Өмнөговь аймгийн Номгон суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Дун юань компани 2015 оноос зөвшөөрөлгүй олборлолт явуулж, их хэмжээний химийн бодисыг ашиглаж байсан тухай 2017 оны 9-р сард нутгийн иргэдийн мэдээллээр сумын Байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгч нар хууль бус үйлдлийг таслан зогсоож хуулийн байгууллага, аймгийн удирдлагад хандсан билээ. Үүний дагуу 2017 оны 10 дугаар сард аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Дун юань компаний уурхайд шалгалт хийж, олон хууль бус үйлдлийг илрүүлж, тус уурхайг хаасан юм. Ийнхүү Дун юань компаний хууль зөрчсөн олон асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сард болсон Хан-уул дүүргийн анхан шатны шүүхээс тус компанийг биш уурхайн захирлыг буруутай хэмээн үзэж 15 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Хохирогч буюу аймгийн БОАЖГ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатанд гомдол гаргасан билээ.
Өнөөдөр буюу 5 сарын 28 ны өдөр Хан уул дүүргийн давж заалдах шатны шүүх хуралд болж Дун юаньтай холбоотой хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гаргалаа.