2019 оныг аймгийн хэмжээнд "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж малчид, иргэд, үйлдвэрлэгчид рүү чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн санхүүжилтээр аймгийн хэмжээнд бог мал, малын хашаа хороог ариутгах ажил энэ сарын 27 ны өдрөөс эхлээд байна.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн 15 сум, 59 багийн 5951 малчин өрхийн 2,3 сая тоо толгой бог мал, 5536 хашаа хороог ариутгаж халдваргүйжүүлэх юм. Мал угаалга, хашаа хороо ариутгалын ажилд шаардлагатай мотофомп, ариутгал угаалгын бодис зэргийг сумын Мал эмнэлгийн тасагт хүлээлгэж өглөө. Дашрамд дурдахад хашаа хороог ариутгах, мал угаахад малчид иргэдээс ямар нэг хураамж төлбөр авахгүй ажээ.