Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Тус аймаг 2023 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Говь Дент анхны цахиур” шүдний эмнэлгийг байгуулан ашиглалтад оруулсан бөгөөд энэ онд тус эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, 2 дахь салбарын нээлтийг хийлээ.
Тус салбар нь Даланзадгад сум болон БНСУ-ын Жомбүг мужийн Шүдний эмч нарын холбооны хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан юм. Жомбүг мужаас орчин үеийн шүдний тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний эмч нарыг чадавхжуулан, мэргэжлийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Говь Дент шүдний эмнэлгийн үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсвөөс үргэлжлүүлэн санхүүжүүлж, иргэдэд чанартай, хүртээмжтэй шүдний тусламж үйлчилгээг тогтвортой хүргэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах юм.

