Пүрэв гариг 2024/04/25
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 328 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 272 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 580 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 292 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 564 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 800 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 688 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1112 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 716 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

Шатахуун түгээгчээс гүйцэтгэх захирал хүртэл

НИЙТЭЛСЭН: 2019-02-25 20:42 GMT+8

Монголын газрын тосны салбарын анхдагч, монгол орон даяар хамгийн өргөн сүлжээтэй, 1600 гаруй ажиллагсадтай НИК-ний гүйцэтгэх захирал Өмнөговь аймгийн уугуул Нанзадын Наранбатыг  “Алтан нутгийн бахархал” ярилцлагын буландаа урьлаа.  Би ярилцлаганд орох хэмжээний  мундаг хүн биш дээ эгчээ, олон хүүхэдтэй айлын жирийн нэг хүүхэд. Хүнээс онцгойрох зүйл надад байхгүй гэж даруухан зан гарган урилгыг хүлээн авсан юм. Өөрөө хөдөлмөрлөж олсон бүхэн үнэ цэнэтэй байдаг гэсэн аав, ээжийн захиас сургаалийг амьдралдаа мөрдлөг болгож яваа төдийгүй шатахуун түгээгчээс гүйцэтгэх захирал хүртэл өсөн дэвшин ажиллаж байгаа нутгийн дүүтэй эрдэм боловсрол, ижий, аав, ажил, амьдралын гараа, зорилго, хүсэл мөрөөдлийнх нь  тухай ярилцсанаа уншигч та бүхэндээ толилуулж байна.


-Урилгыг хүлээн авсанд баярлалаа. Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?  
-Нутгийн зон олон, “Алтан нутгийн мэдээ” сонины нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Нанзадын Наранбат гэдэг. 1977 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. Аав, ээж маань Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул хүмүүс. Аавыг  маань  нутгийнхан анхдахгүй байх,  батлан хамгаалахад туслах нийгэмлэгт жолооны багш, техник мэргэжлийн сургуульд цэрэгжилтийн багш, барилга угсралтын конторт жолооч гэсэн ажлуудыг хийж явсан төдийгүй уулын болон мото спортын тамирчин мундаг хүн байсан даа. Ээжийг маань Халтарын Оюунцэцэг гэдэг, аймгийн цаг уурын газарт техникчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан сайхан буурай бий дээ. Ээж маань одоо 65 настай хэдий ч гэртээ зүгээр суулгүй,  аймгийн төвд жижиг дэлгүүр, халуун ус ажиллуулж байгаа. Бид эцэг эхээсээ долуулаа. Ах, эгч, дүү нар  бидний хувьд  сайн эцэг, эх, эрдэмтэн багш нарынхаа буянаар бүгдээрээ л дээд боловсрол эзэмшиж, эзэмшсэн мэргэжлээр салбар салбарт ажиллаж байна даа. Бага насны хувьд ясли, цэцэрлэг, сургуулиар дамжиж, ах, эгч хоёртоо чирэгдэж, дүү нараа авч, гэр орныхоо ажилд туслах гээд тухайн үеийн олон хүүхэдтэй айлын хүүхдүүд ямар байсан яг л адилхан  өссөн.  Миний өссөн газар Даланзадгадын  Хан уул 2-11 тоотын улаан хүрэн хашаа.  Хан уул 2-11. Би энэ хаягаа хэлэх их дуртай, ижий, аавтайгаа, ах эгч, дүү нартайгаа халуун бүлээрээ хамтдаа байсан хамгийн аз жаргалтай үе,  гэнэн томоогүй хүүхэд нас минь тэр гудамж, тэр хашаанд өнгөрсөн болохоор цаанаа л нэг дотно сайхан сонсогдож, дурсамж бүхэн тодордог гэх үү дээ. Сайхан ш дээ.  Боловсролын хувьд гэвэл 1995 онд Эрдмийн гэгээ сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгсч,  Техникийн их сургуульд элсэн орж 2000 онд төгссөн. Нефтийн инженер мэргэжилтэй.  2010 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын магистр мэргэжлээр төгссөн.
-Нефтийн инженер гэдэг ховор мэргэжил. Энэ мэргэжлийн сонгох болсон шалтгаан нь юу байв? Энэ талаараа бидэнд сонирхуулна уу?
-Бидний үеийн хүүхдүүд мэргэжил сонголтын хувьд өөрийн хүсэл, сонирхол гэхээсээ илүү  аав, ээж, багш нарынхаа зөвлөгөөг дагадаг байсан. Одоо бол өөр л дөө эцэг, эхчүүд хүүхдийн хүсэл сонирхол, авьяасыг эрт олж харж, түүнийг нь дэмждэг, хөгжүүлдэг, хүүхдүүд ч юунд сонирхолтой, ямар мэргэжилтэй, ямар хүн болох уу гэдгээ эрт тодорхойлдог болсон. Манайх олон хүүхэдтэй айл байсан. Аав маань айлын хүүхдүүд нэг ижил биш, өөр, өөр мэргэжил эзэмших нь зөв, олон хүүхдүүдийн нэг нь санхүүч, нөгөө нэг нь инженер, за бас айлд эмч заавал байх ёстой гэж их ярьж ойлгуулдаг байлаа. Аавын зөвлөгөөний дагуу бүгд өөр, өөр мэргэжилтэй, ах эдийн засагч, би инженер, дүү нар эмч, нягтлан бодогч, орчуулагч гээд. Одоо эргээд бодоход аав, ээж хоёр маань хатуу чанга гэхээсээ илүү үр хүүхдүүдтэйгээ ярилцаж, зөвлөж, ойлгуулж хүүхдээ хүмүүжүүлдэг байж. Намайг 10 дугаар ангид байхад аав маань “миний хүү инженер болоорой, хаана сайн инженер байна, тэнд хөгжил, бүтээн байгуулалт байдаг, инженер хүн бол сэтгэн бодох, бүтээх чадвар өндөртэй байдаг” гээд их зөвлөдөг байсан. Аавын зөвлөгөө нөлөөлж дунд сургуулиа төгсөхдөө би инженер болох ёстой гэж бодож конкурс өгсөн. Математикийн гүнзгийрүүлсэн ангид суралцдаг байсан минь инженерийн чиглэлийн ангид конкурс өгөхөд илүү дөхөм байж бас ч гэж боломжийн оноо авсан. Онооны дарааллаар ороход нефтийн инженерийн анги байсан, тээнэгэлзэж, эргэлзэлгүйгээр нефтийн инженерийн хуваарийг нь авчихсан. Одоо бодоход инженерийн ангид л орж байвал юуны инженер гэдэг нь нэг их ач холбогдол өгөөгүй юм шиг байгаа юм. 

-Та Монголын анхдагч нефть импортлогч "НИК" компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байна. Бизнесийн салбарт төрийн алба шиг хэн нэгэн шууд ирээд дарга болох тохиолдол байхгүй гэж хардаг л даа. Энэ  компанидаа хэр олон жил ажиллаж байна, гүйцэтгэх захирлын албандаа хэзээ томилогдов?
-Оюутан байхаасаа энэ компанитайгаа холбогдсон гэж хэлж болно. Гуравдугаар курсын оюутан байхдаа Петровис компанид дадлага хийж, шатахуун түгээгчээр ажиллаж байв. Тэр үед буюу 1999 онд Петровис компани маань 8 шатахуун түгээх станцтай, байгуулагдаад хоёрхон жил болж байгаа шинэхэн компани байлаа. Дээд сургуулиа төгсөөд шууд Петровис компанидаа ажилд орсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 16 жил компанидаа ажиллаж байна. Энэ хугацаанд хоёр удаа компанийхаа ажлаас түр завсарласан. Нэг нь 2004 онд Ирланд улсад 6 сар хэл суралцахаар явж, нөгөөх нь 2013-2016 онд 3 жил хувийн бизнесээ авч явах шаардлагатай болж түр завсарласан. 2009 оноос уул уурхай ид эхэлж байх үед инженер найзуудтайгаа компани байгуулаад, уул уурхайн хүнд машин механизмын өндөр даралтын шланк, холбох эд анги борлуулдаг байсан. Гэхдээ бүгдээрээ үндсэн ажлынхаа хажуугаар л энэ бизнесээ хийдэг байсан. 2013 онд Оюутолгой компаниас зарласан тендерт шалгараад 3 жилийн хугацаатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Том компанийн ханган нийлүүлэгчээр ажиллах гэрээ хийгдсэн болохоор хариуцлагатай байх үүднээс бидний хэн нэг нь компаниа авч явах шаардлага гарч би ажлаасаа гарч хувийн компанийхаа ажлыг хийсэн л дээ. 2016 онд Оюутолгой компанитай байгуулсан 3 жилийн гэрээ дуусч байсан тэр үед Петровис компаниас маань ажилдаа эргэж орооч гэсэн санал ирсэн. Тэгээд буцаж компанидаа орж ажилласан.  Шатахуун түгээгч, эрхлэгч, борлуулалтын менежер, бүсийн захирал зэрэг ажлуудыг хийж ирсэн. 2017 оны 10 сард компанийхаа хөрөнгө оруулагчид, хамт олны итгэлийг хүлээж  гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна даа.
-Хэрэглэгч бидний ойлголтоор хуучны Нефть хангамжийн бааз гэж улсын компани гэж байсан. Петровис компани хувийн компани гэдгийг мэднэ. Харин энэ хоёр компани одоо яг ямар хамааралтай вэ? 
-Петровис групп нефть импорт, тос, тосолгооны борлуулалт, газрын тосны хайгуул судалгаа, хийн түлшний импорт, борлуулалт, үйлчилгээний чиглэлийн 8 охин компанитай. Эдгээрийн нэг нь манай "НИК" ХХК. Бүx төрлийн шатахуун, битум, мазутын импорт, шатахууны борлуулалт, бөөний худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг газрын тосны салбартаа Монгол Улсын анхдагч компани. 1941 онд Нефть хэлтэс нь Турт, Хатгал, Цэцэрлэг, Эрээнцав, Ховдын нефть агуулах, Улаанбаатар, Баянтүмэн, Өндөрхаанд бензин колонк, Ховд, Улаанбаатарт 15 автоцистернтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж, 1956 онд Наушка-Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр зам ашиглалтад орж төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэлсэн гэдэг. 1978 онд Нефть хангамжийн удирдах газар байгуулагдан Монгол орон даяар үйл ажиллагаагаа явуулж 1992 онд  Засгийн газрын тогтоолоор нефть импорт хангамжийн нэгтгэлийг Нефть импорт концерн (НИК) болгон өөрчлөгдсөн түүхтэй. Харин 2004 онд Засгийн газраас төрийн өмчит "НИК" компанийг хувьчлах тендерт Петровис компани оролцож, НИК компани төрийн өмчөөс хувийн өмчид шилжсэн гэсэн үг. Өнөөдрийн байдлаар "НИК" компани монгол улсынхаа 21 аймаг, 330 суманд 400 орчим шатахуун түгээх станцтай, 11 агуулах, итгэмжлэгдсэн 9 лабортори, 1600 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Компанийн маань өнөөдрийг хүртэлх туулсан зам, ололт амжилт бүхнийг компанийн маань  үе, үеийн удирдлага, хөрөнгө оруулагчид, чадварлаг хамт олон, үнэнч хэрэглэгчид бүгд бүтээлцсэн гэж ойлгож энэ бүхэнд хүндэтгэлтэй хандаж явдаг.



-Ямар ч компанийн хувьд гүйцэтгэх захирал чухал үүрэгтэй албан тушаал. Хамт олноо удирдах, компаниа үр ашигтай, урт хугацаанд өрсөлдөх чадвартай  ажиллуулах, хэрэглэгчдийг татах гээд ачаа их. Ажлын арга барил, зарчмынхаа тухай уншчигчдад сонирхуулаач?

-Гүйцэтгэх захирлын хувьд 1600 ажилчдынхаа өмнө болон олон мянган хэрэглэгчдийнхээ өмнө, компани эзэн буюу хөрөнгө оруулагчдын өмнө маш том үүрэг, хариуцлага хүлээж ажиллахаас гадна хөрөнгө оруулагч, ажилчид, хэрэглэгчдээ холбосон гүүр болж  ажиллах ёстой. Энэ ажлыг хийхэд эзэмшсэн мэргэжил, компанидаа багагүй хугацаанд ажилласан туршлага маань түшиц болохоос гадна хамгийн гол нь гар сэтгэл нийлсэн 1600 гаруй ажилчдаас бүрдсэн чадварлаг баг хамт олон маань тулах багана болж байгаа. Нөгөө талаар компанийхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан ажиллахаас гадна Петровис группийн бусад компаниуд, төр, нийгмийн байгууллагуудтай нягт уялдаа, холбоотой ажиллах шаардлагатай байдаг. Хувь хүнийхээ хувьд багаар ажиллах дуртай. Багадаа 5 ханатай гэртээ олуулаа амьдарч, аав, ээж, ах, эгч, дүү нараа хүндлэх, тэднээс үлгэр дууриал авах, за тэгээд гэрийн ажлаа хуваарилж хийх, ах, эгч сургуулиа төгсөөд явахаар эгч, ахын үүргийг гүйцэтгэж дүү нараа асрах, аав, ээждээ туслахаас эхлүүлээд цэцэрлэг, сургууль, олуулаа сурч, амьдарч ирсэн маань бусдыг хүндлэх, хүнийг дарга, цэрэг гэж ялгахгүй байх, бусдын үг, саналыг сонсох, бусадтай ойлголцож, зохицож ажиллах, нэг ёсондоо хүний эвийг олох арга барил, зан чанарыг төлөвшүүлсэн гэж ойлгодог. Энэ зан чанар маань  хамт олноо удирдан ажиллахад  түлхэц болж байгаа болов уу даа. 
-Таныг ярилцлаганд урих гээд чатаар холбогдогдохдоо том компанийн захирал юм чинь туслахтай нь ярьж байгаад цаг зав гэх байх гэж бодож байлаа.  Харин та ажил дээр хүрээд ирээрэй гээд уриалгахан хариу бичсэн. Сая наашаа ирж байхдаа үүдний харуулаас авахуулаад туслахад нь бөөн байцаалтаа өгч уулзана даа гэж бодсоор орлоо. Гэтэл танай харуул ч их сүр болсонгүй, танд үүдний өрөө алга,  туслах алга, та өөрөө кофе чанаад намайг дайлчихлаа. Бас та бид хоёрыг ярилцах зуур хоёр ч ажилтан орж ирж гарын үсэг зуруулж ажлаа амжуулаад гарлаа даа. Хүнд сурталгүй, төвөггүй санагдлаа.  Энэ бүхэн таны болон танай компанийн соёл, зарчим байх тийм үү?
-Хүн ер нь нийгэмд ч хаана ч тэр бусдаас өөрийгөө тусгаарлах тийм сайхан зүйл биш л дээ. Би түрүүнд хэлсэн гүйцэтгэх захирал бол ажилчид, хэрэглэгч, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болох ёстой. Тэгэхийн тулд илүү нээлттэй, шуурхай, хэн нэгэнд дарамт, хүндрэл, бэрхшээл үүсгэхгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх  ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Миний өрөөний яг хойд талын өрөөнд миний өдөр тутам голлож харьцдаг бүсийн захирал, менежерүүд, инженерүүд маань сууж ажилладаг,  дунд талын өрөө бидний уулзалтын өрөө Манай компанийн бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь нэг их төвөггүй, шийдвэр гаргах схем нь их тодорхой. Таны хэлсэнтэй адил зарим хүмүүс чиний өрөө ингээд болоо юу гээд туслах, арын өрөө энэ тэр гэж байдаггүй юм уу гээд асуудаг.(инээв) Ажлын өрөө том байх шаардлагагүй л дээ. Энэ жижигхэн өрөөнд ширээ, сандал, компьютер, ус буцалгагч хэрэгцээтэй бүхэн маань багтаж байна. Ажил хийх нөхцөл, гар сэтгэл нийлсэн хамт олон маань байна. Өөр юу хэрэгтэй байхав дээ.
-Таны ах Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа. Энэ нийгэмд  найз нөхөд, ах дүү нарынхаа хэн нэгнийг төрд  эрх мэдэлтэй албан тушаал хашиж байхад давуу эрх эдэлж төрөөс ажил, тендер шийдүүлэх ч гэдэг юм уу, нэг тийм сөрөг хандлага байдаг нь нууц биш. Таны хувьд ахаасаа ажил, бизнес, тендер өгөөч гэж гуйж байв уу?
-Эцэг, эхээс бидэнд олгосон хүмүүжил, ахынхаа зан чанар, зарчмыг сайн мэддэг учраас миний хувьд ахаасаа хэзээ ч тийм зүйл гуйхгүй гэж шуудхан хариулья.  Ахыг Засаг даргын албанд очсоны дараа найз, нөхөд танилуудаас тийм тендер, нүүрс авах гэсэн юм хэлээд яриад өгөөч гэсэн гуйлт ирдэг байсныг нуухгүй. Тэр болгонд гэр бүлийнхээ хүмүүжил, ахынхаа зарчим, зан храктерийг тайлбарлан ойлгуулж хариултыг нь өгдөг байсан. Сүүлдээ хүмүүс ойлгодог болсон уу, хэлээд нэмэргүй гэж бодсон уу тэр талаар яриа өрнөхөө больсон. Хүнийг том жижиг гэж ялгалгүй, адил тэгшхэн ханддаг, их нээлттэй, цаг баримтладаг, хэлсэн, амласнаа биелүүлэхийн хичээдэг гээд аав, ээжийн маань олон сайхан зан чанар ахад минь байгаа харагддаг. Аав, ээж маань их хөдөлмөрч, шударгаар хөдөлмөрлөж амьдрахыг өөрсдөө үлгэрлэн, өөрөө хөдөлмөрлөж олсон бүхэн үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулж хүүхдүүдээ хүмүүжүүлсэн ухаантай хүмүүс. Бидэнд байр, сууц, үнэтэй өв хөрөнгө өвлүүлээгүй хэрнээ шударгаар хөдөлмөрлөх, хүн чанартай байх, шударга байх, бусадтай ойлголцох гээд олон зан чанарыг өвлүүлсэн дээ. Тийм ч учраас бид бүгдээрээ  өөрт оногдсон ажлаа сайн хийж, шударгаар хөдөлмөрлөж амьдрах ёстой гэдэг зарчмаар ажиллаж амьдарч явна даа. Ээж маань тэтгэвэртээ гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй жил дэлгүүр, халуун ус гээд өөртөө таарсан хувийн бизнес хийгээд үр хүүхдүүддээ үлгэр дууриалал болж яваа шүү дээ. Бид нараас мөнгө төгрөг авах нь битгий хэл бидэнд сардаа хэд гурван төгрөг шилжүүлчихдэг хүн дээ. 
-Та сая ярьлаа. Хөдөл­мөрлөхийн үнэ цэнэ, шударгаар хөдөлмөрлөж амьдрах хүмүүж­лийг аав, ээж маань олгосон гээд. Зах зээлийн нийгэм эхэлж байх үеийн оюутны амьдралд сургалтын төлбөр, байр, хоолны мөнгө гээд асуудал их. Оюутан байхдаа ажил хийж байсан гээд дээр дурьдсан. Тэр талаараа дэлгэрүүлж яриач...
-Зах зээлд шилжиж их, дээд сургуулиуд төлбөртэй болж, улсын үйлдвэр, албан газрууд үүд хаалга барьж, цомхотгол энэ тэр гээд олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байсан хүндхэн үеийг аав, ээж хоёр маань бусдын адил туулсан. Тэр үед бид оюутан болцгоосон байлаа. Хэцүү үе байсан ч гэлээ аав, ээж хоёр маань үр хүүхдүүдээ мэргэжил боловсролтой болгохын тулд маш их хөдөлмөрлөж бидний сургалтын төлбөрийг төлдөг байсан. Хил нээгдэхээр гэрээ ачиж очоод ээж хоол хийж зарна, аав "УАЗ-469" машинаараа хүн тээвэрлэнэ, ачаа бараа тээвэрлэнэ. Бид ч гэсэн зуныхаа амралтаараа аав, ээжийгээ дагаад хил дээр очиж ажиллаж тус нэмэр болдог байлаа. Сониноос би цагаан хаданд зайрмагны наймааг анх эхлүүлж байв. (инээв) Аавдаа туслаад аавынхаа машинаар хүн, ачаа зөөж хил гарна, хилээс буцаж ирэхдээ зарж борлуулах бараа таваар авчирч зарна гээд ажил их. Хилийн цаанаас  хүмүүс янз бүрийн бараа, таваар оруулж ирж зарна. Ихэнхдээ гурил, будаа, сахар оруулж ирдэг байсан. Халиутаас зайрмаг оруулж ирж зарвал мөнгө олох боломжтой гэдгийг олж мэдээд аав, ээж хоёртоо хэлсэн чинь 30, 40 хэмийн энэ их халуунд, 100 гаруй км-ийн холоос машинаар зайрмаг зөөнө гэж бүтэхгүй хүү минь гээд хориглоод, нэг гуйлаа, хоёр дахиа гуйлаа ээж, аав хоёр маань зөвшөөрдөггүй. Тэгэхээр болноо болно, би яваад ирье та хоёр хөргөгчөө бэлдээд л байж байгаарай гээд аавынхаа 69-ийг унаад давхисан. Халиут ороод зайрмаг зардаг газар очиж, энэ машинаар тээвэрлэж явна, хамгийн сайнаар хөлдөөгөөд өгөөрэй, өглөө эрт ирж авья гээд захиалгаа өгчихсөн. Маргааш өглөө эрт очоод "69"-ийнхаа ард хөлдөөсөн зайрмагаа ачаад битүү хөнжлөөр дарж боогоод давхичихсан. Хятадын хил дээр очерлож байгаа хүмүүс дээр очоод ахаа, эгчээ намайг урдуураа оруулчих би зайрмаг аччихсан, хайлчих гээд  байна гээд гуйж байгаад хурдан гарчихсан, харин Монголын хил дээр жаахан удсан. Тэр үед машин дүүрэн ачаа, хүн гардаг байсан.  Хүнгүй байхаар гайхсан маягтай, боодлын нэг өнцгөөс нь зүсч үзэж шалгаад хил гаргасан.Тэгээд ирээд зайрмагаа дор нь зарчихсан. Цагаан хаданд өөр газар зайрмаг зардаггүй байсан болохоор их амархан зарж дуусгасан. Хилийн цаанаас их хямдхан аваад гайгүй зарчихдаг байсан. Нэг хөргөгч зайрмаг зараад сургалтын төлбөрөө олчихоод бөөн баяр болоод урам ороод хэд хэд явсан. Тэгээд удаа ч үгүй тэр хавийн бусад хүмүүс зайрмаг оруулж ирдэг болсон доо. Энэ мэтчлэн зуныхаа  амралтаар аав, ээжийгээ дагаж хил дээр очиж ажиллаад, хичээлдээ ирээд оройн цагаар  Бишрэлт зочид буудалд рестораны зөөгч, хаалгач, хамгаалагч хийдэг байлаа.
-Сонирхолтой түүх ярьсанд баярлалаа. Монгол Улсынхаа томоохон нэг компанийг удирдах хариуцлагатай ажлыг хийхийн зэрэгцээ эр хүний хувьд гэр бүлээ авч явах үүрэг, хариуцлага гэж бий. Гэр бүл үр хүүхэддээ цаг заваа зориулж чадаж байна уу? 
-Манайх ам бүл зургуулаа, гурван хүү, нэг охинтой өнөр өтгөн айл ш дээ. Оюутан байхдаа гэр бүл зохиосон. Гэргийг маань М.Ариунзаяа гэдэг. Бид хоёр нэг сургуулийн нэг анги төгссөн, ижил мэргэжилтэй. Миний гэргий маань халамжтай сайн хань, сайн ээж. Том хүү маань архитекторын мэргэжлээр  их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байгаа. Эцэг хүн, айл гэрийн эзэн ямар байх ёстой, гэр бүлийнхээ өмнө ямар үүрэг, хариуцлагатай байх ёстой вэ гэдгийг аав маань амьдралаар харуулж, үлгэр жишээ болсон гэж хэлж болно. Аав шигээ аав байхыг хичээж л явна. Аливаа хүн ажил, амралт цагаа зөв зохицуулж,  ажлаа цагт нь үр дүнтэй хийж, амрах, гэр бүл, үр хүүхэддээ  цаг гаргаж сурах нь хамгийн чухал гэж боддог. Ажил, ажил гээд ар гэрээ орхиж болохгүй, ар гэр гээд ажлаа цалгардуулж болохгүй л гэсэн үг. Миний хувьд онцгой ажил гарчихгүй бол амралтын өдрүүдийг яг л гэр бүлийнхэнтэй өнгөрөөдөг. Бас долоо хоногийн нэг өдөрт найз нөхөддөө цаг гаргадаг. Найз нөхөдтэйгээ уулзан, санал бодлоо солилцоно, нэг нэгнээсээ суралцах гээд цагийг хамтдаа өнгөрүүлэх сайхан л даа. Хүүхдүүддээ гадны улс орны соёл, эх орныхоо  байгалийн сайхантай танилцуулах, үүднээс гэр бүлээрээ жилдээ нэг удаа гадаад юм уу, дотооддоо аялдаг. Гэр бүлээрээ явсан аялал бүхэн гэр бүлд маань аз жаргал, хайр, энэрэл, сайхан бүхнийг мэдрүүлж байдаг болохоор аялалд явж ирээд аяллынхаа хамгийн дурсамжтай зургийг гэрийн хананд байрлуулчихдаг. Хааяа аяллын зурагнуудаа хараад хүүхдүүдтэйгээ аяллын үед үзсэн, харсан, мэдсэн зүйл, хөгжилтэй сайхан дурсамжийг сэргээж ярилцахад сайхан байдаг юм.
-Нутаг руу ойрд явав уу. Залуу хүний хувьд нутаг орныхоо хөгжлийн талаар ямар бодолтой явдаг бэ? 
-Албаны ажлын шугамаар очно, цагаан сараар ижийдээ золгох гээд нутагтаа очдог. Он гараад хоёр ч удаа очоод ирсэн. Зам харгуй сайхан болсон, хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөж байгааг хараад сайхан санагддаг. Хүмүүс ярьдаг л даа. Өмнөговь бол байгалийн баялаг ихтэй учраас  хүмүүс нь баян, хөрөнгөлөг гээд. Би үүнтэй санал нийлдэггүй. Манай нутгийнхан оюуны өндөр чадамжтай, хөдөлмөрч, уужуу тайван, тэсвэртэй, хүн чанар сайтай  хүмүүс. Сум, аймгийн төв, хөдөө  хаана ч тэр цэмцийсэн цагаан гэртэй, хашаа хороогоо  цэмцгэр авч явдаг, аминдаа арчаатай амьдардаг улсууд. Тэр утгаараа манай аймаг амьжиргааны түвшингээрээ дээгүүрт ордог. Нэг үгээр хэлбэл манай нутгийнхан уул уурхайн өгөөж гэхээсээ илүү оюуны чадамж, хөдөлмөрийнхөө үр шимээр бусдаас илүү сайхан амьдарч байгаа гэж боддог. Одоогийн нөхцөл байдлаас харахад нэгэнт эхэлсэн уул уурхайг харилцан ашигтай, үр өгөөжтэй ажиллуулж, бас өөр олон боломжуудаа нээж тэр дундаа  оюуны хөгжлийг илүү дэмжиж оюунлаг говьчуудаа илүү олон болгох, нөгөө талаар эх нутгаа хамгаалж энэ л байгаагаар нь авч үлдэхийн тулд аялал жуучлалыг түлхүү хөгжүүлж байгальд ээлтэй ажлын байрыг бий болгож илүү сайхан амьдрах боломж байгаа гэж харж байгаа. Энэ чиглэлээр ч нутгийнхаа хөгжилд оролцох хүсэл, зорилго бий. 
-Урилгыг маань хүлээн авч цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны гэр бүлд аз жаргал хамгийн сайн, сайхан бүхнийг, ажилд тань амжилтыг дээдийг хүсье.
-Баярлалаа. Нутаг орныхоо тухай ярилцаж, бага насны минь дурсамжийг сэргээж, хайртай аавыгаа дурсан ярилцах боломжийг олгосон танд баярлалаа. Хүүхэд насандаа эргэж очсон ч юм шиг, аавтайгаа хамт байгаа ч юм шиг сайхан санагдлаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Ярилцсан Н.Адьяацэрэн