Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дундговь аймагт зохион байгуулагдаж буй “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд Өмнөговь аймгийн удирдлагууд болон тэмээчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлдэг Өмнөговь аймгийн тэмээчид, өв соёлоо тээн хадгалж яваа ахмад, залуу үеийн төлөөлөл 110 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 164 тэмээтэйгээр Дундговь аймгийн Мандалговь суманд хүрэлцэн иржээ.
Өмнөговь аймгийн тэмээчид тэмээн поло, тэмээний уралдаан, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулалт, мөн “Сайхан тэмээтэй ганган хос” шалгаруулах зэрэг тэмцээн уралдаанд хүч сорин оролцож, тэмээний өв соёл, уламжлалт ахуйг сурталчлан таниулж байна.

