Бямба гариг 2024/07/27
Доллар 0.00
Улаанбаатар0 C
2024 онд Даланзадгад суманд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт2024-06-05 10:46 GMT+8 | 696 удаа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Өмнөговь аймаг түүхэндээ анх удаа орон нутгийн төсвийг 1.4 их наяд төгрөгөөр баталлаа2024-06-05 10:36 GMT+8 | 2132 удаа ҮЙЛДВЭРИЙН БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ2024-06-05 10:31 GMT+8 | 284 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ОНЦЛОХ ШИЙДВЭР (2023-2024)2024-06-05 10:09 GMT+8 | 332 удаа “ГОВЬ УС” ХӨТӨЛБӨР2024-06-05 09:59 GMT+8 | 1676 удаа Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулснаар олон эерэг өөрчлөлтөд хүрсэн2024-05-18 09:24 GMT+8 | 4276 удаа ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР2024-04-10 10:51 GMT+8 | 632 удаа DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 580 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 516 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 524 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 928 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 424 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 456 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 484 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 808 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 484 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 456 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 452 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 444 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 628 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 760 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 584 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 636 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1440 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 776 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 1044 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 1020 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 640 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 644 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 680 удаа

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулснаар олон эерэг өөрчлөлтөд хүрсэн

НИЙТЭЛСЭН: 2024-05-18 09:24 GMT+8

Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбаттай ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.


-Та гэр бүл, аав ээжийнхээ талаар ярилцлагын эхэнд танилцуулна уу. 

-Би Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй. Гэргий гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний хань Б.Уянга “Хүннү эйр” компанийн Өмнөговь аймаг дахь салбарт ажилладаг. Би эцэг, эхээс дөрвүүл, айлын отгон хүүхэд. Аав, ээж хоёр маань насаараа боловсролын байгууллагад ажилласан багш хүмүүс л дээ. Том эгч, ах хоёр маань бас багшийн мэргэжил эзэмшсэн, одоо боловсролын салбарт ажилладаг. Ээж маань одоо 80 насыг шүргэж байгаа сайхан буурай бий. Аавыг минь “Нааяа багш” гэхээр нутаг усныхан маань андахгүй. Сайн аав, сайн хань, сайн удирдагч, сайн багш, их  шаламгай, ажилч хичээнгүй, хийж чадахгүй, амжуулахгүй ажил гэж байдаггүй хүн байсан. Багшилна, хичээлийн эрхлэгч, захирлын албаа хашна, аж ахуйн ажлаа ч хийчихнэ. Математикийн багш хүн атлаа хүмүүжлийн цагаар монгол дээл, гутал, тоорцог малгай өмсөж байгаад л хүүхдүүдэд монгол үндэсний өв соёлын талаар хичээл заадаг асар их санаачилгатай, монгол уламжлалаа өвлүүлж хадгалахыг эрхэмлэдэг хүн байлаа. 

-Таныг бизнесийн эдийн засагч мэргэжлийг онц дүнтэй эзэмшсэн учраас хэд хэдэн банк ажиллах урилга өгч байсан гэж сонссон. Тэр дундаас Худалдаа хөгжлийн банкыг сонгож ажлын гараагаа эхлүүлж байсан юм байна. 

-Би 2007 онд ХААИС-ийг Бизнесийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэр үед банкууд банк, санхүүгийн мэргэжлээр онц төгсөж буй  оюутнуудад урилга илгээж ажилд урьдаг байсан. Надад гурав, дөрвөн банкнаас урилга ирж байлаа. Тэр дундаас би Худалдаа хөгжлийн банкийг сонгож ажлын гараагаа эхлүүлсэн юм. Теллерээр жил гаруй ажиллаад хувийн компанид менежер, дараа нь Хаан Банкны Өмнөговь салбарын захирлаар 10 гаруй жил ажилласан. Ингээд 2020 онд аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж, 2023 оны тавдугаар сарын 29-өөс Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. 

-Худалдаа хөгжлийн банканд урилгаар ажилд орсон хүн яагаад Хаан банкны салбарын захирлаар томилогдох болсон юм бол?

 

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагаас тамга гардан авч буй мөч

 

-Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байгаад, “Ажнай” корпорацид маркетингийн менежерээр ажилд орж байсан. Тухайн үед Д.Бат-Эрдэнэ гишүүний нутгийн залуустаа хэлж байсан захиас, уриалга байдаг юм. Тэр нь, “Залуучууд та нар сургуулиа төгсөөд хот хүрээ газар ажиллах гэхээсээ илүү нутагтаа очиж ажилла. Мэдсэн, сурсан бүхнээ нутгийнхаа хөгжилд зориул. Залуучууд цөм хотруу зүтгээд байвал нутгийг чинь хэн хөгжүүлэх юм бэ. Залуус та нар л ахмад буурлуудынхаа залгамж халаа болж, нутгийнхаа хөгжилд хүчээ өгөх хэрэгтэй” гэсэн. Энэ захиас, уриалгыг олон залуу хүлээн авч, эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллаж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа.Тэдний нэг нь би шүү дээ. Залуу хүний хувьд хот газар ажиллаж, амьдрах хүсэл мөрөөдөл байсан ч нутагтаа ажиллаж амьдрах шийдвэр гарган ирж байсан минь маш зөв сонголт болсон. Тухайн үед буюу 2007 онд манай аймаг хөгжлөөрөө тийм ч сайнгүй, тог байнга тасардаг, хотоос аймаг хүртэл шороон замтай, спорт заал, кино театр байхгүй, ажлын байр хомс байсан ч дээрх захиас, уриалгыг сэтгэлдээ тээж, нутгийнхаа хөгжил хувь нэмрээ оруулах зориг, итгэл дүүрэн ирж байсан даа.  

-Ирээд л Хаан банканд ажилд орсон уу?

-Эхлээд төрийн албаны шалгалт өгч, аймгийн ИТХ-ын ажлын албанд мэргэжилтнээр ажилд орсон. Гэтэл тэр үед Хаан банкнаас салбарын захирлын сонгон шалгаруулалт зарлалаа. Би өөрийгөө сорихоор шийдээд материалаа өгч, сонгон шалгаруулалтад нь оролцсон юм. Банкны салбар, тэр дундаа Японы хөрөнгө оруулагчтай Хаан банкны хувьд хүний нөөцийн бодлого маш чанга байсан. Гэсэн хэдий ч залуу хүний өөртөө итгэх итгэл, зорилго, өөрийгөө сорих хүсэл маань дийлсэн. Их л зоригтой байсан хэрэг л дээ. Ингээд шалгалт, ярилцлагуудаа сайн өгөөд, банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцэгдээд 25 настай залуу “Хаан банк”-ны Өмнөговь салбарын захирлаар томилогдож байлаа.

-Тийм залуугаараа салбарын захирлын албыг хашна гэдэг амаргүй. Бас тийм залуу хүнд итгэл хүлээлгэнэ гэдэг нь ч амаргүй. Удирдах чадвар харагдаж байсан учраас л тэгж найдвар тавьсан байх, тийм үү?

-Салбарын захирлаар ажиллах тушаал гарах болоод Хүний нөөцийн газар дээр ирсэн чинь Цолмон захирал над руу байн байн хараад, регистрийн дугаараа дахиад хэл дээ гээд л байж билээ. Арай л залуу захирал шалгарсан байна гэж гайхаж байсан нь тэр байх. Хариуцлагатай албанд томилогдсон учраас төв банкны удирдлага, хамт олонтой нягт холбоотой ажиллаж, банкны салбарын талаар уншиж судлан, туршлагатай банкируудаас зөвлөгөө авч, өөрийгөө хөгжүүлж, маш их хичээж ажилласан. Бас хамт олонтойгоо сайн ойлголцож баг болж ажилласан. Үүний үр дүнд 10 жил салбарын захирлаар ажиллаж, манай хамт олон ажил үйлсээрээ найман жил тэргүүн байр, хоёр жил дэд байранд шалгарч шилдгийн шилдэг салбар болж чадсан. Анх томилогдож байхад олон хүнд “ийм залуу хүн салбарын захирал хийж чадах болов уу” гэдэг эргэлзээ, болгоомжлол ч байсан. Гэхдээ тэр эргэлзээг тайлж, хамт олонтойгоо амжилттай сайн ажилласны үр дүнд залуучуудад итгэл өгвөл хийж чаддаг юм байна гэдгийг тодорхой хэмжээгээр харуулсан гэж би боддог юм. Олон залуу мэргэжилтэнд банкны салбарын удирдах албанд томилогдон ажиллах замыг нээж өглөө гэж банкны удирдлагууд маань үнэлж байлаа. Бага залуу насандаа Монголын хамгийн том банкны салбарыг 10 гаруй жил удирдаж, иргэдээ төлөөлж ИТХ-д гурван удаа сонгогдож, өөрийн сурсан, мэдсэн бүхнээ нутаг орныхоо хөгжилд зориулж яваадаа бахархдаг шүү. Төрж өссөн нутагтаа ажиллаж амьдрахаар ирсэн шийдвэр маань миний амьдралдаа гаргасан зөв шийдвэрүүдийн нэг байсан гэж сэтгэл дүүрэн явдаг юм.

-10 жил багагүй хугацаа. 10 жил банкны салбарт ажилласны дараа төрийн албанд томилогдон ажиллажээ. Банкны салбар, төрийн байгууллагын ялгаа асар их байх?

-Хаан банканд 10 жил ажиллахдаа маш олон ур чадварыг эзэмшиж, маш их зүйлийг сурсан. Банк бол компанийн маш сайн засаглалтай, удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогын хувьд хамгийн үлгэр жишээ, шилдэг нь байдаг салбар. Банкны ажил харилцагчаа хүндэтгэхээс эхэлдэг. Харилцагч байхгүй бол банк байхгүй шүү дээ. Харилцагчдадаа үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүнээ танилцуулах, зөвлөгөө өгөх гээд банкны бүх  үйлчилгээнд теллерээс эхлээд эдийн засагч, харилцааны менежер, захирал бүгд оролцдог. Аливаа асуудлыг судлах, шийдвэрлэх, хүнтэй харилцах, түргэн шуурхай ажиллах ур чадварыг эзэмшүүлэхээс гадна хүнийг зөв хандлага, соёлд сургадаг байгууллага бол банк гэж би үздэг. Мэдээж энэ салбараас төрийн ажилд шилжихэд тэс өөр байсан л даа. Уг нь бол төрийн албан хаагч, банкны ажилтан хоёр ялгаагүй л иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Үүрэг ижил боловч харилцаа, хандлага  өөр байна уу даа гэж хардаг. Дарга, захирал болно гэдэг бол надад  бусдаас илүү эрх мэдэл, эрх ямба ирж байна гэж бодох биш, илүү үүрэг, хариуцлага ирж байна гэж ойлгоод ажиллавал ажил урагштай байна.
Банкны салбарын харилцагч нь  иргэд, аж ахуйн нэгжүүд. Тэдний хүсэлт, хэрэгцээ, жаргал зовлон бүхнийг сонсоно, судална, ойлголцож, зөв тооцоолж байж зээл олгож, үйлчилгээ үзүүлнэ. Тэр утгаараа иргэд, бизнес эрхлэгчидтэйгээ их ойрхон ажилладаг байсан.

 

 

-Таныг төрийн алба хашиж эхлэх үед цар тахлын бэрх үе давхцсан. Тийм хүнд үед шинэ алба авах том сорилт байсан нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч тэр хүнд үийг амжилттай даван туулсан гэж олон хүн үнэлдэг юм билээ.

-Тийм ээ. Засаг даргын орлогчоор томилогдож ажилласан эхний үе  бол цар тахлын хүнд жил байсан. Улс орны эдийн засгийг тогтвортой байлгах, уул уурхайн экспортыг тасалдуулахгүй байлгахын тулд Өмнөговь аймагт хатуу хөл хориотой удаан хугацаанд байсан. Энэ үед орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих үү, нэг өдрийн өмнө ч гэсэн үйлчилгээг нь нээлгэчих юмсан, цар тахлын дараа яах вэ гээд олон олон асуудал гарч байсан. Иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд зээлтэй, ажилчдаа яах вэ гэдэгтээ тулсан хүндхэн цаг байсан шүү. Хоёр жил  нам зогссон салбар бол аялал жуулчлалын салбар. Хил хаалттай, гадаадын жуулчид ирэхгүй болчихсон учир жуулчны баазууд маань хүнд байдалд гацсан тийм үеийг туулсан. Орон нутгийн зүгээс зохион байгуулалт хийж, нүүрс тээврийн жолооч нарын тусгаарлалтыг аймгийнхаа зочид буудлууд, жуулчны баазуудад зохион байгуулж, дотоодын жуулчдыг татахад бодлогын дэмжлэг үзүүлж ажиллаж байлаа. Банкны салбарт ажиллаж байсан хүний хувьд аж ахуйн нэгжүүддээ хамгийн их санаа зовж, боломжоороо бодлогын дэмжлэг үзүүлэхийг хичээж байсан даа. Цар тахлын дараа  орон нутгийн төсвийг бүрдүүлэх чиглэлээр уул уурхайн компаниуд болон тэдний туслан гүйцэтгэгч компаниудтай ажиллах ажлын хэсгийг ахалж ажиллахдаа төр, аж ахуйн нэгжүүдтэй зөв харилцаатай, зөв хамтарч ажиллавал ямар үр дүнд хүрдэг гэдгийг харуулж, орон нутгийн төрийн байгууллага, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд томоохон өөрчлөлт авчирсан. 

-Тухайлбал ямар өөрчлөлт гарсан тухай дэлгэрүүлж яриач?

-Манай аймаг улсаас татаас авдаггүй, орон нутгийн төсвөө өөрсдөө бүрдүүлэхийн зэрэгцээ, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг цөөхөн аймгийн нэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 2022 оны нэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж буй  аймгийн төсөвт, хүн амын орлогын татвар 100 хувь тухайн сумын  төсөвт төвлөрүүлэхээр зохицуулагдсан. Хууль батлах нэг өөр хэрэг. Харин батлагдсан хуулийг хэрэгжүүлэх, үр дүн гаргах нь хамгийн чухал байдаг. Хууль хэрэгжиж эхлэхэд цар тахлын улмаас хил хаалттай, экспорт, импорт зогсонги байдалд орж улсын ч тэр орон нутгийн ч төсөв санхүү, эдийн засаг хүндэрсэн  байсан цаг үе. Төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй ажиллаж, татварын орлогыг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын ажил, арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлах болсон. Эхлээд том татвар төлөгч уул уурхайн компаниудтай уулзалт хийж ажлаа эхлүүлсэн. Ер нь төр, аж ахуйн нэгжийн  хоорондын хамтын ажиллагаа, харилцаа тийм сайхан байдаггүй шүү дээ. Аж нэгжүүдийн хувьд төрийн байгууллага дуудаж байна, уулзалт хийнэ гэхээр, яах гэж байгаа бол, юу болов гэсэн битүүхэн айдас болгоомжлолтой байдаг. Төрийн зүгээс ч ойлголцол гэхээсээ илүү шалгадаг,  шаарддаг, шахдаг тийм хандлагатай байдаг нь үнэн. 
Аж ахуйн нэгжүүд татвараа төлөх нь үнэн, төр авах нь үнэн ч гэлээ харилцан ойлголцож, зөв хамтын ажиллагаатай байх нь чухал байсан. Бид ажлын хэсгийн бүрэлдэхүүнээрээ бүх уурхайнуудаар явж, нийслэл, аймгийн төвд аж ахуйн нэгжүүдийг урьж уулзалт хийж, шинэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, татварын шивэлтээ хэрхэн зөв хийх вэ гэдэг чиглэлээр зөвлөгөө өгч, илэн далангүй ярилцаж, зарим тохиолдолд ТУЗ, хөрөнгө оруулагчдад мэйлээр мэдээлэл өгч, ойлголцож ажилласан. Үүний үр дүнд, 2022 оны сүүлчээр 2023  оны төсвийн орлогыг 648 тэрбум төгрөгөөр баталсан байсан боловч, татварын орлогын бүрдүүлэлт сайн болсон тул төсөвт тодотгол хийж,  948 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард хуралдсан ИТХ-ын хуралдаанаар манай аймаг түүхэндээ анх удаа 2024 оны орон нутгийн төсвийг 1.4 их наяд төгрөгөөр баталсан. Үүнийхээ 50 гаруй хувийг  буюу 719.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтсон. Энэ бол аж ахуйн нэгжүүд маань татварын шивэлтээ зөв хийж, 40 хувийн татвар нь тухайн үйл ажиллагаа явуулж буй аймаг, сумын төсөвт орсны үр дүн, Ингэснээр орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн дээ.

 

-Орон нутаг төсвөө өөрөө бүрдүүлнэ гэдэг том амжилт. Өөрийн гэсэн төсөвтэй байна гэдэг бол орон нутаг хөгжих гол үндэс гэж үзэж болох юм даа? 

-Мэдээж тийм. Төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн ялгааг арилгах, хөдөө орон нутаг жигд хөгжих боломжийг бүрдүүлэх хамгийн гол хүчин зүйл нь орон нутаг өөрийн гэсэн төсөв мөнгөтэй байх явдал гэж үзэж болно. Өнөөдөр улсын төсвөөс татаас авдаггүй, өөрөө төсвөө бүрдүүлдэг аймаг гарын таван хуруунд багтаахаар тун цөөхөн байгаа. Аймаг, сумдын 70-90 хувь нь улсаас татаас авдаг. Төсвөө бүрдүүлдэг аймаг, сумын тоог олон болгох нь чухал. Ийм боломж бий юу гэвэл байна гэж хэлнэ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын 40 хувь нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж буй газарт төлөгдөж, хүн амын орлогын татвар 100 хувь үйл ажиллагаа явуулж буй сумандаа төлөгддөг болсон. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэлтэй хэр нь Дундговь аймгийн Гурвансайхан суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байвал, тэр компанийн ашгийн татварын 40 хувь нь Дундговь аймгийн төсөвт, ажилчдынх нь төлсөн хүн амын орлогын татвар нь Гурвансайхан сумын төсөвт ордог болж байгаа юм. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд тухайн аймаг, сумдын удирдлага, татварын байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэйгээ зөв ойлголцож, шивэлтээ зөв хийж, татварын орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Өмнөговь аймгийн хувьд төрийн байгууллага нь хувийн хэвшилтэйгээ ойлголцож хамтарч ажиллаад сүүлийн хоёр жилд төсвийн орлогоо хоёр дахин нэмэгдүүлж чадсан. Энэ туршилга, ийм боломжийг бусад аймаг, сумдад хангалттай хэрэгжүүлж чадвал төсвийн орлого, цаашлаад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаа нэмэгдүүлэх боломжтой. Нөгөө талаар бизнес дэх төрийн оролцоог багасгах, төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тоог бууруулах, төр, хувийн хэвшилтэйгээ бизнесийн талбарт өрсөлдөгч байдаг энэ буруу жишгийг өөрчлөх ёстой. Төр иргэд, аж ахуйн нэгжүүдээсээ боломжийг булаах биш, боломжийг олгодог байх ёстой. Дундаж давхаргыг нэмнэ гэж бүгд байнга л ярьдаг шүү дээ. Гэтэл эсрэгээрээ халамж авдаг хүний тоо нь жилээс жилд нэмэгдэж байх жишээтэй. Монгол Улсад бизнес дэх төрийн оролцоо бага, иргэд чөлөөтэй бизнес эрхлэх боломжтой, татварын бодлого нь зөв байвал аймаг, сум хаана ч тэр үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нэмэгдэж, иргэд нь ажилтай, орлоготой болж, хөдөөгөөс төв рүү чиглэх урсгал багасах учиртай. Төр бүгдийг мэдэх гээд,  төр бүхнийг зохицуулах гээд, төр бүгдийг санхүүжүүлэх гээд байвал дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр хувийн хэвшил, иргэдийнхээ санал санаачилгыг төр дэмждэг байх нь хамгийн зөв гэж боддог. 

-Банкны теллерээс банкны захирал, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнээс ИТХ-ын дарга хүртэл дэвшин, амжилттай ажиллаж яваа залуу хүний хувьд  залуучуудад хандаж юу гэж хэлэхийг хүсдэг вэ? 

-Их, бага ямар ч ажлыг хамгийн сайнаараа хийх ёстой гэсэн зарчимтай байх хэрэгтэй гэж хэлнэ. Миний хувьд теллер байхдаа ч, захирал байх үедээ ч зорилго, тэмүүлэлтэй байж, хариуцсан ажлаа хамгийн сайнаараа, үр дүн гартал, тууштай хичээж, хөдөлмөрлөх ёстой гэсэн зарчмыг баримталсан. Ингэж хичээсэн маань одоогийн амьдралд минь чухал нөлөө үзүүлсэн.  Энэ бол эцэг, эхээс маань өвлөгдөж ирсэн зарчим. Аав, ээж хоёр маань хоёулаа математикийн багш болохоор ч тэр үү  ажил хийхдээ тоо бодож байгаа мэт бодож, сэтгэж хий, бодлогыг зөв бодохгүй бол хариу буруу гарна, хариу буруу гарсан бол үр дүн гарсангүй гэж ойлго, хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй, нэр төдий хийж байснаас огт хийхгүй байсан нь дээр гэж хэлж сургадаг байсан. Шинэ ажил албанд томилогдохоосоо өмнө ээж дээрээ очиж ярилцаж, зөвлөлдөж, ээжийнхээ захиас сургаалыг сонсдог доо. Ээж маань төр түмний итгэлийг хүлээх амархан, тэр том итгэлийг дааж явах амаргүй, хариуцсан ажлаа хариуцлагатай сайн хий, бусдыг энэрч хайрлаж, түмэнд тустай яваарай, хүн эцгээрээ, нутаг усаараа овоглогдож явдаг. Муу явбал аавын чинь нэр, нутгийн чинь нэр гарна, сайн явж эцгийн нэр, нутгийн нэрээ сайнаар дуудуулж яваарай захидаг юм.

 

2020 онд Засаг даргын орлогчоор томилогдсоны дараа ээж маань ах, эгч нарыг бүгдийг нь дуудаад за дүү чинь төрийн хариуцлагатай албанд томилогдлоо, та нар янз бүрийн юм гуйж дүүгээ зовоож болохгүй гэдгийг хатуу анхаарууллаа шүү, харин өөрсдийн чадах зүйлээрээ дүүгийнхээ ажилд тус нэмэр болж, ар гэрт нь санаа тавьж дэм болж явцгаана шүү гэж захисан. Ээжийн үг бол хууль шүү дээ. Нөгөө талаараа аав, ээж хоёр маань бусдад туслах, бусадтай хамтарч амжилтыг бүтээ гэдгийг өөрсдийн биеэрээ үлгэрлэсэн улсууд. Багш нар өөрийнхөө хүүхдийн төлөө гэхээсээ өрөөлийн хүүхдийн төлөө эрдэм боловсрол, цаг зав бүхнээ зориулдаг агуу хүмүүс шүү дээ. Биднийг сургуульд байхад аав, ээж хоёр маань гэр дүүрэн хүүхдүүд суулгаад хичээлийг нь давтуулдаг. Бид нар өөрөө өөрсдөө хичээл даалгавраа болгодог байсан. Ер нь тэгээд өөрийнхөө хүүхдийн хичээл даалгаврыг хийлгээд суудаг багш ховор доо ховор. Алдаа нэг хүнийх байж болох ч амжилт нэг хүнийх гэж байдаггүй шүү дээ. Хаан банкны Өмнөговь салбар маань 10 гаруй жил салбартаа манлайлсан. Энэ бол захирал Энхбатын амжилт биш банкны харуулаас эхлээд захирал хүртэлх бүх ажилтан, албан хаагчид, харилцагчид, хамтран ажилладаг байгууллага гээд мянга мянган хүний амжилт. Өмнөговь аймаг маань сүүлийн хоёр жил дараалан ажил үйлсээрээ  улсдаа тэргүүлсэн. Энэ амжилт бол зөвхөн дарга нар, төрд ажиллаж буй төрийн албан хаагчдын амжилт биш Өмнөговь аймгийн салбар бүрд ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид гээд, нийт наян мянган хүний амжилт. 

 

 

-Та аймгийн ИТХ-ын даргын албыг хашиж буй залуу удирдагч. Улс төрд залуучуудын оролцооны талаарх таны бодол? 

-Анх 2012 онд аймгийн ИТХ-ын даргад өрсөлдөөд ялагдаж байсан. Тухайн үед 27 настай байсан. Одоо бодоход их зоригтой байж. Тэр үед ИТХ-д залуучууд сонгогдох нь битгий хэл сум, аймгийн хуралд нэр дэвших тухай ойлголт ч тааруу байсан. Тийм ч учраас ийм залуу хүн хурлын дарга хийнэ гэж байхгүй, чадахгүй, бүтэхгүй гэсэн хандлага байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн амьдралд залуучуудын оролцоо бага, залуучуудын чадвар, чадамжийг үнэлэх, тэдэнд итгэх итгэл сул байсан юм уу даа. Харин одоо бол залуучууд маань нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, мэдлэг боловсролоороо өрсөлдөх чадвартай болж, төр болон хувийн хэвшилд удирдах албанд хариуцлагатай алба хашиж, өөрийн гэсэн бизнесийг эхлүүлж, баялаг бүтээдэг болсон. Байгууллагууд ч гэсэн туршилга шаардахаасаа илүү хандлага, бүтээлч сэтгэлгээг илүүд үздэг болжээ. Улс төрийн намууд ч залуучуудаар хүрээгээ тэлж, нэр дэвшүүлж, итгэл, хариуцлага хүлээлгэдэг болсон нь тун сайн хэрэг. Улс төрд оролцоно гэдэг нь муу муухай, буруу зүйл биш шүү дээ. Аль ч улс оронд улс төрийн намууд бодлогоороо өрсөлдөж, ард иргэдийнхээ олонхын дэмжлэгийг авсан нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд олон намын тогтолцоотой болоод 34 жил болж байгаа учир улс төрийн намуудын төлөвшил сайнгүй байна. Миний хувьд ардчилалтай зэрэгцэн өссөн хүүхэд. Их сургуулиа төгсөөд банкны салбарт бизнес эрхлэгчидтэй ажиллахдаа, эдийн засгийн эрх чөлөөний үр өгөөжийг олон хүний ажил амьдралаас харж мэдэрсэн. Эдийн засгийн эрх чөлөөний үндэс суурь бол хувь хүний сонголт, сайн дурын солилцоо, зах зээлд оролцох ба өрсөлдөх эрх чөлөө, хувь хүний болон хувийн эзэмшлийн хөрөнгийн аюулгүй байдал гэж үздэг шүү дээ. Эдийн засгийн эрх чөлөө өндөртэй улс оронд иргэдийн амьдрал илүү сайн байдаг бол, эдийн засгийн эрх чөлөө бага, бизнест төрийн оролцоо ихтэй оронд ядуурал, ажилгүйдэл их байдаг гэсэн судалгаа байдаг. Сүүлийн найман жилд бизнес дэх төрийн оролцоо их болж, татвар, хураамж, шимтгэл гээд төрийн дарамт нэмэгдэж, бизнесийн боломжуудыг хааж, хувийн өмчид халдах үзэгдэл ихэссэн нь харамсалтай. Ардчилсан улс орон, чөлөөт зах зээлийн нийгэмд иргэддээ  боломжийг олгодог төр байх ёстой болохоос биш иргэдийнхээ боломжийг булаадаг төр байж боломгүй. Монгол Улсад өдөр ирэх бүр хумигдаж буй ардчилал, хүний эрх, эрх чөлөөг сэргээх, бизнес дэх төрийн дарамтыг бууруулах, улс төрийг цэвэр тунгалаг болгох, нийгмийн өөрчлөлт шинэчлэлд залуусын оролцоо маш чухал байна. Улс орноо бид л хөгжүүлэхгүй юм бол өөр хэн хөгжүүлэх вэ. Хэнд итгэж найдаж суух билээ дээ.  

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.