Монгол Улсын Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт төрийн ордонд боллоо. Энэ үеэр Засгийн газраас 2026 оны бодлого зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэлд нэг ойлголттой ажиллах зорилго тавьж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн Ерөнхий сайд “Нэг Монгол–Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлдээ 2026–2030 оны хөгжлийн найман үндсэн шинэтгэлийг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг онцлов.
Мөн төрийн дотоод шинэтгэлийн хүрээнд хүнд суртал, давхардал үүсгэдэг 1,000 гаруй журам, дүрмийг цуцлах ажлыг эхлүүлсэн тухай мэдээлэв.
Орон нутгийн удирдлагуудын тавьсан саналуудын дагуу төсвийн хэмнэлт, татварын давуулан биелүүлсэн орлогын зохицуулалтыг сайжруулах, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхээр болсон байна.


