Баасан гариг 2024/04/19
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 320 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 312 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 292 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 632 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 240 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 264 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 276 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 556 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 284 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 276 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 244 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 268 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 448 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 556 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 404 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 448 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1140 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 572 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 812 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 792 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 456 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 456 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 468 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 672 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1088 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 420 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 524 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 668 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 704 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 568 удаа

Ш.ДАРХАНБАТ: НУТГИЙНХАА НЭРИЙГ , ААВЫНХАА НЭРИЙГ ДУУДУУЛАХ ТЭР МӨЧИД ОМОГШИЛ ТӨРЖ БАЙЛАА.

НИЙТЭЛСЭН: 2019-07-09 18:29 GMT+8

Эрт дээр  үед Өмнөговьд Идэр Дампил, өнөө цагт домог болсон Дэмүүл арслан, улсын заан Цэдэнгомбо, Баярхүү, улсын харцага Ламаажав гээд Өмнөговь нутгийнхаа нэрийг монгол бөхийн түүхэнд мөнхөлсөн бяр, хүчтэй бөхчүүдийн нутаг билээ. 1983 онд Өмнийн говийн хүчтэн А.Сугиа, Д.Багахүү нар улсын наадмаар тав давж Өмнөговьчууд хос начинтай болж байсан бол  2011 онд Б.Сумьяа, Ц.Одбаяр нар улсын наадамд тав давж дахин хос начин төрж нутгийн зон олноо баярлуулж байсан билээ.  Өмнийн говийн хүчтэн улсын цолтонгуудын буухиаг үргэлжлүүлж энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2227, Их монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 5 давж улсын начин цол хүртсэн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Тавантолгой ХК-ийн бөх Ш.Дарханбатыг Алтан нутгийн бахархал ярилцлагын буландаа урьлаа.  Тэрээр  Өмнөговь аймгаас төрөн гарсан 15 дахь улсын цолтон төдийгүй түүний  аав Балын Шоовдор 1976 онд Улсын начин цолыг хүртэж байжээ.  Удам залгасан бөх, шинэхэн начинтай ярилцсанаа та бүхэнд толилуулж байна.

 

Өнөө жилийн улсын баяр наадамд тав давж Монгол Улсын начин цол хүртсэнд уншигчдынхаа  өмнөөс баяр хүргэе.  Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

Баярлалаа.  Намайг Дарханбат гэдэг.  Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул. Аавыг  минь нутгийнхан маань андахгүй.  Монгол  бөхийн зүлэг ногоон дэвжээнээ  нутгийнхаа нэрийг дуурсгаж явсан хүчтэнгүүдийн нэг Монгол улсын начин Балын Шоовдор гэдэг.  Ээжийг маань Мэндбаяр гэдэг насаараа л худалдааны байгууллагад ажиллаж  байсан  Буурлууд маань одоо аймагтаа л амьдарч байгаа.   Би 6 сайхан ах, 2 сайхан эгчтэй  9 хүүхэдтэй айлын отгон хүүхэд.

              

Бөхийг удам дагадаг гэдэг.  Монгол улсын начин аав, хүү хоёр гэдгээрээ аймагтаа анхдагч байх.  Ах нар бол бүгд л барилддаг.  Барилдааны арга техник, хийдэг мэхний хувьд ааваасаа, ах нараасаа сурсан зүйл их бий биз?

Өвөөг маань бяр тэнхээ ихтэй хүн байсан гэж нутгийнхан ярьдаг. 70 гаруй насандаа өргөж байсан чулуу нь гээд одоо ч  нутагт маань байдаг. Ээжийн минь талын хүмүүс маань ч гэсэн их бяр тэнхээтэй хүмүүс байсан гэдэг. Аав маань  цэрэгт явахын өмнө аймгийнхаа наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн гэдэг. Дараа нь цэрэгт байхдаа Дархан хотын анхны наадамд түрүүлж аймгийн арслан цолыг хүртэж байсан гэдэг.  1976 онд улсын баяр наадмаар Дэмүүл арслангаар  5 давж улсын начин цол хүртсэн гэдэг. 

Баянбат ах маань аймгийн нэмэх начин цолтой, Баттулга, Батмөнх хоёр ах маань аймгийн начин цолтой, Очирбат ах маань ч гэсэн аймгийн наадамд гурав давчихдаг байсан хэдий ч  ах нар ажил бизнесээ хөөгөөд бөхөөр дагнаж яваагүй. Баттулга ахын маань хүү Түмэн-Өлзий  надтай хамт бэлтгэл сургуулилт хийгээд явдаг, 2016 онд  аймгийн начин цол хүртсэн. Аав маань миний дасгалжуулагч бас хамгийн сайн зөвлөгч. Жаахан байхад аавыгаа дагаад наадамд явдаг байсан бол сүүлийн хэд жил аавыгаа дагуулаад наадамд явдаг болсон ш дээ. Барилдааны дараа аавтайгаа ярилцана, аав маань миний алдаа оноог хэлж өгнө. Хоёр гартайсан бол хүүтэйгээ барилдаж байгаад зааж өгөхсөн гээд хааяа харуусна бас. Би аавыгаа яг барилдаж байхыг харж байгаагүй л дээ.  Аавын ярьж байгаа, аавын барилдааны тухай хүмүүсээс сонсоход аавын бид хоёрын хийдэг мэх, арга техник өөр. Аав маань хурдан шаламгай барилдаантай, ихэвчлэн  өмсөх, хөл авах,  дэрлэх зэрэг мэх хийдэг байсан гэдэг. Би ч их аажуу тайван барилддаг, ихэвчлэн шуудагдах, хутгах  мэх хийдэг. Баянбат ах бид хоёрын барилдааны  арга техник, хийдэг мэх ойролцоо доо.

Яагаад үндэсний бөхийг сонгож хичээллэх болов?  Багаасаа бөх барилддаг байсан уу? 

Хүрмэн сумын дунд сургуульд байхдаа Амараа, Батболд багш нарынхаа  удирдлагад доор чөлөөт бөхөөр хичээлдэг байсан. Аймгийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд их оролцдог байсан. Анхны тэмцээндээ гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль авч байсан. Дээд сургуульд орсон эхний жил сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан. Түүнээс хойш чөлөөт бөхөөр хичээлээгүй, үндэсний бөхөөр л дагнан хичээлсэн дээ. Бөхөд хорхойтой болгож, үндэсний бөхөөр хичээлэх сонирхолыг төрүүлсэн  хүн,  бөхийн спортын анхны багш гэвэл аав минь юм. Жаахан байхаас л аав намайг дагуулж аймаг, сумын наадамд их явдаг байсан л даа.

Аавтайгаа хамт суугаад наадмын бөхийн барилдаан үзэх ямар сайхан гээч.  Аав маань бөхийн барилдаан, мэхийг их сайхан тайлбарлаж хэлж өгдөг байсан даа.  Үндэсний бөхийн сайхныг биширч үзсэн наадам гэвэл 1999 онд болсон анхны Говь шанхын наадам.  Аав морь уяж аав бид хоёр Хүрмэн сумаас Цэций рүү очиж наадамласан. Тэр үед одоогийнх шиг морио машинаар ачна гэж байгаагүй. Нилээн хэд хоног явж очиж байсан санагддаг . Тэр үед би 11 настай жаахан хүүхэд  байсан, аавынхаа уясан азаргыг унаж уралдаад модтой давхиж ирж байсан . Анхны Говь шанхын наадамд Бат-Эрдэнэ аварга, Сүхбат аварга гээд улсын том цолтой бөхчүүд ирж барилдаж, харуй бүрий болж байхад үзүүр түрүүний бөх шалгарч байсан.

Миний хувьд аварга, арслангуудын   барилдааныг анх удаа ойрхоноос ёстой нөгөө  амьдаар нь үзэж байгаа  тэр. Аварга, заанууд гээд улсын том цолтой бөхчүүд Өмнөговь аймагт ирж барилдсан анхны наадам нь Говь шанхын наадам байх шүү. Энэ наадмын бөхийн барилдаан,  аварга, заануудын уран барилдааныг үзээд бахархаж бөх болох хүсэл илүү оргилсон доо.  Хүрмэн  сумын сургуульд 8 дугаар анги төгсөөд аймгийн төвийн 3 дугаар дунд сургуульд элсэн суралцсан. Бөхөд хорхойтой, чөлөөт бөхөөр аймагтаа боломжийн амжилт гаргаж,  9 дүгээр ангидаа Багахүү начины нэрэмжит Найдвар тэмцээнд түрүүлж байсан болохоор ах нар маань мэргэжлийн түвшинд бэлтгэгдэх нь зөв гээд гээд хотод ирүүлж Аварга биеийн тамирын дээд сургуульд шалгалт өгч орсон. 2005 онд элсэж ороод 2009 онд биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Үндэсний бөхөөр хэдэн жил хичээллэж байна вэ? . Анхны ямар цол хаанахын наадмаас хүртэж байсан вэ? . Хүрмэн сумаас төрсөн 3 дахь улсын начин байх тийм үү.

- Аварга дээд сургуульд орсноосоо хойш буюу  2005 оноос хойш үндэсний бөхөөр дагнаж хичээллэсэн. Анхны цол гэвэл 2006 онд Хүрмэн сумынхаа наадам түрүүлж сумын заан цол хүртээд 2008 онд тойргийн начин, 2009 онд тойргийн заан цол хүртсэн.  2010 онд аймгийн наадамд түрүүлж аймгийн Арслан цол хүртээд 2017 онд аймгийн наадам дахин түрүүлж хурц чимэг нэмсэн. Хүрмэн сумаас 3 дахь улсын начин нь болсон. Пүрэв гуай 1974 онд,  аав маань 1976 онд Монгол улсын начин цолыг хүртэж байсан гэдэг.   

 Хүн аливаа нэг спорт, ажил мэргэжил сонирхож, ёстой л дурлаж за тэгээд тасралтгүй уйгагүй явж байж амжилтанд хүрдэг гэдэг. Нөгөө талаар тамирчин хүний амжилтын гол үндэс нь бэлтгэл сургуулилт, бас хатуужил тэвчээр байдаг байх?

 -Зах зээлийн нийгэм эхлэсэн үе буюу намайг 2 настай байхад  аав, ээж хоёр маань аймгийн төвөөс  нүүгээд нутагтаа очиж мал малласан, Ах, эгч нарын маань ихэнх нь айл гэр болоод тусдаа гарцгаасан байсан болохоор Буянбат, Даянбат, Одонцэцэг бид гурав л аав, ээжтэйгээ хамт мал дээр байсан. Манайх Зүүн сайхан уулын Баян-өндөр хайрханы ойролцоо Их бага Аргалант, Цохион ус гэдэг газруудаар нутагладаг байсан.  Манай тэнд өвөл харьцангуй хүйтэн болдог газар л даа. Өвлийн хүйтэн, зуны халуун аль алинд нь ч өглөө эрт босч аавтайгаа адуу малаа услана, мал хариулна, ховоо татах, отор нүүдэл хийж мал тууна гээд хөдөөний хүүхдийн хийдэг бүхий л ажлыг хийж ижий аавдаа тус нэмэр болдог байсан маань тэсвэр хатуужилд сургасан гэж боддог.

Дээд сургуульд ороод бэлтгэл сургуулилтыг системтэйгээр хийж эхэлсэн. Дээд сургуульдаа бол улсын начин Адьяахүү багшийн удирдлага дор бэлтгэл хийдэг байсан. Хоёрдугаар курсэд байхдаа хичээл, бэлтгэл тасалсан гээд хөөгдөх юм болж багш нарын хурлаар ордог юм. Тэр хурал дээр Адьяахүү багшийгаа намайг өмөөрөөд аваад гарна гэж найдаад их додигор орсон. Гэтэл багш маань  аав нь улсын начин хүн  байдаг, гэтэл энэний байж байгаа царайг хар, бөх болох шинжгүй, үсээ ургуулаад, чихэвч зүүгээд л хөгжим сонсоод, хичээл тасладаг, бөхийн ур чадвараа ангийнхаа хамгийн муу нь гээд бараг энэ нөхрийг  хөөх нь зөв гэсэн утгатай юм хэлдэг байгаа. Өмөөрнө, өмгөөлнө гэж байсан багшийн маань хатуу үг надад их зүйлийг бодогдуулж, аавынхаа  залгамж халаа болж би сайн бөх болох ёстой гэдгийг ойлгож ухаарч, нөгөө талаараа хор шар хөдлөсөн л дөө. Хамгийн муу байхдаа яахав дээ бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд ангийнхаа бүх хүүхдийг хаяна, дор хаяж бүгдийг нэг нэг давна гэж бодсон. Түүнээс хойш хичээл, бэлтгэл таслах тухай ойлголт байхгүй болсон. Сүүлийн хэдэн жил нутгийнхаа бөхчүүдтэйгээ хамт бэлтгэл хийж байгаа, хүчний бэлтгэлээ Хосбаяр багшийн удирдлага дор хийж байгаа. Ер нь байнгын л бэлтгэл хийнэ дээ.  Улсын наадмын өмнө дэвжээгээрээ гал болж гарч бэлтгэл хийнэ, за тэгээд өвөл заалны бэлтгэл хийнэ, холын зайнд гүйх, хүчний бэлтгэд гээд  байнгын бэлтгэл сургуулилтай байдаг даа. Бэлтгэлээ аль болох таслахгүй л хичээдэг, бэлтгэл хийхгүй хэд хоноход  нойр, хоолондоо муудаад,  бие хүндрээд таагүй болчихдог юм.

Өмнөговь аймгийн бөхчүүдийн  хувьд  энэ жил ололт амжилт дүүрэн жил болж байна гэж харж байна. Дэмүүл арслангийн нэрэмжит барилдааныг нутагтаа зохион байгууллаа, залуу бөхчүүдээ цалинжуулдаг болж, шинээр аймгийн арслан, улсын начин цолтнууд төрсөн гээд.......

Өнгөрсөн жил аймгийн  бөхийн холбоо шинэчлэгдсэн. Аймгийн бөхийн холбооны даргаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатар ажиллаж байгаа.  2018 оны 3 дугаар сард Дэмүүл арслангийнхаа нэрэмжит барилдааныг аймагтаа зохион байгуулсан.  Аварга, арслан гээд улс, аймгийн цолтой сайхан бөхчүүд очиж барилдсан үзүүштэй  сайхан барилдаан болсон. Манай “Говийн хүчтэн” дэвжээнд нутгийн 20 гаруй бөхчүүд харьяалагдаж Б.Сумьяа начин удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Б.Сумьяа начин маань энэ жилээс  дэвжээнийхээ албан ёсны дасгалжуулагчаар ажиллаж байгаа.  Дэвжээ маань өөрийн гэсэн бэлтгэлийн байртай, тохижилт сайтай.  Бэлтгэлээ хийчихнэ, усандаа ч орчихно,  хоол ундаа ч өөрсдөө хийгээд идэх ч боломжтой. Энэ жилээс залуу бөхчүүдээ орон нутгийн компаниуд дэмжин цалинжуулдаг болсон. Маш зөв дэмжлэг болсон доо.

Нутгийнхаа бөхчүүдийг дэмждэг маш олон хүмүүс бий түүний дотор Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ ах,  Номгон сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Даваацэрэн, Тавантолгой ХК-ийн захирал Р.Сэддорж, Баянбат ах,  үе үеийн аймгийн удирдлагууд гээд тоочоод байвал маш олон хүн бий.  Манай дэвжээнийхэн өнөө жил Харзтайн амралтанд  наадмын бэлтгэлдээ гарсан. Энэ жил анх удаа бөхийн галынхаа наамдыг зохион байгуулсан. Нутгийн зөвлөлийнхөн, аймгийн удирдлага, бөх холбооныхон нутгийн бөхчүүдээ дэмждэг олон хүмүүс очиж бидэнд урам өгч, нэг өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлсэн. Цаашдаа бөхийн галын наадмыг маань жил бүр хийж байхаар болсон.  

Өнөө жилийн наадмаар тав давж Монгол улсын начин цолыг хүртсэн. Энэ жил бэлтгэл сургуулилт ямар байв. Энэ талаараа

Улсын наадмын даваа бүхэн хариуцлагатай байдаг.  Ёс жудагтай, монголчуудын эрхэмлэн хүндлэдэг  Эрхэмбаяр аваргыг давж улсын начин цол хүртсэн. Хувь хүний хувьд бэлтгэлээ нилээн сайн хийсэн. Энэ жил олон сайхан билэгшээлтэй үйл явдлууд болсон.  Өмнөговийн бөхчүүдийг монгол бөхийн түүхнээ домог болон мөнхөрсөн Дэмүүл арслангийн нутгийнхан  гээд бөхчүүд болон бөх сонирхогчид их хүндэлдэг.  Алдарт цолтой агуу бөхийнхөө алдрыг мөнхжүүлж, хүндэтгэж  улсын аварга арслангууд нутагт ирж барилдахад нутгийн бөхчүүдийн хийморь сэргэж, бөхийн босоо цагаан хийморь ивээдэг гэж  бөхчүүд их билэгшээдэг. Дэмүүл арслангийн нэрэмжит  барилдаан нутагт маань болж, улс, аймгийн цолтой олон бөхчүүд уран бэхийг уралдуулсан сайхан барилдаан  болсон.

     

Бас их билэгшээсэн явдал гэвэл энэ жил нутгийн шүтээн болсон Гурвансайхан уулын “Хошуу овоо” хайрханы төрийн тахилга болсон. Наамдын бэлтгэлд гарчихаар тэр болгон хол ойр яваад байх боломж хомс байдаг. Одбаяр начин маань нутгийнхаа хайрханы тахилгад оролцоод ирье гээд  бид хоёр хамт нутаг явсан. Очоод нутгийн хайрханы тахилганд оролцоод тахилганы барилдаанд би түрүүлж, Одбаяр начин  үзүүрлэсэн. Үнэхээр их бэлэгшээсэн, түрүүлчихээд нутгийнхаа уул хайрхан идээ будаагаа өргөн сүсэглэн залбирчихаад эрч хүч энерги аваад ирсэн. Дараахан нь аймгийн наадамдаа барилдаж үзүүрлэсэн. Аймгийн наадмаар Мандал-овоо сумын уугуул Амгаланбаатар маань түрүүлж, аймгийн арслан цолтон хүртсэн. Бас хоёр залуу бөх маань аймгийн начин цолтон болсон гээд нутгийн бөхчүүд өнгөтэй сайхан улсын наадамтай золгосон доо.

Нутгаас улсын цолонд хүрэх магадлалтай бөх бол яахын аргагүй таныг гэж нутгийнхан итгэж найдаж хүлээж байсан. Тэр ч утгаараа таныг улсын начин цолонд хүрэхэд нутгийнхан үнэхээр их баярлаж байлаа. Хамгийн их огшиж омогшиж баярласан хүн бол таны аав байх. Тав давсан тэр мөчид төрсөн сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцана уу?

Тав давчихаад Эрхэмбаяр аваргын мөрнөөс адис авчихаад  Монгол төрийн билэгдэл 9 хөлт цагаан тугаа тойрч байхад бөх тайлбарлагчийн Өмнөговь аймгийн гээд л нутгийнхаа нэр, аавынхаа нэрийг сонсох тэр агшинд  өмөг түшиг болсон Говь гурван сайхан уул минь,  өсгөж өндийлгөсөн аав, ээж минь нүдэнд харагдаж, нутгийнхаа түмэн олон, нутгийнхаа уул усандаа сүслэн залбирч талархсан даа. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Баярсайхан, нутгийн ах Х.Түмэнбаяр,  Баттулга, Баянбат ах, бэр эгч, нутгийн бөхчүүдээ дэмждэг олон хүмүүс төв цэнгэлдэхэд нэгийн даваанаас эхлээд хамтдаа байж нутгийн бөхчүүдийн дээлний захыг мушгиж суусан даа.  Аймагт байгаа ахан дүүс маань аавынд цуглаад наадмын бөхийн барилдаанаа үзсэн гэсэн.

Нутгийн ард түмэн үнэхээр их баярлаж маш олон хүнээс баяр хүргэсэн сэтгэлийн сайхан мэндчилгээ, талархал хүлээж авсан. Энэ бүхний цаана маш их итгэл найдвар, хариуцлага байгааг ойлгож илүү сайн барилдаж цолоо ахиулж нутгийнхаа нэрийг дуурсгаж явнаа гэж бодогдсон. Наадмын орой гэртээ нутгийнхантайгаа өнгөрүүлсэн.  Наадмын дараа начины малгайны тэмдэгийг хийлгэчихээд нутгаа зорьсон. Аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, бие бүрэлдэхүүн, нутгийнхан маань хүндэтгэн тосч авсан. Ижий, аавдаа очиж үнсүүлсэн.  Нутагт очоод удаагүй байхад “Энержи ресурс” ХХК -ий 10 жилийн ойн наадам болж тэр наадамд аавтайгаа хамт явсан. Аав маань хагалгаанд ороод нэг их удаагүй, бие чилээрхүү байсан болохоор ээж явахыг нь хориглосон хэдий ч аав заавал хамт явна гээд явсан. Бие чилээрхүү байсан ч гэсэн бөх хүний хувьд хүүгээ өөрийнх цолоор дуудуулан,  нутгийнхаа зүлэг ногоон дэвжээнээ барилдахыг харахыг хүссэн хэрэг.  Начин болсныхоо дараа нутагтаа сайхан барилдана гэсэн бодолтой байсан. Тэр маань ч биелэлээ олж Энержи ресурсын 10 жилийн ойн наадамд барилдаж түрүүлсэн. Аав маань индэрийн хоймор суугаад бөхөө үзсэн. Түрүүлчихээд цолоо дуудуулаад аавдаа ирж үнсүүлэх тэр  мөчид аавынхаа хүсэл, мөрөөдлийг биелүүлсэндээ баярлаж байлаа.

Урлаг, спортын хүмүүсийн амжилтын үндэсийн нэг  гэр бүл,  сайн  ханийн өмөг түшиг байдаг гэдэг. Гэр бүлээ танилцуулна уу?

Спортынхоны гаргасан амжилт хувь хүний өөрийнх хичээл зүтгэлээс гадна маш олон хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүн байдаг. Миний хувьд бөхийн спортод  13 жил тууштай хичээллэж амжилт гаргахад гэр бүл, багш дасгалжуулагч, ахан дүүс, бөхөө дээдлэн, дэмждэг  олон хүний оролцоо, зүтгэл, дэмжлэг нөлөөлсөн гэж үздэг. Өөрийн олон ах нар, нутгаа гэсэн сэтгэлтэй, бөхөө дээдэлдэг олон хүмүүс намайг дэмжиж тусалж ирсэн. Түүний дотор Баянбат ах маань голлох үүрэг гүйцэтгэдэг. Ямар ч асуудалд санаа зовох зүйлгүйгээр бэлтгэл сургуулилтаа хийх бололцоог олгож, дүүдээ байнга зөвлөнө, ярилцах гээд ахын маань дэмжлэг үнэхээр их. Миний ханийг Болорчимэг гэдэг. ШУТИС-ийг төгссөн. Сэлэнгэ аймгийн уугуул.  Манайх 3 хүү, нэг охинтой өнөр өтгөн айл.  Сая наадмын өмнөхөн нь гэргий маань амаржиж охинтой болсон. Амьдралд ээж хүн, гэргий хүний үүрэг, ажил асар их.

Үр хүүхдээ өсгөнө, гэр орныхоо бүхий л ажлыг хийнэ, хань ижлээ халамжилна гээд .. Миний гэргий сайн хань, сайн ээж.  Өөрөө хань ижил, үр хүүхэдтэй болоод ирэхээр аав, ээжийн жаргал, зовлонг илүү ойлгож, тэднээрээ илүү бахархдаг юм билээ. Бидний эцэг, эх үр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ, улс эх орныхоо хөгжлийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж ирсэн агуу хүмүүс шүү. Миний ээж хамгийн хөөрхөн гэдэг шиг миний ээж агуу хүн.  Ээж минь уужуу тайван дөлгөөн, ажилсаг хүн. Аав маань тээврийн жолооч олон хоног, сараар тээвэрт явдаг байсан байх, тэр үед одооных шиг бүх зүйл элбэг дэлбэг байгаагүй байх, тийм цагт арав гаруй хүүхэд өсгөж хүмүүжүүлж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзагад хүргэхэд ээжийн минь үүрэг асар их байсан нь ойлгомжтой. Зөв хүн байж ижий, аавынхаа ачыг хариулж, сайн аав, сайн хань байхыг хичээж явна даа.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Манай сонингоор дамжуулан нутгийн зон олонд сэтгэлийн үгээ дамжуулна уу?

Ярилцлагандаа урьж оролцуулсан танай сонины хамт олонд баярлалаа. Монгол бөхөө дээдлэн Өмнийн говийн хүчтэнүүдээ байнга дэмжиж аймгийн нутгийн зөвлөлийн дарга Бат Эрдэнэ ах, аймгийн үе, үеийн удирдлага, аймгийн бөхийн холбооны тэргүүн Н.Наранбаатар,  тэргүүлэгчид, Номгон сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Даваацэрэн,  Баярсайхан даргатай  аймгийн Онцгой байдлын газар, Р.Сэддорж захиралтай Тавантолгой ХК-ний хамт олон, Хаан банкны захирал Н.Энхбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Баянбат ах болон төрүүлж өсгөсөн ижий аав, ахан дүүс, үргэлж сайхан бүхнийг ерөөж байдаг нутгийн зон олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.  Ирэх 8 сарын 26 нд болох Улсын начины цолны мялаалга наадамд нутгийн зон олон та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Өмнөговьчуудыг Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж, говь нутгаас минь начин, заан, аварга, арслангууд төрөн гарч түмэн олноо баясгахыг өлзийтэй ерөөлийг өргөе.

                                                                                                                   Ярилцсан Н.Адьяацэрэн