Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулдаг бол Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хүрээнд 6,7-р ангийн сурагчдыг уг хөтөлбөрт хамруулж, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлсэн билээ. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийг чанаржуулах, шимт тэжээлийг чанар, хүнсний аюулгүй байдлыг хангах, тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон талт ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Хүүхдийн хоолны зөвлөл” байгуулагдлаа. Тус зөвлөлийн анхны хуралдаанаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 дугаар ангийн сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөр, цэцэрлэг болон дотуур байрны хоол үйлдвэрлэлийн ачаалал, нөхцөл байдал, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй хүндрэл бэрхшээл, Үдийн хоол хөтөлбөрийг хамрах хүрээг өргөжүүлэх боломжийн талаарх асуудлыг хэлэлцлээ. Хүүхдийн хоолны зөвлөлөөс дээрх асуудлаар санал дүгнэлт гаргаж аймгийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэжээ.
