Баасан гариг 2024/04/19
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 320 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 312 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 292 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 632 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 240 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 264 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 276 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 556 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 284 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 276 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 244 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 268 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 448 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 556 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 404 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 448 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1140 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 572 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 812 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 792 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 456 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 456 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 468 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 672 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1088 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 420 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 524 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 668 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 704 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 568 удаа

А.ГАНБОЛД: БИЗНЕСЭЭ ОРХИОД ДЭЛХИЙГ ТОЙРОХ АЯЛАЛДАА ГАРЧ БАЙСАН

НИЙТЭЛСЭН: 2019-05-28 22:01 GMT+8

27 жилийн тэртээ  буюу 1992 оны 4 сарын 12 ны өдөр таван залуу тив дэлхийг дугуйгаар тойрохоор  ижий, аав, гэр бүл, элгэн садан, монгол түмнээрээ үдүүлэн Сүхбаатарын талбайгаас  мордож байжээ.  Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн Монгол залуус  294 хоногт дэлхийн 21 орныг дамжин 21900 км замыг дугуйгаар туулж түүхийн нэг шинэ хуудсыг нээсэн юм. Энэхүү түүхийг бүтээлцсэн хүний нэг Таван хуруу багийн  гишүүн,  нутгийн ах Агвааны ГАНБОЛД.   Удам дамжсан уран дархан, “Таван хуруу” багийн нэгэн гишүүн, бахархалт түүхийн эзэн  Ганболд ахтай дугуйн аялал, ажил амьдралын тухай ярилцсанаа уншигч та бүхэндээ толилуулж байна.

 

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Юуны өмнө  танай сайтын уншигч түмэнд зуны тэргүүн сарын билэгт өдрийн мэндийг хүргэе. Намайг Агвааны Ганболд гэдэг. Аавыг маань нутгийнхан “Нандин” Агваан гэж авгайлдаг байсан. Аав маань Баяндалай  сумын уугуул, ээжийг маань Лхамцоо, Сэврэй сумын уугуул хүн байсан. Бид аавыгаа ажаа гэж, ээжийгээ мээм гэж дууддаг байсан л даа. Ажаа маань насаараа аймгийн барилга угсралтын конторт тээврийн жолооч, ээж маань аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчин, гуталчингаар ажилладаг эгэл жирийн ажилчин гэр бүл. Ажаа маань  Халх голын дайнд оролцож  пульмётчин, хуягтын жолооч хийж байсан хүн шүү. Дайнаас ирээд засварчин хийж байгаад оройгоор суралцаж жолооч болсон гэдэг. Тээврийн жолооч хийхийн зэрэгцээ, мужаан, дархан, анчин хүн байсан. Мээм маань ч гэсэн бага наснаасаа өөд болтолоо үйл мэтгэсэн үйлчин хүн байсан. Бид нар эцэг, эхээсээ есүүлээ. Хоёр ах, нэг дүү маань цагаасаа эрт хорвоогийн мөнх бусыг үзсэн дээ ..... хөөрхий.  Том эгч Нэргүй маань ээжийн маань мэргэжлийг өвлөсөн, ах дүү нар  сийлбэрч, дархан, багш мэргэжлийг эзэмшиж, мэргэжлээрээ ажил төрлөө хийгээд сайхан л амьдарч явна. Ажаа, мээм хоёроос минь  бидэнд өвлөгдсөн хамгийн том өв бол хөдөлмөрч зан.  Социализмын  үед улсын бүх ажил төлөвлөгөө нормтой байсан ялангуяа тээврийн жолооч, үйлдвэрийн ажилчдын хувьд цаг хугацаа, нормтой, ачаалалтай ажиллаж байсан үе. Ажаа маань ажлынхаа хажуугаар төмөр, чулуу, модоор эдлэл хийнэ, машин техник засна, ээж минь мөн адил ажаагийн хийж буй бүхий л ажилд туслана, оёно, хатгана гээд ёстой зүгээр суудаггүй ажилсаг, хөдөлмөрч хүмүүс байсан даа.

                   

Тухайн үед тээврийн жолооч нарын хүүхдүүд багаасаа аавыгаа дагаж тээвэрт явж жолоочийн мэргэжил эзэмших нь их байсан. Та ямар мэргэжил эзэмшив? Ажил амьдралынхаа гарааг хэрхэн эхэлж байв?

Үнэн л дээ. Тээврийн жолооч нарын хүүхдүүд машины кабинд л өсдөг л байлаа. Жолооч аавыгаа дагаад тээвэрт явдаг тэгээд жолооч болдог байсан . Би ч мөн  адил  4-р ангиасаа ажаатайгаа тээвэрт явдаг, ажаа маань гараа амраана гээд машин бариулчихдаг байсан болохоор жолооч болно гэж боддог  байв. Гэхдээ манай хоёр буурал хүүхдүүдээ номын мөр хөөлгөж, эрдэм боловсролтой хүн болгохыг эрхэмлэдэг хүмүүс байсан. Их зөвлөнө, ярина. Нөгөө талаар удмын  гарын ур, авьяас байсан л байх бас ажаагийн хийж байгаа дарханы ажилд туслаад жаахан дөртэй болсон уу дунд ангид ороод зураг, хөдөлмөрийн хичээлд илүү сонирхолтой болсон. Дунд сургуулиа төгсөөд Дүрслэх урлагийн сургуулийн сийлбэрийн ангид суралцаж  төгссөн. Дүрслэхийн дунд сургуулиа төгсөөд аймагтаа ирээд Урчуудын эвлэлийн салбарт нэг жил ажиллаад цэрэгт явлаа, Мэдлэг,  боловсролоо дээшлүүлэх хүсэл маш их байсан, тэр үед дараагийн  шат нь гадаадад урлагийн академид явах байсан л даа.  Цэргээс халагддаг жилээ Урчуудын эвлэлийн хороонд Орост сургуульд суралцах хүсэлтээ өгчихлөө. Хариу байдаггүй ээ нилээн хүлээлээ, сүүлдээ гайхаад Урчуудын эвлэлийн хороо дээр очоод асуулаа даа. Тэгтэл боловсон хүчин хариуцсан дарга нь , өө чиний өргөдөл дарагдчихжээ дараа жил болох байхаа гэдэг  юм. Дараа жил нь буюу 1985 онд бас дахин өргөдлөө өглөө. Бас л дарагдчихжээ гэдэг. Ингээд гадаад  явах найдлага тасарсан, тэр жил нь аймагт  дотоодын дээд сургуулийн хуваарь ирэхээр нь конкурсдлээ. Дүрслэх төгссөн болохоор асуудалгүй тэнцээд Багшийн дээд сургуульд орсон, зураг, хөдөлмөрийн багшийн мэргэжил эзэмшсэн. Дээд сургуулиа төгсөх үед ч нийгэм ч солигдчихсон,  өрсөлдөөнтэй, зах зээлийн нийгэмд хөлөө олж амьдрахын тулд өөрийгөө хөгжүүлэх санаатай Худалдааны коллеж дээр зохион байгуулсан бизнесийн анхны дамжаанд суулаа,  бизнес арилжаа наймааны тухай ойлголттой болоод авах нь тэр, Орос хэлээс гадна хэл сурах нь зөв гэж бодоод англи хэлний дамжаанд 2 ч удаа суучихлаа. Хирдээ өөрийгөө бэлтгэж байгаа нь тэр. Тэгээд 1991 онд  Мижидийн Жаргалсайхан гээд дунд сургуулийн найзтайгаа нийлээд “Аянчин” пүүс байгуулаваа.  Орлого олох санаатай сугалаа явуулах ажил санаачилж, яам, тамгын газраас зөвшөөрөл аваад Дэнжийн мянгын хар зах дээр сугалаа явуулж эхэллээ дээ. 3 удаа сугалаа явуулаад санаанд оромгүй орлого  олоод бөөн баяр. Яг энэ үед дэлхийг тойрох  багийнхантайгаа учирсан. 1992 онд аялалдаа гарч 1993 онд аялалаас ирээд өнөөдрийг хүртэл хувийнхаа ажил, бизнесээ хийж явна. Хашаандаа жижиг цехтэй, гэр  ахуйн модон эдлэл захиалгаар хийдэг юм.  Том үйлдвэрлэл энэ тэр биш л дээ өөрт таарсан жижиг үйлдвэр.

Таны аавыг мундаг нямбай, чамбай, уран дархан хүн гэдгийн нутгийнхан андахгүй. Та түрүүнд хэлсэн, аав, ээж хоёр маань хоёулаа уран дархчуудын удмын хүмүүс гээд. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү?

Аавын маань ээж дархан Даваа гэж хүн байсан. Өвөө маань эд хөрөнгөтэй, хамжлагат албадтай хүн байсан гэдэг.  Ардын хувьсгалын  үед манай өвөө бурхан болоод эмээ маань хоёр хүүхэдтэйгээ үлдээд, өвөөг бурхан болсноос хойш хамжлагатууд нь үгүй болж, эмээ маань хөрөнгө муутай болж тэр үеэсээ л дарх хийж эхэлсэн гэдэг. Эмэгтэй хүн хирнээ алт, мөнгөн  эдлэл нарийн хийцтэй эдлэл хийдэг тэр битгий хэл бурхан цутгадаг уран дархан хүн байсан гэж нутгийн хөгшчүүл ярьдаг юм.  Ээж маань ч гэсэн гарын ур дүйтэй, уран хүн байсан. Уран Пагма гэж нутаг усандаа алдартай уран хүний удмын хүн. Манайханд аав, ээжийн гарын урыг өвлөсөн хүмүүс бий бий. Том эгч маань ээжийн мэргэжлийг өвлөсөн, Жаргал ах маань аймгийн модны үйлдвэрт эрээн будагчин, мужааны шабалончин хийдэг байсан, би ч насаараа л мужаан, сийлбэрчин хийж явна. Нөгөө талаар аав маань сэтгэн бодох чадвар өндөртэй хүн байсан. Бага дүү Отгонбаярт маань аавын тэр авьяас чадвар илүү өвлөгдсөн болов уу гэж боддог. Математикийн улсын олимпиадаас Өмнөговийн цөөхөн хүүхэд медаль авч байсан түүхтэй юм билээ. Түүний нэг нь Отгонбаяр дүү маань. Одоо Мэдээллийн технологийн компаниа удирдаад ажиллаж байна.

                         

Аавд маань “нандин” гэдэг нэрийг нутгийн түмэн олон өгсөн гэдэг. Ямар  ч ажлыг хийхдээ сэтгэл гарган, нарийн нандин ур ухаанаа  шингээж хийдэг, машин тэргэндээ их гамтай, арчилж, торддог их нягт нямбай хүн байсан болохоор хүмүүс “нандин” Агваан гэж авгайлдаг болсон юм гэнэ лээ. Ажаа маань мод, чулуу, төмрөөр бүх төрлийн дарх хийдэг байсан уран дархан хүн, анчдын нийгэмлэгийн гишүүн анчин төдийгүй аж ахуйч, одоогийнхоор бол бизнес сэтгэлгээтэй хүн байсан юм. Тэр юу гэхээр аав хангай руу тээвэрт явахдаа замдаа ганц нэг тарвага пад хийлгэчихнэ, түүнийгээ нөгөө мод ачдаг хүмүүстээ өгөөд 5 банз илүү тавьчихаарай гэдэг байсан гэдэг. Нөгөөхөө авчираад хашаандаа хоёр, гурван жил болгож хатааж, хаалга, хацавч гээд гэрийн мод хийнэ дээ,  хийсэн гэрийн модоо малчдад тэмээн хүнсээр өгчихнө, өвөл махыг хүнсдээ хэрэглээд,  өөх тосыг боловсруулаад буцаагаад хангай руу авч яваад гэрийн эрээн модоор сольчихдог, жолооч хийхийн зэрэгцээ  арилжаа хийчихдэг байсан юм.

Та бол дэлхийг дугуйгаар тойрсон Таван хуруу багийн нэг гишүүн. Ямар учрал тохиолдлоор энэ багийн гишүүн болж байв. Энэ талаараа уншигчдад маань сонирхуулна уу.

Дэлхийг дугуйгаар тойрсон “Таван хуруу” баг маань анх 1991 оны намар 11 сард бүрдэж эхэлсэн түүхтэй.  Манай багийн дээд талын дүү  Отгонбаатар маань намайг энэ багийн гишүүн болоход гүүр нь болж өгсөн юм.  Дүү  маань тэр үед дугуйн спортын улсын шигшээ багийн тамирчин байсан. Гадаад, дотоодын уралдаан тэмцээнд их оролцдог байлаа. Та бидний танил “парик “ Жагай  буюу сэтгүүлч Жаргалсайхан маань тэр үед уралдаан тэмцээнд орчуулагч, сурвалжлагчаар их явдаг байж л дээ. Жагай 1991 онд Бээжинд болсон Азийн аварга тэмцээнээс  ирэх замдаа хамт яваа тамирчиддаа баг бүрдүүлэн дэлхийг дугуйгаар тойрох санаагаа дуулгаж, энэ  багт орох хүнийг олоход туслаарай гэж..Дүү маань тэр тэмцээнд оролцоод хамт буцсан нь тэр.  Дүү Бээжингээс  ирсэн өдрөө манайд ирж, энэ тухай надад дуулгаад, Жагай ахын тавьж байгаа шаардлагад нийцэх хүн бол та л байна, хоёулаа өнөө орой очиж уулзая гэлээ.   Жагайгийнх руу явлаа даа хоёулаа. Ажилд орох гэж байгаа хүн шиг диплом, паспорт, дамжаанд суралцсан үнэмлэх, гэрлэлтийн баталгаа гээд хамаг байдгаа бариад очлоо доо. Жагайгийн тавьсан шаардлага нь юу байсан гэхээр дугуйнд сонирхолтой, 30 гарсан насны, тогтсон ажил, амьдралтай, болж өгвөл дээд сургууль төгссөн хүн байх хэрэгтэй л гэж дээ. Дугуй нь сонирхдог нь гол шалгуур байсан нь  ойлгомжтой, тогтсон ажил, амьдралтай, дээд боловсролтой гэдэг нь холын аянд түшиж тулахаа бодсон байх даа.  Очлоо, танилцлаа, ярилцлаа, Манай гэр бүл дугуйчин гэр бүл байсан, аав, ээж, ах, эгч, дүү бүгд л дугуй унадаг байсан. Биднийг бага байхад ээж маань хүүхдүүдээ дугуйгаар цэцэрлэг яслид хүргэж өгдөг байсан болохоор би гэдэг хүн  ухаан мэдээ орсон цагаас  дугуй гэдгийг хэрэглэж мэдэрсэн тухайгаа ярьлаа. Дипломоо үзүүллээ, эхнэр, 3 хүүхэдтэйгээ гэдгээ хэллээ.  Жагай ч дипломыг маань үзээд өө та чинь  Багшийн дээд сургуулийг онц дүнтэй төгссөн хүн байна ш дээ болж байна, тогтсон сайхан гэр бүлтэй юм байна болж байна шүү  гээд за та манай багт ороод ямар үүрэгтэй байх вэ, юу хийж чадах вэ гэж асууж байна, миний мэргэжил зураач, нөгөө талаар манай гэр бүл ажил хөдөлмөрийг дээдэлдэг гэр бүл тийм учир аялалынхаа зургийг сайхан буулгаж явах, хар багаасаа дугуйтай зууралдсан болохоор дугуйны засвараа хийчихнэ,  юу л хийх шаардлагатай байна түүнийгээ хийгээд явнаа гэдгээ хэллээ.  Жагай ч хүлээн зөвшөөрчихлөө. Ингээд л би гэдэг хүн дугуйн аялалын багийн нэг гишүүн болсон түүхтэй.  Тэр үед би ангийн анд Мижидийн Жаргалсайхантайгаа хамт Аянчин гээд пүүсээ байгуулаад орлогч захирал гэдэг албан тушаалтай байв. (инээв). Би санаачлаад Пүүсийнхээ нэр дээр эрүүл мэндийн сугалаа явуулж дөнгөж эхлээд санаанд оромгүй орлого олоод их урамтай байсан үе.  Урамтай бизнесээс минь илүү дугуйн аялал сонирхол татаад болохоо байлаа. Хамтрагч анддаа хэллээ дээ. Найз маань, бизнесээ эхлүүлж байж, өөр зүйл рүү явах гэлээ гээд жаахан дурамжхан байлаа. Хүний хүсэл сонирхол дийлдэг юм хойно пүүсийнхээ ажлыг орхиод дугуйн аялалынхаа ажил руу эргэлт буцалтгүйгээр орсон доо.

                          

Таны энэ түүхээс сонсоход та анхны гишүүдийн нэг м.  Энэ баг маань хэзээ гарын таван хуруу шиг бол  бүрдэв?

Багийн маань анхны санаачлагч, үүсгэн байгуулагч нь сэтгүүлч Жаргалсайхан маань. Дэлгэрсайхан маань Жагайгийн багийн найз. Тэр хоёр маань сургуульд дугуйн спортод сонирхолтой хүүхдүүд байж л дээ. Тэр үедээ л дугуйгаар дэлхийг тойрох тухай ярьж мөрөөддөг байсан гэдэг. Нөгөө талаар Жагай Монголын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн төрийн айлчлалын багт сэтгүүлчээр хамт явж,  Ази, Европ дамжаад онгоцоор  дэлхийг тойрчихсон шахуу. Гадаад, дотоод явж юм үзэж нүд тайлсан хүний хувьд  хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэх боломж бий гэдгийг мэдэрсэн хэрэг. Тэгээд Бээжингийн тэмцээнээс буцах замдаа хамт яваа тамирчиддаа энэ мөрөөдлийнхөө тухайгаа ярьж баг бүрдүүлэхэд та нар туслаарай гэсэн юм билээ. Эхлэл гэвэл ийм. Тэр үед нийгэм солигдоод, мөнгөний ханш унаад хүнд байсан үе шүү дээ.  Мөнгө төгрөг ч үгүй, унаад явах дугуй ч үгүй л байж л дугуйгаар дэлхийг тойрох хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуучууд байлаа бид. Би Аянчин пүүсийнхээ нэр дээр хийж байсан сугалаагаа дугуйн аялалынхаа нэр дээр шилжүүлж, дугуйн аялалд зориулсан эрүүл мэндийн сугалаа нэртэй болгоод, гадуур явж тохиролцооны дэлгүүрээс бараагаа тохиролцож авна, хайрцагандаа сугалааны тоог бичиж цаасаа хуйлж хийнэ гээд бэлтгэл ажил ихтэй.  Дэнжийн мянгын зах дээр сугалаа явуулдаг байсан. Сугалагаараа чамлахааргүй мөнгө олчихсон. Хамгийн эхлээд дугуйтай болох хэрэгцээ байсан болохоор хэлтэй, устай гээд Жагайгаа Сингапур руу дугуйнд явуулж унах дугуйтай болж байсан. Яг үнэндээ тэр сугалаа хийгээгүй бол Таван хуруу баг босохгүй байсан байх.  Энэ үед бид нар дөрвүүлээ байсан. Зорилго тодорхой , хамгийн бага хугацаагаар,  хамгийн бага зардлаар дэлхийг дугуйгаар тойрно гэж төлөвлөчихсөн. Оффис энэ тэр гэж байх биш Жагайгийнд  цугларч бэлтгэл ажил энэ тэрээ ярьдаг  байлаа.  1992 он гараад 1 сард гэсэн үг л дээ нэг орой цуглараад ажлаа ярьж байтал Жагайгийн их сургуулийн найз Лхагвасүрэн гээд залуу ирлээ. Жагай бид нар  аялал хийх гэж байгаа энэ тэр нилээн  ярьлаа. Тэгтэл Лхагвасүрэн, та нар  намайг багтаа авчих,  тэгэхээр гарын таван хуруу болж байгаа биз дээ, тэгээд багаа “Таван хуруу” гээд нэрлэчихье гэлээ. Бид нар ч нээрэн тийм байна, гоё санаа байна, ямар билэг ерөөлтэй юм бэ гээд Лхагвасүрэнгийнхээ саналыг дэмжээд багтаа отгон гишүүнээ  аваад  баг маань бүрдэж,  “Таван хуруу” баг нэртэй болсон түүхтэй.

                      

Сонирхолтой түүх ярьж өгсөн танд баярлалаа. Миний  сонсож байснаар Таван хуруу багийн гишүүд маань хуруугаар нэрлэгдэж, тус тусын үүрэгтэй рольтой байсан гэдэг энэ талаар?

Тэгэлгүй яахав. Багийн гишүүд  бүгд өөр, өөрийн үүрэг, хариуцлагатай байж зорилгодоо хүрнэ шүү. Тэр утгаараа бид бүгд өөр, өөрийн хийх ажил, гүйцэтгэх үүргээ анхнаасаа тодорхойлсон байсан.  Багийн ахлагч Жаргалсайхан гадаад харилцаа, дотоод зохион байгуулалтыг хариуцан ажиллахын зэрэгцээ аялалын явцад телевизийн баримтат кино, гэрэл зургийн материал бүрдүүлж , телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэж, Г.Дэлгэрсайхан маань дугуйн спортын мастер төдийгүй техникийн инженер мэргэжилтэй хүн тул дугуйны эвдрэл гэмтлийг засварлах гол үүрэгтэйгээр, Ш.Ёндондаш дугуйн спортын олон улсын хэмжээний мастер ахмад туршлагатай хүний хувьд аялалын зам маршрутыг төлөвлөх, цаг уурын нөхцөлд зөв зохистой хувцаслах болон хоол хүнсний хэрэглээг зохицуулах зэрэг нарийн төвөгтэй асуудлуудыг хариуцан дугуйн аялалын өдөр тутмын нарийн ширийн зүйлийг хариуцан багтаа  хамгийн нөмөр нөөлөг нь болж оролцсон. Миний бие  зураач, сийлбэрч мэргэжилтэй хүн тул аян замын явцад зураасан болон таталбар зургийн материал цуглуулж гар зургийн үзэсгэлэн гаргах үүрэгтэй оролцсон бол  отгон гишүүн Б.Лхагвасүрэн эрдэм шинжилгээний ажилтан хүн байсан тул аян замын өдрийн тэмдэглэл хөтөлж, ном товхимол гаргах үүрэгтэй явсандаа.

 

Таван хуруу баг маань Дэлхийг тойрон аялалаа хэзээ эхлүүлж байв. Хичнээн хоног аялаж аялалаа өндөрлүүлж байв. Аялалын түүхээс хуваалцана уу?.

Бид анх 1991 оны 11 дүгээр сард багаа бүрдүүлж эхлээд 1992 оны 1 дүгээр сард тавуулаа болж,  нэр устай болж бэлтгэлэ хангаж дуусаад  1992 оны 4 дүгээр сарын 12 нд Сүхбаатарын талбайгаа нар зөв гурвантаа тойрч аялалдаа гарч байлаа.  Энэ үед монголчууд дэлхий тойрох нь битгий хэл баруун европод ч бараг хөл тавиагүй шахам байсан цаг. Гэвч бидэнд чадна гэсэн сэтгэл байсан, чадах ёстой гэсэн захиас ч их байсан. Тэр үед улс орон маань нийгэм эдийн засгийн хувьд маш хүнд бэрх шилжилтийн үе байсан байсан болохоор хамгийн хүнд асуудал санхүүгийн асуудал байсан. Өөрсдөө их хүчин чармайлт гаргаж багагүй хуримтлал бий болгосон, бидний хүсэл мөрөөдлийг дэмжиж  30 гаруй байгууллага, бас иргэд чадлынхаа хирээр хандив өгсөн болохоор бид аялалаа эхлүүлсэн. Аялал эхлэхэд бидний тооцолсон зардлын 50 хувь нь л бүрдсэн байсан. Гэвч бид итгэл сэтгэлдээ хөтлөгдсөн гар нийлсэн таван залуучууд ирээдүйд учирч болох элдэв саад бэрхшээлийг үл хайхран аян замдаа гарсан даа. Биднийг зоригжуулж, итгэл найдвар өгсөн хүн бол  Ш.Отгонбилэг гуай. Та нар  минь ямар ч байсан Москва ортол явчих. Тэгсэн хойно чинь шаардлагатай 10000 долларыг чинь өгч тусална гэдгээ хэлсэн. Энэ амлалт бидэнд маш их урам зориг өгсөн юм. Бид Москва биш түүний хэлснийг давуулан биелүүлж Бельги хүртэл явсан. Белги хүрээд цаашаа явах мөнгөгүй болсон учир аялалаа түр зогсоож, Жагай, Дээгий хоёр маань буцаж монголдоо ирж, Отгонбилэг гуайтай уулзсан. Отгонбилэг гуай ч амласнаа биелүүлж, бид ч аялалаа үргэлжлүүлсэн юм.. Аялал маань амаргүй байсан хэдий ч зорилгоо биелүүлэх нь юу юунаас чухал байсан.  Таван хуруу баг  294 хоногт дэлхийн 21 орны нутгаар  нийт 21900 км замыг дугуйгаар туулж 1993 оны 1 сарын 31-нд аялалаа дуусгаж байлаа. Энэ бол монголоос анх удаа таван хүн хамгийн богино хугацаанд, хамгийн бага зардлаар, хамгийн дөт замаар дугуйгаар дэлхийг тойрсон аялал байсан.

 

Монгол залуучууд хүсэл мөрөөдлөө биелүүлж дэлхийг дугуйгаар тойрох аялал амаргүй байсан нь мэдээж. Жил гаруй үргэлжилсэн аялалд хөгтэй, хөгжилтэй бас айдастай адал явдлууд их тохиолдож байсан байх. Энэ талаар дурсамжаа сонирхуулах уу?.

Хэдийгээр манай аялал жил ч хүрэхгүй хугацаанд болж өнгөрсөн ч гэсэн сонин содон үйл явдал бишгүй дээ л тохиолдож байлаа.  Тэр болгоныг тоочвол цаг их орох байх л даа.  Анхны хөгтэй явдал гэвэл оросын хил дөнгөж даваад хээр хоноглосон юм. Майханд анх хонож байгааг хэлэх үү, маш их салхи шуургатай хүйтэн байсныг хэлэх үү тун зутруухан шөнийг өнгөрөөв. Маргааш нь Галуут нуур хэмээх жижигхэн хотод хоноглох болов. Тэр үед зочид буудлын үнэ нь маш хямдхан санагдаж байсан тул буудалд тухаллаа. Усанд орж тун аятайхан гэгч амарцгаав. Гэтэл шөнө дунд – Хулгайч, хулгайч гэх хүний хашгирах чимээнээр бүгд давхийтэл сэрцгээдэг юм байна. Тэгээд хам хум хувцасласан болоод гүйхээрээ гадагш харайлган гарцгаав. Учир нь, манай аялал Москва ортол нэг суудлын тэрэг дагуулж гарсан юм. Манай багийг олон байгууллага ивээн тэтгэж ихэвчлэн бараа бүтээгдэхүүнээ өгч, ядарсан үедээ зарж үрж мөнгөтэй болоорой гэж байсан нь яах аргагүй нэг машин пиг дүүргэх ачаа болчихсон юм. Тэгээд нэг ГАЗ – 24 гэх орос машин дагуулж, ачаа бараагаа ачаад аяндаа гарсан байлаа. Тэр машиныг Жамбал ах барьж явдаг байлаа. Бид нарыг дугуйгаар хол замд их ядрах тул сайн амарч байх хэрэгтэй гээд Жамбал ах маань машин тэрэг, ачаа бараагаа харж машиндаа хононо. Тэр шөнө мөн л машиндаа хонож байтал нь хутга барьсан хоёр хулгайч ачааных нь татлагыг тасдаад хэд хэдэн боодолтой бараанаас нь аваад зугатаасан юм байна л даа. Мань хүн араас нь хөөх хэцүү, хамаг юм нь зуун задгайраад, дээр нь хутга харуулж сүрдүүлсэн шийдсэн дээрэмчдээс болгоомжлох зэрэгцээд хий дэмий л чадлаараа хашгираад машинаа тойроод харайлгаж байсан юм байж. Нэгэнт арилаад өгсөн тэднийг харанхуй шөнө хаанаас олох билээ гэсэн юм хэлэлцээд байж байтал нэгэн жирэмсэн залуухан орос бүсгүй замаар алхалж байтал Жамбал ах: - Наад хүүхнээ барь хамсаатан нь байж магадгүй, орой тэр хоёртой уулзаж байсан хүүхэн мөн байна гэдэг юм байна. Тэгээд тэр хүүхнийг бариад, цагдаа дуудлаа. Цагдаа ирээд нөгөө хүүхнийг хараад шууд л Жамалын авгай байна. Гэрт чинь очно гээд аваад явлаа. Тэгээд гэрт нь очвол Жамал манай нэг шуудайтай Чингис хивсийг хажуудаа тавьчихсан унтаж байдаг байгаа. Тэгээд л хамт явсан нөхрийг хэлүүлж бусад эд зүйлийг олж өгч билээ. Түүнээс хойш томхон хотод бараг хоноглохгүй, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийхийг илүүд сонгох болсон.  300 гаруй хоногт тохиолдсон бахархалтай, хөгтэй, адал явдал их тохиолдож,  айж, эмээж, өвдөж зовсон үе ч их бий. Энэ бүхнийг даван туулаад зорьсон зорилгоо биелүүлээд ижий аав, үр хүүхэд, гэр бүл, найз нөхөд, эх орондоо ирэхэд үнэхээр сайхан байсан. Үгээр хэлэхийн аргагүй гэдэг шиг сайхан мэдрэмж төрж байсан.

Та бүхний аялал монгол хүн бүрийг огшоож омогшуулж байсан нь ойлгомжтой хэдий ч р олон хүн сэтгэл зовниж байсан байх. Ялангуяа та бүхний гэр бүл, ижий аав, ах дүүс гээд .

Тэгэлгүй яахав. Нийгэм солигдож ороо бусгаа байсан үе шүү. Монголчуудад гадаад улс орны тухай ойлголт маруухан байсан үе. Дайн дажинтай, харгис нийгэмтэй гээд  энэ тэр гээд.  Бид бүгдээрээ 30 гаран насны залуучууд байсан. Бүгд л гэр бүлтэй,  бага насны хүүхдүүдтэй байсан.  Намайг явахад  манай том хүү 13  настай, дундах нь 12 той, бага нь ой гарантай байсан. Эхнэр маань түүх соёлын дургалт өвийг сэргээн засварлах газарт ажилладаг байсан. Ажлаа хийх, амьдралаа авч явах, 3 хүүхдээ өсгөх том үүрэгтэй үлдсэн. Тэр үед харилцаа холбоо сайн хөгжөөгүй, одооных шиг интернет, гар утас гэж байсан биш.  Элчин сайдын яамтай улсад очихоороор бид  гэр рүүгээ зураг захиа бичиж илгээнэ,  Жагай  маань дүрстэй мэдээ бэлтгээд ТВ рүүгээ явуулдаг байсан. Гэр орныхонтой холбоо барьж чадахгүй  удаан явах ч үе их байлаа.  Ижий, аав, хань ижил маань сэтгэл зовниж олон хоногийг хүлээж өнгөрүүлсэн нь мэдээж.

Та сая хэллээ. Эхнэр, гурван хүүхдээ үлдээгээд эрсдэл дагуулсан аялал явсан гэлээ. Энэ аялалд явахад гэргий тань дэмжиж байв уу, эсвэл хориглож байв уу?

Гэргийд маань амар байгаагүйн мэдээж.  Эдийн засаг хямралтай, нөгөө картын барааны үед сургуулийн 3  хүүхэдтэйгээ үлдэнэ гэдэг хэцүү.  Гэхдээ хүний хань л юм болохоор ханьдаа зорилгоо биелүүлэх боломжийг олгож, намайг дэмжсэн. Гэргийг маань Алтанцэцэг гэдэг, 4 сайхан үрийн минь ээж, амьдралын минь түшиг тулгуур, миний хамгийн сайн зөвлөгч, туслагч минь . Манай эхнэр  керамик ваар урлаач мэргэжилтэй, бид хоёр Дүрслэх урлагийн сургуульд хамт суралцаж байсан.  Хоёрдугаар курсээсээ үерхэж эхлэвээ.  Эхнэр маань хөл хүндтэй болоод 3 дугаар курсын зуны амралтаар том хүү маань мэндлэв.  1979 оны зун гэсэн үг.  Зун хоёулаа хүүгээ бойжуулаад намар нь хичээлдээ орчихсон. Манай сургууль цайны цаг гээд өдөр нэг цаг амардаг байсан. Тэр цагаар нь хоёулаа гүйж очиж хүүхдээ хөхүүлчихээд буцаад гүйгээд ирдэг байсан. Бид хоёрыг хүүхэдтэй болсныг багш нар мэдээгүй.  4 дүгээр курс төгсөхөд манай удаах хүү төрсөн юм.  Биднийг 3-р курсэд байхад одоогийн Ерөнхийлөгч Баттулга 1-р курсийн оюутан байсан.  Баттулга намайг одоо хүртэл  “семья” Ганболд гэж дууддаг.

                               

Тэр үед дүрэм журам  чанга байсан, оюутан байхдаа гэр бүл болохыг хориглоно, жирэмсэн болбол жилийн чөлөө олгочихдог хатуу үе болохоор  2 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл сургуулиа төгсөж  байсан нь шинэ оюутнуудад  их сонин содон байсан байх.  Гэргийг маань сургуулиа төгсөөд түүх соёлын дурсгалт зүйлийг  сэргээн засварлах газарт ажиллаж байсан.. Зах зээлийн үед тэр байгууллага нь хувьчлагдаад гэргий маань гэр бүлийнхээ энэ урлалын ажилд орсон доо. Бас нэг мөрөөдлөө биелүүлснээ ярьчих уу. Таван хуруу багийн гишүүн болж  аялалаас ирэхдээ би нэг мөрөөдөлтэй ирсэн л дээ. Францад  уул ихтэй газраар аялаж явахад хоёр ахимаг насны хос ,  хоёр хүний нэг дугуйгаар аялж яваа харагдсан. Хоёр хүний чадлаар явж байгаа учир хажуугаар “хайя” гээд сүнгэнээд давхичихсан. Тэр хоёрыг хараад монголд очиж байгаад хэзээ нэгэн цагт ийм дугуй аваад эхнэртэйгээ аялна гэж бодоод  л хоцорсон. Тэр цагаас л мөрөөдлийн  минь нэг болсон. Ажил амьдрал гэсээр мөрөөдлөө биелүүлж чадахгүй олон жил явж байгаад  2014 онд  гадаадаас хоёр хүний дугуй захиалж,  гэргийтэйгээ аяласан. Мөрөөдлөө биелүүлсэн. Хэдийгээр хоног нь цөөн буюу 5 хоногт 300  гаруй км замыг туулж аялсан ч гэлээ олон жил хүсч мөрөөдсөн аялал маань болохоор мартахын аргагүй хамгийн үнэ цэнэтэй  бас нэгэн сайхан аялал болсон. Монголдоо хоёр хүний нэг дугуйгаар аялсан анхны аялагчид байхаа. Энэ аялалд явж байхдаа гэргийгээрээ илүү их бахархаж, эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг биширсэн дээ. Тэр зун айхтар халуун зун болж халуунаас болгоомжил гэж зарлаад л  Гэвч мөрөөдлөө биелүүлэх гэж яваа болохоор тэр халууныг тоолгүй аялалдаа гарчихсан. Халуун гэж жигтэйхэн. Ёстой манай говийнхоны хэлдгээр нохой гаслам  тэр халуунд 5 хоног 300 гаруй км замыг туулсан.  Би чинь замдаа тэвчээр алдаад аахилаад хэцүүдэж байхад манай хүн ажралгүй  явна, ингэлээ тэглээ гэж үглэхгүй,  би гэдэг хүн  замд усны саваа 3 удаа хоосолж байхад манай гэргий нэгтэйгээ л явж байх жишээтэй. Эмэгтэйчүүд, эрчүүдээс илүү тэвчээртэй гэдэг нь ёстой үнэн шүү.

Унадаг дугуйг хэрэглээ болгосон гэр бүлийн хувьд залуучууддаа хандаж таны хэлэх үг, зөвлөгөө сонсмоор байна.

Манайхаас өөр дэлхийн бүх улс оронд унадаг дугуйн хэрэглээг маш их дэмждэг. Төрөөс орчин нөхцлийг нь сайтар бүрдүүлж өгдөг. Тэгэхэд л аяндаа дугуйн хэрэглээ өргөжөөд явчихдаг. Манай орны хувьд унадаг дугуйн хэрэглээг өргөтгөхөд нэн тэргүүнд зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, дугуйн зогсоол талбай зэргийг л төрийн зүгээс хийгээд өгчих хэрэгтэй байгаа юм. Тэгснээр маш олон нийгмийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтой. Хамгийн эхлээд шатахууны хэрэглээнд гадагшаа асар их хэмжээний мөнгө урсаж байгаа урсгалыг зохих хэмжээнд багасгана. Ер нь дугуйн ач холбогдлыг тоочоод баршгүй. Сүүлийн үед унадаг дугуйг батарейгаар явуулдаг болгосон орчин үеийн оновчтой шийдэл ахуй амьдралд нэвтэрч байна. Дугуйн хэрэглээг зөвхөн хүүхэд залуус болон тамирчид л хэрэглэж байх ёстой мэт ойлгодог хоцрогдсон сэтгэлгээг халж бүх насны хүмүүс ахуй амьдралдаа өргөн хэрэглэх хэвшвэл нийгмийн маш олон асуудлыг шийдэгдэхэд унадаг дугуй онцгой үүрэг гүйцэтгэнэ. Саяхан сайхан мэдээ сонссон. Манай Өмнөговь аймаг хамгийн урт дугуйн замтай аймаг болж автомашинаас татгалзаж, унадаг дугуйгаар ажилдаа явах аян өрнүүлж байгаа гэдэг мэдээг үзээд маш их баярлаж байлаа. “Эрүүл монгол хүн” нэртэй сүржин уриа лоозон дэвшүүлж байхын оронд хүн бүр унадаг дугуй хэрэглэдэг болох юм бол эрүүл мэндийн асуудалд онцгой том дэвшил гарах болно гэж бодогддог.

                       

Цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа.Таны ажилд үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

Залуу насны эр зориг, тэсвэр тэвчээр, бахархал бүхэн шингэсэн дурсамжийг минь сэргээж, уншигч олон түмэнтэй хуваалцах боломжийг олгож байгаа нутгийн дүүдээ баярлалаа. Ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

                                                                                                                                              Ярилцсан Н.Адьяацэрэн