Өмнөговь аймаг нүүрсний хэрэглээ, хүлэмжийг хийг бууруулах, нар, салхины эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого гарган дулаан алдагдалгүй орон сууц, монгол гэр дулаалгын төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ гэр хороололд инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан багийн төвийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн жил Цогт-Овоо сумын Бортээг багийн төвийг нарны цахилгаан эх үүсвэрээр хангасан бол энэ жил Ханбогд сумын Баян багийн төвд нарны цахилгаан үүсгүүр суурилуулсан байна.