XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Эрүүл мэндийн салбарт дахин нэг МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ төрөн гарлаа.
Мижид овогтой Буманцэцэг нь 1956 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн. 1980 онд АУДэС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 1982 онд МДИ-д халдвартын эмчийн мэргэжил эзэмших курс, 1987 онд ОХУ-д элэгний эмчийн мэргэжил дээшлүүлэх курс, 1998 онд ОХУ-д эмчилгээний биеийн тамирын эмчийн курс, 2001 онд МДИ-д өрхийн эмчийн курс, 2003 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежерээр тус тус суралцаж төгссөн.
1980 оноос Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдвартын тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч, ерөнхий эмч, чанарын албаны дарга, Энхийнхүслэн өрхийн эмнэлгийн ахлах эмч 2015 оноос Нинж-Ачлал эмнэлэгт эмч, 2020 оноос “Говь мед сан” эмнэлгийн захирал, их эмчээр 45 дахь жилдээ хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах ариун үйлст сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа манай тэргүүний ахмад эмч юм. Ийнхүү эрүүл энхийн манаанд он удаан жил тасралтгүй ажилласан хөдөлмөр зүтгэлээ түмэн олондоо үнэлүүлэн Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн салбарынхаа 18 дахь МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ-ээр шагнагдсан М.БУМАНЦЭЦЭГ эмчид халуун баяр хүргэе.