Өмнөговь аймаг таримал ойн сангаараа улсдаа нэгдүгээрт ордог аймаг. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мод тарих идэвхийг өрнүүлэх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоолоор “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.
Энэ жилийн мод тарих өдрийг угтан Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санаачлан Сум дундын ойн ангитай хамтран Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг 12 жуулчны баазуудад хайлаас, жигд, сухай зэрэг говийн нөхцөлд хамгийн сайн ургадаг 5000 гаруй модны суулгацыг хүлээлгэж өглөө. Ингэснээр жуулчдын баазууд ногоо байгууламжаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.