Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сум, суурин газруудад хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын хүрээнд Даланзадгад-Номгон, Даланзадгад-Булган, Даланзадгад-Хүрмэн, Даланзадгад-Ханхонгор чиглэлд хатуу хучилттай зам баригдаж эхэлсэн бөгөөд 2025-оны 10-р сард Даланзадгад-Ханхонгор сум чиглэлд 12 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо. Өмнөговь аймгийн хөгжлийг төлөвлөлтийн хүрээнд Даланзадгад хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу зүүн хойш тэлж хөгжих, энэ бүсэд олон улсын нисэх буудал, их дээд сургууль, цогцолборыг барьж байгуулах, Ханхонгор сумыг дагуул хот болгон хөгжүүлэх төлөвлөсөн бөгөөд энэхүү бодлого төлөвлөлтийн эхлэл нь Ханхонгор сумыг аймгийн төвтэй холбох хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт юм.

