Төрийн банк Тэтгэврийн зээл олгож эхэлжээ. Тодруулбал, тэтгэврийн зээлийг зургаа хүртэлх сарын хугацаатайгаар олгож байгаа юм байна.
Улсын Их Хурал 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг эцэслэн баталсан. Ингэхдээ зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг нэг удаа тэглэж, цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг жилд нэг удаа зургаан сарын хугацаагаар олгодог байхаар шийдвэрлэсэн билээ.
Анх хуулийн төсөл өргөн баригдахад тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох асуудал тусгагдсан байсан. Энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарласан асуудал учраас УИХ-аас баталсан хуулийн төсөлд зургаан сарын хугацаагаар олгодог байхаар тусгасан юм.