэгдсэн журмаар орон нутаг руу явуулдаг байв. Аймгийн намын хорооны  Шархүү дарга тэр үед Намын дээд сургууль төгсөөд бид хэдийг аваад хамт "Зил-130" машинаар ирцгээж байсан. Одоогийнх шиг төгсөөд хаа дуртай газраа ажиллах, мэргэжлээрээ ажиллахгүй байх гэсэн ойлголт байсангүй. Аймгийн эрүүл мэндийн газраас хуваарилсан газар руу нь л явдаг байсан. Намайг Сэврэй суманд хуваарилсан. Очоод сар гаруй ажилласны дараа аймгийн Эрүүл мэндийн газраас  Мандал-Овоо суманд хүүхдийн эмч шаардлагатай байна, тийшээ яв гэсэн. Дөнгөж эмчилгээний анги төгссөн нарийн мэргэжлээр сураагүй байсан ч гэсэн төр засгийн үүрэг учир явах ёстой болж таарсан л даа. Мандал-Овоо суманд ажиллах хугацаандаа дахин суралцаж хүүхдийн эмч мэргэжлийг эзэмшсэн. Ингээд бодохоор эмчийн мэргэжлийг эмээ, ээж, багшаараа сонгуулж, эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагаар хүүхдийн нарийн мэргэжлийг эзэмшсэн маань амьдралын маань нэг зөв сонголт байжээ. Эмчийн мэргэжил, тэр дундаа хүүхдийн эмч гэдэг энэ сайхан мэргэжлийг эзэмшсэндээ маш их баярлаж бахархаж явдаг даа.

-Сургуулиа төгсөөд шууд хөдөө суманд эмчээр ажиллах амаргүй байсан байх.  
-Тэр үед одоо үе шиг унаа тэрэг ч элбэг байсангүй. Тухайн сум нь хуваарилагдсан боловсон хүчнээ авах ажлаа хариуцдаг байсан юм шиг байгаа юм. Мандал-Овоо сумаас намайг авахаар трактор явуулсан байдаг юм. Манай хүн бас тэнд багшаар хуваарилагдаад... Хоёулаа хоёр чемодан хувцсаа аваад замаараа Булган сумаар дайрч ээжийнхээ гэрийн үүдний амбаар, 200-гийн цагаан ор хоёрыг нь аваад л очсон. Очсон шөнөө амбаартаа цагаан ороо оруулж байгаад хонолоо. Маргааш нь сумын сургуулиас нэг гэр өглөө. Манай хүн бид юугаа ч мэдэхгүй хоёр хүн, Бум-Аюуш эмчийн маань хадам ээж Дэжид гээд эгч бид дөрөв гэр барих гэж өдөржингөө юм боллоо, нураад босноо гэж байдаггүй, харанхуй болохоос өмнө арайхийж гэрээ босгож авч билээ. За тэгээд маргааш нь лекцийн хэдэн дэвтэр, хэдэн номоо тэврээд эмнэлэг дээр  очлоо доо. Тэр үед Бум-Аюуш эмч маань сумын их эмчээр ажиллаж байсан, намайг очдог өдөр ээлжийн амралтаа аваад Хужиртын амралт руу явж таарсан. Асууж зөвлөх хүнгүй бүх зүйл толгой дээр ирж байгаа нь тэр. Ажил дээр байж байтал гэнэт нэг хүн аахилж амьсгаадаад орж ирээд "Эмч хаана байна" гээд ийш тийш гүйгээд би байна. Тэгсэн чинь өөдөөс "Юу хараад зогсоод байгаа юм. Тэнд хүн үхлээ..." гээд намайг бараг л чирээд мотоцикль дээрээ сундлаад давхичихсан. Хаашаа юунд явж байгаагаа ойлгож байгаа ч юм байхгүй. Сумаас холгүй мотоцикльтой явж байсан хоёр хүн сондуул дээгүүр харайгаад ойччихсон байсан юм билээ. Очоод үзлээ, гараас бариад авсан хүв хүйтэн, чагналаа, тэр хүний зүрх цохилоод байгаа юм уу, миний зүрх цохилоод байгаа юмуу бүү мэд. Судсыг нь барьлаа, миний хуруу чичрээд байгаа юм уу тэр хүний судас цохилоод бгаа юм уу бүү мэд болсон. Эмнэлгээс гарахдаа сандраад гарсанг ч хэлэх үү, тэр чигээрээ сандарчихсан. Сумаас ч хүмүүс ирлээ, Буд эмчийг дуудаарай гэлээ. Буд гээд эмнэлгийн бага эмч л дээ. Буд эмч ирж үзээд өнгөрчихсөн байна аа гэдэг юм. За бүр шоконд орчихсон. Дуу ч гарахаа больсон. Хүн гэдэг ийм амархан өнгөрчихдөг юм байхдаа гээд айгаад, эргэлзээд... итгэхгүй, нөгөө шарилын гэрт байн байн орж харж үнэмшиж билээ. Тэр үеэр намайг мотоциклоор аваад давхидаг хүн маань бас ухаан алдаж унаад дахиад сандарчихсан. Аймаг руу түргэн дуудаад шөнөжингөө нөгөө хүндээ эмчилгээ хийж өөрөө сахиад хонож билээ. Өндөр Энхтөр гээд хүн байдаг юм. Сая хүү нь Мандал-Овоо сумын Засаг даргаар томилогдсон байна лээ. Анхны дуудлага, анхны эмчилгээ, анхны өвчтөн маань тэр. Маргааш нь шингэн алдсан нэг хүүхэд ирлээ.Эмнэлгийн маань эх баригч эмчийн хүүхэд. Нилээд хүндэрсэн ирсэн. Эмнэлгийнхэн ч тэр, ар гэрийнхэн ч тэр энэ хүүхэд сэхэхээс өнгөрлөө гэж ярьцгааж байсан юм. Хэвтүүллээ, лекцийн дэвтэр, номоо дэлгэж байгаад үзэж тарлаа даа. Шөнөжингөө нөгөө хүүхдээ бас сахиж хонов. Үүр цайгаад гэгээ орлоо. Хүүхдээ нүд салгахгүй харж хонож байгаа юм. Сайн ажиглаж байгаа нь тэр. Тэгсэн хүүхдийн зулайны урд руу цөмөрсөн юм шиг харагдаад байдаг, ээжээс нь асуулаа, ээж нь гэрийнхнээсээ асуулаа, тэгсэн машины хаалга мөргөчихсөн болж таарсан. За тэгээд цөмөрсөн хэсгийг сорлоо, хоёр тийш нь иллээ, барилаа юм юм л болсон. Тэгтэл  шөнөжингөө тариа эмчилгээ хийгээд унтаагүй уйлагнаад байсан хүүхэд чинь уйлахаа болиод нам болчихсон. Бас айгаад сандраад үхчихэж байгаа нь энэ юм байхдаа гээд чагналаа. Зүрх нь цохилж байна аа, хажуугаас нь холдож чаддаггүй ээ. Ээж нь эмчээ та ядаж харьж цайгаа уугаад ир гэлээ. Гүйж очиж санд мэнд цай уусан болоод эргээд ирлээ. Тэгтэл ээж нь мөөмөө сайн уулаа, бөөлжсөнгүй, таний бариа их хэрэг болох шиг боллоо гэхээр юун бариа гэлээ. Тэгсэн та толгойг нь бариад илээд тэгээд сайхан болчихлоо гээд... Хүүхэд ч сайхан унтаад өглөө, сэрээд сүүгээ уугаад, шингэн алдахаа больчихсон, 3 хоног нөгөө бариагаа хийгээд ээж хүү хоёр ч эмнэлгээс гарлаа. Тэгж л анх тархи хөдлөх, тодорхой цэгүүдэд иллэг хийвэл тархины цус хангамж сайжирдаг гэдэг барих гэдэг ойлголтыг авсан хүн шүү дээ. (инээв). Аяа байхгүй сар гаруй их сандарсаан. Хичээлийн лекц номоосоо харна, сумын холбоо руу гүйж аймгийн эмнэлэг рүү ярьж зөвлөгөө авна гээд л... Сарын дараа Аяа эмч маань ирж эмнэлгээс өөр гэр, ширээ сандал, шүүгээ өгөөд айл шиг айл болж, ажлын айдас энэ тэр ч дарагдаж билээ. Ажил амьдралын гараагаа эхэлсэн Мандал-Овоо сумандаа, нутгийхандаа их хайртай. Ээлтэй сайхан нутаг даа. 


-Хүүхдийн эмч онцлогтой мэргэжил. 
-Эмчийн мэргэжил өөрөө маш өндөр хариуцлага шаардсан мэргэжил. Хүүхдийн эмч бүүр онцлогтой. Насанд хүрсэн хүн хаана, хэрхэн өвдөж байгаа хэлж илэрхийлчихнэ, хүүхэд бол тэгж чадахгүй, ялангуяа нярай хүүхэд. Мандал-Овоо суманд анх очиход хүүхдийн эндэгдэл ихтэй, тиймээс аймгаас тусгайлан хүүхдийн эмчтэй болгох гэж томилон явуулсан юм билээ. Тэнд очоод хүүхдийг хэрхэн эрүүл чийрэг өсгөх вэ, яаж өвдөхөөс урьдчилан сэргийлэх үү гэдэг дээр анхаарч ажилласан. Нарийн мэргэжил эзэмшээгүй миний хувьд чадах зүйл маань энэ байсан. Тэр үед манай сумынхан маань хүүхдээ их бигнэн, үстэй дээл, хурган дээл, майк их өмсгөдөг байлаа. Чийрэгжүүлэлтийн танхим, сувилал байгуулж, нар, агаар, салхиар хүүхдийг чийрэгжүүлж, ээжүүдэд зөвлөгөө өгөх гээд олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байсан.  Лувсанцэдэн эмч очиж ажиллаж байсан юм. Ёстой бурхан эмч байлаа шүү дээ. Тэр хүнээс сурсан мэдсэн юм маш их. Эмч маань Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Долгорцэнд даргад очиж хэлсэн гэдэг. Мандал-Овоогийн Тунгалаг эмчийн ажлыг дутуу үнэлж дүгнээд байна, хүүхдийг чийрэгжүүлж, эрүүл саруул өсгөх чиглэлээр маш зөв зүйтэй ажил их хийж байна гэж танилцуулсан юм билээ. Тухайн үед ажил дүгнэнэ гэдэг сүрхий юм болдог байлаа шүү дээ. Магтах, матна, шийтгэх, урамшуулах аль аль нь байсан. Дөнгөж төгсөөд удаагүй байсныг ч хэлэх үү, угийн шударга зантай болохоор хууль дүрэм ярьдаг, хуулинд ингэж заасан энэ тэр гээд сумынхаа дарга нартай санал зөрчихдөг хэнхэг нэгэн байсан болохоор ажлыг маань зөв дүгнэж явуулдаггүй байсан хэрэг.  Тэгээд нээх удаагүй аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, аймгийн төв, бүх сумдын эмнэлгийн эмч, хэсгийн эмч нар ирж бид чийрэгжүүлэлтийн үзүүлэх сургалт хийж, туршлагаа танилцуулах өргөн ажил зохион байгуулж байсан юм. Тэр үзүүлэх сургалтын дараа Долгорцэнд гуай нэг үг хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Үзүүлэх сургалтын дараагаар бүх эмч нарын хурал дээр Долгорцэнд дарга "Би цөөн хүний үгээр, хэдэн хуудас цаасаар залуу эмчийн ажлыг дутуу дулимаг үнэлж, дүгнэж байжээ. Би өөрийгөө удирдагч хүн болсон гэж бодож явсан, үгүй юм байна. Энэ залуу эмчийг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж аймгийн төв рүү дэвшүүлж ажиллуулж алдаагаа залруулж, уучлаарай гэдэг үгийг энэ үйлдлээрээ харуулж, залуу эмчдээ урам зориг өгнөө" гэж хэлж билээ. Тэгээд удаа ч үгүй намайг Орос руу мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулж, Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчээр ажилд авч юм. Долгорцэнд даргыг би жинхэнэ удирдагч, манлайлагч хүн гэж бодож явдаг. Удирдагч хүн яг энэ хүн шиг байх ёстой гэж боддог. Алдаж болно, алдаагаа засч чаддаг, ажилтан албан хаагчдаасаа уучлалт гуйж чаддаг байх ёстой гэдгийг харуулсан мундаг хүн дээ. Сүүлд манай эмч нар Долгорцэнд даргыг Гавъяат эмчид тодорхойлох гээд хуралдахад би энэ сэтгэгдлээ хэлж байсан л даа. Түүнээс хойш би Аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын менежерийн ажлаа Долгорцэнд эмчид хүлээлгэж өгөхөд эмч маань, "Би чамайг надад гомдож явдаг байх гэж бодож байлаа. Гэтэл чи миний тухай шагналын тодорхойлолт хэлэлцэхэд миний тухай их сайхан үг хэлсэн байна лээ" гэж хэлж байсан. Энэ бүхнийг би яагаад яриад байна вэ гэхээр алдаа гаргасан бол алдаагаа хүлээн зөвшөөрч, засч залруулж чаддаг, нэг нэгнийгээ уучилж, өршөөж, урам өгдөг тэр зан чанар ховордоод байна уу гэж хардаг. 

-40 гаруй жил тасралтгүй эмчээр ажиллажээ. Олон шавьтай болсон байлгүй. Шавь нарынхаа талаар яриач... 
-Би өөрийгөө эмч хүний хувьд их азтай гэж бодож явдаг. Монголын сор болсон эрдэмтэн багш нараар хичээл заалгаж, Өмнөговийн алтан үеийн эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж, тэднээсээ үлгэр дууриалал авч тэднийхээ зөвлөгөө, тус дэмээр  мэргэжлийн ур чадвар эзэмшиж, тэднийхээ залгамж халаа болж хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаадаа өөрийгөө азтай хүн гэж үздэг. Сумын эмчээс авахуулаад аймгийн нэгдсэн эмнэлэгтээ удирдах алба хүртэл хашлаа. 40 жил бол бага хугацаа биш. Алдаа оноо байлгүй яахав. Анх ажилд орсноосоо хойш дадал хэвшил болтлоо хийдэг зүйл маань ажлынхаа тэмдэглэлийг хөтөлдөг. Одоо ч гэсэн тэмдэглэл, хөтөлгөө хийдэг. Хэдэн хүн үзэв, ямар эмгэгийг хэрхэн яаж оношлов, ямар эмчилгээ зааж өгөв энэ тэр гээд бүгдийг нь тэмдэглэдэг. Залуухан эмч байхдаа тэмдэглэлдээ дүн шинжилгээ хийнэ, харьцуулалт хийдэг. Тэр маань маш олон дадлагын гарын авлага болдог байсан. Хүнд ер нь мэдсэн сурсан, чадвар, туршлагаа бусдад зааж өвлүүлэх шиг сайхан зүйл гэж үгүй. Тэр утгаараа залуу эмч нартаа зааж сургаж, залгамж халаагаа бэлтгэх нь хийх ёстой ажлын минь нэг гэж би боддог. Нөгөө талаар хүүхдийн эмч түгээмэл биш мэргэжил. Энэ ч утгаараа сум бүр хүүхдийн эмчтэй байдаггүй, бүх сум, багийн, өрхийн эмч нарыг хүүхдийн эмнэл зүйн чиглэлээр сургаж, дадлагажуулж ажиллаж байсан гэхээр бүгд л шавь болно. Харин гарын шавь гэвэл Оюундүү эмч, нярайн Алтанцэцэг эмч мэргэжлээрээ олон жил ажиллаж буй эмч нар маань байна, хүүхдийн эмч Одцэцэг, Насантогтох, Мөнхцэцэг эмч нарыгаа чадвартай сайн хүүхдийн сайн эмч болоосой гэж бодож зааж зөвлөж ажилладаг юм. 
-Хүний гавъяат эмч хэмээх эрхэм цолыг хүртээд удаагүй байна. Тэр мөчид төрж байсан сэтгэгдлээ хуваалцана уу?
-Шагнал урамшуулалын тухайд гэвэл хүн бүрийн үзэл бодол өөр өөр. Төр түмний төлөө зүтгэсэн зүтгэлээ төр, түмэндээ үнэлүүлэх сайхан байлгүй яахав. 2014 онд аймгийн Эрүүл мэндийн газраас намайг гавъяат эмчид тодорхойлох асуудал яригдсан юм. Тэр үед би татгалзсан. Яагаад татгалзсан бэ гэхээр Бум-Аюуш эмчийгээ гавъяат болоогүй байхад би тодорхойлогдож болохгүй гэж үзсэн. Би сургууль төгсөөд юу ч мэдэхгүй хүн Бум- Аюуш эмчийн гар дээр очиж эмч болж байсан хүн. Эмчийн мэргэжил эзэмших, эмч болох өөр асуудал. Ээж шиг минь, эгч шиг минь, багш шиг минь хандаж  надад зааж, зөвлөж, чиглүүлж, эмч болгож, эмч гэдэг энэ сайхан мэргэжилдээ үнэнч байх тэр төлөвшлийг бий болгосон бол хүн бол Бум-Аюуш эмч маань. Аяагаа гавъяат цол хүртээгүй байхад би тодорхойлогдоод явж байж таарахгүй шүү дээ. Аливаа зүйлд эрэмбэ дараалал, хүндлэл бүхэн байх ёстой. Аяа маань 2017 онд Монгол Улсын Хүний гавъяат эмч хэмээх эрхэм цолыг хүртсэн. Үүний дараа тодорхойлох санал дахин гарахад би өөрөө зөвшөөрсөн. Салбарынхан маань намайг 2017, 2018 онд хоёр удаа тодорхойлж явуулсан. Салбарынхнаас гадна маш олон ээж, аав, нутгийнхан маань дэмжиж аймаг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдэд хандаж байсан юм билээ. Өсч төрсөн нутгийнхаа хүн ард, хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө 40 гаруй жил хоёргүй сэтгэлээр ажилласан тэр хөдөлмөр, зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж МУ-ын Хүний гавъяат эмч хэмээх эрхэм цолыг хүртсэндээ  маш их баярласан. Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө улам ихийг хийж бүтээх урам зориг өгсөн сайхан үйл явдал болсон. Хүн гэдэг урмын амьтан шүү. Өмнөговьдоо эх хүүхдүүд орчин үеийн эмнэлэгтэй болгох олон жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг зорьж сүүлийн хэдэн жил барилга байшингаа барих гэж хань бид хоёр их зүтгэсэн. Сүүлдээ "Дийлэхгүй байж дэмий юм эхлүүлж дээ, больдог ч юм бил үү." гээд шантарч, цөхөрч байсан үе ч бий. Гавъяат эмч хэмээх эрхэм цолыг хүртэхэд минь нутгийн олон мянган хүмүүс баярлаж буйг харахад үнэхээр огшиж баярын нулимс унагаж байлаа. Шагналаа гардаж авчихаад нутагтаа ирэхэд эрүүл мэндийн салбарынхан маань, журмын нөхөд, нутгийн зон олон маань маш сайхан хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн баяр хөөр дүүрэн өдрүүд  надад маш их итгэл урам зориг өгч байлаа. Энэ үеэр Д.Бат-Эрдэнэ гишүүн маань хүндэтгэл үзүүлж эмнэлгийн барилгад 100 сая төгрөг хандивлаж, Өмнөговийн хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө маш том хөрөнгө оруулалт хийсэн. Төр засаг, ард иргэд надад  итгэж байхад улс орондоо эрүүл чийрэг иргэн хүн бэлдэхэд би үүнээс илүү зүйлийг хийх ёстой юм гэж өөртөө амлаж байлаа. 


-"Нинж ачлал" эмнэлгээ хэзээ байгуулж байв, Эмнэлгийн барилгын ажил ямархуу шатандаа явж байна даа.
-Тэтгэвэрт гарахаасаа өмнө одоогоос яг 10 жилийн өмнө хувийн эмнэлгээ байгуулж байсан. Хүсч зорьсон зүйл маань юу вэ гэхээр монголчууд бидэнд маш том буруу дадалтай болсон нь эмийн хэрэглээ. Түүнээс гадна эрүүл хоол хүнс хэрэглэж чадахгүй байна, эмийг хоол хүнсний бараа шиг зардаг болчихсон, орчны бохирдол гээд амьдралын буруу дадлаас үүдэлтэй иргэдийн эрүүл мэнд хохирч байна. Ээжүүд, эмэгтэйчүүд маань хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, хоол тэжээлийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг болсноос хүүхдийн өвчлөл ихэссэн. Ийм учраас залуу ээж, эмэгтэйчүүдэд хүүхдээ эрүүл чийрэг өсгөх уламжлалт аргад сургах, хоол тэжээлийн зөвлөгөө чиглэлээр үйл ажиллагаа явуулах эмнэлэгтэй болох миний мөрөөдөл байсан. Манай хүн насаараа боловсролын салбарт ажилласан хүн. Цалингаас өөр орлогогүй төр түмний төлөө зүтгэсэн бид хоёрт хурааж хуримтлуулсан хөрөнгө сан гэж ямар байх биш. Хоёулаа насаараа энэ нутаг усандаа хүүхдийн сайн сайхны төлөө ажилласан болохоор хоёуланд маань хүүхдийн төлөөх хүсэл мөрөөдлөөс өөр зүйл байсангүй л дээ. Өнөөдрийг хүртэл түрээсийн байранд зөвхөн амбулаторийн үйлчилгээ үзүүлж байгаа. Байрны түрээсийн зардал, тоног төхөөрөмж, эмч сувилагчийн цалин нийгмийн даатгал төлөх гээд зардал их учир үзлэг эмчилгээгээ төлбөртэй явуулахаас өөр аргагүй. Гэхдээ хэт өндөр биш орон нутгийнхаа иргэдээ бодсон үнэ тарифаар үйлчилдэг. Эрүүл мэндийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар эмч нарыг үзлэгийн үнэ тариф тогтоосон жишиг байдаг даа. Тэр тарифаар бол клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй миний хувьд 40-50000 төгрөгөөр үзлэгээ хийхээр байдаг. Ашиг орлогоо бодвол энэ тарифаар үйлчилгээ үзүүлж болно. Гэхдээ хүний эрүүл мэндийн төлөөх ажилдаа мөнгө, төлбөрийг чухал сайн зүйл биш л дээ. Иргэддээ тохирсон боломжийн үнийн тарифыг гаргаж үйлчилдэг. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй үзлэг хийнэ л дээ. Мөнгө төгрөггүй хэрнээ эмчээс тусламж хүсээд өвдсөн хүүхдээ тэврээд ирж байгаа ээжийг манайх хувийн эмнэлэг заавал мөнгөөр үзнэ гээд буцааж болохгүй. Эмч хүн эрүүл мэндийн салбарын ажилтны гол зүйл бол энэрэнгүй сэтгэл. Мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг хүн сураад олж авчихдаг. Харин ухамсар, ёс зүй, нинжин сэтгэл, энэргүй байх гэдэг нь эмч хүнд байх ёстой хамгийн чухал зан чанар. Тиймээс эмнэлэгтээ “Нинж ачлал” гэж нэр өгсөн юм. Байр байшинтай болох гээд хэдэн жил хөөцөлдсөн. Энэ ажлыг маань аймаг орон нутгаас боломжийн хэмжээнд дэмжиж ирсэн. С.Эрдэнэбат, Б.Бадраа дарга нар Засаг даргаар ажиллаж байхдаа газрын асуудал, зураг төсвийн асуудлыг шийдэж өгч байсан. Н.Наранбаатар дарга газрын байршлыг маань өөрчилж зөв аятайхан байршилд шилжүүлж өгсөн. Өвгөн бид хоёр өнгөрсөн зун хашаа байшингаа барьцаалж нэг зээл авлаа, сүүлдээ тэтгэвэрийн зээл аваад сууриа цутгаад өрлөгөө хийгээд эхэлсэн. Түмэн олон ахан дүүс бүгд чадлаараа дэмжээд барилгаа ажлаа явуулж байсан. Д.Бат-Эрдэнэ гишүүний хандиваар материалаа татаад барилгын ажлаа нэлээн дөхүүлсэн. Бас 9 дүгээр сард аймгийн ХХААГ-аас зарласан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн сонгон шалгаруулалтанд орж хөнгөлөлттэй зээл олгогдсон. Төр засаг түмэн олны буянаар сайхан эмнэлэгтэй болох дөхөж байгаа. Ирэх хүүхдийн баяраар ашиглалтанд оруулахаар л төлөвлөөд ажиллаж байна. Миний ажиллана ч  гэж юу байхав дээ. Би эмнэлэг дээр үзлэг эмчилгээ хийгээд, өглөө гараад орой л гэрийн бараа харна. Хань минь энэ бүхнийг хариуцаж бүгдийг амжуулж байна.  

-Эмч хүний бусдын төлөө цаг наргүй ажиллахад хамгийн түшиг тулгуур нь гэр бүл байдаг.
-Тэгэлгүй яахав. Эмчийн ажил амаргүй алба. Тангараг өргөсөн эмч хүн бол ямар цагт хүн ардын эрүүл мэндийн төлөө  ажиллах үүрэгтэй. Цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллана, дуудлаганд явна, хол ойр олон хоног сараар сургалтанд явж мэргэжлээ дээшлүүлнэ гээд ар гэр орхигддог. Ар гэрээ авч явах, үр хүүхдээ өсгөх, хичээл номыг хийлгэх гээд бүх ажлыг хань маань үүрч ирсэн. Манайх дөрвөн хүүхэдтэй. Одоо харж байхад хүүхдүүд маань ээж гэхээсээ илүү аавыгаа гэнэ, ярилцах зөвлөлдөх асуудлаа аавтайгаа эхлэж ярьж, ааваараа дамжиж ээждээ хэлэх жишээний. Ач, зээ нар маань мөн адил өвөө, өвөө гэнэ шүү дээ. Ханийнхаа буянд ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр түмний олон мянган жаалуудын эрүүл мэндийн төлөө 40 жил ажиллаж байна даа. Олон мянган хүүхдүүдийн буян заяа түшиж хүсэл мөрөөдөл маань биеллээ олж аймагтаа анх удаа орчин үеийн эмнэлгийн үүд хаалгаа удахгүй нээнэ дээ. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхав дээ. Энэ дашрамд "Говийн мэдээ" сониноор дамжуулан Өмнөговьчууддаа, эрүүл мэндийн салбарынхандаа болон эмнэлгийн барилгын ажилд сэтгэлийн хандив өгч хамтран ажиллаж буй эрхэм хүмүүст, үргэлжид дэмжиж байдаг нутгийн зон олондоо талархал илэрхийлж эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Ярилцсан Н.Адъяацэрэн