Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийг батлан 2024-2027 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 10-р сард Даланзадгад сумын 12 цэцэрлэгийн 2-5 насны 1347 хүүхдүүдийг амны хөндийн үзлэг оношилгоонд хамруулж, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, эмчилгээг хийсэн байна. Эмч нарын үзлэгээр үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 50 гаруй хувь нь шүдний өвчтэй байгаа судалгаа гарч, хүүхэд багачуудад шүд зөв угаах дадалтай болгоход онцгой анхаарч ажиллах зөвлөмж гаргасан байна.
Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Ханбогд сумын ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүдээ зөв, тогтмол угаах дадлыг төлөвшүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилготой “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд тус сумын 2 сургуулийн 9 багийн 72 сурагч 18 багшийн удирдлага дор өрсөлдөж, шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар сургуулийн сурагч И.Отгондулам, С.Болорцэцэг багшийн бэлтгэсэн 7-р ангийн "Smile care” баг тэргүүн байр, 1-р сургуулийн Ц.Отгонбулаг, О.Бадамханд багшийн бэлтгэсэн "Мэргэн сойзнууд" баг дэд байрт, гутгаар байрт Д.Дэчмаа, О.Ганчулуун багш нарын бэлтгэсэн 6-р ангийн “Галбын инээмсэглэл” баг эзэлжээ. Багийн нийлбэр дүнгээр 2-р сургуулийн баг хамт олон тэргүүн байр эзэлсэн байна.

