Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд говийн бүс нутагт тулгамдаж буй усны хомсдолын асуудлыг шийдвэрлэх, ан амьтдын усны хэрэгцээг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, гадаргын усыг хуримтлуулан газар тариаланд ашиглах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар, мэргэжлийн байгууллагын судалгаанд үндэслэн хөв цөөрөм байгуулах ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 8 байршилд хөв цөөрөм байгуулсан бол энэ жил Сэврэй, Ноён сумдад хөв цөөрөм байгуулах ажил хийгдэж байна. Сэврэй сумын нутаг Хонгорын голд 13,200 м.куб эзлэхүүнтэй, 100 тонн багтаамжтай ус нөөцлөх сантай, дуслын усалгааны систем бүхий 1.2 га талбайтайд хөв цөөрмийг байгуулж, хөв цөөрмийн эргэн тойронд 2000 заг тариалж хамгаалалтын зурвас үүсгэжээ. Энэхүү хөв цөөрмийг инженер Дугармаа гардан барьж, ногооны талбайд ус татан бороожуулж, төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулдаг байсан ч 1989 онд үйл ажиллагаа нь зогсож, дахин ашиглаагүй байсныг ийнхүү 2025 онд шинээр дахин 13,300 м.куб багтаамжтай, 150×90 метр хэмжээтэй цөөрмийг барьж, ашиглалтад оруулсан байна. Аймгийн Засаг дарга Н.Энхбат хөв цөөрмийн бүтээн байгуулалттай танилцан цаашдын ашиглалт, хамгаалалтад онцгой анхаарч, хөв цөөрмийг ашиглан мод бут, газар тариалан эрхэлж, үр ашигтай байлгахад анхаарч ажиллахыг сумын Засаг даргад үүрэг чиглэл болгосон байна.
