Өмнөговь аймаг 2025 онд орон нутгийнхаа төсвийн 30 орчим хувийг эрүүл, мэнд боловсролын салбарт зарцуулж байна. Энэ жил “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүн амын төвлөрөл ихтэй Гурвантэс суманд 15 ортой эрүүл мэндийн барилгыг барьж ашиглалтад оруулж, эрүүл мэндийн төвийн хуучин барилгад их засвар хийгдлээ. Ингэснээр Гурвантэс сумаас гадна баруун бүсийн сумдын иргэд дотор, хүүхэд, шүд, уламжлалт, лаборатори, рентген зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжтой болж байна. Мөн төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажиллаж амьдарч буй залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гурвантэс суманд “Залуучуудын хөгжлийн төв”-ийн бүтээн байгуулалт хийгдэж дууслаа. Энэхүү төв нь 3 давхар байгууламж бөгөөд интернет кафе, төрөл бүрийн сургалт, дугуйлан зэрэг залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.
