Өмнөговь аймаг ухдаг уурхайн баялгаараа улсдаа дээгүүр ордог төдийгүй ургуулсан модоороо улсдаа тэргүүлдэг аймаг. Түүнээс гадна Булган, Номгон, Гурвантэс, Ханхонгор сумдын нутаг Далангийн гол гээд хүнсий ногоо тариалдаг үржил шимтэй газрууд бий. Өмнөговьчууд ухаад дуусдаг уурхай биш ургуулаад арвиждаг газар тариалан, өсөн үрждэг мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлэхээр өнгөрсөн жилийг “Хөдөө аж ахуйн үйлвэржилтийн жил” болгон зарлан хөдөө аж ахуйн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийжээ. Түүний нэг Даланзадгад хотын Хүлэмжийн аж ахуйн ойн агропарк. Монголдоо томоохон тооцогдох энэ цогцолбор агропаркийг хариуцсан ажиллаж буй Д.Загдрагчаа хэмээх агрономич залуу хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Загдрагчаа гэдэг. Говь-Алтай аймгийн уугуул. 2015 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг ургамал хамгаалал, хорио цээр, хяналт үнэлгээний мэргэжлээр төгссөн. Бага байхад л цагдаа, цэрэг гээд дүрэмт хувцастай хүмүүс сүртэй гоё харагддаг байсан болохоор дүрэмт хувцас өмсдөг мэргэжилтэй болно гэж бодож ХААИС-ийн ургамал хорио цээрийн ангид элссэн. Яг мэргэжлээрээ ажиллавал Мэргэжлийн хяналтын газар ажиллах л хүн л дээ. Сургуулиа төгсөөд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эмийн ургамлын талбайд нэг жил ажиллаад Япон улсад мэргэжил дээшлүүлээд ирсэн. Одоо Өмнөговь аймгийн хүлэмжийн аж ахуйн ойн агропаркийн агрономичоор гурав дахь жилдээ ажиллаж байна.
-Япон улсад ямар чиглэлээр хэдий хугацаагаар суралцав? Өмнөговь аймагт ажиллах болсон шалтгаанаа бидэнтэй хуваалцаач?
-Намайг ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эмийн ургамлын талбайд ажиллаж байх үед биднийг ахлаж байсан Очгэрэл эгч маань тэр үед ОИСКА олон улсын байгууллагын шугамаар Японд суралцаад ирсэн. Тухайн сургалтыг төгсөгч энэ чиглэлээр буюу органик тариалангийн өөр нэг хүнийг суралцуулахыг санал болгох эрхтэй болдог юм билээ. Очгэрэл эгч маань намайг сургах саналыг миний материалын хамт сургуульдаа хүргүүлж миний сурах боломж нээгдсэн юм. ОИСКА олон улсын байгууллага Японд органик газар тариалангийн чиглэлээр орон орны залуусыг 100 хувийн тэтгэлгээр сургадаг. Жилийн турш 70 хувийн дадлага, 30 хувийн онолоор, ямар улиралд нь ямар хүнсний ногоог хэрхэн тарьж ургуулдаг, борлуулалтын менежментийг хэрхэн яаж хийх үү, үр үржүүлэг, тариалалт, арчилгаа, тордолгоо, ургац хураах, борлуулах гээд цогц сургалт. Японд газар тариалан өндөр хөгжсөн, химийн бордоо хэрэглэх гэсэн ойлголт бараг л байхгүй. Намайг Японд байхад ХААИС-иас маань "Өмнөговь аймагт органик газар тариалан хөгжүүлэх төсөл хэрэгжих гэж байна. Тэнд ажиллаач..." гэсэн саналыг тавьсан. Сургуулиа төгсөөд хотод ажиллана гэж төлөвлөчихсөн байсан, нөгөө талаараа говьд газар тариалангийн чиглэлээр ажиллана гэхээр нэг л төсөөлөлд багтахгүй байсан болохоор тухайн үед нь тодорхой шийд хэлээгүй л дээ. Сургуулиа төгсч ирээд Улаанбаатарт сар гаруй болов. Их ч стрессдсэн. Түгжрэл, утаа... Жил гаруй Японд өдөржин ногооны талбайд дуртай ажлаа хийгээд стрессгүй сайхан байж байгаад ирсэн болохоор тэр байх л даа. Тэгээд л ер нь хөдөө агаарт стрессгүй, сурсан мэдсэн зүйлээ ажил хэрэг болгоод ажиллах нь зөв юм байна гэж шийдээд Өмнөговьд ажиллах саналыг хүлээн зөвшөөрөөд хүрээд ирсэн.
-Танай агропаркийг Өмнөговь аймгийн анхны томоохон агропарк гэж ойлгож байна. Агропаркаа товч танилцуулаач...
Намайг Японд байхад ХААИС-иас маань "Өмнөговь аймагт органик газар тариалан хөгжүүлэх төсөл хэрэгжих гэж байна. Тэнд ажиллаач..." гэсэн саналыг тавьсан. Сургуулиа төгсөөд хотод ажиллана гэж төлөвлөчихсөн байсан, нөгөө талаараа говьд газар тариалангийн чиглэлээр ажиллана гэхээр нэг л төсөөлөлд багтахгүй байсан болохоор тухайн үед нь тодорхой шийд хэлээгүй л дээ.
-Анх ямар зорилгоор байгуулагдсан бэ? гэдгээсээ эхлэж ярих нь зөв байх гэж бодож байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хүнсний ногооны хэрэгцээний 50-иас дээш хувийг өөрдсөө хангадаг болохын тулд орон нутагтаа хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх зорилт тавьсан юм билээ. Энэ хүрээнд 2017 онд Өмнөговь аймаг, ХААИС, БНСУ-ын Кёнсанбүг аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, нарийн ногоо тариалах, жимс, жимсгэнэ, нарийн ногооны үр үрсэлгээний судалгааны цогц ажлыг хийхээр болж манай агропарк байгуулагдсан. Одоо гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Та сая ажигласан байх. Нилээн том шүү. Өмнөговьдоо төдийгүй говийн бүсийн анхны томоохон цогц том паркт тооцогдоно. Тус бүр нь 600 метр квадрат талбай бүхий өвлийн хоёр хүлэмж, 6х50 харьцаатай зуны 15 хүлэмжтэйгээс гадна дуслын услалтын систем бүхий хүнсний ногооны ил талбай, мод үржүүлгийн талбай гээд нэлээн том талбайтай. Гүзээлгэнэ, улаан лооль, хулуу, бууцай, тарвас гэх мэт нарийн ногоо, жимс жимсгэнээс гадна эмийн ургамал, зэрлэг сонгино, үр, үрсэлгээ бойжуулах, хөрсгүй орчны тариалан гээд төрөлжсөн хүлэмжүүдтэй. Одоо сургалтын төв, ажилчдын байрлах байрны барилгын ажил эхэлчихсэн явж байна. Үйл ажиллагааны маань 70 хувь судалгааны ажил. Гол зорилго маань хүнсний ногооны говийн брэндийг бий болгох чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажлыг ХААИС-ийн эрдэмтэд, Япон, Солонгосын эрдэмтдийн удирдлага дор хийж, хэрэгжүүлж байгаа. Бүх төрлийн ногоо, жимс жимсгэний үр хөгжүүлэх судалгааны ажлууд хийгдэж байгаа. Мөн орон нутгийнхаа ногоочдод мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Одоог бол өвөлдөө ганцаараа, урин цагт ХААИС-иас дадлагын оюутнууд ирж ажилладаг. ХААИС-ийн судлаач, багш, эрдэмтэд, Япон, Солонгосын эрдэмтэд маань байнгын зөвлөгөө өгч, тодорхой хугацаанд ирж ажиллацгаадаг юм. Аймгаас энд ажиллах боловсон хүчнээ бэлтгэж байгаа. Сургалтын төлбөрийг нь аймгийн Засаг даргын тэтгэлгээр таван оюутан ХААИС-д сургуульд суралцаж байгаа. Тэд нар маань өвлийн амралт, зуны амралтаараа эндээ ажиллачихдаг юм.
-Та сая хэллээ. Үр үржүүлэх судалгааны ажил гол нь гэж. Энэ талаараа дэлгэрүүлж ярьж өгнө үү.
-Говийн хөрс чийг багатай, ус бага, зундаа хэт халдаг учир ногоо тарих боломж бага гэсэн ойлголт байсан. Үүнийг тийм биш гэдгийг өмнөговьчууд баталж хүнсний ногоо тариалалтаа жилээс жилд нэмэгдүүлж байгаа. Нөгөө талаар говьд тарьсан хүнсний ногоо амт чанарын хувьд өвөрмөц гэдгийг хэрэглэгчид мэддэг болсон. Хөрс нь чийг багатай, нар их халдаг, бага усаар услагддаг хэрнээ говьд тарьсан ногоо, жимсний амт тэс өөр байдаг. Өвс ногоо нь тачирхан ургадаг ч говийн мах амттай гэдэгтэй яг адил. Говийн онцлог амт чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулж, говийн хөрсөнд тарьсан амт чанартай хүнсний ногооны говийн брэндийг бий болгохыг зорьж байгаа. Ингэхийн тулд үр үржүүлэх судалгааны ажил системтэйгээр хийх шаардлагатай. Монголд үр үржүүлгийн газар цөөхөн л дөө. Дархан, Увс, Завханд л байдаг. Говийн бүсийн анхных нь Өмнөговь аймагт байгуулагдаж байгаа нь энэ. Говь бол үр үржүүлэг хөгжүүлэх хамгийн тохиромжтой бүс нутаг. Яагаад гэвэл говьд дулааны улирлын үргэлжлэх хугацаа илүү урт байдаг. Хангайд намар эрт хүйтэрдэг тул зарим хүнсний ногоо тарихад амт, болц нь гүйцдэггүй харин говьд дулааны улирал урт болохоор амт болц гүйцээд үрээ өгөх боломж нь илүү байдаг. Нэг таримал дээр үр үржүүлэх ажил 4-5 жилийн турш явагддаг. Жишээ нь луувангийн үр үржүүлэг хийлээ гэхэд маш сайн сортын 100 ширхэг луувангийн үрээ авчраад тарина, дараа жил булцуугаа хурааж авч зооринд байлгаж байгаад хавар нь булцуугаа тарьж үр гаргаж аваад дахин үрээрээ тариална. Эхний тарьсан үрнээсээ луувангийнхаа хэлбэр хэмжээ, соёлолт, амт чанарыг шинжинэ. Мөн хурааж авсан үрээ анх авчирсан үртэйгээ харьцуулалт хийнэ. Ерөнхийдөө таван жилийн дараа үр дүн нь гарна гэсэн үг. Бид говийн нөхцөлд хамгийн сайн ургаж болохуйц ногооны үр авчирч үржүүлэг хийж байгаа. Үрийн чанар, соёлолт, жигдрэлт нь ямар байна, ургацаа хэр өгч байна, болц, амт ямар байна гэдэг дээр нарийн судалгаа хийж байгаа. Судалгаа хийгдсэний дараа эндээ үрийн нөөцтэй болж орон нутгийн ногоочиддоо үр өгнө. Ингэснээр говьчууд өөрсдийн бэлтгэсэн үрээрээ ногоо тариалан, говийн брэнд бий болгохоос гадна бэлтгэсэн үрээ улсад тушааж, борлуулах гээд шинэ бизнесийн гарц нээгдэнэ гэсэн үг.
-Орон нутагт газар тариалан эрхлэж хүнсний ногоо тариалж буй иргэдтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн иргэд хүнсний ногоо, тэр дундаа нарийн ногоо тариалах нь нэмэгдэж байгаа. Аймгаас ногоочид, тариаланчдаа чадавхжуулах, иргэддээ мэргэжил арга зүйгээр хангах чиглэлээр ажлууд хийгдэж байгаа. Мөн төслийн хүрээнд ХААИС-ийн багш нар маань жилдээ 2-3 удаа ирж орон нутгийн ногоочдод сургалт хийнэ, тэдний талбай дээр очиж зөвлөгөө өгч ажилладаг. Мөн агропаркаар ирж, танилцаж, зөвлөгөө авдаг ногоочдын тоо нэмэгдэж байна. Эндээс харахад хүнсний ногоо тариалалт тэр дундаа нарийн ногоо тариалалт нэмэгдэж байгаагаас гадна ногоочид маань чанараараа өрсөлддөг болж байна. Нөгөө талаар иргэд, хэрэглэгчид маань хүнсний ногооны чанарын талаарх мэдлэг, мэдээлэл сайтай болчихсон төдийгүй чанарын өндөр шалгуур тавьдаг болсон.
Эндээс харахад хүнсний ногоо тариалалт тэр дундаа нарийн ногоо тариалалт нэмэгдэж байгаагаас гадна ногоочид маань чанараараа өрсөлддөг болж байна. Нөгөө талаар иргэд, хэрэглэгчид маань хүнсний ногооны чанарын талаарх мэдлэг, мэдээлэл сайтай болчихсон төдийгүй чанарын өндөр шалгуур тавьдаг болсон.
Хэрэглэгчид ямар хөрсөнд, ямар үрээр тарьсан, бордоо хэрэглэсэнг үгүйг нь хүртэл мэддэг болж органик ногоог худалдаж авахыг эрмэлздэг болчихсон ш дээ. Ийм учраас ногоочид маань химийн бордоо хэрэглэхгүйгээр жинхэнэ органик ногоо тариалахад илүү анхаардаг болсон. Энэ нь ч зөв. Бид ч энэ чиглэлийн сургалт, зөвлөгөө түлхүү авч байгаа. Одоо сургалтын төв маань ашиглалтанд ороод ирэхээр сургалт, зөвлөгөө маань тогтмолжилж өргөн хүрээнд явагддаг болно л доо. Говьд дулааны улирал урт учраас хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэх хамгийн тохиромжтой. Хамгийн тулгамдсан асуудал ус. Ус ховор болохоор хамарлаад усаа урсгаад услах нь зөв шийдэл биш. Говьд дуслын услалтын системийг технологийг нэвтрүүлж, чийгээ хадгалах хучилтын аргыг хэрэглэх нь хамгийн зөв гэж үзэж байгаа. Энэ нь нэг талаараа усаа их хэмнэнэ, хар пелёнкоор хөрсөө хучихаар чийгээ удаан хадгалахаас гадна зэрлэг ургахгүй учир ногоочдын хөдөлмөр хөнгөвчилдөг гээд давуу тал их. Цаашдаа Өмнөговийн ногоочид нутагтаа үржүүлсэн үрээр ногоо төрөлжүүлэн таривал илүү үр өгөөжтэй байх гэж харж байгаа. Одоо бол байгаа талбай дээрээ олон төрлийн ногоо бага, багахан тариалдаг. Намар бүгд зэрэг шахуу ургацаа хурааж авна тэгэхээр зах зээл дээр ногоо нийлүүлэлт их болж үнэ ханшаа бууруулж өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг. Төрөлжүүлээд таривал ихээр тариалах боломжтой болж, үнэ ханшаа унагаахгүй, зах зээлээ булаалдахгүй гэсэн үг л дээ. Тариалалт нэмэгдээд ирвэл төрөлжсөн тариалалт руу орох нь зөв байх.
-Хэрэглэгчид химийн бордоогүй хүнсний ногоо хэрэглэхийг хүсдэг нь үнэн. Гэхдээ ногоочид зэрлэг ургуулахгүй гэж, ногоо хурдан томруулахын тулд химийн бордоо хэрэглэдэг гэдэг. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд тайлбар, мэдээлэл өгөөч...
-Химийн бордоо хэрэглэхгүйгээр жинхэнэ органик ногоо тариалах боломж говьд бий. Уламжлал ч байгаа. Бордоо янз бүр л дээ. Таны яриад байгаад зэрлэг ургуулдаггүй гэдэг бол сонгомол үйлчилгээтэй хор. Их хэмжээний тариалалт хийдэг талбайд ихэвчлэн хэрэглэдэг. Төмсний талбайд сонгомол үйлчилгээтэй хор буюу бордоог хэрэглэснээр төмс нь үлдээд бусад зэрлэг ургамал нь устана гэсэн үг л дээ. Ер нь химийн бордоог огт хэрэглэж болохгүй гэсэн юм байхгүй л дээ. Хамгийн гол нь зөв хэрэглэх, тохируулж хэрэглэх нь чухал. Ямар тариалалттай талбайд ямар хэмжээгээр, хэдий хугацаанд хэрэглэх уу гээд маш нарийн тооцоололтой хэрэглэх ёстой. Тэгэхгүйгээр ургацаа нэмэгдүүлэх, зэрлэгээ ургуулахгүй, болцоо хурдуулна гээд хүнээс дам сонссоноороо хэрэглэж болохгүй. Буруу хэрэглэвэл хөрсөө гэмтээх, үржил шимгүй болгохоос гадна хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр хорт хавдар гэдэг аймшгийн өвчин их байна. Энэ нь бидний хоол хүнсэнд асуудал байгаагийн илрэл. Тиймээс ногоочид маань химийн бордоог ашиглахаас аль болохоос татгалзаж, хэрэглэхээр бол мэргэжлийн хүмүүс зөвлөгөө авч хэрэглэх нь зөв. Ер нь химийн бордоогүй органик тариалалт хийхийг эрмэлзэх хэрэгтэй.
-Сая талбайгаар явж байхад жимсний мод нилээд харагдаж байна, мөн эмийн ургамлын судалгаа, жимс жимсгэний палантц гэсэн хүлэмжнүүд харагдсан...
-Манайх эндээ жимс жимсгэний палантацтай. Энэ чиглэлээр Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн жил 120 гаруй жимсний мод суулгаж энэ жил өвөлжүүлсэн. Одоо энэ хавар сэргэж ургах нь хэр байх нь уу гээд бас судалгаа хийгдэж байна. Монголд таригдаж байгаагүй жимсний үр авчирч туршиж байгаа. Зуны нэг хүлэмж маань эмийн ургамлын судалгаанд зориулагдсан. Энэ хүлэмжинд хунчир, лидэр гээд зөвхөн Өмнөговьд ургадаг одоо устаж үгүй болсон, ховордсон эмийн ургамлуудыг тариалж, мөн үр гарган авч ил талбайдаа тариалах туршилт хийгдэж байгаа. Туршилт маань амжилттай болбол ховордсон эмийн ургамлынхаа үрээр тухайн ургамлын нутагшиж ургадаг газар нь тариалахаар төлөвлөж байгаа даа.
-Томоохон төслийг гардан хэрэгжүүлж байгаа хүний хувьд энэхүү төслийн үр дүн, үр өгөөжийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Би анх ирэхдээ Өмнөговийг өөрөөр төсөөлж байсан л даа. Олон уурхайтай аймаг юм чинь ихэнх хүмүүс нь уурхайд өндөр цалинтай ажилладаг байх, за мэдээж тэгээд мөнгө санхүүгийн хувьд боломжтой учраас хотоос хамаг юмаа худалдаад авчихдаг байх гэж боддог байсан. Ирээд гурав дахь зунтайгаа золгох гэж байна. Ногоо тариалдаг хүмүүс олон байна, тариалах хүсэл, эрмэлзэлтэй хүмүүс маш олон байна. Аймаг, орон нутгийн зүгээс хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангаа алсыг харсан бодлогоо системтэйгээр дэмжиж байгаа нь талархууштай. Манайх шиг ийм цогцолборыг хэн нэгэн хүн хувийн хөрөнгөөр хийчих боломж хомс. Орон нутгийн зүгээс зөв бодлого, хөрөнгө гаргаж, мөн гадаад, дотоодын эрдэмтдийн удирдлага дор ажиллуулж байгаа нь хамгийн зөв шийдэл гэж боддог. Энд ажиллаж байгаагаар би ганцаараа энэ бүхнийг мэдрээд магтаад байгаа юм биш л дээ. Манай ХААИС, Дарханы хүрээлэнгийн зөвлөх багш нар, эрдэмтэд, оюутнууд, иргэд манай ажлыг сайшааж, өндрөөр үнэлдэг. Уурхай дууслаа гэхэд өмнөговьчууд нутгийн брэнд болсон амт чанартай хүнсний ногоо, жимс жимсгэнээр нийслэлчүүдийн хэрэгцээг хангаж, үр үрсэлгээ борлуулдаг болчихвол эдийн засгийн чухал ач холбогдолтой. Энэ том зорилтын эхлэл нь манай агропарк.
Ирээд гурав дахь зунтайгаа золгох гэж байна. Ногоо тариалдаг хүмүүс олон байна, тариалах хүсэл, эрмэлзэлтэй хүмүүс маш олон байна. Аймаг, орон нутгийн зүгээс хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангаа алсыг харсан бодлогоо системтэйгээр дэмжиж байгаа нь талархууштай.
Өмнөговийн Булганы помидор бол өөрөө брэнд. Нэр, амт чанараараа хаана ч борлуулдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан Өмнөговийн тарвас, Өмнөговийн гүзээлгэнэ, Өмнөговийн чацаргана, Өмнөговийн лууван гээд шинэ брэндүүдийг бий болгож хэрэглэгчдэд хүргэх нь чухал. Ер нь Өмнөговьд бүх төрлийн ногоо, жимс жимсгэнэ маш сайн ургах боломжтой. Нөгөө талаар хангайд тариад болц гүйцдэггүй ногоог говьд тариалж зах зээлд нийлүүлэх том боломж бий гээд үр дүн, үр өгөөж сайн байх нь тодорхой гэж харж байна. Эхний үр дүн гараад эхэлсэн. Өвлийн хүлэмжийн ногоог борлуулж эхэлж байна одоо. Энэ жил өрх гэр бүлийг дэмжих жил өрхийн орлогоо нэмэгдүүлж хүнсний ногоо тариалах иргэдийг аймгаас дэмжин 70 хувийн хөнгөлөлтэй үнээр үрсэлгээ өгөхөөр захиалга авсан. 9000 гаруй үрсэлгээ авах захиалга ирсэн. Мөн аймаг, "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-тай хамтраад хүлэмжийг 50 хувийг хөнгөлөлтэй үнээр өгч хүлэмж авсан иргэдэд бид мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллахаар бэлтгэж байгаа гээд яриад байвал төсөл хөтөлбөр маань сайн хэрэгжиж байгаа гэж хэлж болно.
-Одоо цагт залуучууд ихэнх нь хот суурин газар амьдрахыг хүсдэг болсон. Чиний хувьд эсрэгээрээ хотын хүн говьд ирээд суурьшаад мэргэжлээрээ ажиллаж байна. Хотоос хөдөө амьдрах нь илүү юу байж чадаж байна уу?
-Анх 2008 онд Өмнөговь аймагт ирж байсан. Түүнээс хойш Өмнөговь аймаг үнэхээр их өөрчлөгджээ. Сайхан ч хөгжиж тэр битгий хэл ирснээс хойш ч гэсэн өдрөөс өдөрт хөгжиж байгааг харахад сайхан байдаг. Үе тэнгийн залуусыгаа хөдөө орон нутагт амьдраач гэж урьмаар байна ш дээ. Энд утаа, түгжрэл, өмхий, самхай гээд хотын биднийг зовоодог асуудлууд алга. Харин хотод байдаг парк, фитнес, заал танхим, дэлгүүр, үзвэр, үйлчилгээ гээд бүгд л байна. Өмнөговь аймаг зарим зүйлээрээ хотоос илүү болоод байна. Зам харилцаа, гэрэлтүүлэг, дугуйн зам гээд л... Дараагийн Эрдэнэт болж хөгжиж байна. Одоо ч эндээ дассан даа. Буцаад хот руу явах тухай бодогдохоо больсон ш дээ (инээв). Бас нэг зүйл гэвэл говьчууддаа хэлэхэд ухаад дуусдаг уурхай биш ургаад арвиждаг бизнесийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх суурь Өмнөговьд маань тавигдчихлаа. Энэ бол маш том боломж. Энэ боломжийг зөв ашиглаж Өмнөговийн брэнд бий болгож өрхийн орлогоо нэмэгдүүлж, уул уурхайгаас хамааралгүй эдийн засгаа сайжруулах боломж бүрдэж байна гэж хэлмээр байна.
Ярилцсан Н.Адьяацэрэн