Баасан гариг 2024/03/29
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 276 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 296 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 600 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 208 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 252 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 252 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 540 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 272 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 244 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 228 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 248 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 432 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 540 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 388 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 432 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1104 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 560 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 796 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 764 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 436 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 440 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 452 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 648 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1048 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 404 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 508 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 652 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 672 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 552 удаа

Н.Жүрмэддорж: Ажлаасаа оргож СУИС-д элсэж байлаа

НИЙТЭЛСЭН: 2019-03-01 22:42 GMT+8

Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул, Үндэсний урлагийн их театрын эвэр бүрээчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Жүрмэддоржийг энэ удаагийн “Алтан нутгийн бахархал” ярилцлагандаа урьж ярилцлаа. Авьяаслаг аавын хүү тэрээр аавтайгаа хамт аймгийн театрт очиж  эвэр бүрээ хэмээх ганган чамин хийцтэй  хөгжмийг анх харж, аялгууг нь сонсож байсан минь санаанаас огт гардаггүй юм гэж бахархан ярьж, энэ хөгжмийн үүсэл гарал, хөгжлийн талаар судалгааны ажил хийж, эвэр бүрээ хөгжмийн тансаг аялгууг үзэгч олон түмэнд хүргэхийн зэрэгцээ залуу хойч үедээ өвлүүлэхийг зорьж яваа гээд зорилго, тэмүүлэл дүүрэн нутгийн уран бүтээлчтэй ярилцсанаа уншигч та бүхэндээ толилуулж байна.


-Юуны өмнө дэлгэр зуны мэнд хүргэе. Тоглолт, арга хэмжээ гээд их ажлынхаа зэрэгцээ бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-Намайг Нордогийн Жүрмэддорж гэдэг. Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул. Одоо Үндэсний урлагийн их театрт гоцлол хөгжимчнөөр ажиллаж байгаа. Би эцэг, эхээсээ зургуулаа. Миний аавыг Нордог, ээжийг маань Хумбан гэдэг. Аав, ээж маань Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул хүмүүс. Аав маань сумандаа хүн эмнэлгийн жолооч, сумын Соёлын төвийн эрхлэгчээр олон жил ажилласан, ээж маань насаараа сумын Захиргаанд арван хурууны бичээч, сумын Соёлын төвд номын санч хийж байсан. Хоёр буурал маань одоогоор аймгийн төвд амьдарч байна. Би эхнэр, 3 хүүхэдтэй, эхнэр маань банкны салбарт ажилладаг. Том хүү маань Японд сурч байгаа, хоёр бага маань эндээ дунд сургуульд сурч байна даа. 
-Та Монголын Үндэсний их театр хэмээх нэр хүндтэй театрын хөгжимчин хүн. Ажил, амьдралынхаа гарааг хэрхэн эхэлж байв?
-Би Өмнөговь аймгийнхаа театраас ажлын гараагаа эхэлсэндээ их билэгшээж явдаг хүн. 1992 онд дунд сургуулиа төгсөөд аймгийн театрт хөгжимчнөөр ажилд орж байсан. Дөнгөж дунд сургууль төгссөн, учраа мэдэхгүй жаахан хүүг аймгийн театр гэдэг их айлын босгоор анх алхаж ороход сайхан хамт олон, сайн удирдагч, говь нутгийн маань сор болсон урлагийн их мастерууд маань тосч авсан нь намайг урлаг гэдэг агуу салбарт өдий зэрэгтэй явах замын минь эхлэл байсан гэж боддог. 

Аялан тоглосон орон: 
БНСУ, БНХАУ, ЯПОН 
ТАЙВАН, БНАСУ, ОХУ, ИТАЛИ
ШВЕЦАРЬ, АМЕРИК 

ШАГНАЛ: 
Соёлын тэргүүний ажилтан, 2005
Үйлдвэрчний эвлэлийн СТА, 2015
Нийслэлийн хангарьд одон, 2011
Хөдөлмөрийн хүндэт медаль, 2017 

Хамтлагаараа: 
"ТЭНГЭР АЯЛГУУ" 2001 цомог
"ХӨДӨӨГИЙН САЙХАН" 2005 цомог

Бие даасан:
"Мартагдсан аялгуу" цомог 


Тэр үед театрын дарга, уран сайхны удирдаачаар Аюуш багш ажилладаг байсан. Одоо эргээд харахад нийгмийн өөрчлөлт, шилжилтийн үед соёлын байгууллагыг авч явах, хөрөнгө мөнгө муутай хүнд үед ард иргэдэд урлаг, соёлын үйлчилгээг тасралтгүй хүргэх, уран бүтээлч ажилчдынхаа цалинг мөнгийг олох гэж удирдлагуудад маань хэцүүхэн байсан байх гэж бодогддог. Аюуш багш маань сайн уран бүтээлч, сайн удирдагч. Бас их бизнес сэтгэлгээтэй хүн. Тэр үед хил нээгдэж манай театрынхан хөрш зэргэлдээ Өвөрмонголын Баяннуур, Далайн хөвд очиж  тоглолт хийж мөнгө олж тэр мөнгөөрөө мал аваад малчинтай болж, малаа өсгөж, ноос ноолуур, махаа зараад театрынхаа ажилчдын цалинг тавих үе ч байсан гэж Аяа багш хуучилдаг. Нийгмийн шилжилтийн үед зарим нэг байгууллага, албан газрууд татан буугдаж, зарим нэг байгууллагын ажилчид ажлаасаа гарч арилжаа наймаанд явж, хүмүүс урлаг, уран сайхан гэхээсээ илүү хоол хүнсээ картын бараагаар залгуулж байсан хүнд үед урлагтаа үнэнч үлдэж, ард иргэддээ соёлын үйлчилгээ тасралтгүй үзүүлж явсан театрынхаа уран бүтээлчдээр үнэхээр бахархдаг. 1992 оноос хойш театртаа 3 жил ажиллаад Соёл урлагийн их сургуульд элссэн орсон доо.
-Дээхэн үед орон нутгийн театруудад сайн ажилладаг, өсөх ирээдүйтэй уран бүтээлчдийг бодлогоор дэмжин сургуульд явуулж мэргэжил эзэмшүүлдэг байсан. Та энэ зарчмаар СУИС- д элссэн орсон уу. Энэ талаар сонирхуулна уу.
-Арай өөр замаар СУИС-д элссэн орсон.(инээв). Би чинь ажлаасаа оргож хотод ирж СУИС-д шалтгалт өгч сургуульдаа элссэн түүхтэй. Театртаа хоёр жил гаруй ажиллачихаад хот явж урлагийн сургуульд сурмаар байна гэж театрын даргаасаа гуйдаг байсан. Аяа багш ерөөсөө зөвшөөрдөггүй. Тухайн үед Соёл урлагийн их сургуульд зөвхөн Соёлын коллеж, Хөгжим бүжгийн сургууль төгссөн залуучуудыг элсүүлдэг журамтай байж. Сүүлдээ их, дээд сургууль ч яамай гэж бодоод журмын дагуу Соёлын коллеж явья гэхээр тэр сургуульд чинь чамд сурах юм байхгүй, тэр сургуульд заадаг бүх юмыг чи энэ театрт сурчихсан гээд амыг минь таглачихдаг байсан юм. Тэр үед зах зээлийн нийгэмд шилжээд иргэдийн амьдрал ч хэцүүхэн, цөөн биш хүмүүс арилжаа наймаа хийхээр соёлын байгууллагаас гарч байсан үе. Байгууллагын даргын хувьд нэг хөгжимчнөө алдчихгүй л гэж бодсон  байх л даа. 1995 онд аймгийн театрын хүндэтгэлийн концертонд оролцчихоод театрын дарга, хөгжим ангийн багшдаа хэлэлгүйгээр хотод ирээд СУИС-д шалгуулаад тэнцээд орж байлаа. 1999 онд Соёл урлагийн их сургуулиа Гоцлол хөгжимчин, мэргэжлийн сургуулийн багш мэргэжлээр суралцаж төгссөн нь, Монгол Улсад анхны дээд мэргэжлийн эвэр бүрээч болж төгссөн.


-Үлээвэр Эвэр бүрээ хөгжмийн тухайн хүмүүс сайн мэддэггүй байх, эвэр бүрээчин түгээмэл мэргэжил биш гэж харагддаг л даа. Та яагаад энэхүү мэргэжлийн сонгох болов? 
-Наяад оны дундуур аав маань сумын соёлын төвийн эрхлэгч байхдаа сургуулийн складанд байсан гуулин хөгжмүүдийг гаргаж ирээд сургуулийн хүүхдүүдийн сонсголыг шалгаад хүүхдийн  үлээвэр хөгжмийн “Жавхаа” хамтлагийн байгуулж байсан түүхтэй. Энэ хамтлаг байгуулагдаад удаагүй пионер сурагчдын урлагийн их наадмаас “Хүрэл” медаль хүртсэн гээд чамгүй амжилт гаргаж байсан.  Аав энэ хамтлагийг байгуулаад хоёр, гурван жил удирдаад дараа нь хотоос их сургууль төгсөж ирсэн Алтангэрэл гээд дуу, хөгжмийн багшид даатгаж өгсөн юм билээ. Би 1 дүгээр ангийн жаахан хүүхэд “Жавхаа” хамтлагт бөмбөр тоглодог байсан. Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан, сургуулийн захирал Сүхээ, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Мөнхбат, аймгийн стандарт хэмжил зүйн төвийн дарга Х.Түвшин, аймгийн хүүхдийн паркийн захирал Баатарнар маань Жавхаа хамтлагийн хөгжимчид байлаа шүү дээ. Тухайн үед суманд битгий хэл аймгийн төвд ч хүүхдийн үлээвэр хөгжмийн хамтлаг гэж байгаагүй байх. Зуны амралтаар хамтлагаараа Буянт зусланд л өнждөг байсан. Зуслангийнурлагийн арга хэмжээнд оролцож хөгжмөө тоголно. Хоёр, гурван ээлж дараалаад зуслан дээр байдагсан. Удаад ирэхээр гэрээ сананаа бас. Би бөмбөр тоглохын зэрэгцээ кларинет хөгжим тоглодог байсан юм. Төгсөх ангийн өвлийн амралтаар аав намайг дагуулаад Аюуш багш дээр очиж шалгуулаад кларнет хөгжимтэй ойролцоо гээд эвэр бүрээ хөгжмийг сонгож байсан. Аймгийн театртаа Эвэр бүрээ хөгжмийн А үсгийг театрын хөгжимчин Батсүрэн багш маань анхлан зааж сургасан даа. Анх эвэр бүрээ хөгжмийг амьдаар нь сонсож байсан их сонирхолтой. 1983 онд Өмнөговь аймгийн Соёл урлагийн 10 хоног буюу Декат гэж том урлагийн арга хэмжээ болдог байлаа. Тэр арга хэмжээнд би аавыгаа дагаж очоод театрт ороход нэг ах их сонин хэлбэртэй гоё хөгжим үлээгээд зогсож байдаг байсан нь жаахан хүүхэд надад их гоё санагдаж, их гоё мэдрэмжийг өгсөн санагддаг. Тэр нь “Манай говиор зочлон очоорой” гэж алдартай магтаалыг зохиосон театрын хөгжимчин, хөгжмийн багш Чулуундорж гуай эвэр бүрээ хөгжмөө тоглож байсан юм билээ. Тэгж л анх эвэр бүрээ хөгжмийг харж,  энэ сайхан хөгжмийн аялгууг нь сонсож байсан юм.
 

 

-Таны аав олон жил соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж, хүүхэд багачуудад хөгжмийн боловсрол олгосон, урлагийн зүтгэлтэн хүн. Таны урлагийн авьяас ааваасаа өвлөгдөж ирсэн гэж ойлгож болох уу. 
-Аав маань 1960-аад онд аймгийн “Залуусын цог золбоо” шинэ жилийн үдэшлэгийг анх санаачилж хийж байсан нь одоо хүртэл уламжлагдаад явж байдаг. 1963 онд цэргээс халагдаад Кино үйлдвэрт жүжигчнээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Манай аав “Аман хуур” кинонд Төмөрийн туслах залуугийн дүрд тоглосон хүн шүү дээ. Тэр үеийн залуусын хүсэл мөрөөдөл нь Орос руу сургуульд явах байсан гэдэг. Аав кино үйлдвэрт ажиллаж байхад Оросын сургуульд суралцах боломж гарахад жүжигчний ажлаа орхин Оросын барилгын сургуульд явсан юм. Сургуулиа төгсөж ирээд Өмнөговь аймагтаа барилга тресстэд ажиллаж байгаад удалгүй Сэврэй суманд шилжиж очсон. Суманд хүн эмнэлгийн түргэний жолоочоор, дараа нь Сумын соёлын төвийн эрхлэгчээр ажилласан юм билээ. “Би эндээс явахгүй”, “Хөрш айлыхан”, “Хүний бодол өөр болжээ”, “Нэгэн няравын паян”, “Дойтын хоёр нууц”, “Зөвхөн миний найз”, “Дөшин гэрвийхэн”, “Далан худалч” зэрэг 20 орчим жүжгүүдийг аав найруулж сумын клубтээ тоглуулж байсан гэдэг. Аав маань шүлэг, яруу найраг, жүжгийн зохиол бичнэ л дээ. “Ханиа зөв сонгоорой, “Төөрөлдсөн төрлүүдийн тавилан”, “Элсэн дээрх толбо” гэх, жүжгийн зохиолыг бичиж, “Төөрсөөр төрөлдөө”, “Алмасын амьдралаар өнгөрүүлсэн он жилүүд” зэрэг номуудыг хэвлүүлж байлаа. 2014 онд аав минь өөрийн ах, баянхуурч Дондив гуайтай хамтран “Удмын аялгуу” уран бүтээлийн цэнгүүнээ аймгийнхандаа толилуулсан.
 

 

-Үнэхээр авьяаслаг уран бүтээлч аавын хүү юм та. Хоёулаа эргээд эвэр бүрээ хөгжмийн тухай яриа руугаа орьё. Эвэр бүрээ хөгжим үүсэл хөгжлийн талаар бидэнд сонирхуулаач.
-Монгол ардын хөгжмийн зэмсэг нь чавхдаст, үлээвэр, цохилуур гэсэн 3 ангилалд хуваагддаг. Үлээвэр хөгжмийн төрөлд лимбэ, цуур, ардын болон баяжуулсан их бишгүүр, цордон бүрээ, их бүрээ, эвэр бүрээ ордог. Эвэр бүрээ хөгжмийн талаар олон нийт тийм сайн ойлголтгүй байдаг л даа. Морин хуур, лимбэ гэвэл хүн бүр мэднэ. Мэдээж энэ хөгжмийн зэмсгээр мэргэжил эзэмшсэн хүний хувьд эвэр бүрээ хөгжмийн талаар нэлээн судалсан. 2015 онд “Эвэр бүрээ хөгжмийн үүсэл гарал, уламжлал шинэчлэл” сэдвээр магистрын зэргээ хамгаалсан. Одоогоос 8-9 мянган жилийн тэртээгээс Төв Азийн өндөрлөгт орших нүүдэлчид зэрлэг үхэр, хонь, ямааг гаршуулан ахуйдаа хэрэглэсэн байдаг. Тэр үеэс үхрийн эврийг амьдрал ахуйдаа хэрэглэж, хурга ишигний угж, эврэн товч, зүү, аяга, сам зэргийг хийж хэрэглэснээр эврийн соёл орж ирсэн байдаг. Үүний зэрэгцээ үхрийн эврээр бүрээ хийж, отог овгийхоо уриа дуудлаганд хэрэглэж байсан нь хожмоо Их хаадын байлдан дагуулалтын үед цэрэг дайны удирдах арга барилын гол хэрэглүүр болж байснаараа онцлогтой. Зөвхөн эвэр бүрээ биш гуулин бүрээнүүд бий болсноор хэнгэрэг, хиар тугтайгаа нийлээд байлдааныг удирдах зэр зэвсэг нь болж өгсөн байдаг. Үүнээс улбаалж гуулин болон модон үлээвэр хөгжмийн зэмсэг үүсэх эх үндэс нь болж. Шинэ үеийн хөгжлийн хувьд гэвэл 1956 оны 2 дугаар сарын 17-нд МАХН-ын төв хорооны тогтоол гарсан байдаг. Тэр тогтоол нь шашины бурангуй ёсноос болж  монголын үндэсний хөгжмийн зэмсэг устаж байна. Тиймийн учир монголын үндэсний хөгжмийн зэмсгийг сэргээхийг үүрэг болгосон тогтоол байсан. Энэхүү тогтоолыг гардан хэрэгжүүлсэн хүн нь хөгжмийн зохиолч, Төрийн хошой соёрхолт Мөрдорж гуай. Тэр үед Гандангаас хөггүй бүрээ, бишгүүрүүдээ театртаа авчирч хөглөж сайжруулах их ажлыг эхлүүлж л дээ. Индрээ гуай тэр үед манай чуулгын лимбэчин байсан бөгөөд бүх үлээвэр хөгжмийг хөглөж, зарим хөгжмийг шинээр хийж, улам боловсронгуй болгосон ачтай хүн. Энэ хүн бол манай аймгийн Баяндалай сумын харьяат Төрийн шагналт Д.Индрээ гэдэг хүн. Тухайн үеийн авьяаслаг хөгжимчид бүгд хөгжим урладаг мастерууд болж 1964 онд хөгжмийн үйлдвэр болтлоо хөгжсөний ачаар одоо манай оркестр 30-аад төрлийн хөгжмийн зэмсэгтэй төрийн найрал хөгжим болсон. Тэр дундаа эвэр бүрээ хөгжим маань 4 наймц буюу октав дуугарах цар хүрээтэй одоо тэр дундаа ардын үлээвэр хөгжим дотроо хамгийн их цар хүрээтэй голлох хөгжмийн зэмсэг болж хөгжиж байна.
-Эвэр бүрээ хөгжмийг харахад их нарийн чамин хийцтэй харагддаг л даа. Эвэр бүрээ хөгжмийн хаана урлаж байна вэ?

-СУИС-д сурж байсан 2-р курсээсээ эхлээд хувьдаа ганц гоё хөгжимтэй болох бодолтой явдагаа хөгжим урлаач мастер нутгийн ах П.Байгальжавд хэлж ярилцаж хоёулаа эвэр бүрээг шинээр урлахаар тохиролцож шинээр хөглөгөөг хийх хувь тохиол надад олдсон юм. Бид хоёр багагүй цаг хугацааг зарцуулсан л даа. Эвэр бүрээний бүх эд ангийг монгол дарханы ур, ухаанаар хийдгээрээ онцлог. Хөглөгөө гэдэг нь жишээ нь хамгийн эхний өнгө хэдэн см-ийн зайд байрлах уу, энд байвал ямар хөг гарах уу гэдгийг би өөрөө үлээж үзээд тохируулж хийсэн гэсэн үг. Ингээд 1998 онд анхны хөгжимтэй болж байсан. Одоо монголын бүх эвэр бүрээч миний хөглөсөн хөглөөгөөр явж байгаа. Сүүлд би Америкаас ирснийхээ дараа 1998 оны загвараа илүү сайжруулж, доошоо гурван 3 өнгө нэмээд дуугарах цар хүрээг нэмэгдүүлж хийсэн. Энэ маань одоо туршилтанд явж байгаа. Манай нэг шавь барьж байгаа. Эвэр бүрээнд зориулсан зохиол бүтээл ховор л доо. Гадаадын зохиол бүтээл тоглох гэхээр хөг дутдаг тэгэхээр шинэ загвар маань  кларнетийн бүх өнгө гаргана гэсэн үг. Тэгэхээр гадаад, дотоодын ямар ч зохиол бүтээлийг тоглох боломжтой болж байгаа юм. Эвэр бүрээг одоо Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгальжав ахын “Эгшиглэн” үйлдвэрт хийдэг.
-Та сая манай шавь гэж ярилаа. Хэчнээн шавьтай болж байна. Эвэр бүрээ хөгжмийг эзэмших сонирхол залуучуудад аль хэр байдаг юм бол?
-Би ажлынхаа хажуугаар СУИС-даа багшилдаг. Яг намайг дагалдаад суралцсан гарын шавь хэд бий. Сүүлийн үед гадныхан тэр дундаа ОХУ-ын Буриад мөн Өвөрмонголоос хүмүүс ирж эвэр бүрээ хөгжмийг заалгадаг болоод байгаа. Эвэр бүрээ хөгжим бол морин хуур шиг элбэг биш, бас суралцахад тийм хялбар биш л дээ. Эвэр бүрээ хөгжмөөр тоглоход маш их энерги зарцуулдагаараа онцлогтой. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр урлаг сонирхдог тэр дундаа хөгжимчний мэргэжлийг сонгох залуучууд бас л ховор байна. Миний хувьд эвэр бүрээ хөгжмийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, монгол үндэсний энэ сайхан хөгжмийг хойч залуу үедээ өвлүүлэх, гадна, дотныхонд сурталчлан таниулахыг зорьж яваа. Энэ зорилгоороо 2016 онд “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байсан.
-Өө тийм үү. Энэ шоунд оролцсон талаараа сонирхуулаач.
-Яагаад орох болсон зорилгоо сая хэллээ. Америкт 6 жил гаруй болоод ирээд удаагүй байсан үе л дээ. Өмнөх жилийнх нь “Авьяаслаг Монголчууд” шоуг би нилээн ажигласан. Энэ шоуг хот хөдөө гэлтгүй маш олон хүн үздэг, үзэгч олонтой, сонирхолтой шоу байсан. Миний байнгын бодож явдаг зүйлийн нэг эвэр бүрээ гэж энэ гайхамшигтай монгол үндэсний хөгжмийн зэмсгийг олон түмэнд таниулах, нөгөө талаар энэ хөгжмийн зэмсгээр дэлхийн ямар ч хөгжмийн зохиолыг тоглох боломжтой гэдгийг харуулахыг хичээж явдаг. Энэ зорилгынхоо үүднээс “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон. Телевизээр гарах нэгдүгээр шат хүртэл маш олон шалгаруулалтыг хийж эхний шатанд оролцуулдаг юм билээ. Миний хувьд эхний хэдэн шалгаруулалтанд амжилттай оролцож шилдэг 32 шалгаруулах хүртэл явсан. Тухайн үед Италид тоглолтоор явах хугацаа давхардаад шилдэг 32 шалгаруулах шалгаруулалтанд оролцож чадаагүй. Тэгэхдээ ямар ч байсан монголчууддаа эвэр бүрээ хөгжмийн гайхамшгаас жаахан ч гэсэн хүргэж чадсан гэж боддог.
-Нутаг руу гаа хэр их явж байна. Нутгаасаа хол байгаа хүний хувьд нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн талаар юу гэж бодож явдаг вэ?

-Боломж гарвал нутаг руугаа явна шүү. 1997 онд нутгийн хөгжимчин залуучуудтайгаа нийлээд “Тэнгэр аялгуу” хамтлагаа байгуулж Монголд ирсэн гадны жуулчдад болон гадаад орнуудаар явж тоглодог байсан. Тэр үеэс Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудад очиж тоглолт хийдэг болсон. Одоо ч хааяа очиж тусгайлсан зочдод тоглолтоо үзүүлдэг. Боломж гарвал нутагтаа болж байгаа урлаг уран сайхан, соёлын арга хэмжээнд оролцохыг хичээдэг. Өнгөрсөн хавар аймагт болсон соёл урлагийн байгууллагуудын зөвлөгөөнд оролцож “Өмнөговь аймгийн соёл урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчин ба хамтын ажиллагаа” илтгэл тавьж нутгийнхаа соёл урлагийн салбарынхантайгаа санал бодлоо солилцсон. Урлагт хөл тавьснаасаа хойш нутгийнхаа олон сайхан уран бүтээлчид хамт ажиллах хувь надад тохиож байдаг. Аймгийн театртаа алтан нутгийн бахархал болсон ах эгч нартайгаа ажиллаж байсан, дараа нь нутгийнхаа залуустай нийлээд “Тэнгэр аялгуу” хамтлагаа байгуулан ажилласан, одоо их театртаа нутгийн ах Буянбаатар гавьяаттайгаа, Амарсанаа гээд нутгийн залуустай хамт ажиллаж байна даа. Нутаг орныхоо хөгжлийн тухайд гэвэл нутаг маань баялаг их гэдэг утгаараа ч тэр манай аймаг бусад зэргэлдээ аймгуудаасаа хөгжлөөрөө илүү байгаа нь харагддаг. Хөгжиж байгаад нь баярлахын зэрэгцээ сэтгэл эмзэглэх зүйл байна л даа. Цөлжилт хуурайшилт, усны хомсдол олон асуудал байна. Манай Сэврэй сум уул уурхай лицензгүй сум, байгалийн сайхнаа түшиглээд аялал жуучлалаа хөгжүүлээд болж л байна. Цаашдаа нутаг орон, өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн онгон дагшин газраа ухуулж төнхүүлэхгүй үр хойчдоо өвлүүлээсэй гэж боддог. Товчхон хэлэхэд багахан шиг ухаасай гэж бодох юм даа. 
-Цаг зав гаргасан ярилцсан танд баярлалаа. Таны уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
-Ярилцлагандаа урьсан танай сонины хамт олонд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
 

Ярилцсан Н.Адьяацэрэн