Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй Энержи ресурс компани боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулж ирсэн бөгөөд 2013 онд Өмнөговь аймгийн болон Энержи ресурс компаний хамтарсан хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байрны Мөрөөдөл цогцолбор ашиглалтанд оруулж, тус сургууль, цэцэрлэгт Орчлон сургуулийн сургалтын програм,менежментийг хэрэгжүүлсэн нь нутгийн иргэдийн талархалыг хүлээсэн юм.
Энэ удаа тус компаний зүгээс говь нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд дахин хөрөнгө оруулалт хийхээр болж орон нутгийн боловсролыг дэмжих шинэ хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Мөрөөдөл, Т.Борын нэрэмжит дунд сургуулиудыг багш нарыг чадавхжуулах, багш, сурагчдын ажиллах, сурах орчинг сайжруулахад хөрөнгө оруулж, мэргэжлийн, чадварлаг багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс багш нарт цалингийн 20 хувийн нэмэгдэл олгох юм.