Шинэ коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй мужид мягмар гарагт 1693 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 132 өвчтөн нас барсан тухай албаныхан өнөөдөр өглөө мэдээлжээ. Ингэснээр зөвхөн тус мужид халдвартай хүний тоо 61682, нас барсан хүний тоо 1921 болжээ.
Хубэй мужид Covid-19 вирусийн халдвар туссаны дараа 9100 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Харин 11200 өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж.
Хятадын эх газраас гадна коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол Хонконг, Япон, Филиппин, Франц, Тайваньд бүртгэгдээд байна. Дэлхий дахинд халдварын тохиолдлын нийт тоо 75122, нас барсан хүний тоо 2005 болсон бол 12624 хүн бүрэн эдгэрчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятадтай холбоотой аялал, худалдааг хязгаарлах арга хэмжээ авахгүй байхыг бусад улс орнуудад уриалж буй. Тус байгууллагын шинжээчид мэдээлэл цуглуулж, зөвлөгөө өгөх зорилгоор Хятадад ирээд байна. Энэ ажлын хүрээнд Covid-19 өвчний тархалтын голомт Ухань хотод очиж магадгүйг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдээлжээ.