Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК нь 7,5 сая мод тарихаар “Ногоон говь-Бид бүтээнэ” уриан дор ойжуулалтыг 2022-2030 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2021 онд Монгол Улсын их сургууль (МУИС)-тай хамтран ажиллах санамж бичгийг 2021 онд байгуулснаар МУИС, ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг Өмнөговь аймгийн Номгон, Цогтцэций, Булган, Даланзадгад сумдад суурь судалгаа болон хээрийн судалгаа хийлгэсэн билээ. Ойжуулалтын ажлын хүрээнд Цогтцэций суманд 40 га талбайд 85 000 ширхэг мод тарьж, усалгааны систем угсарч, усалгаа арчилгааг тогтмол хийхийн зэрэгцээ намрын мод тарилтаар Даланзадгад суманд мод үржүүлгийн газарт тарьж ургуулсан 4 настай хайлаас, улиасны 21 000 ширхэг суулгацаар Өвөрхангай аймгийн Шинэ Хархорум хотын ногоон байгууламжид 40,95 га талбайг ойжуулалт хйилээ. Цаашид говь нутагт тулгамдаад буй цөлжилт болон шар шороон шуургыг бууруулах, ойн зурвас байгуулах ажлыг шат дараалалтайгаар үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхээр зорин ажиллаж байна.
