Корона вирусын халдвар дотоодод тархсантай холбоотойгоор Засгийн газраас Гамшгийн бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарч улс орон даяар хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Хөдөө орон нутгийн 80 гаруй мянган иргэд нийслэлд хөл хорионд байгааг бөгөөд УОК-оос 11 дүгэр сарын 25-ны өдөр баталсан хөдөө орон нутгийн иргэдийг буцаах “Зорчигч тээврийн зохион байгуулах түр журам” гарсан билээ. Гэтэл УОК-оос стратегийн бүс гэж үзсэн Өмнөговь аймаг, халдвар гарсан 5 аймгийн иргэдийг буцаах хугацааг 12 сарын 7-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан нь иргэдийг бухимдуулсаар байна. Олон хоног хөл хорионд гацсан иргэд хүнсний хомсдолд орох, биеийн байдал хүндрэх, санхүүгийн асуудал хүндэрч байгаа төдийгүй шинжилгээ өгөлгүй хулгайн замаар явах, голомттой бүс нутагт удаан хугацаагар байх нь эрсдлийн нэмэгдүүлж байна гэж иргэд үзэж байна. Энэ үүднээс Улаанбаатар хотод гацсан Өмнөговь аймгийн иргэд өөрсдийн нөхцөл байдал, ар гэрийн байдлын талаарх судалгааг гаргаж, нутаг буцах хугацааг наашлуулж өгөх хүсэлтээ Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар хүргүүлээ.