Аймгийн ИТХ-ын хурлаас 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан орон нутгийн зүгээс малчид, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын захиалгаар Говийн оюу хөгжлийг дэмжих сан болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад хотод мах боловсруулах үйлдвэр баригдан ашиглалтанд орлоо. Энэхүү үйлдвэр нь мах хадгалах зоорь, лабораторитой бөгөөд бог, бод малыг нядлан, боловсруулан зах зээлд нийлүүлэх юм. Хөдөө орон нутагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор малчдын орлого нэмэгдэхээс гадна орон нутагт 100 гаруй ажлын байр бий болж, уул уурхайн компаниудын махны хэрэгцээг орон нутгаас хангах боломжтой нээгдэж байгаа юм.