Баасан гариг 2024/03/29
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 272 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 292 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 596 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 208 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 252 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 252 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 536 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 268 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 244 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 224 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 248 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 428 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 540 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 388 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 428 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1104 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 560 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 792 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 764 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 436 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 440 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 448 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 648 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1048 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 404 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 508 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 648 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 672 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 552 удаа

Д.Долгормаа: бусдын төлөө ажиллах шиг сайхан зүйл гэж хаа ч үгүй

НИЙТЭЛСЭН: 2019-02-25 19:43 GMT+8

Энэ удаагийн дугаарын “Алтан нутгийн бахархал “ ярилцлагын зочноор Өмнөговь аймгийн уугуул, Анагаах ухааны доктор, Оранж шүдний эмнэлгийн эмч Д.Долгормааг урьлаа.  Ээжийнхээ мэргэжлийг өвлөж эмч болсон тэрээр 29 насандаа Япон улсын Нагоя хотын их сургуульд  докторын зэрэг хамгаалж Өмнөговь нутгийнхаа эрдэмтэдийн тоог нэгээр нэмсэн юм.  Арван жилийн дунд сургуулиа төгсч анагаахын сургуульд суралцаж байхдаа алс хэтийн зорилгоо тодорхойлж түүнийхээ  төлөө  их сургуульд зэрэг суралцаж хүсэл мөрөөдлөө биелүүлэх эхлэлээ тавьсан Доктор Догмаатай эзэмшсэн мэргэжил, хүсэл мөрөөдөл, ажил үйлс, амжилт бүтээлийн талаар ярилцсанаа уншигч та бүхэндээ толилуулж байна.

 -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Даваасамбын Долгормаа гэдэг. Их эмч, япон хэлний орчуулагч мэргэжилтэй. Одоо "Оранж" эмнэлэгтээ их эмчээр ажиллаж байгаа. Би өөрийгөө  Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул гэж хэлэх дуртай. Яагаад гэвэл аав, ээж хоёр маань хоёулаа Баяндалай сумын хүмүүс. Аавыг маань "Гурван хүрд" компанийн Даваасамба, ээжийг маань ардын эмнэлгийн эмч, “далдыг хардаг” Бүдээ гэхээр нутгийнхан маань андахгүй л дээ. Аав, ээж хоёр маань нэлээд хэдэн жилийн өмнө хот руу шилжиж ирсэн. Одоо Өлзийт хороололд амьдарч байгаа. Би эцэг, эхээсээ дөрвүүлээ, айлын том охин. Дэлгэрмаа дүү маань хуульч мэргэжилтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулах газар хуулийн мэргэжилтнээр ажилладаг, дунд дүү Дугармаа маань химич, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо Баянгол дүүргийн ЗДТГ-ын төрийн сангийн хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Бага дүү Хүүхэндүү маань нутагтаа аав, ээжийн маань үүсгэн байгуулсан “Гурван хүрд” ХХК-ний захирлаар ажиллаж байгаа. Товчхондоо ийм.
-Би таныг эмч мэргэжилтэй гэдгийг мэднэ. Харин та сая япон хэлний орчуулагч мэргэжилтэй гэж хэллээ. Эзэмшсэн мэргэжил, боловсролын талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү?
-Ээж маань эмч байсан болохоор сумдад томилогдон ажилладаг байлаа. Би дунд сургуульдаа олон сургууль дамжиж суралцсан түүхтэй. 1985 онд Булган сумын дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн орсон бол хоёрдугаар ангидаа аймгийн төвийн Нэгдүгээр сургуульд шилжиж ирж гуравдугаар ангиа төгссөн. Дараа нь Ханхонгор сумын сургуульд хоёр жил суралцаж тавдугаар дугаар ангиа төгсөж байлаа. Тэгээд буцаад л аймгийн төвийн Нэгдүгээр сургуульдаа ирж суралцаад 1995 онд 10 дугаар ангиа төгссөн юм даа. Дунд сургуулиа төгсөөд Анагаах Ухааны Их сургуулийн Нүүр ам судлалын ангид элсэн орж 2000 онд нүүр ам судлалын их эмч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Эмч мэргэжлийг сонгоход хоёр том хүчин зүйл нөлөөлсөн гэж боддог. Нэгд ээж маань эмч, эмч хүний дэргэд өссөн болохоор багаасаа эмч болохыг хүсч мөрөөддөг байлаа. Хоёрт сайн багшийн зааж сургасан эрдэм мэдлэг хүсэл мөрөөдлөө биелүүлэх гүүр болсон юм. Дунд сургуульд Наранцэцэг багш маань химийн хичээл заадаг байсан. Багш маань химийн хичээлийг сонирхолтой, сайн ойлгуулж заадаг мундаг багш л даа. Багшийнхаа ачаар аймгийн химийн олимпиадад хоёрдугаар байранд орж, Анагаахын Их сургуульд элсэн орсон юм. Тухайн үед ээж минь өөрийн мэргэжлийг өвлүүлж уламжлалт эмчилгээний чиглэлээр сургах сонирхолтой байсан л даа. Гэвч би өөрийнхөө сонирхолоор нүүр амны эмчийн мэргэжлийг сонгосон. Тэр үед аав маань өвдөхийн цагт шүд авах эмчээс тариа хийх эмч хэрэгтэй дээ хатуухан гэж хэлж байж билээ. Буруутгах аргагүй л дээ. Тэр үед нүүр амны эмч гэхээр шүдний эмч, шүдний эмч гэхээр шүд л авдаг гэсэн ойлголттой байлаа. Багш нарынхаа зөвлөгөөгөөр энэ мэргэжил их сайхан, ирээдүйд их хөгжих чухал мэргэжил гэж аав, ээждээ хүлээн зөвшөөрүүлж байсан. Дуртай мэргэжлээ сонгоод судлаж эхэлсэн тэр үеэс чадварлаг эмч болохын тулд цаашдаа энэ мэргэжлээрээ хэрхэн яаж илүү их гүнзгийрүүлж сурч, мэдэх үү гэсэн асуулт өөртөө тавьж ирээдүйн зорилгоо тодорхойлсон гэсэн үг. Өөртөө томоос том шаардлага, том  зорилго өмнөө тавьж, хүсэл мөрөөдөл, холын зорилгоо биелүүлэхийн тулд Анагаахын их сургуулийн 3 дугаар курсийг төгсөх хавар Хүмүүнлэгийн их сургуулийн япон хэлний ангид шалгалт өгч тэнцсэн. Зуны амралтаараа гэртээ очоод нүүр ам судлалын хөгжил, өөрийнхөө холын зорилгоо аав, ээждээ хэлээд хүмүүнлэгийн сургуульд суралцах болсон тухайгаа дуулгасан. Тэр үеийн айлууд ихэнх нь дэрсхэн насны хүүхдүүдтэй байлаа. Манайх мөн адил. Дүү бид нар насны хувьд их ойрхон болохоор нэг нь их сургуулийн нэгдүгээр курс дөнгөж төгсөхөд л дараагийнх оюутан болоод араас нь ирэх жишээний. Хоёр дүү бид гурав жил дараалан шахуу оюутан болсон.  Гурван охиноо боловсролтой хүн болгох гэж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлж,  дуртай мэргэжлийг нь эзэмшүүлэхийг зорьсон аав, ээжид минь гурван оюутны сургалтын төлбөр, хэрэглээний зардал хүндхэн байсныг би мэдэрдэг байсан. Гэсэн хэдий ч миний хувьд дахин нэг сургуульд зэрэг суралцахаа ээж, аавдаа хэлж ярилцахаас өөр сонголт байгаагүй л дээ. Өөрийнхөө хүчээр сураад, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй хүүхдээ аав нь үргэлж дэмжинэ, сайн сураарай миний охин гэж аавыгаа урам хайрлахад хагартлаа баярлаж билээ. Ихийг сурах хүсэл тэмүүлэл, зорилгоо биелүүлэхийн тулд цаг хугацаа хэмнэж буй нь тэр. Ингэж их эмчийн мэргэжил, япон хэлний орчуулагч мэргэжлийг эзэмшсэн л дээ.
-Үнэхээр бахархалтай сайхан санагдаж байна. Анагаахын сургуулийн оюутнууд ачаалал ихтэй суралцдаг гэдгийг хүн бүр мэднэ. Их ачааллын хажуугаар хэл сурна, тэр дундаа япон хэлнэ сурна гэдэг амаргүй байсан байх...
-Тэгэлгүй яахав. Анагаахын сургуулийн хичээлийн хуваарь шахуу. Өглөө 07:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл хоёр сургуулийнхаа хичээлд тасралтгүй сууна. Хичээл тараад шөнө болтол номын санд сууна. За тэгээд оюутан  хүн юу бүтээж, сурах ямар боломж байна тэр бүгдийг чадна, амжуулна гэж суралцсан даа. Эргээд харахад өөртөө оруулсан том хөрөнгө оруулалт хийж дээ гэж бодогддог. Япон хэл надад их уянгалаг, зөөлөн сонсогддог төдийгүй сурахад хялбар юм шиг санагддаг байлаа. Эхэндээ ч боломжийн хялбар байлаа. Яваандаа Япон хэлний олон ханз цээжлэхээс эхлээд үг хэллэгийг гурван төлөв дээр ярьж сурахад бас нэлээд хичээл зүтгэл хэрэгтэй болсон. Дөрвөн жил суралцаад амжилттай төгссөн. Ингэж япон хэл дээд сургуулийн түвшинд сурсан минь Япон улсад суралцахад маш дөхөм байсан. Эзэмшсэн мэргэжил, боловсролын хувьд гэвэл 2000 онд Анагаах ухааны их сургуулиа их эмч мэргэжлээр төгсөөд, 2001 онд нүүр амны эмчилгээний нарийн мэргэжлээр  төгсөхийн зэрэгцээ Хүмүүнлэгийн их сургуулийг Япон хэлний орчуулагчаар төгссөн. Анагаахын мэргэжлийг сурч дуусдаггүй гэдэг. Нарийн мэргэжлээр эзэмшээд үргэлжлүүлээд ЭМШУИС-даа cуралцаж 2002 онд магистрийн зэрэг хамгаалсан. Магистраа хамгаалсан жилээ Япон руу улсыг зорьж 2007 онд Япон улсын Нагоя хотын Нагоя хотын Аичи-Гакүин их сургуульд суралцаж Анагаах ухааны докторын зэргээ хамгаалаад эх орондоо ирсэн дээ. Бас нэг зүйл гэвэл  мэргэжлээрээ ажиллахаас гадна хувийн бизнес, компаниа удирдаж яваа хүний хувьд санхүүгийн мэргэжлээр сурах шаардлагатай гэж үзээд 2013 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж санхүүгийн мэргэжил эзэмшсэн. Одоо ч суралцсаар л байгаа. Сурах мэдэх зүйл зөндөө байна. (инээв)
-Одоогоос гурван жилийн өмнө миний бие нутгийхаа сэтгүүлч нартай танай эмнэлэгт зочилж байсан. Халуун дулаан уур амьсгалтай, орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй сайхан эмнэлэгтэй бид танилцаж байсан. Манай уншигчид эмнэлгээ танилцуулаач...
-Би  Анагаахын их сургуулиа төгсөөд  нарийн мэргэжлээр суралцахын зэрэгцээ Хопе шүдний эмнэлэгт их эмчээр нэг жил гаруй ажиллаад япон явсан юм. Японд докторын зэргээ хамгаалж ирчихээд буюу 2007-2008 онуудад ЭМШУИС-ийн НАСС-д төгсөлтийн дараах клиникт  багшаар ажилласан. Япон орноос тээж ирсэн хүсэл минь гэвэл “амны хөндийн эрүүл ахуйч” гэдэг цоо шинэ мэргэжлийн боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх байсан. Багшлах хугацаандаа Нүүр амны эрүүл ахуйч мэргэжлийн сургалтын хөтөлбөр, стандарт оюутны хөтөч, сурах бичгийг ЭМШУИС-ийн багш нартайгаа хамтран боловсруулан гаргасан. Энэ ажил маань амжилттай болж БСШУЯ, ЭМЯ наас зөвшөөрч 2010 оны есдүгээр сарын нэгэнд ЭМШУИС нүүр ам судлалын эрүүл ахуйч мэргэжлээр элсэлт авч холын холоос тээж ирсэн хүсэл минь биелсэн.  Японд сурч байх үед тэндэхийн шүдний эмнэлэгт очих бүртээ эх орондоо ийм сайхан эмнэлэгтэй болж, энэ сайхан үйлчилгээг монголчууддаа хийж өгөх юмсан гэж их боддог байсан л даа. Японоос ирээд жил гаруй багшилчихаад эх орондоо дэлхийн стандарт нийцсэн шүдний эмнэлэг байгуулж, иргэддээ чанартай эмчилгээ үйлчилгээг үзүүлье гэж зориглоод 2008 онд “Их цавчир” нэртэйгээр компаниа байгуулснаар Оранж шүдний эмнэлэг маань байгуулагдсан түүхтэй. Эмнэлэг маань байгуулагдаад 10 жил болчихож. Манай эмнэлэг нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, нүүр амны согог засал, нүүр амны мэс засал, шүдний гоо сайхан чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм материал, эмчилгээ, үйлчилгээний стандарт, технологи бүгд Японы улсын эмнэлгийн түвшинд гэж хэлж болно. Авагддаг авагддаггүй хиймэл шүдэлбэрээс гадна эрүүний ясанд шүд суулгахын зэрэгцээ, техник технологийн хурдацтай хөгжилтэй хөл зэрэгцэн, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлүүд хийлээ. Боловсон хүчний хувьд Япон, Солонгост нарийн мэргэшсэн эмч нартай. Мөн Монголд анхны шинэ бэлтгэгдсэн мэргэжлийн нүүр амны эрүүл ахуйч эмч нар бас бий. Миний хувьд Өмнөговийн хүмүүсийг ажилд авч хамтран ажиллах дуртай. Тэр дундаа нүүр ам судлалын эмчээр төгсч буй нутгийнхаа залуучуудыг ажилд авч дадлагажуулж сургаж, чадвартай эмч болоход туслахыг хичээдэг.
-Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэтэл өнөөдөр хотжилттой холбоотойгоор нөгөө талаар хүнсний бүтээгдэхүүний буруу хэрэглээнээс үүдэлтэй шүдний өвчлөл ихэсч байна гэсэн судалгаа байдаг. Орчин цагийн хүмүүс бид шүд, амны хөндийн эрүүл ахуйдаа анхаарч чадаж байна уу? Мэргэжлийн хүний хувьд энэ талаар манай уншигчдад зөв ойлголт, зөв мэдээлэл өгнө үү?
-Энэ талаар тантай санал нэг байна. Манай хүмүүс амны хөндийн эрүүл ахуйдаа дэндүү хожимдож анхаарал тавьдаг. Ялангуяа хүүхдийн шүдийг урьдчилан сэргийлэх бус хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг. Хүүхдийн шүд цоорох өвчин нь олон зүйлээс шалтгаалж үүсэх ч ялангуяа хоол хүнсний буруу, зохисгүй хэрэглээнээс хамаарч байна. Орчин үед бидний эргэн тойронд гоё ганган сав баглаа боодол бүхий ундаа, чихэр, шоколад, гурилан бүтээгдэхүүнүүд зэрэг энгийн нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг байнгын хэрэглээ болж байгаа. Эцэг эхчүүд хүүхдийг бага байхаас нь амны хөндийн эрүүл ахуйг сахих энгийн арга болох шүд угаах аргын дадал зуршлыг хэвшүүлээгүйд бас нэг шүдний цоорол үүсэх нөхцөл бүрдээд байна. Хэрвээ эрүүл бие бялдартай, эрүүл шүдтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлье гэвэл шим тэжээлээр баялаг хоол хүнсийг тэнцвэртэйгээр хэрэглэхэд хэрэгтэй болно. Тухайлбал, хүний хоол идэх цаг тэнцвэртэй, хүнсэнд орсон уураг, өөх тос, нүүрс усны хэмжээ тэнцвэртэй, шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор хангагдсан хүнсийг хэрэглэж заншвал бидний үр хүүхэд эрүүл өснө. Гэтэл энэ бүгдийн баланс алдагдсанаас хүүхдүүд маань энгийн нүүрс усан хүнсэнд хэт дурлаж байна. Мөн нярай хүүхдээ шөнийн цагаар хэвтээгээрээ хөхүүлэх, сүү, чихэр агуулсан цай, ундааг угжаар өгснөөс хүүхдийн аманд залгигдаагүй хэсэг нь сүүний хүчлийг үүсгэж шүд ургах үедээ шүд цоорох шалтгаан болдог. Хүний хамгийн хатуу яс  бол шүд. Гэтэл шүд нь цоорч мах шиг зөөлөрсөн байдаг нь бусад тулгуур эрхтэнүүд мөн адил өөрчлөлт өгсөн гэсэн үг. Эцэг, эхчүүдэд бидний өгдөг зөвлөгөө гэвэл хүүхдүүдээ шим тэжээлтэй хоолоор тэнцвэртэй хооллох, чихэр агуулсан хүнсний хэрэглээгээ багасгах, шүлс ялгаруулдаг, аминдэм, эрдэс бодисоор баялаг исгэлэн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан идээ, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх, унтахын өмнө оройн цагаар идэхгүй байх, шүд угаалтыг өдөрт хоёроос гурван удаа угааж хэвшүүлэх, мөн хүүхдийг улиралд, насанд хүрсэн хүмүүс хагас жилдээ тогтмол эмчийн хяналтанд хамрагдаж байхыг зөвлөдөг. Ингэж байж бид шүдээ эрүүл байлгах чадна. 
-Та Өмнөговь нутгийн эрдэмтдийн нэг. Дэлхийн өндөр хөгжилтэй арлын Япон улсад эрдмийн зэрэг хамгаалсан. Ямар сэдвээр докторын зэрэг хамгаалав? Эрдмийн ажил, бүтээлийн тань талаар сонирхож байна?
-Би Япон улсын Нагоя хотын Аичи Гакүин шүдний их сургуульд 2002 оноос 2007 онд суралцан анагаах ухааны докторын зэргээ хамгаалсан. Энэ хугацаандаа шүдний цооролд Лазер эмчилгээний нөлөө, Шүдний анхдагч цоорлын үеийн бүтцийн судалгаа, энэхүү үеийн цоорол  эргэн эрдэсжүүлэх эмчилгээний процессийг, хэрхэн өөрчлөлт гарч буйг судалсан. Өндөр хөгжилтэй оронд мэдээж судалгааны техник технологи өндөр хөгжиж, шүдийг нүдэнд үл үзэгдэх нано түвшинд судлахад цоорсон шүд эргээд эрдэсжин эрүүл шүд үүсгэх процессийг судалсан. Япон орноос маш их зүйлийг сурч ирсэн дээ. Эх орондоо ирээд эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа үргэлжлүүлэн хийсэн. Нэлээд хэдэн судалгааны ажил, нүүр ам судлалын чиглэлээр хэд хэд ном, гарын авлагыг япон хэлнээс орчуулсан.
-Өмнөө тавьсан зорилготой, зорилгоо биелүүлэхийн тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөж, сурч оргил өөд тэмүүлж яваа нутгийн бүсгүйгээрээ бахархаж байна. Хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй гэдэг. Оранж эмнэлгийнхээ хөгжил, хувь хүний хувьд төлөвлөсөн ажил, хүрэх зорилгын талаар бидэнд ярьж өгнө үү. Нууц биш бол...
-Мэргэжлийн хувьд тасралтгүй хөгжлийг дагах хэрэгтэй байдаг. Энэ салбарын маань техник, технологи хурдацтай хөгжиж, эмчилгээний технологи арга барил байнга хувьсан өөрчлөгдөж байна. Иймд бид ч мөн адил даган хөгжихийн тулд тасралтгүй суралцан байдаг. Орчин үеийн бүхий л хөгжил дэвшилд суралцан сурсан мэдсэн бүхнээ эмнэлгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Оранж эмнэлгээ Монголдоо өндөр технологитой эмнэлгүүдийн тоонд ордог л гэж боддог. Манай эмнэлэг 2018 онд хамгийн сүүлийн үеийн шүдний кресло, дижитал рентгенийг эмчилгээ оношлогоондоо нэвтрүүллээ.  Эмч, эмнэлгийн ажилтнуудаа байнга сургаж, дадлагажуулж эмнэлгээ орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр  хангаж, эмчилгээндээ шинэ технологийг нэвтрүүлж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө гар сэтгэл нийлсэн хамт олон маань амжилт, ололтоор дүүрэн арван жилийг ардаа орхижээ. Цаашдаа бодож төлөвлөсөн ажлууд нэлээдгүй бий. Иргэдийн маань тэр дундаа бага насны хүүхдийг шүд, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг бий болгох чиглэлээр хийж буй ажлуудынхаа цар хүрээг өргөтөх гээд бодож төлөвлөсөн ажлууд багагүй байгаа. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх, сурахад цаг гаргана шүү.  Үндсэн ажлынхаа хажуугаар иргэдэд амны хөндийн боловсрол олгох, эрүүл мэндийн боловсролыг хоол хүнсний хэрэглээтэй хэрхэн холбон хэрхэн эрүүл амьдрах сургалт байнга явуулж байгаа. Олон зорилго зорилтууд байгаа ч нэлээд нь биелээд явж байгаа.
-Та бол дөнгөж 40 насыг давж байна. Монголчуудын хувьд ид залуу нас. Та бол одоо эрдэмтэн, судлаач төдийгүй салбартаа тэргүүлэгч шүдний эмнэлгийн захирал, эмч, судлаач, айлын ууган охин, хоёр сайхан охины ээж. Цаг наргүй ажиллаж, хөдөлмөрлөж, сурч өнөөдрийг хүрсэн байх. Гэр бүлдээ охидууддаа цаг гаргаж чадаж байна уу? 
-Энэ хорвоо надад сайн хань, хоёр хөөрхөн охин заяасан. Даанч ханийг минь дэндүү эрт буцаагаад авчихсан. Хань маань гэнэтийн хүнд өвчний улмаас бурханы оронд явчихсан. Хөөрхөн охидууын ээж, аав болж 12 жилийг хамтдаа туулсан он жилүүд дэндүү сайхан. Намайг өнөөдрийг хүртэл тасралтгүй сурч боловсрох, зорьсондоо хүрч, хүсэл мөрөөдөл бүхнээ биелүүлж байгаа минь өмөг түшиг болсон ижий, аав, сайн хань, дүү нар минь ач тусын илэрхийлэл гэж хэлж болно. Миний хань намайг сурч, хөгжих тэр бүхнийг дэмжиж, надад бий болсон бүхний минь эхлэлийг тавьж, намайг түшиж тулж, хурцалж, зоригжуулж, хүсэл мөрөөдлийн минь жигүүрийг дэлгэсэн ачтан. Ханьтайгаа хамтдаа хийхийг зорьсон олон олон санаа, зорилгоо биелүүлэхийг хичээж, түүнийхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж л явна даа дүү нь. Ажлаа хийнэ, амьдралаа авч явна, хоёр бяцхан үрсээ өсгөж хүмүүжүүлэх гээд хүндхэн ачааг ганцаараа үүрч явахаас өөр зам үлдээгүй.  Нэг үеэ бодвол охидууд маань овоо том болжээ. Хүүхдүүдтэйгээ аль болох хамт байхыг хичээдэг л дээ. Амралтын өдрүүдэд олон сургалт семинарууд давхцаад заримдаа ч амралтын өдрийг хамт өнгөрөөж чаддаггүй юм. Хөөрхөн охидуудтайгаа хоёр долоо хоногтоо нэг  хамт кино, үзвэр үзэж, хамт хоолонд орж, за тэгээд дуртай зүйлийг нь хийж өгч гийгүүлнэ дээ. Охидууд болоод ч тэр юм уу манай хоёр ээжтэйгээ их илэн далангүй ярилцана, ойлголцоно, хөгжилдөнө ш дээ.
-Өнгөрсөн жил та бидний төрөлх сургуулийн маань 90 жилийн ой болсон. Тэр үеэр 95 оны төгсөгч Догмаа анги хамт олноо удирдаж төгсөлтийн ойгоо их өвөрмөцөөр тэмдэглэж сургуульдаа их өгөөжтэй зүйл хийсэн гээд төгсөгчид, сургуулийн багш нар маань бахархаж ярьж байхыг сонссон л доо. Энэ талаар бидэнд сонирхуулна уу...
-Хүүхдүүд дунд сургуулиа төгсөөд эхний хэдэн их, дээд сургуульд сураад, амьдрал зохиогоод алдаж, онож арван жилийг үддэг. Аяндаа ажил, амьдрал жигдрээд ирэхээр бусдын төлөө, нийгмийн төлөө цаг заваа, сэтгэлээ зориулах боломжтой болдог юм билээ. Тэр утгаараа ч 1995 оны төгсөгчид бид 20 жилийнхээ ойгоор санаа нийлж олон сайхан зүйлийг санаачлан хийж чадсан.  Бид 20 жилийн арга хэмжээндээ зориулж төрөлх Өмнөговь аймагтаа уулзалтаа зохион байгуулж, төгсөлтийн андуудын аж амьдрал, давтагдашгүй дурсамжийг мөнхөлж “Дурсамж хөглөсөн 20 жил“ ном бүтээлээ. Түүгээр ч зогсохгүй төгсөлтийнхөө хот хөдөө нийлсэн 60 гаруй анд найз нараа оролцуулсан клип хийсэн нь бусад үе, үеийн төгсөгчдөд үлгэр дуурайлал болж олны сайшаалыг хүртсэн л дээ. Эвт шаазгай буга барина гэдэг дээ. Бид эвтэй байж л хүчтэй байдаг. Дан ганц миний хөдөлмөр биш, нэгдэн хийсэн хамт олны минь хөдөлмөр шингэсэн сайхан ажил болсон. Удахгүй 2020 онд бидний 25 жилийн ой болно.  Энэ удаад бүр далайцтай нийт үеээрээ 3 сургуулиараа арга хэмжээгээ зохиох бодол байна. Газар, газар ажиллаж, амьдарч, өөр өөр мэргэжил эзэмшиж, өөр, өөрийн амьдралтай олон зуун шавь нарынхаа сургуулиа, анги хамт олноо  гэсэн эв нэгдэл бүхнийг дэмжиж, урам  өгдөг багш нартаа талархаж, удаан он жилүүдийг бидэнтэйгээ хамт байгаасай гэж хүсдэг дээ.
-Таны туулсан зам, суралцсан хугацаа, бүтээсэн амжилтын түүх олон олон залуучуудад хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх хүслийг төрүүлсэн байх гэж найдаж байна. Залуучуудад хандаж таны хэлэх зөвлөмж, зөвлөгөө юу бэ?
-Хүн сурч бүтээхийн хэрээр амжилт гаргадаг гэдэгтэй санал нэг байна. Мэдээж өөрийн хувь хүний хичээл зүлгэлээс их шалтгаална. Зөвхөн их сургууль төгсөөд мэргэжилтэй болдог ч, чадварлаг мэргэжилтэн болдоггүй. Илүү чадварлаг мэргэжилтэн болоход байнгын давтамжтай сургалт, дадлага хэрэгтэй байдаг нөгөө талаар хүмүүс энэ мэргэжлийг эзэмшвэл насаараа сурах болно гэж боддог. Гэхдээ насаараа сурах шалтгаан нь  хөгжилтэй хөл зэрэгцэхийн тулд байдаг юм. Залуу байхдаа илүү ачаалалтай ихийг сурах нь амжилтын үндэс юм шүү гэж хэлье дээ.
-Нутаг руугаа ойрд явсан уу. Нутгаасаа хол байгаа хүний хувьд нутгийн хөгжлийн талаар бахархах зүйл байгаа нэлээд байгаа  байх, эмч, эрүүл мэндийн салбарын хүний санаа зовсон, энэ асуудалд нь туслачих  юмсан гэсэн бодол байгаа байх. Энэ талаарх санал бодлоо хуваалцана уу?
-Нутаг руу хааяа явдаг маш сайхан хөгжиж байгааг хараад бахархдаг.  Очих бүрт өөрчлөгдөн хөгжиж байгаа нь мэдрэгддэг. Хүн нутгаасаа хол олон жил байгаад ирэхээр нутгаа их санадаг, нутаг амьтай болдог юм шиг байна.  Хөгжил гэдэг өөрөө өргөн цар хүрээтэй. Хэдэн жилийн өмнө манай аймаг хүн ам цөөтэй, хөдөлгөөн бага аймаг байсан. Одоо бол өөр болсон. Өнөөдөр Өмнөговь аймаг маань томоохон суурин газар олонтой, хотжилт явагдаж байгаа нутаг болчихсон. Тулгамдсан асуудлын нэг эрүүл мэндийн асуудал. Нүүр ам судлалын эмч хүний хувьд иргэдэд  амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох системтэй сургалт явуулах, хөдөө орон нутагт ажиллаж байгаа шүд, эрүү нүүрний эмч нарыг чадавхжуулах чиглэлээр аймгийнхаа эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллахаар бодож төлөвлөсөн зүйл бий. Удахгүй ажил хэрэг болгоно оо. "Юу байна түүгээрээ дайл" гэдэг дээ. Мэдсэн, сурсан зүйлээ бусадтай хуваалцаж, бусдын төлөө ажиллах шиг сайхан юм гэж хаа ч үгүй.
-Цаг зав гаргасан ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье.